| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2021/0023/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/50 |
| Огноо | 2021-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баярмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/50
2021 01 19 2021/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Г.Баярмаа,
шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009026381517 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, Сүхбаатар дүүргийн тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г.М, /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.М нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бэлхийн 47-44 тоотод хохирогч Б.Соёмботой маргалдан улмаар түүнийг зодож, биед баруун зулайн хуйханд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Г.М 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бэлхийн 47-44 тоотод хохирогч Б.Соёмботой маргалдан улмаар түүнийг зодож, биед баруун зулайн хуйханд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Г.Мэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Г.Мэд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.М нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бэлхийн 47-44 тоотод хохирогч Б.Соёмботой маргалдан улмаар түүнийг зодож, биед баруун зулайн хуйханд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Б.Соёмбын "...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Мирсэдийн эхнэр Бадарч нэг шил архи авч орж ирээд Алтантуул бид гурав ууж байтал гаднаас Бадарчийн нөхөр Мирсэд орж ирээд намайг эхнэртэйгээ хардаад миний толгойг аягаар цохиод толгой хагалаад миний баруун нүд хэсэг рүү гараараа цохиод цээж хэсэг рүү нэг удаа өшиглөсөн юм. Мирсэд миний толгой хэсэг рүү аягаар нэг удаа цохиод хагалсан би толгойндоо 12 оёдол тавиулсан, бас баруун нүд рүү нэг удаа цохисон. Мөн миний цээж рүү нэг удаа өшиглөсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №12491 тоот актын “…Б.Соёмбын биед баруун зулайн хуйханд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...“ гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
яллагдагч Г.Мийн "...би 2020 оны 10 дугаар сарын 23-ны орой гэртээ иртэл манай дөрвөн хүүхэд гэртээ байсан. Тэгээд 23 настай Нямцэрэнгээс ээж чинь хаана байгаа юм бэ гэсэн чинь Соёмбын гэр рүү явсан гэж хэлсэн. Би яваад очтол гэрт Соёмбо, Алтантуул манай эхнэр Бадарч гурав архи ууж байсан би Соёмбод яагаад эхнэр уруу татаж архи уулгаад байгаа юм бэ, бага насны хүүхэдтэйг мэдсээр байж гэсэн чинь өөдөөс Соёмбо Бадарчийг өөрөө орж ирсэн гээд байхаар уур хүрээд аяга аваад толгой хэсэг рүү нэг удаа цохисон...Соёмбын биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Г.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Г.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.Мэд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Г.Мэд 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Үүнээс гадна шүүх шүүгдэгч Г.Мэд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Г.М нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Мэд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.М нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Мэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР