Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 318

 

 

 

 

 

 

 

 

 

С.М, С.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор: Т.Оюунжаргал,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Оюунжаргалын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 11 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 1705009530215 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Э овогт С.О, 1995 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхэд, хадам эцэг, эхийн хамт ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..../,

Д овогт С.М, 1995 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ....тоотод оршин суудаг боловч Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 31 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:.../,

Шүүгдэгч С.О нь 2017 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө иргэн С.Мын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.М нь 2017 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө иргэн С.Оын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас:  С.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “...шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул дараах мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

Шүүгдэгч С.Мын өмгөөлөгч А.Энхгэрэл шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...О нь шинжээчийн дүгнэлт гаргуулахаасаа өмнө Маас уучлалт гуйж эмчилгээний зардлыг хариуцахаар ярьж байсан болон О, М нарын эгч, ах нарын ярианы бичлэг байгаа...”  гэж мэдүүлж байх тул дээрх баримтуудыг Эрүүгийн хуульд заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх журмын дагуу цуглуулсан эсэхийг шалгах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж тогтооход чухал ач холбогдолтой тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад зааснаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч С.Оын өмгөөлөгч Б.Тэнгис анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...2015 оны 9 дүгээр сард М ахтайгаа нийлээд Оыг машиндаа оруулж байгаад дээрэмдсэн байгаа. Би тухайн үед нь зүгээр өнгөрсөн. Хэрвээ өргөдөл гаргасан бол М ахтайгаа нийлээд өөр хэрэгт шалгагдах байсан...” гэж байх тул хавтас хэрэгт авагдсан /хх 135,136/ нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан журам зөрчсөн эсэх талаар шалгаж дээрх үйлдэлд Эрүүгийн хуульд заасан өөр гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэх хэрэв байгаа бол хэнтэй, хэрхэн хамтран үйлдсэн талаар нэг мөр шалгах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө...гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн зорилгод нийцэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дахь заалтад заасан асуудлыг шалгаж тодруулах шаардлагатай байна. Шүүгч өөрийн санаачилгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14, 6.15, 6.16 дахь заалтуудад заасан гомдол, хүсэлтийг анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.М, С.О нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэж шийдвэрлэжээ.

            Прокурор Т.Оюунжаргал бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Мын өмгөөлөгчийн хүсэлтээр 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр С.О, С.М нарт холбогдох эрүүгийн  хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, 160 дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлд зааснаар, яллагдагч С.О, С.М нарыг шүүхэд шилжүүлж, анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг товлон зарласан байна.

            2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг хянан хэлэлцсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад зааснаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорт буцаажээ.

            Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35 дугаар зүйлд заасан шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан атлаа шүүх зөвлөлдөх тасалгаандаа мөн хуулийн 36.1 дүгээр зүйлд заасан 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх заалтад заасан асуудал тус бүрийг хэлэлцээгүй, шүүгдэгч нар гэм буруутай эсэхийг шийдвэрлэлгүйгээр прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

                                                                    ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар харгалзахгүйгээр  хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.О, С.М нарт холбогдох 1705009530215 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч яллагдагч С.Мын өмгөөлөгч А.Энхгэрэлийн гаргасан  хүсэлтийн дагуу  2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулжээ.

Уг хуралдаанд “С.М,С.О нарт холбогдох хэргийн талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн асуудал тогтоогдоогүй гэж үзэж мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийх асуудлыг шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцэх зарчмын үндсэн дээр асуудлыг тодруулах боломжтой  тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийх хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 160 дугаартай “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх” захирамж гаргаж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж эцэслэн шийдвэрлэхээр тогтжээ.

Гэтэл  шүүх гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг  2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хийсэн боловч “ мөрдөн шалгах ажиллагаа дахин хийх шаардлагатай” гэж үзэж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй, өмнөх захирамжийн үндэслэлээ үгүйсгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэх ”  заалтыг зөрчжээ.

Иймд прокурор Т.Оюунжаргалын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож С.М, С.О нарт холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлж гэм буруугийг асуудлыг шийдвэрлүүлэхээр  буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, С.М, С.О нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол С.М, С.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ