Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/56

 

 

 

 

 

 

 

    2021         01           20                                      2021/ШЦТ/56

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

            нарийн бичгийн дарга Б.Номинзул,

            улсын яллагч Б.Дэлгэрмаа,

            шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай /онлайн/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003004720434 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б, регистрийн дугаар У398051416/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 22-ны шөнийн 23 цаг 28 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Контентал” зочид буудлын баруун уулзварын замд “Тоёота Приус" маркийн 82-53 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: б/ шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж байгааг анхааруулах бөгөөд ...замын тухайн хэсэг рүү нэвтрэн орохыг хориглоно”, 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч ...тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө гэрлэн дохио, ....наана зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч 40 настай Ц.Амарбаярыг мөргөж, амь нас хохирсон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Олимпын гудамжаар хойноос урагшаа чиглэлтэй явж байгаад Контентал зочид буудлын баруун талын уулзвараар 1-р эгнээгээр хойноос урагшаа чиглэлтэй уулзвар нэвтрэх үед шар гэрэл ассан ба замын баруун талаас нэг хүн гэнэт явган хүний гарцаар гарч ирээд мөргүүлсэн…” гэсэн мэдүүлэг /хх-169-170/,

 

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Номинцацралын “...Маш их гомдолтой байна, манай нөхөр ганцаараа ажил хийж амьдрал ахуйгаа авч явдаг байсан би гэртээ хүүхдүүдээ хараад ажилгүй байсан. Ойролцоогоор буяны ажилд 14 сая төгрөг зарцуулсан байгаа, хохирлын тооцоог баримтаар гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг  /хх-31-32/,

 

иргэний хариуцагч Ж.Батбаярын “Бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг /хх-111-112/,

 

гэрч Д.Батбаасангийн “Ц.Амарбаяр нь манай байгууллагад хүлээн авалтын үеэр ирж ахлах тогоочоор ажилладаг байсан. ...Амарбаяр ахын утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан ба удалгүй над руу замын цагдаагаас залгаад "Амарбаяр гэдэг хүнийг таних уу замын цагдаа дээр ирээд уулз” гэж дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-114/,

 

гэрч А.Билэгзаяагийн “би гар утасаа оролдоод доошоо хараад явж байтал түс гээд юм мөргөөд зогссон” гэсэн мэдүүлэг /хх-115/,

 

          Цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1991 тоот актын “…Ц.Амарбаярын цогцост гол судасны уруудах хэсгийн тасрал, арын голтын цус хуралт, хоёр уушигны авчилт, цээжний хоёр талын хөндийн цус хуралт /3000мл/, зүүн 2-5-р хавирганы  хугарал, гялтан хальсанд цус хуралт, сээрний 2-3-р нугалмын зааг хэсгийн салалт, мултрал, нугасны тасрал, дэлүүний холбоос, ходоодны их махиа, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн чацархайн цус хуралт, тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн бугалганы дунд 1/3 хэсгийн зөрөөтэй далд хугарал, зүүн шилбэний шаант, тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн сэлтэрсэн хугарал /Бампер/, зүүн дээд зовхи, баруун хацарт шарх, баруун хацар, зүүн нүдний гадна булан, цээж, зүүн тохой, баруун ташаа, баруун гуя, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мөргөгдөх, шидэгдэх, нидрэгдэх, доргих үед үүснэ. Хэрэг болсон гэх өдөр үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай үхэлд хүргэсэн байна. ...Талийгаачид нь архаг хууч өвчин тогтоогдсонгүй. ...Талийгаач нь дээрх хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. ...Цогцост анх гадна үзлэг хийсэн эмчийн тэмдэглэснээр талийгаач нь 2020.09.22-ны 22:30-с 2020.09.23-ны 00.30-н хооронд нас барсан байх боломжтой байна. ...Цус нь АВО системээр А/II/ бүлгийн харъяалалтай байна. ...Талийгаачийн цусанд 1,2 промилл, ходоодны шингэнд 5,4 промилл, шээсэнд 1,8 промилл спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-138-140/,

 

          Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто лабораторийн шинжээчийн 4059 дугаартай дүгнэлт: “...Тоёота Приус маркийн 82-53 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь авто замын тусгаарлах хашлаганы 7 дахь хашлаганы баруун багана буюу 8 дахь баганаас нэг дэх хашлаганы зүүн багана хүртэлх зайг 23 кадр буюу 00:00:00:920 секундын хугацаанд 84.4 км/цаг хурдаар туулж өнгөч байна...” гэсэн дүгнэлт /131-134/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-4, 9-17/, Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-17/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-15/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-24/, Жолоочийн согтуурал шалгасан гэрэл зураг /хх-19/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-179/, шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-178/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-172/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-184/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /хх-185-187/ зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 22-ны шөнийн 23 цаг 28 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Контентал” зочид буудлын баруун уулзварын замд “Тоёота Приус" маркийн 82-53 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: б/ шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж байгааг анхааруулах бөгөөд ...замын тухайн хэсэг рүү нэвтрэн орохыг хориглоно”, 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч ...тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө гэрлэн дохио, ....наана зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч 40 настай Ц.Амарбаярыг мөргөж, амь нас хохирсон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн болох нь дээр дурдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Номинцацрал, гэрч Д.Батбаасан, А.Билэгзаяа, иргэний хариуцагч Ж.Батбаяр нарын мэдүүлгүүд,  шүүх эмнэлгийн шинжилгээний №1991 тоот актын дүгнэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Б.БАвтотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Бдээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн дээрх үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирсон бөгөөд шүүгдэгчийн зүгээс талийгаачийн ар гэрт 40.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон талийгаачийн ар гэрийн зүгээс “...Б.Бэс хохирлоо бүрэн төлүүлж, барагдуулж авсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр татгалзах зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй.” гэдгээ илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Б.Ббусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Б.Баярмагнай нь шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ба прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг түүнд болон өмгөөлөгч нарт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилээр хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн В ангиллын № 1109593 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албан шилжүүлж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1.Шүүгдэгч Б.Б Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Бтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилээр хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг болохыг тайлбарласугай. 

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргасугай.

 

8.Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн жолоочийн В ангиллын №1109593 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

                                   

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР