| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2021/0052/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/87 |
| Огноо | 2021-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/87
2021 01 25 2021/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч Ш.М , түүний өмгөөлөгч Г.Ганбадрах,
шүүгдэгч Н.Б , түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
хохирогч Т.Бямбасайхан, түүний өмгөөлөгч Н.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овгийн Ш.М , Боржигон овгийн Н.Б нарт холбогдох эрүүгийн 2011013911017 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Бүргэд овгийн Ш.М , 1968 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, кино найруулагч мэргэжилтэй, чөлөөт уран бүтээлч, ам бүл 5, эхнэр, 7-15 насны хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол Цагдаагийн гудамж 813-40 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар,
Боржигон овгийн Н.Б , 1968 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, чөлөөт уран бүтээлч, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулан 60-1782 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ш.М , Н.Б нар нь бүлэглэн согтуугаар 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын авто баазын 204 тоот өрөөнд иргэн Т.Бямбасайхантай маргалдаж түүний нүүр, гар, нуруу хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт, зүүн тохой, шуунд цус хуралт, зулгаралт, баруун зовхины дотор булан, баруун бугалга, нуруунд цус хуралт, хамрын нуруу, баруун хацар, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээж байна...” гэв.
Хохирогч Т.Бямбасайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Агсам согтуу тавьсан зүйл байгаагүй. Би хүндэтгэлтэй харьцаж байхад надад дээрэнгүй хандаж намайг цохисон. Миний хамраас цус гараад би уурлаад зогсож байтал Ш.М намайг цохиж ухаан алдуулсан. Сэрээд харахад бужигнаан үймээн болж энд тэндээс хөл гар орж ирээд намайг цохиж зодож байсан. Зүүн гараараа зарим цохилтыг хааж байсан тул миний зүүн гарын арьс зулгарч, шархалсан байсан. Манай хамт явсан найз маань намайг тэврээд шатаар явсан. Ухаан ороод харахад Ш.М цээж нүцгэн миний хойноос шатаар хөөж байсан. Би зугтаж гадаа гараад замдаа нүүрээ угаачхаад явж байтал ухаан алдаад гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Тархиндаа цус хуралттай болж, гэмтэл бэртлээсээ болоод би мартамхай болсон, заримдаа хүний ярьж байгаа зүйлийг ойлгохгүй, хэлэх гэсэн зүйлээ хүнд ойлгуулж чадахгүй болсон. Баруун нүд маань энгийн хараатай байсан, одоо муу хардаг болсон. Зүүн нүд маань 100 метр дотор чөлөөтэй сайн хардаг байсан боловч 30 хувийн харааны алдагдалтай болсон. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-16/,
Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 21-22/,
Хохирогч Т.Бямбасайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Батжаргал ах миний хамар руу эхлээд нэг удаа гарын сарвууны ар хэсгээр нэг удаа цохисон. Тэрний дараа 2 дахь удаагаа цохиход шярк гэж дуугарах шиг болоод хамраас цус гарсан. Хамраас цус гараад байж байхад угсруулж 2 удаа цохисон. Миний хамар руу Батжаргал ах шярк гэж дуугартал цохисон, нүүр хэсэг бадайрч, мэдээгүй болж байгаа мэдрэмж төрсөн. Миний хамар руу Батжаргал 4-5 удаа цохисон, зүүн нүд рүү Мөнхбат 1 удаа цохиход би газарт унасан. Би газарт унаад зүүн гарын шуугаараа нүүрээ хаасан байхад дээрээс Батжаргал, Мөнхбат хоёр өшиглөж байсан. Миний зүүн гарын шуунд өшиглөлтийн улмаас олон тооны зулгаралт үүссэн. Би газарт унаад өшиглүүлж байгаад дээш босох гээд толгойгоо өндийлгөхөд Мөнхбат хөлөөрөө нүүр рүү дэвссэн...” гэх мэдүүлэг /хх 26-30/,
Гэрч Т.Гэлэгжамц нь мөрлөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Бямбасайханыг тэр хүн Батжаа гэдэг хүнтэй маргалдаж байхад нь хажуу талаас нь зүүн гараараа Бямбасайханы баруун шанаа руу нэг удаа цохисон, эргээд харахад нь улаан нүүр рүү нь нэг удаа цохисон, газар унахад хамраас нь цус гарсан. Бямбасайхан газар унасан байхад нь тэр хүн дээр нь суугаад баруун гараараа цохих гэхэд нь би баруун гарыг нь бариад босгох явцад зүүн гараараа баруун шанаанд нь нэг удаа цохисон. Босгоод холдуулах гэхэд нэг удаа толгой хэсэг дээр нь тэр хүн дэвссэн... Бямбасайханыг Батжаа гэдэг хүн юм ярьж байхдаа хамар хэсэг рүү гарын араар 10 орчим удаа цохисон, хацар руу нь бас 10 орчим удаа алгадсан. Бямбасайхан дахиад нэг удаа цохих юм бол би тэвчихгүй шүү гэж хэлсэн. Батжаа гэдэг хүн цохиход нь Бямбасайхан уурлаад босож ирэхэд нь дахиад хамар руу нь гарын ар хэсгээр нэг удаа цохисон. Бямбасайханы хамраас бага зэргийн цус гарсан...” гэх мэдүүлэг /хх 38-40/,
Гэрч Л.Таванбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...тэнд байсан бүх хүмүүс согтуу, шалан дээр хэсэг газар цус болсон, хоорондоо муудалцсан байдалтай байсан. Батжаргал ах Бямбасайхан руу “цаг чинь болоогүй шүү, киноны зураач гэж ийм байдаггүй юм” гээд дайраад загнаад байсан. Намайг өрөөнд ороход Бямбаагийн нүүр нь цус болсон байсан... Мөнхбат ахын бие хэсэгт шалбарсан байсан. Бусад хүмүүс нь зүгээр байсан... Би хараагүй, намайг өрөөнд орж ирэхэд Мөнхбат ахыг орон дээр дарсан, Батжаргал ах хаалганы хажууд, Бямбаа цонхны тэнд Гэлэгтэй хамт байсан...” гэх мэдүүлэг /хх 49-51/,
Гэрч Х.Батсүх нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Архи ууж байхад Батжаргал, Бямбасайхан хоёр ажлаасаа болоод хоорондоо маргалдаад байсан. Батжаргал Бямбасайханы цээж рүү баруун гарын гадна талаар хоёр удаа цохисон. Тэгсэн Бямбасайхан “ална шүү” гэсэн чинь Мөнхбат орон дээр хэвтэж байснаа босож ирээд Бямбасайханыг “чи ах нарыгаа юу гээд байгаа юм бэ” гээд зүүн талын шанаа, нүдний хэсэгт хоёр удаа баруун гараараа цохисон. Тэгэхээр нь би Мөнхбатыг салгаад орон дээр суулгасан...” гэх мэдүүлэг /хх 52-54/,
Гэрч Г.Хүрэлтулга нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 7 дугаар сарын 21-ний 19 цагийн орчимд над руу Гэлэгжамц чатаар залгаж ярьсан. Би юу болсон талаар асуусан чинь Бямбасайханыг киноны нөхрүүд нь зодчихлоо гэж хэлсэн... Батсүх, Батжаргал, Мөнхбат, Нандиа нар надтай уулзаад Бямбасайханы гэр рүү явсан. Гэрт нь очоод Бямбасайхантай уулзсан, ах нар нь зардал мөнгийг нь өгнө, даана гэж ярилцаж байхыг нь сонссон... Бямбасайхан Батжаа ах миний хамар руу цохиход хамраас цус гарсан, би тэрийг санаж байна гэж хэлсэн өөр зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /хх 55-56/,
Шинжээч эмч Г.Энхбаатар, Б.Ганзориг, Г.Ханхүү нарын бүрэлдэхүүнтэй 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 1028 дугаартай дүгнэлтэд: “...2020.07.29-ний өдрийн 8533 дугаартай дүгнэлттэй санал нэг байна. 2020.07.22-ны 00:50 ГССҮТ-ийн ЯТ-ийн бичиг, 2020.07.21-ний Лазермед эмнэлгийн толгойн КТГ-ийн хариу, СД-нь шинжилгээний шаардлага хангаж байна. Т.Бямбасайханы биед тухайн үед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт, зүүн тохой, шуунд цус хуралт, зулгаралт, баруун зовхины дотор булан, баруун бугалга, нуруунд цус хуралт, хамрын нуруу, баруун хацар, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд учирчээ. Т.Бямбасайханы биед тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тус тусдаа хөнгөн зэрэгт бусад гэмтэл тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Т.Бямбасайханы биед тогтоогдсон гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх 71-76/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ЧД1-20-609 дугаартай дүгнэлтэд: “...1 жил 6 сарын өмнө Теди төвийн лангуунаас хуучнаар нь худалдан авсан, дэлгэц хагарсан өөр гэмтэл мэдэхгүй Хувай Хонор 7 маркийн гар утас, 1000 захиа гэх дэлгүүрээс 1 жилийн өмнө худалдаж авсан, оосор эвдэрсэн бугуйн цаг нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 138.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 93-94/,
Шинжээч эмч Г.Энхбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Бямбасайханы зүүн нүдний хараа гэмтэл авахаас өмнө ямар байсныг тогтоох боломжгүй. Учир нь урд өмнө нүдний хараа тодорхойлсон бичиг баримт байхгүй байна... зүүн нүдний харааны бууралт хөнгөн зэрэгт орно...” гэх мэдүүлэг /хх 95/,
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хх 113-117/,
Мэс заслын тэмдэглэл /хх 123/,
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 132, 158/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 134, 160/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 145, 161/, хохирогч Т.Бямбасайханы гаргаж өгсөн хохиролын баримт, хохирогч Т.Бямбасайханы эрүүл мэндийн тодорхойлох баримт /хх 77-78, 124-131, 171-178/, нэхэмжлэх /хх 186/ зэргийг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ш.М , Н.Б нар нь бүлэглэн согтуугаар 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын авто баазын 204 тоот өрөөнд иргэн Т.Бямбасайхантай маргалдаж түүний нүүр, гар, нуруу хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт, зүүн тохой, шуунд цус хуралт, зулгаралт, баруун зовхины дотор булан, баруун бугалга, нуруунд цус хуралт, хамрын нуруу, баруун хацар, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-16/, эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 21-22/, хохирогч Т.Бямбасайханы “...Батжаргал ах миний хамар руу эхлээд нэг удаа гарын сарвууны ар хэсгээр нэг удаа цохисон. Тэрний дараа 2 дахь удаагаа цохиход шярк гэж дуугарах шиг болоод хамраас цус гарсан. Хамраас цус гараад байж байхад угсруулж 2 удаа цохисон. Миний хамар руу Батжаргал ах шярк гэж дуугартал цохисон, нүүр хэсэг бадайрч, мэдээгүй болж байгаа мэдрэмж төрсөн. Миний хамар руу Батжаргал 4-5 удаа цохисон, зүүн нүд рүү Мөнхбат 1 удаа цохиход би газарт унасан. Би газарт унаад зүүн гарын шуугаараа нүүрээ хаасан байхад дээрээс Батжаргал, Мөнхбат хоёр өшиглөж байсан. Миний зүүн гарын шуунд өшиглөлтийн улмаас олон тооны зулгаралт үүссэн. Би газарт унаад өшиглүүлж байгаад дээш босох гээд толгойгоо өндийлгөхөд Мөнхбат хөлөөрөө нүүр рүү дэвссэн...” гэх мэдүүлэг /хх 26-30/, гэрч Т.Гэлэгжамцын “...Бямбасайханыг тэр хүн Батжаа гэдэг хүнтэй маргалдаж байхад нь хажуу талаас нь зүүн гараараа Бямбасайханы баруун шанаа руу нэг удаа цохисон, эргээд харахад нь улаан нүүр рүү нь нэг удаа цохисон, газар унахад хамраас нь цус гарсан. Бямбасайхан газар унасан байхад нь тэр хүн дээр нь суугаад баруун гараараа цохих гэхэд нь би баруун гарыг нь бариад босгох явцад зүүн гараараа баруун шанаанд нь нэг удаа цохисон. Босгоод холдуулах гэхэд нэг удаа толгой хэсэг дээр нь тэр хүн дэвссэн... Бямбасайханыг Батжаа гэдэг хүн юм ярьж байхдаа хамар хэсэг рүү гарын араар 10 орчим удаа цохисон, хацар руу нь бас 10 орчим удаа алгадсан. Бямбасайхан дахиад нэг удаа цохих юм бол би тэвчихгүй шүү гэж хэлсэн. Батжаа гэдэг хүн цохиход нь Бямбасайхан уурлаад босож ирэхэд нь дахиад хамар руу нь гарын ар хэсгээр нэг удаа цохисон. Бямбасайханы хамраас бага зэргийн цус гарсан...” гэх мэдүүлэг /хх 38-40/, гэрч Л.Таванбаярын “...тэнд байсан бүх хүмүүс согтуу, шалан дээр хэсэг газар цус болсон, хоорондоо муудалцсан байдалтай байсан. Батжаргал ах Бямбасайхан руу “цаг чинь болоогүй шүү, киноны зураач гэж ийм байдаггүй юм” гээд дайраад загнаад байсан. Намайг өрөөнд ороход Бямбаагийн нүүр нь цус болсон байсан... Мөнхбат ахын бие хэсэгт шалбарсан байсан. Бусад хүмүүс нь зүгээр байсан... Би хараагүй, намайг өрөөнд орж ирэхэд Мөнхбат ахыг орон дээр дарсан, Батжаргал ах хаалганы хажууд, Бямбаа цонхны тэнд Гэлэгтэй хамт байсан...” гэх мэдүүлэг /хх 49-51/, гэрч Х.Батсүхийн “...Архи ууж байхад Батжаргал, Бямбасайхан хоёр ажлаасаа болоод хоорондоо маргалдаад байсан. Батжаргал Бямбасайханы цээж рүү баруун гарын гадна талаар хоёр удаа цохисон. Тэгсэн Бямбасайхан “ална шүү” гэсэн чинь Мөнхбат орон дээр хэвтэж байснаа босож ирээд Бямбасайханыг “чи ах нарыгаа юу гээд байгаа юм бэ” гээд зүүн талын шанаа, нүдний хэсэгт хоёр удаа баруун гараараа цохисон. Тэгэхээр нь би Мөнхбатыг салгаад орон дээр суулгасан...” гэх мэдүүлэг /хх 52-54/, гэрч Г.Хүрэлтулгын “...2020 оны 7 дугаар сарын 21-ний 19 цагийн орчимд над руу Гэлэгжамц чатаар залгаж ярьсан. Би юу болсон талаар асуусан чинь Бямбасайханыг киноны нөхрүүд нь зодчихлоо гэж хэлсэн... Батсүх, Батжаргал, Мөнхбат, Нандиа нар надтай уулзаад Бямбасайханы гэр рүү явсан. Гэрт нь очоод Бямбасайхантай уулзсан, ах нар нь зардал мөнгийг нь өгнө, даана гэж ярилцаж байхыг нь сонссон... Бямбасайхан Батжаа ах миний хамар руу цохиход хамраас цус гарсан, би тэрийг санаж байна гэж хэлсэн өөр зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /хх 55-56/, шинжээч эмч Г.Энхбаатар, Б.Ганзориг, Г.Ханхүү нарын бүрэлдэхүүнтэй 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 1028 дугаартай “...2020.07.29-ний өдрийн 8533 дугаартай дүгнэлттэй санал нэг байна. 2020.07.22-ны 00:50 ГССҮТ-ийн ЯТ-ийн бичиг, 2020.07.21-ний Лазермед эмнэлгийн толгойн КТГ-ийн хариу, СД-нь шинжилгээний шаардлага хангаж байна. Т.Бямбасайханы биед тухайн үед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт, зүүн тохой, шуунд цус хуралт, зулгаралт, баруун зовхины дотор булан, баруун бугалга, нуруунд цус хуралт, хамрын нуруу, баруун хацар, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд учирчээ. Т.Бямбасайханы биед тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тус тусдаа хөнгөн зэрэгт бусад гэмтэл тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Т.Бямбасайханы биед тогтоогдсон гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх 71-76/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ЧД1-20-609 дугаартай “...1 жил 6 сарын өмнө Теди төвийн лангуунаас хуучнаар нь худалдан авсан, дэлгэц хагарсан өөр гэмтэл мэдэхгүй Хувай Хонор 7 маркийн гар утас, 1000 захиа гэх дэлгүүрээс 1 жилийн өмнө худалдаж авсан, оосор эвдэрсэн бугуйн цаг нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 138.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 93-94/, шинжээч эмч Г.Энхбаатарын “...Бямбасайханы зүүн нүдний хараа гэмтэл авахаас өмнө ямар байсныг тогтоох боломжгүй. Учир нь урд өмнө нүдний хараа тодорхойлсон бичиг баримт байхгүй байна... зүүн нүдний харааны бууралт хөнгөн зэрэгт орно...” гэх мэдүүлэг /хх 95/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хх 113-117/, мэс заслын тэмдэглэл /хх 123/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.М , Н.Б нар нь гэм буруугийн талаар, тэдгээрийн өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.
Иймд шүүгдэгч Ш.М , Н.Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүхээс шүүгдэгч Ш.М , Н.Б нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал буюу учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М , Н.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Хохирогч Т.Бямбасайхан нь эмчилгээний болон бусад зардалд нийт 14.531.123 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангахгүй буюу олох ёстой орлого гэх 7.500.000 төгрөгийг нотлох баримт хангалтгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, үлдэх 7.031.123 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулан олгох хууль зүйн үндэслэлтэй байна. Ингэхдээ хохирогчид шүүгдэгч Ш.М ын төлсөн 500.000 төгрөг, Н.Б ын төлсөн 2.500.000 төгрөгийг тус тус хасаж үлдэх төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэв.
Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч Ш.М , Н.Б нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч Ш.М , Н.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бүргэд овгийн Ш.М , Боржигон овгийн Н.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ш.М , Н.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М , Н.Б нар нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М аас 3.015.560 төгрөг, Н.Б аас 1.015.560 төгрөгийг гаргуулан хохирогч Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 2-2 тоотод оршин суух Түмэндэлгэрийн Бямбасайхан /РД: ЦБ81020719/-д олгуулж, хохирогч нь өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Ш.М , Н.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.М , Н.Б нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН