Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/45

 

 

 

 

 

 

 

      2021          01           18                                      2021/ШЦТ/45

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Номинзул,

          улсын яллагч Э.Оюунтунгалаг,

          хохирогч А.Ганбат,

          шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009024311383 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 03-нд Өвөрхангай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үүрэн телефоны засварчин мэргэжилтэй, Монт-Уул ХХК-д операторчин ажилтай, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод түр оршин сууж байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Б Батзориг /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32-ын тойрог орчимд хохирогч А.Ганбаттай түүний найз эмэгтэйн хөх, хацрыг оролдсон гэх шалгаанаар маргалдан улмаар А.Ганбатыг гараараа нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би огт санахгүй байна, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-19-20/,

 

хохирогч А.Ганбат шүүхийн хэлэлцүүлэгт “…2020 оны 09 дүгээр сарын 03-ны орой 23-24 цагийн орчим найзыгаа ажлаас нь аваад хүргэж өгөх гэж байхдаа Энхболдын зам орчим хүн гар өргөхөөр хаашаа явах гэж байгааг асуухад 6 буудал орно гэхээр суулгасан. Хэсэг явж байгаад арын суудлаас давж голоор орж ирээд манай найзын хацарт нь хүрээд хөхөнд нь хүрээд байхаар нь чи ууж идсэн зүйлээ шингээгээд аятайхан явж чадахгүй байна уу гэхэд чадахгүй гэвэл яах юм гээд хэрэлдээд байсан. Чи аятайхан явж чадахгүй бол ингээд буучих гэхэд 32 тойргийн зам дээр буулгасан чинь цонх хагалах гээд байхаар нь мөнгөө төлж чадахгүй бол аятайхан явчих гэж хэлэхэд намайг боогоод байсан. Би зүгээр байхгүй адилхан өөдөөс нь боосон. Чулуу аваад шидэх гээд байхаар нь цагдаа иртэл бараг муур хулгана болж зугтаасан. Би шүдээ эмчлүүлэх хүсэлтэй байгаа. Шүдний рентген зураг авхуулсан, эм тарианы мөнгөө баримтаар нэхэмжилж байгаа. Дээд талын 4 шүд хөдөлчихсөн юм зажилж, идэхэд хүндрэлтэй байдаг. Эмчид үзүүлэхэд эмчилгээ авахгүй, ясаараа хугарсан учраас бараг авхуулсан нь дээр гэж байсан. Би залуугаараа үүдэн хэсгийн 4 шүдээ авхуулахад хэцүү байна. Надад хохирол төлсөн зүйл байхгүй...” гэв.

түүний хохирогчоор өгсөн: “…2020 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө ...найз Армангулийн хамт таксинд явж байтал ...үл таних согтуу, эрэгтэй хүн гар өргөхөөр нь суулгасан юм. Тухайн хүн 6 буудал явна гэхээр нь Гандангаар өгсөөд Цагаан байр чиглэлтэй явж байтал нөгөө залуу миний хажуу суудал дээр сууж явж байсан найз Армангулийн хөхөнд нь гараа хүргээд, нүүрэнд нь гараа хүргээд байхаар нь хойшоо налаад суучих гэж хэлсэн нөгөө залуу сандлын голоор орж ирээд намайг тохойгоороо 2-3 удаа тохойлдсон. Тэгэхээр нь 57 дугаар сургуулийн замын урд автобусны буудал дээр зогссон нөгөө залуу хаалга онгойлгоод намайг буугаад ир гэсэн. Би буугаад аятайхан явчих, таксиныхаа мөнгийг өгч чадах юм уу гэхэд намайг 2 гараараа заамдаж авахаар нь би заамдаад авсан байтал миний нүүрэн тус газарт гараараа 3 удаа цохисон. Тэр үед миний амнаас шууд цус гоожоод эхэлсэн. Тэгэхээр нь би тэр залууг газар унагаагаад Армангулийг цагдаад дууд гэж хэлсэн. ...шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Надад учирсан гэмтлүүдийг үйлчлүүлж байсан согтуу залуу учруулсан. ...Тэр залууг хараад танина...” гэсэн мэдүүлэг /хх-4-5/,

 

гэрч К.Армангулийн “…хойд суудал дээр суусан тэр хүн суусан. Тэр хүн машины хойд суудлаас урд 2 суудлын голоор орж ирээд баруун гараараа миний хацрыг илээд байхаар нь гараас нь зайлсхийсэн, тэгсэн над руу харж байснаа миний санаатайгаар хөхөнд 2-3 удаа хуруугаараа хүрсэн. Тэр үед манай найз Ганбат тэр залууд хандаж болиоч гэж хэлэхэд тэгэхээр яадаг юм гэж хариулахад Ганбат зүгээр явж чадахгүй бол буу гэж хэлээд тэр 2 маргалдаж эхэлсэн. 32 тойргийн орчим зогсоход тэр залуу буугаад жолоочийн хаалгыг татаж онгойлгоод буугаад ир учраа олъё гэж хэлсэн. Ганбатыг буухад тэр залуу түлхсэн, зодоод байх шиг байсан. ... цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-7/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №10156 тоот актын “…А.Ганбатын биед хоншоор ясны түшингийн хугарал, доод, дээд уруулын салстад язрал, зүүн дээд 1-р шүдний булгарал, 2,3 дугаар шүдний сулрал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-11-12/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-21/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-22/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/, хохирлын баримт /хх-51-54/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-55-56/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32-ын тойрог орчимд хохирогч А.Ганбаттай түүний найз эмэгтэйн хөх, хацрыг оролдсон гэх шалгаанаар маргалдан улмаар А.Ганбатыг гараараа нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч А.Ганбат, гэрч К.Армангулийн нарын мэдүүлэг, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №10156 тоот актын дүгнэлтүүд, шүүгдэгч Б.Бийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Бийн хохирогч А.Ганбатын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Бийн дээрх гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Ганбатын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрт учирсан эрүүл мэндийн хохиролд баримтаар 219.640 төгрөгийг нэхэмжилсэн байх тул уг нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгчээс 219.640 төгрөгийг гаргуулан хохирогчид олгуулах нь зүйтэй байна.

Мөн хохирогч А.Ганбат нь шүүх хуралдаанд “үүдэн 4 шүд суларч уг 4 шүдийг авч шинээр шүд шийлгэх шаардлагатай” гэж байх тул түүний цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч Б.Бийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Б.Батбилэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1.Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Боос 219.640 /хоёр зуун арван есөн мянга зургаан зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Ганбат (РД:)-д олгосугай.

 

5.Хохирогч А.Ганбат нь гэм буруутай этгээдээс цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.

 

6.Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР