| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 500/2018/0041/Э |
| Дугаар | 317 |
| Огноо | 2018-04-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 317
Э.Ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Г.Ганчимэг,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүрийн гаргасан 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 235 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ганчимэгийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 11 дугаартай прокурорын эсэргүүцлээр эрүүгийн 171000895 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Э.А, 1989 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ....тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..../,
Яллагдагч Э.А нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 7 дугаар гудамжинд өсвөр насны М.Бг “найз Жыг зодлоо” гэх шалтгаанаар баруун чихэнд нь алгадаж баруун чихний хэнгэрэг хальс цооролт, цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Э.Ад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолын огноо засвартай /хх 1-2/, уг тогтоолыг яллагдагчид хэзээ танилцуулсан нь тодорхойгүй, мөрдөгч тогтоолыг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсан /хх 1-2/ атлаа 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Э.Аас яллагдагчаар мэдүүлэг /хх 52/ авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлэн сэжигтэнд танилцуулна...” гэж, 4 дэх хэсэгт “...Мөрдөгч сэжигтний хувийн байдлыг тогтоох, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 6 цагийн дотор явуулна...” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
2. Мөрдөн байцаалтын явцад Э.Аас яллагдагчаар хоёр удаа мэдүүлэг авсан бөгөөд /хх 52-54, 81-82/ уг мэдүүлгүүдийг нэг өдөр, нэг мөрдөгч, нэг цаг хугацаанд, нэг өрөө /орон байр/-нд авсан атлаа тухайн мэдүүлгүүдэд яллагдагчийн хэлсэн, ярьсан зүйлүүд утга, агуулгын хувьд өөр өөр зүйл ярьсан, мэдүүлснээс үзэхэд тухайн цаг хугацаанд ямар мэдүүлэг өгсөн болох нь ойлгомжгүй байна.
3. Яллагдагчаас дээрх цаг хугацаанд хоёр удаа мэдүүлэг авахдаа түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4, 7.5 дугаар зүйлд заасан мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, мэдээлэл авах эрхийг танилцуулсан атлаа мөн хуулийн 7.3, 7.6, 7.7 дугаар зүйлүүдэд заасан ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, өмгөөлөгчтэй харилцах, гомдол, хүсэлт гаргах эрхүүдийг болон 7.9 дүгээр зүйлд заасан яллагдагчийн үүргийг танилцуулалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байна гэж шүүх үзэв.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1, 25.2, 25.3, 25.4 дүгээр зүйлүүдэд мэдүүлэг авах талаар хуульчилсан бөгөөд яллагдагчийн эдлэх эрх, хүлээх үүргийг бүрэн танилцуулаагүй нь тус хуулийн 25.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчиж, оролцогчийн эрхийг хязгаарласан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг товлон зарлаж, хэргийг прокурорт буцаах талаар хуульчилсан боловч яллагдагч Э.Ад холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дээрх зөрчлүүдийг арилгах шаардлагатай гэж үзэж шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүйгээр шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Ганчимэг бичсэн прокурорын эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.2 дахь заалтад “хэргийг прокурорт буцаах” заалтыг мөн хуулийн 33.3 дугаар зүйлд зааснаар хэрэгжүүлэх байтал шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүйгээр хэргийг прокурорт буцааж, дээрх заалтыг зөрчсөн байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 235 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэргийг прокурорт буцаана” гэж заажээ.
Шүүх Э.Ад холбогдох хэргийг 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 235 дугаар шүүгчийн захирамжаар “хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолын огноо, мөрдөгчийн хүлээн авсан тогтоолын огноо зөрүүтэй, мөрдөн байцаалтын явцад яллагдагчаар хоёр удаа мэдүүлэг авахдаа нэг өдөр, нэг мөрдөгч, нэг цаг хугацаанд, нэг орон байранд авсан атлаа тухайн мэдүүлгүүд утга агуулгын хувьд өөр өөр зүйл ярьсан, мэдүүлснээс үзэхэд тухайн цаг хугацаанд ямар мэдүүлэг өгсөн болох нь ойлгомжгүй, яллагдагчаас мэдүүлэг авахдаа түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3, 7.4, 7,5, 7.6, 7.7 дугаар зүйлүүдэд заасан эрх болон үүргийг танилцуулаагүй түүний эрхийг ноцтой зөрчсөн байна” гэж үзэн хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Талууд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар хүсэл гаргаагүй тул урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээгүй нь буруутгах үндэслэлгүй.
Дээрх шүүгчийн захирамжид заасан ажиллагааг нөхөн гүйцэтгэж хийсний эцэст хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.
Иймд прокурор Г.Ганчимэгийн бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 235 дугаартай захирамжийг хэвээр үлдээж прокурор Г.Ганчимэгийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 11 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэрэг шүүхэд очтол Э.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
О.ЧУЛУУНЦЭЦЭГ