Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/53

 

 

 

 

 

 

 

 

     2021              01              14                                  2021/ШЦТ/53

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Батаа, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй,

           нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,

           иргэдийн төлөөлөгч Ш.Сайнхүү,   

           улсын яллагч Д.Дэлгэрдалай,  

     шүүгдэгч С.С түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгий 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-ийн С холбогдох 2008 00000 1302 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :  

Монгол Улсын иргэн, 1963 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны ** дугаар байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Одонтын *** тоотод түр оршин суух хаягтай, урьд 1985 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Сүхбаатарын районы ардын шүүхийн эрүүгийн таслан шийдвэрлэх №371/а дугаартай тогтоолоор эрүүгийн хуулийн 169б-д зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, үлдэгдэл 06 сар 05 хоногийг 1986 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Улаанбаатар хотын шүүхийн 78-р магадлалаар тэнсэж суллагдсан, 1987 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №65 дугаартай Ажилчны районы ардын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 169б-д зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 78 дугаар магадлалаар эдлээгүй үлдсэн 03 сарыг нэмж 03 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 80 дугаартай магадлалаар 01 жил 03 сарын хугацаагаар хорьсугай гэж өөрчлөн, 1988 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Б овогт С-ийн С, /РД:****/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :    

Шүүгдэгч С.С нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Одонтын *** тоотод “тамхи байхгүй бол мах идэхгүй” гэж хэлсний улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар иргэн А.М-ийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүйтэн зэвсэг хэрэглэн хутгаар хутгалж “цээжний хөндий нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх шингэн цус, зүүн мөрний гүн зүсэгдсэн шарх” бүхий хүнд хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :    

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :  

Шүүгдэгч С.С нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Одонтын 18-34 тоотод өөр хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдан иргэн А.М-ийн цээжин тус газар хутгалж түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь :         

- хохирогч А.М-ийн:“...2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр манай гэрт Б ах хоёр гурван хүнтэй ирж архи ууж байгаад өдөр яваад өгсөн. Тэгээд орой Б ирээд хоёулаа С-ын гэрт оръё гээд бид хоёр С-ын гэрт орсон. Тэгсэн С ах мах чанасан болохоор нь би махнаас нь идэх гээд байж байсан чинь С ах надтай маргалдаад миний гарт байсан хутгыг булааж аваад миний зүүн талын мөр хэсэг рүү хатгаад гэрээс гараад зугтсан...С тэр хутгыг махан дотроос аваад намайг хутгалсан...Тэгсэн миний зүүн талын мөрнөөс цус гараад ухаан алдсан...намайг хутгалж байхыг Б харсан...Миний зүүн талын мөр хэсэгт хутгалж дотогш нэвтэрсэн байна гэсэн. ...би эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг/хх 12-13, 14, 15/,  

- гэрч М.Б-гийн “...2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр М бид 2 С-ын гэр лүү очсон. Тэгсэн М, С 2 маргалдаад эхэлсэн ба гэнэт “яая” гэсэн тэгсэн чинь С гараад зугтаасан ба М-ийн зүүн мөр орчим цус гараад эхэлсэн...ямар хутга байсныг мэдэхгүй байна. Тухайн үед С-ын гэр нь тог байхгүй, лаа асаачихсан байсан. Тийм болохоор харанхуй орчинд ямар хутгатай байсныг харж чадаагүй. Мөр хэсгээс нь их хэмжээний цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-17/,

- шинжээчийн дүгнэлт: 1/А.М-ийн биед цээжний хөндий нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх шингэн цус, зүүн мөрний гүн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2/ Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. 3/ Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тотоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4/ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-26-27/, шинжээчийн мэдүүлэг / хх-89-90/,

- кримналистикийн шинжилгээний дүгнэлт: “...1.Шинжилгээнд ирүүлсэн цамцанд хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна. гэх дүгнэлт /хх-ийн 28-29/,

- шүүгдэгчийн: “2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр би гэртээ 20 цагийн үед ирсэн, гэтэл хаалга нүдээд байхаар нь онгойлгосон чинь манайд М, Б 2 ирсэн. Надаас тамхи асуухаар нь би байхгүй гэж хэлсэн ба Мөнхсүхийг би ширээн дээр байгаа чанасан мах ид гэсэн чинь тамхи байхгүй бол би мах идэхгүй гээд над руу хутга барьж босохоор нь нөгөө хутгыг нь булааж аваад айлгах санаатай далайсан чинь зүүн мөр хэсэг рүү нь хутгалчихсан, тэгээд гараад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-84/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.             

Тодруулбал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, тус гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тус хэрэгт нотолбол зохих бүхий л асуудлыг мөрдөх, байцаах болон нотолгооны бусад хэрэгслээр мөрдөн шалгаж, хянах ажиллагааг хуулийн дагуу зохих ёсоор хийж гүйцэтгэжээ.       

Иймд шүүгдэгч С.С-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.        

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 600,000 төгрөг нэхэмжилсэн /х-15-16/, хохирогч нь эрүүл мэндэд учирсан амь насанд аюултай хүнд гэмтлийн улмаас эмнэлэгт 4 хоног эмчлэгдсэн, тус эмчилгээний зардал нь 468,652 төгрөг болсон нь эмнэлгийн баримтаар баталгаажсан /хх-38/ байх тул тус хохирлыг шүүгдэгчээс гаргуулж, харин хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.    

Хохирогч нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийн дагуу мэдүүлэг өгч, улмаар 600,000 төгрөг нэхэмжилсэн, мөн хохирогч ажилгүй болохоо мэдүүлсэн байх тул /хх-10,15/ эмчилгээний зардлыг нийгмийн даатгалын сангаас төлсөн эсэхийг шалгуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээж авах шаардлагагүй гэж үзсэн болно.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:             

Шүүгдэгч С.С 1985, 1987 онд 2 удаа эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссан баримтууд байх тул /х-46, 57/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно. 

Тус хэрэгт үйлдэгдэхэд хохирогч шөнө орой шүүгдэгчийн гэрийн хаалгыг нүдэн орж, улмаар тамхи нэхсэн, мөн тамхигүй бол махыг идэхгүй гэх зэрэг зүй бус харьцсан зэрэг үйлдэл нөлөөлсөн болох нь үгүйсгэгдэхгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

Шүүгдэгч нь тус гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 57 настай, ам бүл 1, хөрөнгө орлогогүй, эрхэлсэн тодорхойгүй ажилгүй зэрэг түүний хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт цугларсан /хх-83-84, 70, 59, шүүх хуралдааны тэмдэглэл/ байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар С.С-ыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.     

Шүүгдэгч нь 2021.01.12-ны өдрөөс хойш нийт 2 хоног цагдан хоригдсон, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, 1 ширхэг цустай цамц хураагдсан гэх тул /хх-34, 97/ тус хувцсыг зохих журмын дагуу устгах нь зүйтэй.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь   хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч С.С-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар С.С-ыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.С-д оногдуулсан 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.С-ын цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.  

5. Иргэний хуулий 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-аас 468,652 төгрөг гаргуулж, хохирогч А.М-д олгосугай.       

6. Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.   

7. Тус хэрэгт хураагдсан гэх 1 ширхэг цустай цамцыг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай.  

8. Шүүгдэгч С.С-ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 01 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.      

10. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч С.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ :                          Г.ГАНБААТАР

 

       ШҮҮГЧИД :                           Б.БАТАА

 

                                                                Б.ДАШДОНДОВ