Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 00101

 

 

 

 

 

 

 

 

                               М.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 320 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч М.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Мөнхцэцэгт холбогдох

“4.220.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Оюунцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч М.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Даваасүрэн, Мөнхцэцэг нарын хүсэлтээр 2012 оны 7 дугаар сард анх гурван сая төгрөгийг зээлээч та хоёр яахав миний газар дээр гарааш барина биз гэж хэлсний дагуу авсан. Тэгээд оны сүүлчээр 12 сард өгнө гэж хэлсэн. Ингээд мөнгөө өгөөгүй байж байгаад дахиад 2012 оны 11 сард дахиад мөнгө зээлүүлээч гэж гэрт ирж мөнгө зээлдүүлээч гэсэн. Би Солонгос явах гэж байсан тул надад мөнгө байхгүй тул Туулаас 4 сая төгрөгийг авч өгсөн. Бид хоёр Солонгос явчихаад ирсэн. Тэгээд бараа ирсэний дараа манайхаас Истана маркийн авто машины 2 шинэ дугуй авсан. Мөнгийг нь өгөөгүй. Бид хоёр дугуйгаа 1 ширхэг 210 000 төгрөгөөр үнэлж байсан. Ингээд дугуйны нийт үнэ 420 000 төгрөг авна. Мөнхцэцэг Туулд мөнгөө хүү тооцоод 1 сарын дотор л өгнө гэж байсан. Гэтэл мөн л өгөхөө байсан гэсэн. Тэгээд одоо Туул биднээс байнга мөнгө нэхдэг. Дараа нь Мөнхцэцэг мөн зоорь түрээслэх гэж байна гээд эхлээд 400 000 төгрөг, дараа нь 1 200 000 төгрөг тус тус зээлж авсан. Ингээд Мөнхцэцэг нэг ч төгрөг эргэж төлөөгүй. Мөнхцэцэг 2013 онд надад Улаанбаатар хот явахад 2 ч удаа Газар шим копаниас шилний таг авчруулж байсан. Тэгээд дараа нь тагныхаа мөнгийг надруу миний дансанд 135000 төгрөг нийт 132 000 нийт 267 00 төгрөг шилжүүлж байсан. Ийм байдлаар одоо надад анх зээлдүүлсэн 3 000 000 төгрөг, дугуйны мөнгө 420 000 төгрөг, дахин зээлдүүлсэн 400 000, 1200 000 төгрөг нийт 5 020 000 төгрөг авсан бөгөөд үүнээс зөвхөн 800 000 төгрөгийг л өгсөн. Иймд одоо дээрх мөнгөнүүдийн үлдэгдэл 4 220 000 төгрөгийг төлөөгүй одоо болтол хохироож яваа тул Мөнхцэцэгээс уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Мөнхцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Мөнхцэцэг миний бие нь 2012 оны зун хот хооронд явдаг жолооч Гэрэлт-Од болон эхнэр М.Оюунцэцэг нартай танилцсан юм. Манайх “Истана” маркын машинтай байсан ба Гэрэлт-Одоос 2 ширхэг дугуй 400,000 төгрөг авсан. Үүнийгээ 2013 оны 04 дүгээр сарын 13-нд М.Оюунцэцэгийн Хаан банкны 4001076071 дансруу 800,000 төгрөг хийсэн. Мөн Гэрэлт-Одоор Улаанбаатар хотоос авахуулсан шилний тагны мөнгийг 2013 оны 01 дүгээр сарын 08-нд М.Оюунцэцэгийн Хаан банкны 4001076071 дансруу 135,000 төгрөгийг хийсэн. Үлдэгдэл 132,000 төгрөгийг 2013 оны 02 дугаар сарын 07-нд Хаан банкны 4786004780 дансанд эзэмшигч Гэрэлт-Одын Эрдэнэ оргилд хийсэн. Гэрэлт-Одоор зуучлуулан Ц.Туул гэдэг эмэгтэйгээс 4,000,000 төгрөг авсныг төлсөн бөгөөд Гэрэлт-Од М.Оюунцэцэг нар Солонгос явахдаа Ц.Туулд бүх мөнгөө өгөөрэй гэсэн юм. Иймд бид тооцоотой мөнгийг нь Ц.Туулын Хаан банкны 5094112233 дансанд 8,100,000 төгрөгийг хийсэн. /Уг баримтууд эрүүгийн хэргийн №201514000175-р хавтаст хэргийн 000123-000133-д байгаа/ Иймд бид Гэрэлт-Од М.Оюунцэцэг нарт өргүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 320 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан Б.Мөнхцэцэгээс 3 020 000 төгрөг гаргуулан М.Оюунцэцэгт олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1 200 000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 87,420 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас  63270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч М.Оюунцэцэг нь 2012.07 сард зээлсэн гэх 3000000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл уг мөнгийг нэхэмжлэх хөөн хэлэцэх хугацааг шүүх анхаарсангүй. Уг мөнгийг авсны дагуу гаражийн газар өгсөн байдаг бөгөөд уг газарт иргэн М.Оюунцэцэг гараж барьсан талаар шүүх хуралдаан дээр тайлбарласан. Энэ нь тэдний хоорондох тооцоо дууссан гэж үзэх үндэслэл байгаа ба энэ асуудлаар маргасныг 2013.12. 27 ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг нотлох баримтаар өгсөн бөгөөд түүнээс хойш уг мөнгийг нэхэмжлээгүй. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй байгааг шүүх анхаарч үзсэнгүй . 2016 онд дахин гомдол өгсөн байдлыг урьд нь прокуророос шийдвэрлсэн гэж хэрэгсэхгүй болгосныг шүүх анхаарч үзсэнгүй.

Дээрх 3.000.000 төгрөгтэй холбоотой маргаан нь Гоё шарга ХХК тай холбоотой маргаан болохыг анхаарч үзсэнгүй. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.17 ны өдрийн 320 тоот шийдвэрийг хүчингүй болгож , нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хуульд заасан журмын дагуу үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.Оюунцэцэг дугуйны үнэ болон зээлийн төлбөр нийт 4.220.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгчид төлөх төлбөр байхгүй гэж маргажээ.

Хариуцагч Б.Мөнхцэцэг нэхэмжлэгчээс 2012 онд 3.000.000 төгрөг, 2 ширхэг дугуй буюу 420.000 төгрөг, 400.000 төгрөгийг тус тус авснаас буцааж 800.000 төгрөгийг төлж үлдэгдэл 3.020.000 төгрөгийг төлөөгүй, харин нэхэмжлэгч нь 1.200.000 төгрөгийг зээлсэн гэдгээ нотолж чадаагүй  болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талуудын хооронд зээлээр худалдах- худалдан авах гэрээ хийгдээгүй өөрөөр хэлбэл зээлийн төлбөрийг хэзээ хэрхэн төлөх, төлбөрийг бүрэн эсхүл хэсэгчлэн төлөх талаар харилцан тохиролцоогүй ба харин нэхэмжлэгч 2 ширхэг дугуйг хариуцагчид шилжүүлж, хариуцагч нь дугуйны үнэ 420.000 төлөх үүрэг хүлээснээс 400.000 төгрөг төлж, үлдэгдэл 20.000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын гаргасан тайлбар, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул талуудын хооронд худалдах- худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж зээлийн төлбөр 3.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зохицуулалттай нийцсэн ба харин хариуцагч Б.Мөнхцэцэг нэхэмжлэгчээс 2 ширхэг дугуйг зээлээр худалдаж авсан гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүйгээс гадна хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч М.Оюунцэцэг нь шүүхэд эрхээ хамгаалуулахаар 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Б.Мөнхцэцэг нь 2013 оны 4 дүгээр сард 800.000 төгрөг бэлэн бусаар шилжүүлсэн, 3.000.000 төгрөгийн зээлийн төлбөрт өгсөн граж барих газрыг бусдад шилжүүлсэн гэдгийг нэхэмжлэгч 2013 оны намар мэдээд зохих газарт шалгуулж улмаар уг хэрэг 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр шийдвэрлэгдэж дууссан ба энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг тооцоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 –д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзнэ.

Хариуцагч Б.Мөнхцэцэг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдгээ нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан “...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй байгааг шүүх анхаарч үзсэнгүй, 2016 онд дахин гомдол өгсөн байдлыг урьд нь прокуророос шийдвэрлэсэн гэж хэрэгсэхгүй болгосныг шүүх анхаарч үзсэнгүй...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 320 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд “.... 262 дугаар зүйлийн 262.1 гэснийг 243 дугаар зүйлийн 234.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Мөнхцэцэгийн заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63.270 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.УРАНЧИМЭГ

 

                                           ШҮҮГЧИД                               Б.БАТТӨР

                                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ