Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 120

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Чандмань сумын 1 дүгээр баг Чандмань-Уулд оршин суух, Чандмань-Уул Нэргүйн Шаравнямбууд холбогдох

Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл болон алданги нийт 2.981.589 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сумын сум хөгжүүлэх сангаас зээл авсан Чандмань сумын төвд оршин суудаг Чандмань-Уул овогтой Нэргүйн Шаравнямбуу нь 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 4.000.000 төгрөгийн зээлийг авч 4.186.289 төгрөг болгон төлж барагдуулах ёстой байснаас 3.139.700 төгрөгийг төлөн 1.046.589 төгрөгний үлдэгдэлтэй байгаа болно. Зээлээ графикт хугацаанд нь төлөөгүйн улмаас 2014 оны жилийн эцсийн аудитын шалгалтаар 1.935.000 төгрөгийн алданги тавигдаж нийт 2.981.589 төгрөгийг төлөх шаардлагатай байна. Иймээс Нэргүйн Шаравнямбууг хариуцагчаар татаж сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөрийг төлж барагдуулан хохиролгүй болгох нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Чандмань сумын сум хөгжүүлэх сангаас 2012 оны 01 дүгээр сарын 10-нд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 4.000.000 төгрөгийн зээл аваад 4.186.289 төгрөг болгон төлж барагдуулах ёстой байснаас 3.139.700 төлөн үндсэн зээлээс 1.046.589 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. 2014 оны жилийн эцсийн аудитын шалгалтаар 1.935.000 төгрөгийн алданги тавигдаж нийт 2.981.589 төгрөг төлөх шаардлагатай байна. Н.Шаравнямбуу миний бие үндсэн зээлийн үлдэгдэл болох 1.046.589 төгрөг, 2014 оны жилийн эцсийн аудитын шалгалтаар тавигдсан алданги болон 1.935.000 төгрөг, нийт 2.981.589 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг дарга сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл болон алданги нийт 2.981.589 төгрөгийг гаргуулахаар Нэргүйн Шаравнямбууд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд хариуцагч Н.Шаравнямбуу нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл болон алданги нийт 2.981.589 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчдын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул  шүүх эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

Зохигчид эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хуваарилах талаараа дурдаагүй байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын  тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн  7  дугаар  зүйлийн  7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 62.655 төгрөгний тал хувь буюу 31.328 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, алданги нийт 2.981.589 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч  Чандмань уул, Нэргүйн Шаравнямбуу нь сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, алданги нийт 2.981.589 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын  тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн  7  дугаар  зүйлийн  7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 62.655 төгрөгний тал хувь буюу 31.328 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.

 

                     

 

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                       Ц.ҮЙТҮМЭН