Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/49

 

 

 

 

 

 

 

 

2021          01           19                                     2021/ШЦТ/49

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Номинзул,

          улсын яллагч Б.Чинзориг,

          шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Г.Ичинхорол нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003004800435 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 25-нд Дорнод аймагт төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Тагнуулын Ерөнхий газрын тусгай албаны ажилтан ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суудаг,

2019 оны 4 дүгээр сарын 24-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б.Т /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Т нь 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 17 цаг 45 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Өлзий” төвийн уулзвар замд Ланд Груйзер-70 маркийн 99-16 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ явган зорчигч Э.Мөнхтэнгисийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Тээврийн прокурорын газраас яллагдагч Б.Т2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 17 цаг 45 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Өлзий” төвийн уулзвар замд Ланд Груйзер-70 маркийн 99-16 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ явган зорчигч Э.Мөнхтэнгисийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б.Тд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

 

          Шүүх шүүгдэгч Б.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 17 цаг 45 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Өлзий” төвийн уулзвар замд Ланд Груйзер-70 маркийн 99-16 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ явган зорчигч Э.Мөнхтэнгисийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

          насанд хүрээгүй хохирогч Э.Мөнхтэнгисийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хичээл 17 цаг 10 минутын үед би хичээлээ тараад эгчтэйгээ 3 дугаар сургуулийн автобусны сургуулийн тэнд уулзахаар болоод ганцаараа алхаад Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хойд талын уулзвар дээр ирээд харахад явган хүний ногоон гэрэл асаад анивчиж байхаар нь явган хүний гарцаар ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй гүйгээд гартал хойд талаас явж байсан машинууд зогсож байсан бөгөөд нэг машин эсрэг урсгалаар сөрж орж ирснийг хараагүй, тэр машин гэнэт гараад ирэхээр нь би баруун урд талын крылог нь мөргөөд зам дээр унасан...”  гэсэн мэдүүлэг,

          иргэний хариуцагч Ч.Хүдэрбаярын “…99-16 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын тээврийн хэрэгсэл мөн. Энэ тээврийн хэрэгсэл нь манай Тагнуулын Ерөнхий газрын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл... ...яг тухайлсан жолооч байхгүй хэлтсийн хэмжээнд жолоодох эрхийн үнэмлэхтэй албан хаагчаар жолоодуулаад явдаг...”  гэсэн мэдүүлэг,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №11693 тоот актын “…Э.Мөнхтэнгисийн биед зүүн эгэм ясны хугарал, уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...“ гэх дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Тий яллагдагчаар өгсөн “…Би эхлээд өөрийнхөө эгнээгээр явж байсан боловч миний урд явж байсан 2 тээврийн хэрэгсэл явахгүй байхаар нь би эсрэг урсгалд орж ногоон гэрэл асангуут урагшаа чиглэлтэй эсрэг урсгалаар дөнгөж явган хүний гарц дээр гарч ирэнгүүт баруун талаас нэг эрэгтэй хүүхэд гүйж гарч ирсэн. Тэгэнгүүт би тоормос гишгэхэд тэр хүүхэд машины баруун талын буюу баруун талын крылог мөргөөд унасан…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг бичиж, яллагдагч Б.Тд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Б.ТЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Тд 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

          Үүнээс гадна шүүх шүүгдэгч Б.Тд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Б.Т нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт  үлдээж шийдвэрлэлээ.

             Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Т Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Тд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6.Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

           

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР