Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/52

 

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,  

            Улсын яллагч О.Пүрэвсүрэн,   

       Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ын Д-д холбогдох 2008 00000 1565 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт :  

Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Оператор мэргэжилтэй, Говь ХХК-д оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Малчины **** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б овогт Д-ын Д /РД:*****/,       

            Холбогдсон хэргийн талаар : /яллах дүгнэлтэд бичсэнээр/     

Шүүгдэгч Д.Д нь 2020 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянхошуу дэд төвийн Ус дулаан дамжуулах төвийн “Эм Би Идэр” ХХК-ийн тусгайлан хамгаалсан хашаанаас приус мод, панер, подон, цахилгааны утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 593,000 /Таван зуун ерэн гурван мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

            Шүүгдэгч Д.Д нь 2020 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ус  дулаан дамжуулах төв-9”-ийн гадна талбайгаас “Эм Би Идэр” ХХК-ийн хөрөнгө болох приус мод, панер, подон, цахилгааны утас зэргийг хулгайлж, 593.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :        

- хохирогч Ч.М-ын: “…020 оны 10 дугаар сарын 21-ний үүрээр 3-4 цагийн орчим Ус дулаан дамжуулах төв-9-ийн гадна талбайгаас манай “Эм Би Идэр ХХК”-ний өмч хөрөнгө болох приус мод 12 ширхэг, панер 3 ширхэг, подон 4 ширхэг, цахилгааны утас 45 метр зэрэг эд зүйл алдагдсан ба тухайн эд зүйлийг хулгайлж байсан хүнийг нь манай манаач Б дагаж яваад гэрийг нь мэдээд барьж аваад буцаагаад аваачаад тавь гэж хэлсэн, тухайн өдөр болон маргааш өдөр нь аваачиж тавиагүй. Тэгээд би 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өргөдлөө өгсөн болно. Алдагдсан эд зүйлсээс өөр эд зүйл алдагдаагүй. Харин цахилгааны утсыг холбоход 150.000 төгрөгөөр холбодог ба тухайн холболтын өртгийг бас гаргуулна. ...” гэх мэдүүлэг /хх-12, 54/,    

- гэрч М.Б: “...Би 2020 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Баянхошуу дэд төв дээр манаачийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед надтай хамт Б гэдэг манаач бас гарч байсан ба би өөрийнхөө гарч байсан постон дээрээс харж байсан чинь хашаан дотроос нэг хүн барилгын материалын эд зүйлс зөөгөөд байсан. Тэгэхээр нь би араас нь харж байгаад гэрийнх нь хаягийг мэдэж аваад тэгээд сүүлийн эд зүйлийг зөөж байхад нь дагаж ороод яагаад эд зүйл хулгайлаад байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би дарга нартай уулзаарай гэж хэлчихээд яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг/хх-17-18/,  

- эд хөрөнгийн үнэлгээний баримт : хулгайд алдагдсан эд зүйлсийн үнэ 593,000 төгрөг /хх-21-22/,     

- шүүгдэгч Д.Д-ын: “…Би 2020 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ус дулаан дамжуулах төвийн гадна талбайгаас приус мод, панер, подон зэргийг аваад өөрийнхөө хашаанд аваачиж тавьсан. Тэгээд зөөгөөд дуусаж байх явцад харуул нь араас ирээд яагаад хашаанаас эд зүйл аваад байгаа юм гэхээр нь би “одоо буцаагаад аваачаад тавьчих уу гэж хэлсэн чинь” манаач нь маргааш ирж уулзаарай гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд маргааш нь би ажилтай байгаад очиж чадаагүй ба нөгөөдөр өглөө нь очиж харуултай нь уулзаад авсан эд зүйлсээ аваачиж өгсөн. ...” тухай мэдүүлэг /хх-49-50/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байна.     

Шүүгдэгч хулгайлах гэмт хэргийг “Ус дулаан дамжуулах төвийн “Эм Би Идэр” ХХК-ийн тусгайлан хамгаалсан хашаанаас үйлдсэн” гэж яллах дүгнэлтэд бичсэн, улмаар яллахдаа тухайн хашааг “тусгайлан хамгаалсан байр” гэж дүгнэх боловч шүүгдэгчээс шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан “хулгайн зүйл байсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлт” баримт, дүгнэлтээс үзэхэд “Ус дулаан дамжуулах төв 9”-ийн гаднах орчны газар тусгайлан хамгаалсан хашаа бэхэлгээ, хамгаалалттай гэж үзэх үндэслэлгүй, тус төвийг засварлахын тулд тус төвийн байрны зөвхөн 2 талаар хэсэгчлэн тор татсан байсан, хулгайлагдсан гэх эд зүйл “Ус  дулаан дамжуулах төв-9”-ийн гаднах задгай талбайд байсан байх буюу шүүгдэгч хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд “тусгайлан хамгаалсан байр, агуулах” нэвтэрсэн гэж үзэх нотлох баримт тус хэрэгт байхгүй байх тул шүүгдэгч хулгайлах гэмт хэргийг “тусгайлан хамгаалсан байр, агуулахад” нэвтэрч үйлдсэн гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдоогүй гэж  үзнэ.           

Шүүгдэгч тухайн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.          

Иймд шүүгдэгч Д.Д-ыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 593,000 төгрөгийг авсан, гомдолгүй тухайгаа мэдүүлж, бичгээр илэрхийлсэн /хх-43, 54, 57/ байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.  

            Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :    

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирол төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5  дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг болон түүний хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж хэрэгт авагдан /х-27-35/ байна.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулж шийдвэрлэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:    

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.   

2. Шүүгдэгч Д.Д-ыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4-т зааснаар  оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Д-д мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.         

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

 7.  Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

 8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР