Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2022/0566

 

2022.08.24-ний өдөр 221/МА2022/0566

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г

Нэхэмжлэгч “Э” ХХК

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 536 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0168/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас шүүхэд хандан “...нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/232 дугаар захирамжийн “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “К” ХХК-ийн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000015426 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 536 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 24 дүгээр зүйлийн 24.4, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн “нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/232 дугаар захирамжийн “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан “К” ХХК-ийн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000015426 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Маргаан бүхий газарт манай компани олон жил үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд орц гарц хааж хувь хүн болон аж ахуйн нэгж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаагүй.

3.2. Нийслэлийн Засаг даргны 2020 оны А/232 дугаар захирамжаар “... Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1780910807 дугаар бүхий 9996.0 м.кв газрыг үйлдвэрийн зориулалтаар “К” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.6.2, 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасан хуулийн заалтыг тус тус зөрчсөн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

4. Анхан шатны шүүх хууль зөрчиж шийдвэр гаргасан.

4.1. Шүүх хурал хамгийн сүүлд 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 11:00 цагт зарлагдсан, өмнөх шүүх хурлаар хэргийн оролцогчид товыг мэдэгдэж гарын үсэг зуруулсан боловч тус хуралд харицагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйн улмаас шүүх хурлыг хойшлуулсан. Дараагийн шүүх хурлын товыг жич мэдэгдэнэ гэж шүүх хурлыг хойшлуулан хаасан байдаг.

4.2. 2022 оны 06 дугаар сарын 28-29 өдөр шүүгчийн туслах руу миний бие өөрөө утсаар залгаж, хурлын тов асуухад бусад оролцогч нартай ярьж байгаад хурлын товыг хэлэх болно гэж утсаар хариу мэдэгдсэн.

4.3. Шүүх хурлын тов 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр буюу дөрөв дэх өдөр гараагүй учир миний бие шүүх хурал ирэх долоо хоногт зарлагдах байх гэж ойлгоод хөдөө явсан.

4.4. Гэвч шүүх хурлын тов 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлүүдийг зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, үүргийг тус тус зөрчин хэт нэг талыг баримтлан хууль бус шийдвэр гаргасан байна.

 

5. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас шүүхэд хандан “нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/232 дугаар захирамжийн “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “К” ХХК-ийн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000015426 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байна.

 

3. Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч шүүхэд “... “К” ХХК-д олгосон газар нь “Э” ХХК-ийн газартай давхцсан, ... Газрын тухай хуулийн 4, 31, 34, 35 дугаар зүйлүүдийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн, иргэдийн орц, гарцыг хаасан” гэж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/550, А/676, 2018 оны А/423 дугаар захирамжуудаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны 10000 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшиж, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ авч, захиргааны байгууллагаас кадастрын санд бүртгэсэн, кадастрын зургаар 9992 м.кв газар эзэмшдэг болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/659 дүгээр албан бичиг, кадастрын зургаар тогтоогдож байх бөгөөд гуравдагч этгээд “К” ХХК нь 2016 оны А/565 дугаар захирамжаар 10000 м.кв газрыг “А” ХХК-иас нэр шилжүүлэн авч, маргаан бүхий 2020 оны А/232 дугаар захирамжаар газрын зориулалтыг өөрчилж, гэрээ байгуулж, газрын гэрчилгээ авчээ.

4.1. Нэхэмжлэгчээс нийслэлийн Засаг дарга гуравдагч этгээдэд газар олгохдоо манай эзэмшлийн газартай давхцуулж олгосон гэх боловч энэ нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн кадастрын зураглалууд болон “Э” ХХК-ийн маргаан бүхий газарт 12778 м.кв хашаа болон 1404 м.кв талбайтай барилга барьсан үйл баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

5. Түүнчлэн, нэхэмжлэгчийн дурдаж буй “иргэдийн орц, гарцыг хаасан” гэх үндэслэл нь анхан шатны шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон фото зураг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын сансарын зураг зэргээр няцаагдаж байх тул Газрын тухай хуульд заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг хариуцагч захиргааны байгууллагаас зөрчсөн гэж үзэхээргүй тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

5.1. Тодруулбал, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн эзэмших газар нь гуравдагч этгээд “К” ХХК-ийн эзэмшил газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг аливаа байдлаар хөндөөгүй, орц гарц нь хаагдаагүй энэ тохиолдолд маргаан бүхий 2020 оны А/232 дугаар захирамжийн “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй юм. 

 

6. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн /Тодорхойлох хэсгийн 4.1-4.4/-д заасан гомдлоор хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх боломжгүй байна.

6.1. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Шүүгч захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 63 дугаар зүйлд заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай бусад тохиолдолд шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ” гэж заажээ.

6.2. Нэхэмжлэгчээс шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан, анхан шатны шүүхээс 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2, 63.3-т заасан хугацаа дуусчээ.

6.3. Анхан шатны шүүхээс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагт болох шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-ын 9954-0000 утасны дугаарт холбогдож шүүх хуралдааны товыг хүргэхэд “за ойлголоо” гэх хариу өгсөн талаар баримт үйлджээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-д “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж зааснаар анхан шатны шүүхээс хариуцагч талын хүсэлтэд үндэслэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах эсэх нь шүүхийн эрх хэмжээ гэж үзнэ.

6.4. Тодруулбал, анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, хэргийн нөхцөл байдлыг харгалзан, нэхэмжлэгч талыг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байгаа нь нэхэмжлэгчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэж үзэхгүй. “Мэтгэлцэх зарчим” нь хэргийн оролцогчдод маргааны үйл баримтыг нотлох болон үгүйсгэх, шүүх хуралдаанд оролцох, тайлбар өгөх, нотлох баримт гаргах тэгш эрхийг олгодог болохоос шүүх хуралдаанд заавал байлцуулах тухай хуулийн ойлголт биш юм.

6.5. Нөгөө талаас шүүх хуралдааныг хойшлуулах эрх нь хэргийн оролцогчийн хязгааргүй эрх биш бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд шүүх хуралдаанд оролцох, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх нь ялангуяа тухайн хэргийг мэдүүлсэн нэхэмжлэгчийн хувьд зүй ёсны асуудал, үүний зэрэгцээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч “хөдөө явсан” гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах хангалттай үндэслэл биш юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хуралдааны товыг хангалттай хугацааны өмнө мэдэгдээгүй” гэж давж заалдах гомдол гаргаж маргаагүй, харин “... 2022 оны 06 дугаар сарын 28-29 өдөр шүүгчийн туслах руу миний бие өөрөө утсаар залгаж, хурлын тов асуухад бусад оролцогч нартай ярьж байгаад хурлын товыг хэлэх болно” гэх гомдол гаргасан нь мөн /2022.06.28-2022.06.29/ хугацаанд анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг лавлах үүргээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзнэ.

 

7. Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тухай” давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 536 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                               О.оЮУНГЭРЭЛ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.ТУНГАЛАГСАЙХАН