| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2021/0014/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/13 |
| Огноо | 2021-03-02 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/13
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Г-н Б-д холбогдох эрүүгийн 2117000000018 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, Шивээ-Овоо ХК-ийн нүүрсний уурхайд операторчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн С сумын дүгээр баг, дүгээр байр ............. тоотод албан ёсны хаягтай, одоо Г аймгийн С сумын дугаар баг, Төгрөгийн ............ тоотод түр оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 он/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан гэх Х овогт Г-н Б /РД:............................./,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч ******* нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Б.О-д такси үйлчилгээ үзүүлээд гэрийнх нь гадаа буулгахдаа иргэн А.Б-ийн өмчлөлийн Samsung A-10S маркийн гар утсыг барьж яваад орхиж буусныг бусдыг буюу Б.О-ийн эзэмшлийн гар утас гэдгийг мэдсээр байж завшиж 365 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч ******* нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Б.О-өд такси үйлчилгээ үзүүлээд гэрийнх нь гадаа буулгахдаа иргэн А.Б-ийн өмчлөлийн Samsung A-10S маркийн гар утсыг барьж яваад орхиж буусныг бусдыг буюу Б.О-ийн эзэмшлийн гар утас гэдгийг мэдсээр байж завшиж 365 000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
1.2. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн орчим би Өгөөжөөс утас авахаар болсон. Тэгэхэд утас хотоос ирж байгаа гээд би орой авахаар тохирсон. Тэгээд би оройн 19-20 цагийн орчим Өгөөжийн утас зарна гэж хэлсэн хүн рүү ярих гэхэд надад утас байхгүй байсан учир Дэнжийн Петровис ШТС-н дэргэд нэг хүн явж байхаар нь утсыг нь гуйж ярихаар тухайн хүний дэргэд зогсоход тэр хүн шууд орж ирж суугаад надад хандан юу байна дүү ажил тавлаг уу, хот тохижуулахын хойд гудам руу явъя гээд очиход тэр ах тэр хавиас шагийн архи худалдаж борлуулдаг айл хайгаад байсан. Тэр гудамд нэг контейнертэй айлын хажууд зогсож байгаад тэр үед тухайн хүнээс утсаа өгч байгаач нэг яриад өгье гэж хэлэхэд тухайн хүн надад утсаа өгөөд би утас зарна гэсэн хүн рүү залгахад тухайн хүний утасны нэгж хүрэлцэхгүй байсан. Тэгээд нөгөө айлаа олохгүй болоод төмөр зам руу явъя гээд Хас дэлгүүрийн уулзвараас чигээрээ гараад 100 орчим метр яваад тэр ах нэг айл руу буугаад орсон. Тэгэхэд зөрөөд нэг эгч тухайн байшингаас гараад ирсэн. Тэгээд шууд таньдаг хүн шиг миний машинд орж ирээд суучихсан. Тэр эгч буцаад ирсэн газар болох хот тохижуулахын арын гудамд контейнертэй айлд очсон. Явж байхдаа би тухайн эгчээс утсаа өгч байгаа ч гэж гуйсан. Тэгэхэд тэр эгч надад утсаа өгч би утас худалдаж авах хүнтэй ярихад Баянтал суманд ирж явна гэж байна, чи жоохон байж байгаад над руу яриад ирээд авчих гэж хэлэхэд би утасгүй учраас гэрийн чинь гадаа хүлээгээд байж байя та гэрээ заагаад өгчих гэж хэлээд гэрийг нь заалгаад тасалсан. Тэгээд тухайн эгчтэй шагийн архи зардаг айлыг нь хайгаад бараг 30 орчим минут болсон. Тухайн эгч нэг хүний нэр дуудаад л яваад байсан. Бид 2 буцаж яваад нөгөө контейнертэй айлд очиход нэг хүүхэд гараад ирсэн. Тухайн эгч нөгөө хүүхдэд мөнгийг нь явуулчихсан, ээжид чинь хэлчихсэн байгаа очоод ав гэсэн. Тэгэхэд тухайн авах гэсэн архи байгаагүй, тэгээд арай хямд 15 000 төгрөгийн архи авсан байгаа. Тэр хугацаанд би нөгөө эгчээс ахин утсыг нь гуйхад би цоожилчихсон кодыг мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би утсыг нь аваагүй. Тэгээд тэр эгч бид 2 буцаад архиа аваад Хас дэлгүүрийн хойд талд байрлах байшинд ирж би тэр эгчийг буулгаад би явж нөгөө утас авах хүний гэрийг заалгаж дэнжид байрлах буудлын замын урд талд цагаан хаалгатай айл байсан. Тэгээд хүлээгээд байж байхад нөгөө утас зардаг эгчийн нөхөр нь хүрээд ирсэн. Би нөхөртэй нь уулзаад нөхөр нь намайг гэрт ороод хүлээж бай гээд би бараг 2 цаг хүлээсэн байх. Утас авчирсан машин нь хонхорт барилгын материал буулгаж байгаа гээд удаад байсан. Тэгээд орой 23 цагийн орчим утсаа шалгаж байгаад гэрээс нь гарсан. Тэгээд би машиндаа суугаад шинэ утсандаа хэрэглээний программ зэрэг зүйлс суулгаж байхад хойно гэрэл тусах шиг болсон. Тэгээд аваад харахад нөгөө эгчийн утас байсан. Би тэр утсыг харахад дэлгэц нь түгжээтэй байсан. Тэгээд би тухайн оройдоо интернетээс харж байгаад кодыг нь гаргачихсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 дүгээр хуудас/,
1.3. Хохирогч А.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2021 оны 01 дүгээр сарын 13-ны орой 21 цагийн орчим найз О-тай уулзаж тоос сорогч янзлуулах гэж гэрт нь очиход О эхнэр Т нар байсан. Тэгээд Т миний утсыг өгч бай, би хүнтэй уулзчихаад ирье гээд гуйгаад аваад явсан. Тэгээд 30 минутын дараа эргэж ирэхээр нь гар утсаа авъя гэсэн чинь Т таксин дотор орхисон байна гээд буцаад гараад гүйсэн. Тэгсэн чинь машин нь хөдлөөд явсан байсан. Тэгэхээр нь би Т-н хүүхдийнх нь утсаар өөрийнхөө 9925... дугаар луу залгасан чинь авахгүй байсан. Тэгээд миний хажууд Төгсөө цагдаа руу дуудлага өгч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
1.4. Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манайд 2021 оны 01 дүгээр сарын 13-ны орой Б манай нөхөр О-той уулзах гэж ирсэн. Тэгээд би дэнж рүү хүнтэй уулзах гээд гарахдаа Б-ийн утсыг нь аваад гарсан. Гэрээс гарахад манай гэрийн урд талд суудлын жижиг тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд би тэр машины жолоочоос таксинд явах уу гэж асуухад явна гэж хэлэхээр нь суугаад хот тохижуулахын ард талыг эгнээнд очиход миний уулзах хүн байхгүй байсан. Явах замд таксины жолооч надаас гар утсаа өгч бай гээд гуйгаад авсан. Тэгээд намайг гэрийн гадаа хүргэж өгөөд би гэрт ороход Б гар утсаа авъя гэхээр нь гэнэт таксины жолоочид байгаа гэж санаад гараад ирэхэд тэр машин маш хурдан өнгөрөөд явсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
1.5. Гэрч С.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай ангийн найз Б 20 цаг 30 минутын үед манай гэрт ирэхээр нь О бид 2 ярьж байгаад ганц шил архи авч өгье гэж шийдээд тэгээд би О-өөс гар дээрээс архи зарж магадгүй нэг айлыг заалгаад гэрээс гарсан. Тэгээд зам дагаад явж байтал Петровис шатахуун түгээх газрын хажууд явж байтал нэг жижиг цагаан машин зогсоод хаачих гэж байгаа юм бэ та суучих гэхээр нь би машинд ороод суугаад хөдлөөд дэнж рүү явсан боловч нөгөө юм авах айлаа олоогүй. Тэгээд явж байх хугацаанд нөгөө жолооч залуу надад хандаж ах утсаараа яриулаач утсаар ярих шаардлагатай байна гэхээр би утсаа өгтөл миний утасны нэгж дууссан байсан. Тэгээд бид манай гэр лүү яваад би гэртээ бууж үлдээд О-ийг Б-ийн утсыг аваад явчих гээд нөгөө машинд суулгаад явуулсан. О нөгөө айл руу яваад 10-15 минутын дараа гэрт орж ирэхэд нь Б утсаа авъя гэхэд нөгөө машины яриад өгье гээд авсан өгөөгүй байна ш дээ гэж хэлээд гараад гүйсэн чинь нөгөө машин явсан байсан. Тэгээд араас нь хүүхдийн утаснаас Бийн 9925... дугаар луу залгахад авахгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
1.6. Гэрч Ч.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө 10 цагийн орчимд манай нөхөр Б ажлаасаа буугаад гэрт орж ирсэн. Тэр үед бид 2 гэр бүлийн асуудлаар багахан маргасан байсан учраас өөрийн машинаа асаагаад аваад гараад явсан. Тэр орой гэртээ ирж хоноогүй, маргааш өглөө нь ажилд гарах байсан. Ажлаа тараад 1 дүгээр сарын 14-ний орой 11 цагт гэртээ ирсэн. Орж ирэхдээ 2 утастай болчихсон орж ирсэн. Нэг утас нь Самсунг А10, нөгөөх нь Самсунг S6 маркийн хоёр утас байсан. Хүн суугаад утсаар нь гуйж яриад дахиад гуйгаад ярих гэтэл дэлгэц нь түгжигдсэн байхаар нь яриагүй. Тэгээд гэрт нь буулгаж өгөөд өөрийн захиалсан гар утсаа аваад машиндаа суухад нь машины ард нөгөө хүний утас байж байсан гэж хэлсэн.
Маргааш буюу 01 дүгээр сарын 14-ний орой ирэхдээ надад утас авсан гэж хэлсэн. Б надад хэлэхдээ Өгөөжөөс авсан гэж хэлсэн. Хэн гэдэг хүнээс авсан талаар надад хэлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
1.7. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,
1.8. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8 дугаар хуудас/ зэрэг болно.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч *******-гийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч *******-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч Ч.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай нөхөр Б нь их тайван тогтуун, хүн амьтантай хэрүүл маргаан хийгээд байдаггүй даруухан хүн... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
2.2. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/,
2.3. Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 64-70 дугаар хуудас/,
2.4. Хохирогч А.Б-ийн Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 90 дүгээр хуудас/,
2.5. Шүүгдэгч *******-ийн Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 89 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Г-н Б-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ