Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 395

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х*****

Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 

Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн албаны тухай хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэг удаагийн буцалтгүй тусламж олгуулах шийдвэр гаргахыг даалгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х***** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 1962 оноос төрийн захиргааны албанд 32 жил ажилласан бөгөөд ардчилсан холбоо, намын гишүүн гэсэн шалтгаар хоёр удаа ажлаас чөлөөлөгдөж (1993-1996 он хүртэл гурван жил, 2000-2012 он хүртэл 12 жил ажилгүй байж) 2012-2016 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд зохион байгуулагчаар ажилласан. 2016 онд төрийн алба хаах насны дээд хязгаараас давсан тул өргөдөл өгч ажлаас халагдахдаа төрийн албан хаагчийг өндөр насны тэтгэвэрт гарах үед нь олгохоор хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгож өгөхийг хүссэн боловч ‘'Олгох боломжгүй” гэсэн хариуг хоёр удаа авлаа.

Эхний удаа өгсөн хариундаа “Та улс төрийн албан тушаалтан байсан тул олгох боломжгүй” гэсэн бөгөөд хоёр дахь хариундаа “2010 онд тэтгэврээ тогтоолгосон тул нөхөн олгох боломжгүй” гэжээ.

Би эдгээр шийдвэрийг үл зөвшөөрөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1.1-д заасны дагуу доорх үндэслэлүүдээр нэхэмжлэл гаргаж байна. Эш болгосон хууль, журам:

1. Төрийн албаны тухай хуулийн 7.1.1-д Аймаг,нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал нь төрийн захиргааны албан тушаал байхаар заасан.

2. Мөн хуулийн 24.1.2-т Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол төрийн албанаас чөлөөлөхийг заагаад 30.2 дахь хэсэгт, Энэ хуулийн 1, 2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

3. Төрийн албаны тухай хуулийн 5.1.2-т заасан төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байсан, мөн хуулийн 11.2-т заасан Монгол улсын төрийн жинхэнэ албан хаагч мөн болох тул.

4. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Төрийн улс төрийн албан тушаалд хамаарагдахгүй байгааг үндэслэн.

5. Төрийн албаны тухай одоогийн хуулийн 12 дугаар зүйлд зааснаар энэ хууль анх гарсны дараа 1998 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн.

6. Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтанг төрийн захиргааны албан тушаалын ТЗ-6 ангилалд хамруулсан.

7. Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаа буцалтгүй тусламж олгох журмын 10 дугаар зүйлд “Өндөр насны тэтгэврээ албан ёсоор тогтоолгож ажил олгогчид өргөдөл гаргасных нь дараа энэ журамд заасны дагуу буцалтгүй тусламж олгоно” гэсэн нь төрийн албанд ажилласан жинхэнэ албан хаагч нь төрөөс нэг удаа буцалтгүй тусламж авах эрхтэйг заасан заалт гэж ойлгож байгаа бөгөөд нөхөн олгох, олгохгүй тухай ойлголт байхгүй гэж үзэж байна. Төр бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө төрийн анхан шатны нэгжүүдээр дамжуулан уг албан хаагчид тусламжаа олгож байгааг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгож байгаа юм шиг хандаж байгааг төрийн бодлогыг алдагдуулж байна гэж ойлгож байна.

Түүний нөгөөтэйгүүр Монгол Улсын Үндсэн Хуулийн 16.14-д заасан Монгол

Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах гэснийг эш болгон Монгол Улсын нэгдэн орсон доорх гэрээ конвенцуудад заасан миний эрх зөрчигдсөн гэж үзэж байна.

1. 1948 оны 12 дугаар сарын 10-нд НҮБ-аас гаргаж гишүүн орнуудаа дагаж мөрдөхийг уриалсан Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын 23.2-т “Хүн бүр ямар ч ялгаваргүйгээр адил хэмжээний хөдөлмөрт адил хэмжээний шан хөлс авах эрхтэй” гэсний шан гэдэг нь Төрийн жинхэнэ албан хаагчид олгох буцалтгүй тусламжтай дүйцнэ гэж ойлгож байна. НҮБ-ын гишүүн орны хувьд энэ тунхаглалыг дагаж мөрдөх хэрэгжүүлэх үүргийг Монгол улс хүлээсэн гэж үзэж байна

2. 1969 оны 05 дугаар сарын 10-нд нэгдэн орсон Алагчлахгүй байх тухай конвенцын тодорхойлох хэсэгт “яс үндэс, арьсны өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, үндэс угсаа буюу нийгмийн гаралд үндэслэн ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж хандлагыг үгүйсгэх, эсхүл зөрчихөд хүргэж байгаа аливаа ялгаварлах, хавчин гадуурхах эсхүл давуу байдал олгох үйлдлийг ялгаварлан гадуурхах гэж үзнэ”, мөн конвенцын 2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Адил хөдөлмөрт тэгш шан хөлс олгох”, С хэсэгт “Засгийн газрын байгууллагууд бүх үйл ажиллагаандаа хөдөлмөр эрхлэлтэд алагчлахгүй байх бодлогыг баримтлана”, мөн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гишүүн улс бүр дээрх бодлогод үл нийцэх аливаа хуульчилсан заалтыг хүчингүй болгох, ийм төрлийн захиргааны зааварчилгаа, дадлыг өөрчилнө” гэх зэргээр заасан заалтууд нь миний гаргаж байгаа гомдолтой харгалзан үзэх зүйл заалтууд гэж ойлгож байна.

3. 1991 оны 4 дүгээр сарын 15-нд элсэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 2 дугаар зүйлд “Энэхүү пактад оролцогч улс бүр нутаг дэвсгэртээ болон харьяалалдаа байгаа бүх хүний энэхүү пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төрийн буюу бусад үзэл бодол, үндэсний буюу бусад байдлаар ялгаварлахгүйгээр хүндэтгэн хангах үүрэгтэй”, 2.3-ийн b хэсэгт “Эрх зүйн хамгаалалт хүссэн аливаа этгээдийн тийм эрхийг эрх бүхий шүүх, захиргаа, хууль тогтоох байгууллага, эсхүл тухайн улсын эрх зүйн тогтолцоонд заасан эрх бүхий байгууллагаас тогтоож байх явдлыг хангах, түүнчлэн шүүхээр хамгаалуулах боломжийг нь хөгжүүлэх.

4. 1969 оны 05 дугаар сарын 10-нд нэгдэн орсон Тэгш шан хөлс олгох тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 дугаар конвенцын 1.1-ийн “а”-д “Шан хөлс” гэсэн нэр томьёо нь эрхлэх ажилтай нь холбоотойгоор ажил олгогчоос ажилчинд шууд буюу шууд бусаар, мөнгөн буюу биет байдлаар олгох ердийн, үндсэн буюу доод хэмжээний цалин, эсхүл ажлын хөлс болон бусад нэмэлт шанг хэлнэ” 2.1-д Гишүүн улс бүр шан хөлсний хэмжээг тогтоох аргад нийцүүлэн адил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй эмэгтэй ажилчдад тэгш шан хөлс олгохыг дэмжиж, уг зарчмыг бүх ажилчдын хувьд хэрэгжүүлнэ гэх зэргээр заасныг би өөрийн эрхийн хамгаалалт гэж ойлгож байна.

Би анх 2016 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга н.С*******, ажлын албаны дарга н.Б******* нарт өргөдөл өгөхөд 2017 онд Ш.Н******* “Улс төрийн албан тушаалтан байсан тул олгохгүй” гэж хариу өгсөн. 2017 онд дахин өргөдөл өгсөн боловч хариу өгөөгүй тул 2018 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С Амарсайханд хандаж өргөдөл гаргасан бас л нөгөө Ш.Н******* хариу өгчээ.

Монгол улсын иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд Өргөдөл гомдлыг түүнийг шийдвэрлэх албан тушаалтанд өдөрт нь багтаан шилжүүлнэ гэсэн байхад миний өргөдлийг бичиг хэргийн ажилтан н.Солонго хүлээн аваад асуудлыг шийдвэрлэх албан тушаалтанд өгөлгүйгээр хуулийн асуудал хариуцсан ажилтан Ш.Н*******д шилжүүлж Ш.Н******* нь хариу өгөөд байгаа нь дээрх заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Ер нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад огт танилцуулалгүйгээр надад шийдвэрлэх эрх хэмжээний бус хүн хоёр удаа хариу өгч байгаа нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хууль хэрэгжихгүй байна гэж үзэх үндэслэл болж байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгогдсон төлөөлөгчдөд урамшуулал гэж хуульд заагаагүй урамшуулал хэдэн саяар нь өгч байгаа мөртлөө хуулиар зөвшөөрсөн надад олгох буцалтгүй тусламжийн хэдэн төгрөг олгохгүй байгаа нь улс төрийн үзэл бодлоор ялгаварлан гадуурхсан үйлдэл гэж үзэж байна. Би Ховд аймгийн АДХГЗ-ны тэргүүлэгч гишүүн байхдаа өөрчлөн байгуулалтыг эрчимжүүлж Монгол улсад ардчилал, шударга ёсыг тогтоохын төлөө 1989 оны 9 дүгээр сараас эхлэн тэмцэж ирэхдээ аль нэг нам, хэн нэг улс төрчийг эрх мэдэлтэй болгох бус ардчилсан засаглалтай шударга ёсыг эрхэмлэсэн иргэний нийгэм, иргэний засаглалын төлөө Монгол түмнийхээ санаа амар заяа дэлгэр амьдралын төлөө зүтгэж ирснийхээ төлөө ингэж хавчигдан гадуурхагдаж хохирох ёсгүй гэж үзэж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан Ш.Н******* надад 2 удаа хариу өгч байгаа нь уг асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээд биш боловч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны  албан  ёсны  хариу  гэж  үзэж  байгаа  тул  уг  хариуг хүчингүйд тооцуулах 

шийдвэр гаргуулахыг хүсэж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлээ: “Иргэн Х*****гийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Хурлын ажлын албаны бүтэц, зохион байгуулалтын тухай" 2/07 дугаар тогтоолоор Ажлын албаны бүтцийг баталсан. Энэ бүтцээр иргэний оролцоо, шууд ардчиллыг хөгжүүлэх, иргэний танхимын үйл ажиллагааг тогтмолжуулахаар иргэний оролцооны хэлтэс шинээр байгуулагдсан.

Х***** нь 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын Б/17 дугаар тушаалаар Иргэний оролцооны хэлтсийн ажилтнаар томилогдож, мөн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын Б/57 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байна. Үүнээс үзвэл ажилд томилж, чөлөөлсөн субъект нь Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга байхад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ажилтныг ажлаас халах, томилох эрхгүй байх тул нэхэмжлэлийн хариуцагч биш байна.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 338 дугаар тогтоолд “Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн хэмжээг тухайн албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн сүүлийн гурван жилийн дунджаар тооцож тогтооно” гэж заасан байна.

Иймд 2010 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, мөн төрийн жинхэнэ албан хаагч биш тул дээрх буцалтгүй тусламжийг нөхөн олгох хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Х*****гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х***** тус шүүхэд хандаж Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны дарга бөгөөд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад холбогдуулан “...төрийн албаны тухай хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэг удаагийн буцалтгүй тусламж олгуулах шийдвэр гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагын үндэслэлээ “...хуульд албан ёсоор тэтгэвэр тогтоолгосны дараа тусламж авах эрхтэй гэж заасан ба дараа гэдэгт ямар нэгэн хугацаа заагаагүй, мөн миний бие төрд 40 жил ажилласан тул тусламж авах эрхтэй” гэж тодорхойлсныг  хариуцагч “...2010 онд тэтгэвэр тогтоолгосон, төрийн жинхэнэ албан хаагч биш тул буцалтгүй тусламжийг нөхөн олгох үндэслэлгүй...” гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Х***** нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн ажилтнаар 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдсон, түүний цалинг ТЗ-6 зэрэглэлтэй дүйцүүлж бусад нэмэгдлийг тооцож олгохоор тогтоосон, Х***** 2010 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон үйл баримтууд тогтоогдов. 

Түүнчлэн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар  Төрийн албаны тухай хуулийн 3, 6 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг үндэслэн Х*****гийн хүсэлтийг үндэслэн мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг хурлын байгууллагын төсвөөс олгохоор шийдвэрлэсэн, уг буцалтгүй тусламжийг нэхэмжлэгч хүлээн авсан талаар маргахгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “...төрийн албан хаагчийг дараахь үндэслэлээр ажлаас чөлөөлнө...” 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 24.1.2-т “төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн”, 24.1.3-д “өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт “энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албанд  ажилласан хугацааг харгалзан 36 хүртэл сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно, нэг удаагийн буцалтгүй тусламж   олгох   журмыг   Төрийн   албаны  төв  байгууллагын  саналыг  үндэслэн 

Засгийн газар тогтооно” гэж тус тус заажээ.

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 338 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын  1-д “Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө, мөн журмын 3-д “Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно...” гэж тус тус зохицуулсан байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч Х*****гийн албан тушаал нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны буюу  төрийн албаны ТЗ-6 ангилалд хамаарч байсан боловч тэрээр Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д зааснаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байх тул түүнд хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгох үндэслэлгүй.

 Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Х***** нь 2010 онд буюу төрийн албанд ажиллаагүй байх хугацаандаа өндөр насны тэтгэврээ нэгэнт тогтоолгосон, ийнхүү өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа төрийн албанд ажилласан боловч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, хэдийгээр хуулийн болон журмын заалтаар олгох үндэслэлгүй байсан хэдий ч хариуцагч байгууллагын захиргаанаас нэхэмжлэгчид 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг нэг удаа олгосон байна.

Нэхэмжлэгч Х*****гээс 2016 оны 9 дүгээр сарын 12-нд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.С*******, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга М.Б******* нарт хандаж “нэг удаагийн тэтгэмж олгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг мөн оны 9 дүгээр сарын 26-ны тус албаны Хуулийн асуудал хариуцсан ажилтан Ш.Н******* “...өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтад хамаарахгүй...” гэсэн хариу өгсөн, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Амарсайханд хандаж “”буцалтгүй тусламж олгуулах” хүсэлт гаргасныг мөн албаны Хуулийн асуудал хариуцсан ажилтан Ш.Н******* хүлээн авч “...2010 онд өндөр насны тэтгэврээ тогтоолгосон байх тул дээрхи буцалтгүй тусламжийг нөхөж олгох боломжгүй” тухай хариуг тус тус өгсөн нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байх тул эдгээрийг хууль бус эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй юм. 

Иймд нэхэмжлэгч Х*****д буцалтгүй тусламж олгохгүй байгаа хариуцагч захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул түүнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр шийдвэрлэх хүсэлт гаргасан тул түүнийг байлцуулалгүйгээр шийдвэрлэсэн болно. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, 30 дугаар зүйлийн 30.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х*****гийн гаргасан, “төрийн албаны тухай хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэг удаагийн буцалтгүй тусламж олгуулах шийдвэр гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН