Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/65

 

 

 

 

 

 

 

  2021        01          18                                   2021/ШЦТ/65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, 

улсын яллагч Г.Анармөнх,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нацагням /онлайнаар/,

шүүгдэгч Ц.Б  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Ц.Б д холбогдох эрүүгийн  2011015651009 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Ц.Б , 1993 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Төмөр хийц” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 17-764 тоотод

Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн 12-5 тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 207а дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 366 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 3 жил 5 сарын хорих ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн 20 дугаар магадлалаар 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ц.Б  нь 2020 оны 8 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө согтуугаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт шалтгаангүйгээр иргэн Б.Батмөнхийн толгой, биен тус газарт нь гараар болон чулуугаар цохих, хөлөөр өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нацагням нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний хүү одоо босож сууж хоол идэх хэмжээний болсон боловч хэл ярианы чадвар муу цаашид эмчилгээ сувилгаа шаардлагатай байгаа. Одоо миний хүүгийн зүүн талын гар хөл мэдээгүй саажилт үүссэн. Улмаар сэтгэцийн өөрчлөлтэй болох унаж татах эрсдэлтэй талаар эмнэлгийн байгууллага тодорхойлсон. Би эмчилгээний зардлын тухайд холбогдох баримтаа бүрдүүлж чадаагүйн улмаас шүүхэд гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирол нэхэмжилсэн. Үүнээс шүүгдэгч Ц.Б  нь эхлээд 1.920.000 төгрөг дараа нь 800.000 төгрөг нийт 2.720.000 төгрөг өгсөн. 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдөр миний хүү эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор хөдөлмөрийн чадвараа 70% алдсан, цаашид ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нь тогтоогдсон. Мөн тухайн үед миний хүү Улаанбаатар хотод ажилд орох гэж явсан боловч ажилгүй байсан. Иргэний хуульд заасны дагуу гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй нөхөн төлбөр нэхэмжилж байна. Гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Эдгээрийг хангавал ял шийтгэл дээр санал хүсэлт байхгүй. Одоо 1.055.464 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9-11/,

Гэрч Б.Удвал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...өрөөнийхөө цонхоор харж байтал 3 хүн байсан ба биерхүү залуу, дээгүүрээ цайвар өнгийн намхан залуутай маргалдаж үснээс нь зулгаан тонгойлгон хөлөөрөө элэг рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгтэл хажууд нь байсан жижиг цүнх үүрсэн намхан залуу нь дундуур нь орж салгах гэж байгаад дээгүүрээ цайвар өнгийн цамцтай намхан залуу зодож байсан өндөр залуугаас мултарч зугтаасан. Тэгтэл хажуугаас нь салгах гэж байсан намхан залууг дэгээдэж унагаагаад толгой руу хөлөөрөө маш хүчтэй өшиглөж, цээж хэсэг рүү болон хөл рүү нь олон удаа өшиглөж цохисон. Тэгээд дахин дахин толгой руу нь цохиод өшиглөөд байхаар нь би цонхоо онгойлгон “та болиоч, хүн аллаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 16-17/,

Гэрч А.Саранцогт нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Батмөнх бид 2 Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Өвөр гүнт гэдэг газар барилгын ажил хийсэн. ...бид 2 АТМ-ээс 10000 төгрөг аваад Түц хайж тамхи авах гээд явж байсан чинь араас 2 залуугийн 1 нь ирээд чамаас юм асуугаад байгаа юм биш үү гээд над руу дайрсан. ...Тэр залуу газраас чулуу аваад бид хоёрыг цохиж нүдсэн...Батмөнх бид хоёрыг тэр залуу чулуу бариад толгой нүүр рүү цохисон. Тэгээд бас өшиглөсөн...Намайг буцаад ирэхэд Батмөнх газар унасан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх 18-19/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн №9667 дугаар дүгнэлтэд: “...Б.Батмөнхийн биед тархины эсийн урт сэртэнгийн /аксон/ тархмал гэмтэл, аалзан хальсан доорх цус харвалт, дух, зүүн тохойд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, цээж, зүүн бугуйд цус хуралт, баруун хацар, баруун тохой, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх 30-32/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нацагням нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Нийт эмчилгээний зардалд 2020 оны 8 дугаар сарын 22-ноос хойш өнөөдрийг хүртэл 5 сая гаран төгрөгийн зардал гарсан байгаа. Гэхдээ баримт байгаа нь 3.775.464 төгрөгийн зардал гарсан гэж харагдаж байна...” гэх мэдүүлэг /хх 42/,

Шүүгдэгч Ц.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Дуулга бааранд орж 0.5л савлагаатай “Соёрхол” нэртэй архи, 2 лааз ундаа авч ганцаараа ууж дуусгаад орой 23 цаг өнгөрч байсан байх баар хаах цаг болоод гараад би гэр рүүгээ явсан. Ингээд Акума төвийн арын гудамжинд явж байтал үл таних 2 залуутай маргалдсан. Яг юунаас болсноо сайн санахгүй байна...Би эдгээр гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 36-37/,  

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 82-83/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 86/, шүүгдэгч Ц.Б д холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 104-114, 152-161/, хохирогч Б.Батмөнхийн эрүүл мэндтэй холбоотой баримт /хх 44-51, 91, 100-102, 115-127/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн хохиролын баримт /хх 52-76/, зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Б  нь 2020 оны 8 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө согтуугаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт шалтгаангүйгээр иргэн Б.Батмөнхийн толгой, биен тус газарт нь гараар болон чулуугаар цохих, хөлөөр өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9-11/, гэрч Б.Удвалын “...өрөөнийхөө цонхоор харж байтал 3 хүн байсан ба биерхүү залуу, дээгүүрээ цайвар өнгийн намхан залуутай маргалдаж үснээс нь зулгаан тонгойлгон хөлөөрөө элэг рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгтэл хажууд нь байсан жижиг цүнх үүрсэн намхан залуу нь дундуур нь орж салгах гэж байгаад дээгүүрээ цайвар өнгийн цамцтай намхан залуу зодож байсан өндөр залуугаас мултарч зугтаасан. Тэгтэл хажуугаас нь салгах гэж байсан намхан залууг дэгээдэж унагаагаад толгой руу хөлөөрөө маш хүчтэй өшиглөж, цээж хэсэг рүү болон хөл рүү нь олон удаа өшиглөж цохисон. Тэгээд дахин дахин толгой руу нь цохиод өшиглөөд байхаар нь би цонхоо онгойлгон “та болиоч, хүн аллаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 16-17/, гэрч А.Саранцогтын “...2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Батмөнх бид 2 Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Өвөр гүнт гэдэг газар барилгын ажил хийсэн. ...бид 2 АТМ-ээс 10000 төгрөг аваад Түц хайж тамхи авах гээд явж байсан чинь араас 2 залуугийн 1 нь ирээд чамаас юм асуугаад байгаа юм биш үү гээд над руу дайрсан. ...Тэр залуу газраас чулуу аваад бид хоёрыг цохиж нүдсэн...Батмөнх бид хоёрыг тэр залуу чулуу бариад толгой нүүр рүү цохисон. Тэгээд бас өшиглөсөн...Намайг буцаад ирэхэд Батмөнх газар унасан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх 18-19/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн №9667 дугаар “...Б.Батмөнхийн биед тархины эсийн урт сэртэнгийн /аксон/ тархмал гэмтэл, аалзан хальсан доорх цус харвалт, дух, зүүн тохойд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, цээж, зүүн бугуйд цус хуралт, баруун хацар, баруун тохой, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх 30-32/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нацагнямын “...Нийт эмчилгээний зардалд 2020 оны 8 дугаар сарын 22-ноос хойш өнөөдрийг хүртэл 5 сая гаран төгрөгийн зардал гарсан байгаа. Гэхдээ баримт байгаа нь 3.775.464 төгрөгийн зардал гарсан гэж харагдаж байна...” гэх мэдүүлэг /хх 42/, шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...Дуулга бааранд орж 0.5л савлагаатай “Соёрхол” нэртэй архи, 2 лааз ундаа авч ганцаараа ууж дуусгаад орой 23 цаг өнгөрч байсан байх баар хаах цаг болоод гараад би гэр рүүгээ явсан. Ингээд Акума төвийн арын гудамжинд явж байтал үл таних 2 залуутай маргалдсан. Яг юунаас болсноо сайн санахгүй байна...Би эдгээр гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 36-37/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Б  нь гэм буруугийн талаар маргаагүй болно. 

Иймд шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх, шүүгдэгч Ц.Б д ял шийтгэхдээ түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.   

Шүүгдэгч Ц.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нацагням нь эмчилгээний болон бусад зардалд /эм, эмчилгээний зардалд 3.436.404 төгрөг, шатахууны зардалд 105.400 төгрөг, ахуйн зардалд 722.330 төгрөг/ нийт 4.264.134 төгрөг нэхэмжилснийг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлаад нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдлыг харгалзан шатахуун болох ахуйн зардалд нэхэмжилсэн 827.730 төгрөгийн зардлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй гэж дүгнэв. Харин эмчилгээний зардлын баримтыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож 3.436.404 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Б  нь хохирогчийн хууль ёсны нийт 2.720.000 төгрөгийг өгсөн  байх тул үлдэх 716.404 төгрөгийг шүүгдэгч Ц.Б эс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нацагнямд олгуулж шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээв.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Цогтбаатарын Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Б д Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б эс 716.404 /долоон арван зургаан мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөгийг гаргуулан Орхон, Баян-Өндөр, 21-р баг, Уртын гол, баянзам 10 гудамж 30 тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нацагням /рд: РТ70020161/-д олгуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 827.730 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Ц.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ХАЛИУН