| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2021/0048/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/48 |
| Огноо | 2021-01-19 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/48
2021 01 19 2021/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч И.Мөнхцэцэг,
шүүгдэгч Э.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.З холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009000001088 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, ажил эрхэлдэггүй, ам бүл 4 аав, ээж, дүүгийн хамт тоотод оршин суух хаягтай,
2014 оны 12 дугаар сарын 15-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-д зааснаар 3 сарын баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон,
2017 оны 01 дүгээр сарын 06-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 500.000 төгрөгийн эд хөрөнгө хураах ялаар шийтгүүлсэн,
2020 оны 02 дугаар сарын 03-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 440 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, /регистрийн дугаар /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Э.З нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ub car wash” нэртэй угаалгын газраас 0667УБГ улсын дугаартай Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.З нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв,
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоолтой уншиж танилцсан. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна…” гэсэн мэдүүлэг /хх-20-22/,
Хохирогч Б.Батболдын “...би 2020 оны 7 дугаар сарын 27-ны орой фэйсбүүкээс Монголдоо гэсэн нэртэй кузов засварын газрын хаягийг олж утсаар нь яриад Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд хаягаар нь очиж автомашиныхаа урд хормойг засуулахаар өгсөн. Тэгээд маргааш орой аваарай гээд төлбөрийн 130000 төгрөгийн 50 хувийг төлөөд засварчин залуутай уулзаж түлхүүрээ өгөөд явсан. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн үед нөгөө засварын газар руу яриад орой хэдэн цагт очиж машинаа авах талаар асуухад за эргээд ярья гэж хэлээд тасалсан. Ингээд байж байгаад 11 цаг 30 минутын үед цагдаагаас ярьж байна, автомашин чинь алга болсон гэж хэлэхээр нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Тэгээд мэдүүлгээ өгчхөөд эргээд засварын газарт очсон чинь нэг угаагч залуу унаад явчихсан юм шиг байна гэж хэлэхээр нь яагаад угаалгын газарт өгсөн юм бэ гэхээр та угаалга гэж хэлээ биз дээ гэхээр нь юу яриад байгаа юм бэ гээд уурласан чинь угаалгын залуу би угаачихъя гэж хэлэхээр нь өгсөн юм гэж хэлсэн. Мөн миний автомашиныг авч авсан залуу засварын залуу руу 21 дүгээр хороололд байна одоо очлоо гэхээр нь би тийшээ явсан чинь тэр нь худлаа байж таараад удалгүй цагдаагаас Эрдэнэтэд автомашин чинь олдсон гэхээр нь тийшээ явж машинаа авчирсан. Би угаалгын газар руу нь ороогүй, би автомашинаа угаалгана гэж хэлээгүй засварын залуугаас энэ угаалга чинь хэдээр угаадаг юм бэ гэж асууж байсан. Би гомдолтой байна. автомашинаа очиж авахад жижиг гэмтлүүд гарсан байна лээ, тэр эвдрэлийг үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн, түүн дээр Орхон аймаг руу явж машинаа авчрахад зарцуулсан мөнгө зэргийг хүснэгтээр гаргаж өгсөн байгаа. Одоо хохирлын мөнгө нийт 700200 төгрөгийг нэхэмжилж байна. Би засварын газарт машинаа засуулах гэж өгсөн учраас тухайн засварын газраас мөнгөө нэхэмжилнэ…” гэсэн мэдүүлэг /хх-5-6/,
Гэрч А.Нямдоржийн “...би 2020 оны 7 дугаар сарын 26-ны 17 цагийн үед ажил дээрээ байж байтал нэг үйлчлүүлэгч тоёота харриер загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслээ засуулахаар ирээд засуулахаасаа өмнө машинаа угаалгахаар болоод манай хажуу талын машин угаалгын газар руу орсон. Ингээд машины эзэн машинаа надад хүлээлгэж өгөөд явсан ба би засварын газарт зайгүй болохоор нь угаалгад тухайн машиныг хонуулахаар болсон. Ингээд машиныг угаалгаж үлдээчхээд ажлаа хийж байгаад 2020 оны 07 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн үед ажил дээрээ унтсан ба 10 цаг болж байхад хажуу угаалгын угаагч залуу намайг сэрээгээд ахаа таны өчигдөр үлдээсэн машиныг угаасан угаагч нь унаад явчихсан байна гэж хэлсэн. ингээд хяналтын камерын бичлэг шүүж үзтэл шөнө 05 _агийн үед нөгөө угаагч залуу үлдээсэн харриер машиныг унаад явчихсан байсан. Машины эзэн надад хүлээлгэж үлдээсэн учраас машиныг олох шаардлагатай байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-7/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-58/, шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-98, 110/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-56/, Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-11/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-43-50, 62-69, 78-101/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /хх-70-71/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Э.З нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ub car wash” нэртэй угаалгын газраас 0667УБГ улсын дугаартай Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь дээр дурдсан хохирогч Б.Батболд, гэрч А.Нямдорж нарын мэдүүлгүүд, Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Э.Зийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Э.З Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.Зд дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Зийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Батболдод 700.200 төгрөгийн хохирол учирсан байх уг хохирлыг шүүгдэгч Э.Зоос гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Зийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Э.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тус бүр 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 378 дугаар дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 04 жил 04 сар 02 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 04 жил 05 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.З нь энэ хэрэгт хоног цагдан нийт 67 хоногийг эдлэх ялаас нь хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.З Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.З-г 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 378 дугаар дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 04 жил 04 сар 02 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 04 жил 05 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зд оногдуулсан 04 жил 05 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Э.Зийн цагдан хоригдсон 67 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Э.Зоос нийт 700.200 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Батболд (РД:)-д олгосугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Зд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Зд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР