Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/46

 

 

 

 

 

 

 

     2021          01          18                                        2021/ШЦТ/46

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Номинзул,

          улсын яллагч Г.Баярмаа,

          хохирогч О.Батсайханы өмгөөлөгч Н.Энхбаяр,

          шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009000001441 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 28-нд Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Рояал Тауэр Констракшн” ХХК-д инженер ажилтай, ам бүл-2, эхнэрийн хамт, тоотод түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц.М, /регистрийн дугаар /,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр

            Яллагдагч Ц.М нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рояал Тауэр” оффисын 1 дүгээр давхарт иргэн О.Батсайхантай маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстын язрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт “…Тухайн өдөр би О.Батсайхантай ямар нэгэн харилцаа байхгүй байсан. Би 3 төрлийн гэрээ байгуулаад ажил хийлгэж байсан. Анх 6 дугаар сард гэрээ байгуулж 3 гэрээг шат дараалан байгуулсан. О.Батсайхан ажилдаа ирэхгүй, ажлаа хийхгүй байсан. Манай захирал үүнээс болоод цалин хасах талаар надтай ярьж байсан. О.Батсайхан хэрэг гарсан өдөр л ажилдаа ирсэн. Манайх шилэн хаалганы ажил хийлгэж байсан болохоор би тэр ажлаа хийхгүй юм уу, юу болсон бэ гэж асуухад намайг сонсохгүй суугаад байсан. Тэгээд хажууд нь очиход яах гээд байгаа п... вэ гэхэд намайг 2-3 удаа цохисон. Тэгээд би О.Батсайханыг цохисон...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…би Батсайханд ажлын шаардлага тавьсан 2-3 удаа холоос шаардлага тавьсан чинь хариу хэлэхгүй байсан тэгэхээр сонсохгүй байгаа юм байх гэж бодоод хажууд нь очоод хэлсэн чинь 2 удаа намайг цохисон. ...тэгээд би уурандаа 2-3 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/,

 

Хохирогч О.Батсайханы “...би захиралтай нь гэрээ хийхдээ өнгө гэх зэрэг бүх юмыг тохирсон байсан тэгсэн чинь хажууд ирээд асуугаад ажил хийлгэхгүй төвөг болоод байсан. Тухайн ажлыг нь бүрсгэр өнгөөр хийнэ гээд гэрээн дээр тохирсон байсан чинь тэр залуу надаас чи яагаад улаан өнгөөр хийхгүй саарал өнгөөр хийж байгаа юм гэж асуусан. Тэгэхээр нь би нэгэнт заагдсан өнгөөр буюу гэрээн дээрх өнгөөр хийж байгаа гэж хэлээд ажлаа үргэлжлүүлээд хийж байсан. Тэгсэн чинь хэсэг хугацааны дараа эргэж ирээд намайг ажил хийлгэхгүй өвгөн минь юу бэ? гээд намайг ална гээд өдөөд байсан тэгэхээр нь би тоогоогүй өнгөрөөсөн тэгээд яваад өгсөн тэгсэн чинь тэр буцаж ирээд шилэн хаалга угсрах ажил яагаад хийхгүй байна гэж гүйж ирээд над руу дайрсан. Би газар суугаад ажил хийж байсан болохоор хийж байгаа ажлыг тэр залуу хөлөөрөө гишгээд эвдчихэж магадгүй гээд түлхээд боссон тэгээд зодоон болсон. Зодоон ч юу байхав би түлхээд боссон тэгээд би тэр залууг цохих гээд чадахгүй юм байна лээ. Тэгээд тэр залуу нэг гараараа миний энгэрээс бариад нөгөө гараараа цохиод байсан. ...намайг анх түлхээд босож байхад толгой дээрээс нэг юмаар түрүүлээд цохисон...2-3 өдөр тархи толгой өвдөөд ажлаа хийж чадаагүй. ...газар сууж байх үед гартаа түлхүүр юм уу мэдэхгүй байна нэг төмрийн төрлийн юм байсан байх атгаж байгаад цохисон. Тэгээд босоод ирсэн чинь гараараа миний нүүр тус газар нилээд хэдэн удаа цохисон тэрийг нь би тоолоогүй миний нүүр болон хацар толгой хэсэг рүү цохисон..." гэсэн мэдүүлэг /хх-н 11-13, 17/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №11787 тоот актын “…О.Батсайханы биед тархи доргилт, зулайн хухайнд шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстын язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт, зулайн хуйхны шарх гэмтэл тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт, уруулын салстын язрал, цус хуралт тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүйгэсэн дүгнэлт /хх-20-21/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-10/, хохирлын баримт /хх-15-16/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-38-39/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ц.М нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рояал Тауэр” оффисын 1 дүгээр давхарт иргэн О.Батсайхантай маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстын язрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч О.Батсайханы мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №11787 тоот актын дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн хохирогч О.Батсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч О.Батсайхан нь өөрт учирсан гэм хорын хохиролд 108.000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч нь уг хохирлын мөнгө болох 108.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 100900005406 дугаартай хохирлын дансанд тушаасан байна.

Иймд шүүгдэгч Ц.М бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 100900005406 дугаартай хохирлын данснаас нийт 108.000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.М дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Ц.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Үүнээс гадна шүүх шүүгдэгч Ц.Мд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Ц.М нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт  үлдээж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.М 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ц.М нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 100900005406 дугаартай хохирлын данснаас нийт 108.000 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Батсайхан (РД:)-д олгосугай.

 

7.Шүүгдэгч Ц.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР