Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/122

 

    2021        02          09                                   2021/ШЦТ/122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч П.Итгэл,

  шүүгдэгч Л.Б  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржгон овгийн Л.Б эд холбогдох эрүүгийн 2011019150042 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Боржгон овгийн Л.Б , 1980 оны 2 дугаар сарын 14-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 5-0122 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Л.Б  нь 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 4-0976 тоотод Б.Лхагва-Очиртой маргалдан улмаар түүний толгой тус газарт нь цохиж биед нь зүүн хөмсөгт няцарсан шарх, хүзүү, цээж, баруун мөр, баруун бугалганд цус хуралт, баруун бугалга, сарвууны эрхий, долоовор хуруу, зүүн бугалга, шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/,

Хохирогч Б.Лхагва-Очир нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 4-0976 тоотод өөрийн найзууд болох Үүрийнтуяа болон түүний найз болох Чулуунцэцэг, ээж Болормаа, Бумцэнд нартай архи хамт уусан юм. Тэгээд бид нар ууж байсан чинь Чулуунцэцэг, Үүрийнтуяа нар бие засах гээд гарсан чинь миний зүүн нүдний хөмсөгний хэсэг рүү Бумцэнд гараараа цохиод авсан би юунаас болж цохисныг нь мэдэхгүй гэнэт л цохиод авсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон юм...” гэх мэдүүлэг /хх 11/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Болгормаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 4-0976 тоотод байрлах өөрийн гэртээ хүү Лхагва-Очир найз Үүрийнтуяа, Чулуунцэцэг нарын хамт байж байтал гаднаас Л.Б  согтуу ороод ирсэн. Тэгээд бид хэд нийлээд 2 шил архи уусан тэгээд юм яриад инээгээд сууж байсан чинь Үүрийнтуяа, Чулуунцэцэг нар гараад явсан юм ямар шалтгааны улмаас гараад явсныг би мэдэхгүй байна. Тэгээд Бумцэнд, Лхагва-Очир бид гурав гэрт байж байсан чинь гэнэт л Лхагва-Очирыг Бумцэнд гараараа цохиод авсан би яг юунаас болоод цохих болсныг мэдэхгүй байна тэгээд тэр хоёр ноцолдоод зууралдаад эхлэхээр нь би Бумцэндийг очиж салгаж байх үед миний гар утас газар унаад эвдэрчихсэн тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон юм... Манай хүүхдийн эмчилгээний төлбөр болон гар утас эвдэлсэн төлбөрийг Бумцэнд нь бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх 13/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 12843 дугаар дүгнэлтэд: “...Б.Лхагва-Очирын биед зүүн хөмсөгт няцарсан шарх, хүзүү, цээж, баруун мөр, баруун бугалганд цус хуралт, баруун бугалга, сарвууны эрхий, долоовор хуруу, зүүн бугалга, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 17-18/,

Шүүгдэгч Л.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Лхагва-Очир миний гар утсыг авах гээд зөрүүдлээд байхаар нь гэнэт уур хүрээд цохисон юм өөр санаа зорилго байхгүй. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх 32/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 46/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 14 дүгээр тогтоол /хх 58/, шүүгдэгч Л.Б ийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 57/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Болгормаагийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 56/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1199 дугаар дүгнэлт /хх 22-23/, шүүгдэгч Л.Б ийн Хаан банкны дансны хуулга зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Л.Б  нь 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 4-0976 тоотод Б.Лхагва-Очиртой маргалдан улмаар түүний толгой тус газарт нь цохиж биед нь зүүн хөмсөгт няцарсан шарх, хүзүү, цээж, баруун мөр, баруун бугалганд цус хуралт, баруун бугалга, сарвууны эрхий, долоовор хуруу, зүүн бугалга, шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Лхагва-Очирын “...Би 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 4-0976 тоотод өөрийн найзууд болох Үүрийнтуяа болон түүний найз болох Чулуунцэцэг, ээж Болормаа, Бумцэнд нартай архи хамт уусан юм. Тэгээд бид нар ууж байсан чинь Чулуунцэцэг, Үүрийнтуяа нар бие засах гээд гарсан чинь миний зүүн нүдний хөмсөгний хэсэг рүү Бумцэнд гараараа цохиод авсан би юунаас болж цохисныг нь мэдэхгүй гэнэт л цохиод авсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон юм...” гэх мэдүүлэг /хх 11/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Болгормаагийн “...Би 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 4-0976 тоотод байрлах өөрийн гэртээ хүү Лхагва-Очир найз Үүрийнтуяа, Чулуунцэцэг нарын хамт байж байтал гаднаас Л.Б  согтуу ороод ирсэн. Тэгээд бид хэд нийлээд 2 шил архи уусан тэгээд юм яриад инээгээд сууж байсан чинь Үүрийнтуяа, Чулуунцэцэг нар гараад явсан юм ямар шалтгааны улмаас гараад явсныг би мэдэхгүй байна. Тэгээд Бумцэнд, Лхагва-Очир бид гурав гэрт байж байсан чинь гэнэт л Лхагва-Очирыг Бумцэнд гараараа цохиод авсан би яг юунаас болоод цохих болсныг мэдэхгүй байна тэгээд тэр хоёр ноцолдоод зууралдаад эхлэхээр нь би Бумцэндийг очиж салгаж байх үед миний гар утас газар унаад эвдэрчихсэн тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон юм... Манай хүүхдийн эмчилгээний төлбөр болон гар утас эвдэлсэн төлбөрийг Бумцэнд нь бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх 13/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 12843 дугаар “...Б.Лхагва-Очирын биед зүүн хөмсөгт няцарсан шарх, хүзүү, цээж, баруун мөр, баруун бугалганд цус хуралт, баруун бугалга, сарвууны эрхий, долоовор хуруу, зүүн бугалга, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 17-18/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Болгормаа нь “...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Л.Б ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Иймд шүүх шүүгдэгч Л.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500  нэгж буюу 500.000  төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Л.Б  нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүх шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Л.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржгон овгийн Л.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б эд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Л.Б  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б эд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН