Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 00105

 

 

 

 

 

 

 

 

                               “Ургамал Энх” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 345 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “Ургамал Энх” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Мандалбаярт холбогдох

“12.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Б.Мандалбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Наранхүү, хариуцагч Б.Мандалбаяр, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч “Ургамал Энх” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани иргэн Б.Мандалбаяртай 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “орон сууц захиалгаар бариулах” гэрээг байгуулж, орон сууцаа хүлээлгэн өгсөн. Төлбөрийн нөхцөл харьцангуй уян хатан байсан ба байрны түлхүүр хүлээлгэн өгөхөд бүх тооцоо дууссан байхаар гэрээ хийгдсэн болно. Гэвч Б.Мандалбаяр нь өнөөдрийг хүртэл байрандаа амьдарсаар байгаа ба үлдэгдэл төлбөр болох 8,000,000 төгрөг, гэрээний дагуу алданги 4,000,000 төгрөг нийт 12,000,000 төгрөгийг одоо болтол төлөөгүй тул, дээрх төлбөрийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Мандалбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 02 дугаар сард “Ургамал Энх ” ХХК-иас 50м2 байр худалдан авсан. Анх байр худалдан авч байх үед энэ байр нь “Ургамал Энх” ХХК-ний ажилчдын хувцас сольдог, амралтын байр шинжтэй байсан. 2015 оны 02 сард / гэрээ хийх үед / байранд орохоосоо өмнө нилээдгүй засвар хийлгэх санал тавьсан хийж өгөөгүй. Засварын бригад зунаас бүх байраар дахин засвар хийнэ ийм асуудлууд зөндөө байгаа гэсэн. Түүнээс хойш жил болгон засвараа хийлгэх саналаа удаа дараа СӨХ –д тавьсан боловч одоо болтол хийж өгөөгүй байна. Засвараа хийгээд өгвөл миний бие “Ургамал-Энх” ХХК-д үдэгдэл 8,000,000 төгрөгөө өгөхөд бэлэн байна. Унтлагын өрөөний хана 2 хэсэг газар цуурсан, обой нь хуурсан байдалтай, цонхоор дулаан алддаг, шалны хүрээнүүд энд тэндгүй ховхорсон байсан, хаалга гажигтай солиулах, шал завсартай 3 хэсэг газар. Ийм засваруудыг хийгээд өгөх юм бол 8 сая төгрөгөөр өгөхөд бэлэн байна гэдгээ СӨХ-оор дамжуулж хэлсэн. Харин алдангийг зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 345 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,351 дүгээр зүйлийн 351.1,185 дугаар зүйлийн 185.1-д заасныг баримтлан Б.Мандалбаяраас 9,170,000 төгрөг гаргуулан “Ургамал Энх” ХХК-д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 2,830,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 203,686 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 161670 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Мандалбаяр давж заалдсан гомдолдоо:

“Ургамал-Энх” ХХК нь тухайн үед надтай “захиалгаар орон сууц бариулах гэрээ загвар”-аар гэрээ хийсэн энэ анхнаасаа ойлгомжгүй гэрээ байсан. Манайх баригдаад дууссан орон сууцанд орсон бөгөөд “Ургамал-Энх” ХХК -аар захиалгаар борон сууц бариулаагүй болно. Хэрвээ “Ургамал-Энх” ХХК-тай байгуулсан энэ гэрээ нь хүчин төгөлдөр гэж үзвэл уг гэрээний 2.2.в заалтанд зааснаар миний бие “Ургамал-Энх” ХХК-тай төлбөрийн тооцоо дуусч үл хөдлөхийн гэрчилгээ миний нэр дээр гарч байрны түлхүүрээ,гардан авсан. “Ургамал-Энх” ХХК нь тухайн үед Худалдаа хөгжлийн банк болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт Б.Мандалбаяртай төлбөр тооцоо дууссан гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн байдаг. “Ургамал-Энх” ХХК-тай байгуулсан энэ гэрээ нь хүчин төгөлдөр гэж үзвэл “Ургамал-Энх” ХХК нь иргэн надтай байгуулсан гэрээгээнийхээ 3,4 заалт,иргэний хуулийн 343.1, барилгын тухай хуулийн 14.3, 14.6-д заасан заалтуудаа биелүүлээгүй.

-Унталгын өрөөний хана 2 хэсэг газар цуурсан, обой нь хуурсан байдалтай -Цонхоор дулаан алддаг.Шалны хүрээнүүд (гарниз) энд тэндгүй ховхорсон байсан. Хаалга гажигтай солиулах, шал завсартай 3-н хэсэг газар, анх манайхыг байранд орход “М маркед” дэлгүүр архи зарахгүй гэж хэлж байсан одоо архи зараад манай гэрийн цонхны дэргэдээр согтуу, халамцуу хүмүүс орой үдэш орилж хашгираад эрх зөрчигдөөд байна. Унталгын өрөөний халаалт анхнаасаа муу байсаар ирсэн манайх нэмэлт цахилгаанаар халдаг 2кВт-н халаалт ашигладаг. Цахилгааны мөнгө их гардаг. Доор давхарт машины гараж байдаг энэ өвлийн улиралд машины утаа, угаар манай гэрт ихээр орж ирдэг, гал тогооны цонхон дээр машин байнга тавьдаг цонх онгойлгох боломжгүй байдаг. 00-н өрөөний плитаны завсраар ур гарч ирдэг хаанаас гарч ирээд байгаа нь мэдэгддэггүй. Зуны улиралд “Ачит, их тавт” эмнэлэгт хүмүүс их үйлчлүүлдэг унтаж байх үед хаалга үүдийг нь цохиод амгалан тайван байдад алдагдуулдаг. Саяханаас “Ургамал-Энх” ХХК манай байрны В давхарт теннисний тоглоомын төв гаргаж байгаа гэх мэт зөвхөн өөрсдийнхөө ашиг орлогын төлөө манай гэр бүлийн амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Иргэн Б.Мандалбаяр миний бие “Ургамал-Энх” ХХК-с 50М талбай бүхий байрыг 1М2* 1700000=85000000 (наян таван сая) төгрөгөөр бүх боломжоо шавхан худалдан авсан боловч байрны засвар, орчинтой холбоотой нилээдгүй зөрчил дутагдал илрээд байна. Иймээс миний бие хууль зүйн зөвлөгөө авснаар “Ургамал Энх” ХХК-д өгөх байсан 8000000 ( найман сая) төгрөгийг төлөхгүй байх үндэслэлүүдтэй гэж шийдвэр гаргаж байна. Хэрвээ миний худалдаж авсан байранд хийх ёстой засвараа гүйцээж хийвэл энэ шийвэрээ эргэн харж болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хуульд заасан журмын дагуу үнэлж  нэхэмжлэлийн шаардагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч хууль хэрэглээний алдаа гаргасныг засч залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ургамал Энх ХХКомпани төлбөр 8.000.000 төгрөг, алданги-4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч алданги төлөхгүй, байрны доголдол засвар хийсэн тохиолдолд байрны үлдэгдэл төлбөрийг төлнө гэж маргажээ.

Хариуцагч Б.Мандалбаяр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу төлөгдөх урьдчилгаа 17.500.000 төгрөгнөөс Эрдэнэт Үйлдвэр ХХКомпаниас олгогдох ёстой орон сууцны хөнгөлөлт-8.000.000 төгрөгийг нэхэмжлэгч компанид шилжүүлж өгөөгүй  болох нь хэрэгт авагдсан 2015 оны 1 дүгээр сарын 12 ны өдөр байгуулсан  гэрээ, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдсон байна.

Хариуцагч Б.Мандалбаяр гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй өөрөөр хэлбэл орон сууцны үнээс 8.000.000 төгрөгий төлөөгүй тул нэхэмжлэгч компани талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-д заасны дагуу алдангийг хоног тутам 0,5 хувиар тооцож 4.000.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүх алдангийг гэрээнд заасан хэмжээгээр буюу хоногт 0,05 хувиар тооцож хариуцагчаас алданги 1.170.000 төгрөгийг гаргуулж, илүү тооцсон 2.830.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалттай нийцсэн байна.

Гэвч шүүх хариуцагчаас алданги 1.170.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагч Б.Мандалбаяр нь нэхэмжлэгч компанийг гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хүлээж авсан байрны хана цуурсан, обой хуурсан, цонхны дулаан алдагддаг, хаалга гажигтай тул засвар хийлгэх шаардлагатай гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч засварыг төлбөр төлсний дараа хийнэ гэж байх боловч дээрх байрны засвар, доголдол болон хохирлын талаарх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох хууль зүйн үндэслэл байхгүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Б.Мандалбаяр нь талуудын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр орон сууцны зээлэнд хамрагдаж улмаар байрны үнэ 59.500.000 төгрөгийг төлсөн байх тул зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт  хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч Б.Мандалбаярын гаргасан “...Орон сууц бариулах гэрээ нь  анхнаасаа ойлгомжгүй байсан, захиалгаар орон сууц бариулаагүй, байр доголдолтой тул байрны төлбөрөөс 8.000.000 төгрөг төлөхгүй байх үндэслэлтэй...” гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Харин хариуцагч Б.Мандалбаяр байрны засвар хийсэн тохиолдолд өөрт учирсан хохиролоо нэхэмжлэгч компаниас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 345 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд “Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.1, 2 дахь заалтанд 232 дугаар зүйлийн 232.8 гэснийг 232 дугаар зүйлийн 232.6” болгон өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Мандалбаярын заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161.670 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.УРАНЧИМЭГ

 

           ШҮҮГЧИД                                         Б.БАТТӨР

                                                                     Б.ОЮУНЦЭЦЭГ