Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 235

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
           Нэхэмжлэгч: “Э****” ХХК-ийн захирал Ө*****
Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр, 08 дугаар сарын 23-ны өдрүүдийн "Э****" ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан бүртгэл хууль бус болохыг тогтоолгож, бүртгэлийг хүчингүй болгуулах
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Э****" ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлыг өөрчлөн бүртгэсэн 2017 оны 08 дугаар сарын 17, 23-ны өдрийн бүртгэл хууль ёсны бүртгэл тул иргэн Ө*****гийн хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа "Э****" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг хүчингүй болгож, хураан авахыг даалгуулах
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө*****гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х*******, нэхэмжлэгч Ө*****гийн өмгөөлөгч Б.Э*******, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л*******, гуравдагч этгээд “Н******* Д******* р******* энд к*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******, гуравдагч этгээд “Б******* х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Э****” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ө***** түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ө***** нь 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн  "Э****" ХХК-ийн дан ганц үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэн тухайн компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ирсэн. Энэхүү бүртгэл хүчинтэй байх хугацаанд буюу 2017 оны 08 дугаар сарын 17, 23-ны өдрүүдэд Ө*****д ямар нэгэн байдлаар мэдэгдэлгүйгээр өөрчлөлт хийсэн. Эдгээр өөрчлөлтийг хийхдээ "Э****" ХХК-ийн хувьцааг “Н******* Д******* р******* энд к*******” ХХК руу, “Н******* Д******* р******* энд к*******” ХХК-иас "Б******* х" ХХК руу хувьцааг шилжүүлсэн. Тодруулбал дээрх бүртгэлийг хийлгэхдээ өргөдөл гаргагч этгээдүүдээс 34 хуудас материалыг гаргаж өгсөн байдаг.
Дээрх бүртгэлийг хийхдээ 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хувьцааг буцаан шилжүүлэх гэрээнүүдийг үндэслэсэн. Эдгээр гэрээнүүд нь Монгол Улсын Иргэний хууль, Нотариатын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам, Нотариатын үйлдэл хийх зааврын холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын сайт дээр бүртгэлд өөрчлөлт оруулахад шаардлагатай баримтуудыг жагсаасан байгаа. Үүнд зааснаар холбогдох гэрээг нотариатаар гэрчлүүлэн хавсаргадаг. Гэтэл дээрх гэрээнүүдийн үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлэлгүйгээр хавсаргаж өгснийг үндэслэн өөрчлөлт хийсэн байна.
Хувьцаа буцаан шилжүүлэх нөхцөлтэй дээрх гэрээнүүд нь холбогдох хуулийн шаардлагыг хангаагүй учраас тухайн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр бусад холбогдох эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.
2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өөрчлөлтийг хийхдээ 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах” гэж заасан үндсэн зарчмыг зөрчсөн. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас бүртгэлд өөрчлөлт оруулахдаа хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч Ө*****д ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “захиргааны актыг гаргахаас өмнө тухайн акттай холбоотойгоор эрх ашиг нь зөрчигдөж байгаа этгээдийг тайлбар гаргах эрхээр хангана” гэсэн заалтыг зөрчсөн байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль  ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасан. Эдгээр заалтуудаас харахад эрх ашиг нь зөрчигдөж байгаа этгээдэд мэдэгдсэний үндсэн дээр захиргааны актыг гаргах ба энэ нь захиргааны акт гаргах урьдчилсан нөхцөл болж байна.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Э****” ХХК-ийн улсын бүртгэлд 2017 оны 08 дугаар сарын 17, 23-ны өдрүүдэд оруулсан өөрчлөлтүүдийг бүхэлд нв хүчингүй болгож өгнө” гэжээ.
Нэхэмжлэгч “Э****” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ө*****гийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр, 08 дугаар сарын 23-ны өдрүүдийн улсын бүртгэлтэй холбоотой. 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн бүртгэлтэй холбоотой тайлбарыг эхэлж хийе. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас энэ хууль бүрдэнэ” гэж заасан. Үүнтэй нийцүүлэн Хууль зүйн сайдын 2013 оны А/39 тушаалаар батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам гарсан. Энэхүү журмын 4 дүгээр зүйлийн 4.2.4-т холбогдох гэрээг нотариатаар баталгаажуулсан байхыг шаардаж байгаа. Энэ тохиолдолд энэхүү нотариатаар баталгаажуулах процесс явагдаагүй байна. Ө*****гийн хоёр ширхэг гарын үсэгтэй цаасаар дээрх гэрээг хийсэн Үүнийг бид эрүүгийн журмаар шалгуулж байсан. Тус гарын үсэгтэй цаасаар гэрээг хийчхээд нотариатаар хуулбар үнэн тэмдэглэгээ хийлгэн үүнийгээ нотариатаар баталгаажуулсан мэтээр Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт өгсөн.
2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр бүртгэл хийхдээ "Э****" ХХК-ийн шинэ гэрчилгээ, шинэ тамгаар хийсэн. Хариуцагч нь “Н******* Д******* р******* энд к*******” ХХК нь гэрчилгээ, тамгаа үрэгдүүлсэн гээд дахин шинээр гаргуулж өөрсдийг нь хуурсан гэдгийг мэдсээр байж өнөөдрийг хүртэл 08 дугаар сарын 17, 08 дугаар сарын 23-ны өдрүүдийн бүртгэлүүдээ хамгаалж яриад байна. Үүнийг албан тушаалтнуудын ашиг сонирхолтой үйлдэл гэж харж байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр захиргааны байгууллага өөрийн хууль зөрчсөн үйлдлээ засаж болохоор зохицуулсан байдаг. Энэхүү заалтыг хариуцагч байгууллагаас зөрчиж байна.
Мөн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлийг хийхдээ нас барсан Д.Эын 2015 оны гэрээ хэлцлийг үндэслэж хийсэн. Улсын бүртгэгч энэхүү гэрээ хэлцлийг хүлээн авахдаа Д.Э нь дан өөрийгөө бус хуулийн этгээдийг төлөөлж гэрээ хийсэн гэдгийг олж харах бүрэн боломжтой байсан. Өөрөөр хэлбэл “Н******* Д******* р******* энд к*******” ХХК-ийн эрх бүхий, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд, хувьцаа эзэмшигч мөн эсэхийг шалгах боломжтой байсан. Тухайн бүртгэлийг хийхэд Д.Э нь “Н******* Д******* р******* энд к*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байгаагүй. Энэ нь хариуцагчаас илтэд хууль тогтоомж зөрчсөн холбогдох материалыг хүлээн авч бүртгэл хийж байгаа асуудал юм.
"Э****" ХХК нь “К банк” ХХК-д 10 гаруй тэрбум төгрөгийг зээлтэй буюу их хэмжээний өртэй, компанийн үйл ажиллагаа доголдсон байхад Ө***** тус компанийг хүлээж авсан. Д.Э нас барахаасаа “өмнө өр ширтэй энэхүү компанийн үйл ажиллагааг нь явуулж чадахгүй байна. Та олон жил ажилласан юм чинь үйл ажиллагааг нь үргэлжлүүл” гэж Ө*****д хэлээд компанийн хувьцааг шилжүүлсэн. 
Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхгүй байснаар тус компанийн үйл ажиллагааг Ө***** явуулаад олсон орлогыг нь "Б******* х" ХХК нь авах болоод байсан. Дээрх захиргааны акт, үйл ажиллагаа нь шударга байхаас гадна хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Үүнээс үүдэн Ө*****гийн  "Э****" ХХК-ийн  100 хувийн хувьцаа эзэмших эрх ашиг нь хөндөгдөж байна. Гэсэн хэдий ч бодит байдал дээр тус компанийн ажилчдыг цалинжуулан, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөн, үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л******* хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Э****" Хариуцагч ХК нь 2002 онд 100 хувийн төрийн өмчит хувьцаат компанийн хэлбэрээр улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2012 онд Ө*****г тус компанийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн байна. 2013 онд "Э****" ХК нь "Э****" ХХК нь болж хэлбэрээ өөрчлөөд 100 хувийн эзэмшигчээр "Э**** петролиум” ХХК бүртгүүлсэн. Улмаар 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр “Б*******” ХХК, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр "Б******* х" ХХК, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Н******* Д******* р******* энд к*******” ХХК тус тус бүртгүүлсэн байна. 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр "Э****" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Ө*****г эрх шилжүүлэх, хувьцаа шилжүүлэх гэрээний дагуу улсын бүртгэлд бүртгэсэн. Ө***** нь 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гэрчилгээ үрэгдүүлсэн гэж хүсэлт гаргасны үндсэн дээр манайхаас гэрчилгээг дахин олгосон. 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр "Э****" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр “Н******* Д******* р******* энд к*******” ХХК, тус компанийн гүйцэтгэх захирлаар Г.Г*******ийг бүртгэсэн. Тус бүртгэлийг хийхдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Н******* Д******* р******* энд к*******” ХХК 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр тогтоол, "Б******* х" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын  2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 61 дүгээр тогтоол, "Б******* х" ХХК болон Ө***** нарын хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан “Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай” гэрээ, "Б******* х" ХХК болон “Н******* Д******* р******* энд к*******” ХХК-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан  Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцлөөр шилжүүлэх тухай” гэрээ, "Э****" ХХК-ийн шинэчилсэн дүрэм зэрэг баримтуудыг үндэслэсэн.
2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Н******* Д******* р******* энд к*******” ХХК-иас 100 хувийн хувьцааг "Б******* х" ХХК руу шилжүүлсэн. Эдгээр бүртгэлүүд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангасан бүртгэл юм. Хуулийн дагуу хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулах үндэслэл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд “Н******* Д******* р******* энд к*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Ө*****г 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байгаа гэж шүүхэд мэдүүлж байгаа боловч "Б******* х" ХХК-ийн зүгээс Ө*****г 2012 оноос компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдуулахаар гүйцэтгэх захирлаар хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулсан. Ө***** нь энэ компанид нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, тус компанид хувьцаа эзэмшдэггүй байсан. Зөвхөн компанийн нэр дээр тендер авахаар болзол тавьж хувьцааг шилжүүлж авсан. Улмаар энэ ажил нь дууссан ба энэ хугацаанд “Н******* Д******* р******* энд к*******” ХХК-ийн захирал нас барсан. Үүнээс үүдэж Ө***** нь хувьцааг өөрийнх нь гэсэн асуудал үүсгэснийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээр шалгуулан эрүүгийн хэрэг үүсчихсэн явж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд "Б******* х" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Иргэн Ө*****тэй болзол тавьж хийсэн гэрээний дагуу компанийн хувьцааг шилжүүлэн авч хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ө***** нь тендерт оролцохын тулд компанийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан боловч “Н******* Д******* р******* энд к*******” ХХК-ийн захирал Д.Э нас барсныг далимдуулан өөрийгөө компанийг үүсгэн байгуулагч гэж өдийг хүртэл явж байгаа. Манай компаниас ирүүлсэн хуулийн хүчин төгөлдөр нотлох баримтуудыг үндэслэн улсын бүртгэлийг хийсэн. Хуульд зааснаар тус бүртгэлийг хийхээс татгалзах үндэслэл байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд “Н******* Д******* р******* энд к*******” ХХК болон “Б******* х” ХХК нар бие даасан шаардлагын үндэслэлээ: "Э****" ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлыг өөрчлөн бүртгэсэн 2017 оны 08 дугаар сарын 17, 23-ны өдрийн бүртгэл хууль ёсны бүртгэл тул иргэн Ө*****гийн хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа "Э****" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг хураан авахыг даалгуулах тухай бие даасан шаардлага гаргасан. Иргэн Ө***** нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд биш бөгөөд хууль бусаар эзэмжиш, ашиглаж буй тамга, гэрчилгээг хүчингүй болгож, шүүхийн журмаар хураан авна уу. Тэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлж тус компанийн гэрчилгээ, тамгыг хийлгэж авсан. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад Ө***** нь "Э****" ХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээд биш болохоо хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг иргэн Ө***** гэж тодорхойлсон тул тэрээр тус компанийн гэрчилгээ, тамгыг эзэмших эрхгүй этгээд юм.
Түүнчлэн Ө***** нь "Э****" ХХК-ийн тамга, тэмдгийг хууль бусаар ашиглан төрийн болон төрийн бус байгууллага, компани, аж ахуйн нэгжүүдэд өр, авлага үүсгэж компанийн нэрийн өмнөөс тайлбар гаргаж, өөрийгөө жинхэнэ эзэн гэж харилцагч байгууллагуудыг төөрөгдүүлэн компанийн эрх ашгийг ноцтой зөрчин, санхүүгийн эрсдэлд оруулж байна. Иймд иргэн Ө*****гийн эзэмшиж, ашиглаж буй "Э****" ХХК-ийн гэрчилгээ, тамгыг хүчингүй болгож хураан авахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: Ө***** нь 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн үндэслэлээр хуульд заасан баримтуудыг бүрдүүлэн манай байгууллагад хандсан. Энэ үед "Э****" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр иргэн Ө***** бүртгэгдсэн байсан. Өөрөөр хэлбэл тухайн үед гэрчилгээг дахиж олгоход татгалзах үндэслэл байгаагүй. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ө*****гийн үрэгдүүлсэн гэх гэрчилгээ нь “Н******* Д******* р******* энд к*******” ХХК-д байсан гэдэг нь тодорхой болсон. Тус гэрчилгээг үрэгдүүлээгүй байсныг манай зүгээс мэдэх боломж байгаагүй.
Гуравдагч этгээдээс манай байгууллагыг Ө*****д байгаа компанийн гэрчилгээ, тамгыг хураан авахыг даалгах шаардлага гаргаж байна. Манай байгууллагад гэрчилгээ, тамгыг хурааж авах эрх, үүрэг хуулиар олгогдоогүй. Бидний хэлснээр гэрчилгээ, тамгыг авч ирэх ч үгүй. Иймд хариуцагчаас гэрчилгээ, тамгыг хураан авах боломжгүй байна. Мөн гуравдагч этгээдээс гэрчилгээ, тамгыг шүүхийн журмаар хураан авахуулах, эсхүл манай байгууллагад хураан авахыг даалгуулах гээд байгаагийн аль шаардлагыг гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага хэрхэн шийдвэрлэгдсэнээс хамааран аль нь гэрчилгээ, тамгыг эзэмших эрхтэй болох нь тодорхой болно гэж үзэж байна” гэжээ.
Нэхэмжлэгч талаас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбартай санал нэгтэй байна. Ө***** нь 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш "Э****" ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч болсон. "Э****" ХХК нь 2012 оноос “К банк” ХХК-тай өндөр дүнтэй зээлийн харилцаатай ажилласаар ирсэн. Барьцаатай зээл авсантай холбоотойгоор 2016 оны 04 дүгээр сард компанийн баримт бичиг үрэгдсэн учраас улсын бүртгэлийн гэрчилгээг дахин авахтай холбоотой баримтыг бүрдүүлж, сонин хэвлэлээр зарлуулан хуучин гэрчилгээг хүчингүй болгуулсны үндсэн дээр тухайн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан.
Сүүлд Г.Г******* яагаад дахин тамга, тэмдэг авчихсан талаар холбогдох албан тушаалтнаас тодруулсан. 2017 оны 04 дүгээр сард улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр авснаас хойш хэвийн ашиглаж байсан. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн бүртгэлийн өөрчлөлт хийхтэй холбоотойгоор "Б******* х" ХХК-иас улсын бүртгэлийн гэрчилгээг гээгдүүлсэн үндэслэлээр улсын бүртгэлийн гэрчилгээг авч Зөрчлийн тухай хуульд зааснаар 500.000 төгрөгийн торгууль төлөн тамгыг дахин хийлгэх зөвшөөрлийг авсан. Өөрөөр хэлбэл хэвийн ашиглагдаж байсан тамгыг ямар нэгэн байдлаар эрх бүхий этгээд хүчингүй болгоогүй байхад дахин тамга хийлгэж авсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.
Гуравдагч этгээд “Н******* Д******* р******* энд к*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч толгой компани дээр тамга, тэмдэг хадгалагддаг гэсэн тайлбар өгсөн. Ө***** нь “Э****” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байх үед тус компанийн толгой компани гэж байгаагүй. Бидний үрэгдүүлсэн бичиг, баримт ямар байдлаар гуравдагч этгээдэд очсон, бидэнд байгаа гэдгийг мэдсээр байж хэрхэн хууль зөрчиж дахин гаргуулж авсныг мэдэхгүй байна. Үүнээс 2017 оны 08 дугаар сарын 17, 23-ны өдрүүдэд бүртгэлд өөрчлөлт оруулахад ашигласан тамга, гэрчилгээ нь хууль бус гэдэг нь харагдаж байна. Бидний 2017 оны 04 дүгээр сарын гэрчилгээгээ үрэгдүүлэн ном журмын дагуу авсан гэрчилгээ нь хууль ёсны юм. Өөрөөр хэлбэл тэр үед гуравдагч этгээдүүдийн эрх ашиг нь хөндөгдөөгүй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Ө*****гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Э****” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Ө*****гээс тус шүүхэд хандаж Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас “Э**** ХХК”-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж хувьцаа эзэмшигчийг өөрчилсөн болон гүйцэтгэх захирал томилсон тухай 2017 оны 8 дугаар сарын 17, 23 ны өдрийн бүртгэлүүд хууль бус болохыг тогтоож, уг бүртгэлүүдийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ө***** нь "Э****" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш болох нь Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн “Э**** ХХК”-ийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон болно.
Өөрөөр хэлбэл “Э****” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу Гүйцэтгэх захирлаар иргэн Г.Г******* бүртгэлтэй болохыг дээрхи лавлагаагаар тодорхойлсон, түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/ШТ2017/0879 дугаар бүхий хүчин төгөлдөр тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч Ө***** нь “Э****” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд бус харин  тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн хувьд “хувьцаа эзэмших, хувьцааг захиран зарцуулах эрх” зөрчигдсөн гэж эрх зүйн байдлаа тодруулсныг тус тус үндэслэн шүүхээс Ө*****гийн нэхэмжлэл нь хуулийн этгээдийг төлөөлж гаргасан нэхэмжлэл биш харин хувь хүний, хувьцаа эзэмшигчийн хувьд гаргасан нэхэмжлэл гэж үзсэн болно.
Харин гуравдагч этгээд “Б******* х” ХХК болон “Н******* д******* р******* энд к*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...иргэн Ө*****гийн эзэмшиж ашиглаж буй “Э****” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг хүчингүй болгож, шүүхийн журмаар хураан авахыг Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэсэн бие даасан шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагын  үндэслэлээ “...иргэн Ө***** нь "Э****" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш өөрөөр хэлбэл тус компанийн захирал биш тул Ө***** нь тус компанийн тамга гэрчилгээг эзэмших эрхгүй...” гэж тодорхойлсныг хариуцагч “тухайн үед тамга гэрчилгээг дахин авах хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт гаргасныг үндэслэн шинээр олгосон, одоо гаргаж байгаа нэхэмжлэлийн үндсэн шаардлага хэрхэн шийдэгдсэнээс хамаарч тамга гэрчилгээг хэн эзэмших  нь хууль ёсны болох нь тогтоогдоно” гэж,  Ө*****гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “... зохих журмын дагуу авсан улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн мэтээр дахин авсан нь үндэслэлгүй” гэж тус тус эс зөвшөөрч маргаж байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Ө*****гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд хандаж “Э****" ХХК-д дахин гэрчилгээ тамга олгосон улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч түүнийг шийдвэрлэхээс өмнө уг шаардлагаасаа татгалзах хүсэлт ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ө***** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...”Э****” ХХК-ийн цорын ганц үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь би байхад миний эзэмшлийн компанийн хувьцааг надад мэдэгдэлгүйгээр бусад этгээдүүдэд шилжүүлэн бүртгэсэн нь миний тус компанийн хувьцаа эзэмших, хувьцааг захиран зарцуулах эрхийг маань зөрчсөн...” гэж тодорхойлсныг хариуцагчаас “...бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн шилжүүлж бүртгэсэн...” гэж,  гуравдагч этгээдээс “...болзол тавьж хийсэн гэрээний дагуу шилжүүлж бүртгүүлсэн...” гэж тайлбарлан маргаж байна
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Э**** төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хэлбэрээр 1997 онд үүсгэн байгуулагдаж 1998 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон, Төрийн өмчийн хорооны 2001 оны 9 дүгээр сарын 06ны өдрийн 442 дугаар тогтоолоор төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу “Э****” зам гүүрийн барилгын Төрийн өмчит хувьцаат компанийн дүрмийг баталснаар 2002 онд 100 хувийн төрийн өмчит хувьцаат компаниар улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Төрийн өмчийн хорооны, 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 686 дугаар бүхий “Өмчлөх эрх шилжүүлэх тухай” тогтоолоор “М” ХХК болон G i l sirketi компанийн консерциумд “Э****” Төрийн өмчит хувьцаат компанийн төрийн мэдлийн 48142163 ширхэг хувьцааг өмчлөх эрх, гэрчилгээг олгосноор тус компанийн ТУЗ-ын даргын 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор компанийг  хувьцаат компани болгож өөрчлөхөөр шийдвэрлэсэн, мөн оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ТУЗ-ын хурлын тогтоолоор компанийн гүйцэтгэх захирлаар Ө*****г томилсон байна.
Мөн 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр Консерциум болон “Э**** петролиум групп” ХХК нар нь “Э****” ХК-ийн эрх үүргийг “Э**** петролиум групп” ХХК-д бүрмөсөн шилжүүлэхээр тохиролцсон,  Төрийн өмчийн хорооны 2012 оны 02 дугаар сарын 15ны өдрийн албан бичгээр өмчлөх эрх шилжүүлэхийг зөвшөөрчээ.
Ингэснээр “Э**** петролиум групп” ХХК-иас 2013 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар Хувьцаат Компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөх төслийг, 2 дугаар хавсралтаар “Э****” ХХК-ийн дүрмийг шинэчлэн тус компанийг үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч “Э**** петролиум групп” ХХК-ийг төлөөлж  А.Чинб*******  гарын үсэг зурж дүрмийг шинэчлэн баталснаар “Э****” ХХК-ийн эрх үүрэг хариуцлагыг “Э**** петролиум групп” ХХК-д бүрмөсөн шилжүүлсэн байна.
 Үүнээс хойш буюу 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Э****” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Аийн шийдвэрээр “Б******* ХХК”-ийг тус компанийн 100 хувийн, 2015 оны 10 дугаар сарын 09ний өдөр “Б******* х” ХХК-ийг мөн 100 хувийн, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Н******* д******* р******* энд к*******” ХХК-ийг мөн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн байх ба 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс “Э**** петролиум групп” ХХК-ийн оноосон нэр нь Б******* групп болж өөрчлөгдсөн, хэргийн оролцогчид эдгээр үйл баримтуудын талаар маргаагүй.
2015 оны 10 дугаар сарын 30ны өдөр “Б******* холдин” ХХК-ийг төлөөлж үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч А.А,” Н******* д******* р******* энд к*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал Д.Э нар  “Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцлөөр шилжүүлэх тухай гэрээ” байгуулж 2 удаагийн тендерт оролцож ажлыг гүйцэтгэсний дараа эрх шилжүүлэгч “Б******* х” ХХК-д хувьцааг бүхэлд нь буцаан шилжүүлэх нөхцөлөөр “Э****” ХХК-ийн хувьцааг хүлээн авахаар тохиролцон шилжүүлсэн, 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Б******* х” ХХК-ийг төлөөлж хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч А.А, иргэн Ө***** нар “Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай гэрээ байгуулж “Н******* д******* р******* энд к*******” ХХК-ийн нэр дээр түр шилжүүлсэн “Э****” ХХК-ийн хувьцааг мөн дээр дурдсан нөхцөлөөр шилжүүлэх, уг ажлыг гүйцэтгэсний дараа буцаан шилжүүлэн өгөх нөхцөлтэйгээр Ө***** хүлээн авахаар, мөн оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Ө***** Д.Э нар Эрх шилжүүлэх гэрээ, Бэлэглэлийн гэрээнүүдийг тус тус байгуулан “Э****” ХХК-ийн хувьцааг Ө*****гийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон гэрээнүүд хэрэгт авагджээ.
Ингэснээр 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Э****” ХХК-ийн улсын бүртгэлд Ө***** нь тус компанийн үүсгэн байгуулагчаар бүртгэгдсэн байх боловч 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн, “Н******* д******* р******* энд к*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор “Б******* х” ХХК болон иргэн Ө***** нарын хооронд байгуулагдсан 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээний нөхцөлийн дагуу “Э**** ХХК”-ийн 100 хувь хувьцааг “Н******* д******* р******* энд к*******” ХХК-д шилжүүлэн авах, “Э****” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас Ө*****г чөлөөлж Г.Г*******ийг томилох, тус компанийн шинэчилсэн дүрмийг батлахаар шийдвэрлэсэн шийдвэр холбогдох баримтуудыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Э****” ХХК-ийн улсын бүртгэлийн бичиг баримтад өөрчлөлт оруулж тус компанийн үүсгэн байгуулагчийг Ө***** гэснийг “Н******* д******* р******* энд к*******” ХХК гэж өөрчлөн бүртгэжээ.
Түүнчлэн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Э****” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Н******* д******* р******* энд к*******” ХХК болон “Б******* х” ХХК-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн нөхцөлийн дагуу “Б******* х” ХХК-д буцаан шилжүүлэхээр шийдвэрлэсэн “Н******* д******* р******* энд конмтракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол болон холбогдох бусад материалуудыг хариуцагч байгууллагад хүргүүлснийг үндэслэн “Э****” ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн бичиг баримтад  үүсгэн байгуулагчийг “Н******* д******* р******* энд к*******” ХХК гэснийг “Б******* х” ХХК гэж өөрчлөн бүртгэсэн байна.
Нэхэмжлэгч дээр дурдсан бүртгэлийг хууль бус гэж үзэж буй үндэслэлээ “...улсын бүртгэгч нь Ө*****гийн бусад этгээдэд хувьцаагаа шилжүүлэх хүсэл зориг байгаа эсэхийг шалгаагүй, Ө*****д мэдэгдээгүй...нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26.1г зөрчсөн...хавсаргасан гэрээнүүд нь нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагыг хангаагүй...”Б******* х” ХХК-ийн захирал А.А нь иргэн Ө*****тэй 2016 оны 4 дүгээр сарын 11ний өдөр "Э****" ХХК-ийн хувьцааг өөрт хамааралтай мэтээр гэрээ үйлдсэн нь үр дагавар үүсгэхгүй...” гэж маргажээ.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д “Хуулийн этгээдийн улсын бүртгэл нь дараахь төрөлтэй байна, 5.4.3-д “хуулийн этгээдийг үүсгэн байгуулагчийн болон үүсгэн байгуулах баримт бичигт орсон өөрчлөлт” гэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ, …нэр өөрчлөх тохиолдолд шинээр олгосон нэрийн баталгаажуулалт, баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр; үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт;.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт” гэж, мөн хуулийн 23.3-д “хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ,.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр; дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Иргэний хуульд заасан холбогдох гэрээ, 23.3.5.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл хуулийн этгээдийг үүсгэн байгуулагчийн болон үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргагч “Н******* д******* р******* энд к*******” ХХК болон “Б******* х” ХХК-ийн хүсэлтүүд болон хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримт бичгүүд нь хуульд заасан дээрхи шаардлагыг хангасан, үүнийг үндэслэн “Э****” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсныг бүртгэсэн 2017 оны 8 дугаар сарын 17, 23-ны өдрийн бүртгэл хууль зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн хувийн эрх зүйн харилцааны хүрээнд байгуулагдсан гэрээний талуудын хүсэл зориг анхнаасаа юу байсан, уг хүсэл зориг нь талуудын өөрийнх нь хүсэл зориг мөн эсэх талаар дүгнэлт өгөх, шалгах эрх үүрэг хариуцагч захиргааны байгууллагад хуулиар олгогдоогүй тул дээр дурдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлд оруулсан өөрчлөлтүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6 дахь хэсэгт заасан захиргааны шийдвэр зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн, маргаж буй улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгч Ө*****гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 
Иймд нэхэмжлэгчийн гаргасан “Э****” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт оруулсан 2017 оны 08 дугаар сарын 17, 23-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно. 
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан “иргэн Ө*****гийн эзэмшиж ашиглаж буй Э**** ХХКийн тамга гэрчилгээг хүчингүй болгуулах, шүүхийн журмаар хураан авах” бие даасан шаардлагын тухайд:
Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар-ын дагуу тэмдэг хийлгэх зөвшөөрлийг цагдаагийн байгууллагаас тухайн үед олгодог байсан, өөрөөр хэлбэл Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх зааврын 18-д “Тамга хийлгэх зөвшөөрлийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх зөвшөөрлийг цагдаагийн байгууллага олгоно” 41-д “Тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн ашиглалтанд цагдаагийн байгууллага хяналт тавина” гэж тус тус заасны дагуу цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл олгож мөн хяналт тавьдаг байжээ.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр батлагдаж, 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлснээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8-д “иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавьж, лавлагаа олгох” асуудал нь улсын бүртгэлийн байгууллагын чиг үүрэг болж шилжсэн байна.
Түүнчлэн уг хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/159 дүгээр тушаалаар “Иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавалгаа олгох журам” батлагдсан уг журамд зааснаар хүчингүй болсон тамга тэмдгийг цаашид ашиглахгүй байхаар тогтоожээ.
Иймд нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул “Э****” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох Ө*****гийн эзэмшиж ашиглаж буй “Э****” ХХК-ийн тамга болон улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, хураан авахыг хариуцагчид даалгах” үндэслэлтэй байна. Учир нь шүүхээс хүчин төгөлдөр гэж дүгнэсэн Э**** ХХКийн 2017 оны 8 дугаар сарын 17, 23-ны өдрийн бүртгэлээр “Э****” ХХК-ийн хувьцааг “Б******* х” ХХК-д шилжүүлсэн, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, гүйцэтгэх захиралаар Г.Г******* бүртгэлтэй болох нь тогтоогдож байх тул Ө***** нь тус компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг эзэмших эрхгүй этгээд юм.


          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 106.3, 106.2.4, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:


1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө*****гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж Ө*****гийн эзэмшиж ашиглаж буй "Э****" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамгыг тус тус хүчингүй болгож, хураан авахыг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
 
 
 


                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН