Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2017/00091/и |
Дугаар | 114 |
Огноо | 2017-03-20 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 114
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 17 дугаар байр 01 тоотод оршин суух, Нармандахын Алтаншагайд холбогдох
Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрт 617.864 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Нармандах овогтой Алтаншагай нь Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 31 дүгээр зүйлийн 31.4 дэх заалт, Монгол Улсын Их хурлын 2009 оны 33 дугаар тогтоолын дагуу хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаах болсон тул Нармандах овогтой Алтаншагайд мөнгөн төлбөр болох 617.864 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 01-нд төлүүлэхээр мэдэгдэх хуудас өгөхөд уг төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул иргэн Нармандах овогтой Алтаншагайгаас дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Алтаншагай шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нармандах овогтой Алтаншагай миний бие Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 31 дүгээр зүйлийн 31.4 дэх заалт, Монгол Улсын Их хурлын 2009 оны 33 дугаар тогтоолын дагуу хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаах болсон тул Нармандах овогтой Алтаншагайд мөнгөн төлбөр болох 617.864 төгрөгийг төлүүлэх мэдэгдэх хуудас ирсэн юм. Төлбөрийг хугацаанд нь төлж чадалгүй хугацааг хэтрүүлсэн юм. Уг төлбөрийг төлөхөд мөнгөний боломж хүрэлцэлгүй өөрийн зээл болох Хаан банкнаас авсан 26.000.000 төгрөгийн зээлээ төлсөөр цаг хугацаанд нь төлж чадаагүй тул хугацааг нь сунгаж өгөөч гэж хүсэж байна. 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албаны дүйцүүлэх мөнгөн төлбөрийг бүрэн төлж дуусгана гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасанцог шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н.Алтаншагайн мөнгөн төлбөр 617.864 төгрөг төлөх хугацааг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрөв гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын Цэргийн штаб нь цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрт 617.864 төгрөгийг гаргуулахаар Нармандахын Алтаншагайд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч Нармандахын Алтаншагай нь нэхэмжилсэн 617.864 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасанцог хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчдын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул шүүх эвлэрлийг батлах нь зүйтэй байна.
Зохигчид эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хуваарилах талаараа дурдаагүй байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 19.186 төгрөгний тал хувь буюу 9.593 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын нэхэмжлэлтэй цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр 617.864 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Нармандахын Алтаншагай /ДЮ88070112/ нь 617.864 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 19.186 төгрөгний тал хувь буюу 9.593 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН