Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2018/ДШМ/08

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Н.Батчимэг, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд прокурор Э.Нэргүй, шүүгдэгч А.Гандолгор, шүүгчийн туслах Д.Урангоо нарыг оролцуулан,

 Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ө.Баярмагнай, А.Гандолгор нарт холбогдох 201708000052 дугаартай 2 хавтас 410 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч шүүгдэгч А.Гандолгор болон түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Ө.Баярмагнай нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн бага бүлгийн багшаар ажиллаж байхдаа 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр сургуулийн өмнөх насны хүүхэд халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас тус цэцэрлэгийн тоглоомын талбайд тоглож байсан 2 нас 8 сартай С.Энхжин гулсууран дээрээс унаж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан,

Яллагдагч А.Гандолгор нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн бага бүлгийн туслах багшаар ажиллаж байхдаа 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсаны /цэцэрлэгийн захирлын зөвшөөрөлгүйгээр ажлаа орхиж явсан/ улмаас тус цэцэрлэгийн тоглоомын талбайд тоглож байсан 2 нас 8 сартай С.Энхжин гулсууран дээрээс унаж бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө.Баярмагнайг сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Гандолгорыг сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1-т зааснаар шүүгдэгч Ө.Баярмагнайг багшийн албан тушаал эрхлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 240 000 х 51 = 12 240 000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч А.Гандолгорыг туслах багшийн албан тушаал эрхлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 240 000 х 51 = 12 240 000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 15 000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ө.Баярмагнай, А.Гандолгор нар нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “бичлэг 2” гэсэн хар өнгийн гар бичмэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг CD-ыг, “201708000051, 2017” гэсэн ногоон өнгийн бичмэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг CD-ыг тус тус уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1-т тус тус зааснаар иргэний хариуцагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгээс 2 107 052 /хоёр сая нэг зуун долоон мянга тавин хоёр/ төгрөгийг гаргуулан тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ганпүрэвд олгож, өөрийн ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээний зардал болох нийт 962 555 төгрөгийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,  Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар байгууллагад учруулсан гэм хорын хохирлыг буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Баярмагнай, А.Гандолгор нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, гомдол эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Гандолгор болон түүний өмгөөлөгч Б.Батчимэг давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 03 сарын 01-ний өдрийн 26 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Учир нь: А.Гандолгорыг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн бага бүлгийн туслах багшаар ажиллаж байхдаа 2017 оны 03 сарын 15-ны өдөр сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсаны /цэцэрлэгийн захирлын зөвшөөрөлгүйгээр ажлаа орхиж явсан/ улмаас тус цэцэрлэгийн тоглоомын талбайд тоглож байсан 2 нас 8 сартай С.Энхжин гулсууран дээрээс унаж бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсоныг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар туслах багшийн албан тушаал эрхлэх эрхийн 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 240 000 х 51 = 12 240 000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.

             Анхан шатны шүүх гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ  зэргийг үндэслэлтэй эсэхийг нарийвчлан үнэлж дүгнэхгүйгээр шууд буруутган шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй юм. Өөрөөр хэлбэл: Гэмт хэрэг үйлдсэн болох нь бодитой нотлогдож тогтоогдоогүй байхад буруутгаж гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцээгүй үндэслэл муутай төдийгүй түүний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гарсан гэж үзэж байна. Тухайлбал: Анхан шатны шүүхээс “...хэдийгээр С.Энхжинг гулсууран тоглоом дээрээс туслах багш А.Гандолгорыг байх үед унаж гэмтэл авсан, байхгүй байх хугацаанд нь унаж гэмтэл авсан нь нотлогдохгүй байгаа боловч 2017 оны 03 сарын 15-ны өдрийн өглөө нэг цагийн хугацаанд цэцэрлэгийн хашаанд хүүхдийн тоглоом дээр  тоглуулж байх хугацаандаа гулсууран тоглоом дээрээс унаж хүнд гэмтэл авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, гар утсанд үзлэг хийж бичлэгийг хуулж авсан тэмдэглэлээр тус тус нотлогдож байна.

Мөн хүүхдүүдийн зугаалгын цаг буюу гадаа тоглох хугацаанд багш болон туслах багш нар нь хамт хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж байх үүрэгтэй. Чөлөө авсан гэх боловч цэцэрлэгийн дотоод журамд заасны дагуу чөлөө авалгүйгээр ажлын байраа орхиж явсан болох нь цэцэрлэгийн дотоод журам, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, хөдөлмөрийн гэрээний хуулбаруудаар тус тус нотлогдож байна. Шүүгдэгч нар нь Энхжинг хэзээ, яаж гэмтэл авсныг мэдэхгүй гэж мэдүүлснээрээ хариуцлагаас чөлөөлөгдөх бус, харин ч сургуулийн өмнөх насны хүүхэд халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсан гэж үзэх үндэслэл болно” гэжээ. 

Гэвч  А.Гандолгорыг  2017 оны 03 сарын 15-ны өдөр  ажлын байран дээр  байгаагүй  20 орчим минут буюу тухайн цаг хугацаанд тоглоомын талбайд байрлах гулсууран тоглоомоос  3 настай С.Энхжин унасан болох тухайн үйл явдлыг  дээр дурьдагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, гар утсанд үзлэг хийж бичлэгийг хуулж авсан тэмдэглэл, цэцэрлэгийн дотоод журам, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, хөдөлмөрийн гэрээний хуулбар зэргээр нотлогдсон гэж үзэхэд  эргэлзээтэй байхад нотлогдсон гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримт сэлт  мэдээлэл, мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдох ёстой бөгөөд гэм буруутай эсэх нь  эргэлзээтэй байхад таамаглалд үндэслэж түүний эрх зүйн байдлыг илтэд дордуулах үндэслэлгүй гэж үзэж байна.  Түр эзгүй байх хугацаанд хүүхэд унасан, гэмтсэн, өвдсөн зовиурласан бол тухайн өдөр ямар нэгэн байдлаар туслах багшид мэдэгдэх, ажиглагдах, мэдрэгдэх байсан боловч хэзээ, яаж гэмтэл авсныг мэдэхгүй, ажиглагдахгүй байхад мэдсэн мэтээр мэдүүлэх нь өрөөсгөл юм. Хүний нялх хүүхэд унаж гэмтсэн байхад үгсэн хуйвалдаж нуун дарагдуулж мөсгүй хүн чанаргүй зан гаргахгүй ээ. Мөн  “ ... уг гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн хугацаанд буюу 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэн ба шүүгдэгч нарын холбогдсон зүйлчлэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд дүйцүүлэн авч үзвэл мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэсэнд хамаарч байна.

             2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ ... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. /2002/ оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1 –т заасан оногдуулах ял нь  “ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-аас 6 сар хүртэл баривчлах”, харин / 2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ял нь 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих” гэж тус тус заасан байна.

            Иймд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн буюу / 2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна” гэжээ. Хэдийгээр гэм буруутайд тооцож байгаа боловч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12 240 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь үндэслэлгүй болжээ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл: / 2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Торгох ялын хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтооно” гэж заасан боловч / 2015 оны / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгжтэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилснаар торгох ялын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоох зохицуулалт байхгүй болсон. Хууль тогтоогчоос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцох нь гэмт хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн хохирол, төрийн ялын бодлогод шууд нөлөөлж байгаа нь хууль ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзэж  инфляци, мөнгөний ханш зэргээс хамаарч торгуулийн хэмжээнд өөрчлөлт оруулах боломжтой торгуулийг нэгжээр тооцож хөнгөрүүлэн багасгаж бууруулсан байхад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн.  Энэ нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэм хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

            Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13-д заасан .... тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлэн хэргийг шийдвэрлэх байтал зөрчиж хавтаст хэрэгт авагдсан бүдэг баларсан, тамга тэмдэггүй  уншин судлах боломжгүй, хэрэгт хамааралгүй нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг үнэлж шийдвэрлэсэн. Иймд эрхэм шүүгч та бүхэн  дээр дурьдсан үндэслэл, түүнийг нотолсон нотолгоо баримтанд дүгнэлт хийж “ МУ-ын ЭШХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн Хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч … шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг  удирдлага болгон хэргийн бодит байдлыг хянаж Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 03 сарын 01-ний өдрийн 26 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.   

            Прокурор Э.Нэргүй давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Нэргүй би 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Ө.Баярмагнай, А.Гандолгор нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч А.Гандолгор түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарын давж заалдах гомдолтой танилцлаа. А.Гандолгор нь Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн бага бүлгийн туслах багшаар ажиллаж байхдаа 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас тус цэцэрлэгийн тоглоомын талбайд тоглож байсан 2 нас 8 сартай С.Энхжин гулсууран дээрээс унаж биед нь хүнд гэмтэл учирсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч гэрч нарын мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, цэцэрлэгийн дотоод журам, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, хөдөлмөрийн гэрээ болон бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

            Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.240.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь А.Гандолгор, Ө.Баярмагнай нарын үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамаарч байгаа боловч тухайн зүйлд ангид торгох ял оногдуулахаар заагаагүй бөгөөд хорих ял оногдуулахаар заасан нь оролцогч нарын эрх зүйн байдлыг дордуулахаар байна. Анхан шатны шүүхээс эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж торгох ял оногдуулсан нь зөв байна.

             Иймд оролцогч А.Гандолгор, Б.Батчимэг нараас гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.                     

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

Давж заалдах шатны шүүхээс давж заалдсан гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ө.Баярмагнай, А.Гандолгор нар нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн бага ангийн багш болон туслах багшаар ажиллаж байхдаа сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тухайн цэцэрлэгийн тоглоомын талбайд тоглож байсан 2 нас 8 сартай С.Энхжин гулсууран дээрээс унаж хүнд гэмтсэн гэмт хэрэгт холбогдсон ба анхан шатны шүүхээс тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д зааснаар зүйлчлэн, тухайн зүйлд заагдсан хөнгөн ял болох торгох ялыг уг зүйлд заагдсан доод хэмжээгээр оногдуулж шийдвэрлэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгтэй харьцуулан дүгнэсэн нь зөв байх бөгөөд оногдуулах ял шийтгэлийг 2015 оны Эрүүгийн хуулиар хүндрүүлсэн гэж үзэж уг хуулийг буцаан хэрэглээгүй нь өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулийн зохицуулалт нь хөнгөрүүлсэн байна гэж үзсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасантай нийцэж байна гэж үзлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэрэг нотлогдсон эсэх талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон, оногдуулсан ял хүнд биш байна.

Хохирогчийн бие махбодид хүнд хохирол учирсан, хохирогч хүүхэд гулсууран дээрээс унасан болох нь гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт хууль журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгийнхээ эх сурвалжаа зааж мэдүүлсэн мэдүүлэг, мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж шийтгэх тогтоолын үндэслэл болсон бусад нотлох баримтаар, уг хэрэгт шүүгдэгч нар хоёулаа хамааралтай болох нь тэдний шүүх хуралдаанд мэдүүлсэн шүүгдэгч Ө.Баярмагнайн “... Би Энхжинг хаана, яаж унасан талаар үнэхээр мэдэхгүй байна. ...Бид хоёр хамт байх хугацаандаа гулсууран дээр хүүхдүүдийг тоглуулсан“, шүүгдэгч А.Гандолгорын “...хүүхдүүд намайг байхад гулсууран дээр тоглосон“ гэсэн мэдүүлэгээр тус тус нотлогдож тогтоогдсон байна.

             Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан “Хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч хэрэг нотлогдоогүй, шүүгдэгч нарын гэм буруутай эсэх нь эргэлзээтэй тул хуульд заааснаар ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү“ гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасныг заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Гандолгор түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруухэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.