Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/08

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн

Улсын яллагч А.Оргилбаяр

Шинжээч А.Ц/онлайн/

Иргэний нэхэмжлэгч Т.Д

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б-н С-д холбогдох 2016001330105 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.С нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрүүдийг хүртэл 11 хоногийн хугацаанд Говь-Алтай аймгийн **** сумын *****багийн нутаг дэвсгэр “******” гэх нэртэй газар нийт 5270 м/кв буюу 0.53га талбайд өөрийн эзэмшлийн ****** улсын дугаартай “Daewoo Solar SL 50” маркийн улбар шар өнгийн бага оврын экскаватор, Б.Б-ийн эзэмшлийн ***** улсын дугаартай “Daewoo Solar SL 55” маркийн улбар шар өнгийн бага оврын экскаватор, “Yamaha” маркийн цахилгаан үүсгүүр 1 ширхэг, цахилгаан үүсгүүр 1 ширхэг, алт шигших төхөөрөмж 2 ширхэг зэрэг техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 954.068 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт хамааруулан зүйлчилж Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Б.С-гийн шүүхийн хуралдаанд өгсөн “...Намайг байхгүй үед цагдаа нар ирсэн байсан. Газар ухсан зүйл байхгүй. Техник тоног төхөөрөмжийг аваачиж зогсоосон байсан...Би биечилж ажиллаагүй. Би энд ажилтай байсан...07 дугаар сарын 29-ний өдөр гараад 08 дугаар сарын 07-нд буусан... Нэг трактор нь манай ах Б-ийн нэр дээр байдаг. Нэг трактор нь миний нэр дээр байдаг. Зарах зорилгоор авчирсан техник байгаа юм. Би ойр зуур хэрэглэж байсан....Аймгийн *** дарга гэсэн үүднээс амаар зөвшөөрөл өгсөн юм чинь болох байх гэж бодоод гарсан. Ашиг олсон зүйл байхгүй. Би өмнө нь зүүн талд төсөл авах гэж байсан юм. Тэгээд орон нутагтаа хийсэн юмтай байя гээд газар булаад шилждэг юм уу гэсэн санаатай гарсан. Алт олох санаатай. Тэгээд юм гараагүй...” гэх мэдүүлэг,/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүгдэгч Б.С-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Би өмнө нь нөхөн сэргээлтийн ажил хийдэг байсан ...Аймгийн *** дарга Г-тэй манай ээж Г уулзсан юм. Г дарга “та нар нөхөн сэргээлт хийх газартаа ороод хийж бай” гэж хэлсний дагуу 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 11 хоног нөхөн сэргээлт хийж байсан...Нөхөн сэргээлт гэдэг нь эвдэгдсэн газраа ухаж олборлолт явуулж тэндээсээ олсон ашгаараа нөхөн сэргээлтээ хийх зарчмаар явдаг. Тухайн үед бид нар энэ зарчмаар үйл ажиллагаагаа явуулсан, зардлыг нь өөрсдөөсөө гаргасан...” гэх мэдүүлэг,/1ХХ205-208/,

Шинжээч А.Ц-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Тухайн газар мөрдөгч цагдаагийн ахмад н.М, Б.С, өмгөөлөгчийн хамт талбай дээр очиход нийтдээ 5.270 талбай бүхий 0.53га талбайд хэмжил хийгдсэн. Эдэлбэр газар, газрын хэвлий, хөрс, ус, ургамал гэсэн бүрэлдэхүүнтэй хохирлын үнэлгээ тооцдог. Энэ талбайд эдэлбэр хохирол дээр 9.068 төгрөгийн хохирол учирсан. Газрын хэвлийд 945.000 төгрөгийн хохирол учирсан. Хөрс ургамлын хохирол дээр урд өмнө эвдэгдсэн газар байсан учраас хохирол тооцох боломжгүй байсан. Усан орчинд хэрэгцээтэй ус ашиглаагүй байсан учраас хохирлын үнэлгээ тооцох боломжгүй байсан. Ингээд нийт 954.068 төгрөгийн хохирол учирсан байсан... Энэ эдэлбэр газар болон газрын хэвлий хохирлын үнэлгээг Байгаль орчин аялал зуучлалын сайдын А/156 аргачлалаар тооцдог байгаа. Энэ аргачлал дээр үйл ажиллагаа явуулсан 70м2 талбайгаар нь эвдэгдсэн талбай эдэлбэр газрын эвдэгдсэн 9.068 төгрөгийн хохирол гарсан. Газрын хэвлийд тухайн газар эвдэгдсэн байсан учраас газрын эвдрэлийг биш тухайн газарт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулсан нь тодорхой байвал ашигт малтмал явуулсан хэмжээгээр нь тооцож гаргадаг. Мөрдөгч М 7 грамм алт олборлосон гэж мэдүүлсэн байгаа. Тэрийг худалдаж байгаа хүн нь 1 грамм алтыг 135.000 төгрөгөөр худалдаж авсан гэж ярьсан байгаа. Удахгүй мэдүүлгээр баталгаажуулна. Олборлосон алт нь 7 грамм байгаа гэж тайлбарласан. Надад тухайн мэдүүлгийг хүлээж байх хугацаагүй байсан учраас талбай дээр хэмжилт хийж, үнэлгээг нь 1 грамм алтыг 135.000 төгрөгөөр бодож, 7 грамм алт олсны хэмжээгээр нь 945.000 төгрөг болгож эдэлбэр газрын 9.068 төгрөгтэй нийлүүлж 964.068 төгрөгийн хохирлын үнэлгээг гаргаж өгсөн... Техник ашиглаж үйл ажиллагаа явуулсан ул мөр байсан. Гэхдээ хуучин нүх байсан учраас газрын хэвлий рүү хэчнээн метр нэвтэрсэн гэх үнэлгээг тооцох боломжгүй байсан... 5270м талбайг мөрдөгч н.М, шүүгдэгч Б.С хамт алхаж, тусгай төхөөрөмжөөр нисдэг камерын нисгэж хэмжиж гаргасан талбай байгаа. Энэ талбайгаар нөхөн сэргээлтийг зардал тооцсон...” гэх мэдүүлэг,/шүүх хуралдаан тэмдэглэлээс/

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Хяналт шалгалт ажлаар явж байсан. Тухайн үед энэ компани гэр барьсан, трактор гаргасан, шигшүүртэй мотортой байсан. Тухайн үед би танайх зөвшөөрөл аваагүй байж ажил хийж болохгүй гэдгийг удаа дараа хэлсэн. Нэг очиход энэ хүн байхгүй байсан... Байгаль хамгаалагч, цагдаатай хамт явдаг. Эхний удаад очиход ажиллаж байсан... Хуучин нинжа нарын ухсан нүхийг бутлаад дараад шигшүүрээр дамжуулж ажиллаж байсан. Бид та ингэж ажиллаж болохгүй. Засгийн газрын 151 дүгээр тогтоолыг зөрчиж байна гэхэд тэрийг бид мэдэж байгаа. Бид Г гэдэг хүнээс зөвшөөрөл авсан. Бичиг баримт хаана байгаа вэ? гэхэд материал бүрдүүлж байгаа гэхээр нь тэр хүртэл энэ үйл ажиллагаагаа зогсоо гээд энэ үйл ажиллагаа зогссон байгаа... 2 удаа очсон... Эхний очиход байсан. Сүүлийн очиход байхгүй байсан... Мэдэж байна. Бид нар бичиг баримтаа хөөцөлдөж байгаа. Тэр хүртэл ажиллахгүй энд байж байя гэдэг байсан... Эрх авсан компани улсын хөрөнгөөр ашигт малтмал олборлоогүй дарах ёстой. Энэ компани бид нар бичил уурхай хэлбэрээр ашиглана гэдэг байсан... Солбилцлын авч ашигт малтмалын газар хүргүүлдэг. Тэгээд ашигт малтмалын газраас энэ газарт бичил уурхай хэлбэрээр ашиглах боломжтой байна гэсэн дүгнэлт гарах бол тухайн аймгийн Засаг дарга гэрээ байгуулан ажиллах ёстой... Дүгнэлтээр хохирол бодогдсон тул хохиролгүй болгох хүсэлтэй байна...Бичил уурхай бол гэрээ байгуулан ажиллан олсон ашгаас тухайн газрыг нөхөн сэргээх харин нөхөн сэргээлт нь улсын төсвийн хөрөнгөөр бол олборлохгүй дарах ёстой...” гэх мэдүүлэг шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч Ж.Г-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2 хоногийн өмнө нэг эмэгтэй хүн орж ирсэн би Б.С-гийн ээж гэж ойлгосон. Надтай уулзаад нутгийн иргэд нөхөн сэргээлт хийгээд өгөөч гээд байхаар нь орчихсон чинь цагдаагаас үйл ажиллагааг зогсоочихсон хамаг юм хураачихсан гээд ирсэн. Тэгээд нутгийн 2 малчны нэртэй өргөдлийг надад өгөхөөр нь би хүлээн аваагүй. Би тухайн иргэдэд ямар нэгэн нөхөн сэргээлт хийх ашигт малтмал олборлох зөвшөөрөл огт өгөөгүй...” гэх мэдүүлэг /ХХ62/

Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр манай найз Б.С Говь-Алтай аймгийн **** сумын ***** багийн **** гэх газар нөхөн сэргээлт авсан. Ирээд трактор бариадах гэж дуудахаар нь ирээд 5 хонож байна... Намайг ирэхэд Ж, Б нарт нэг трактор байсан. Маргааш нь нэг тракторыг аймгаас авчирсан юм...Тухайн газарт 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр намайг ирсэн тэр өдөр зөрөөд явсан тухайн газарт тракторыг нь унаж байсан юм байна лээ. Тэгээд надад хэлэхдээ энэ бүтэхгүй газар байна трактор нь эвдрээд буцлаа гээд яваад өгсөн. Баянхонгор аймгийн хүн л юм шиг байсан би сайн танихгүй бас С ажиллуулахаар авчирсан юм шиг байна лээ би бүтэн нэр ус болон хаана байдаг юу хийдэг талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /ХХ47-48, 53/

Гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Газар нутгийнх нь нэрийг мэдэхгүй байна би Д гэдэг найзынхаа гэрт Говь-Алтай аймгийн төвд 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ирсэн тухайн үед аймгийн ой болох гэж байгааг дуулаад үзэх санаатай Улаанбаатар хот Налайх дүүргээс ирсэн юм. Тэгээд ирчхээд байж байтал Д надад хэлэхдээ  манай дүү С-ийн трактор, гэр нь эзэнгүй ууланд байгаа та 1, 2 хоног хараад хонохгүй юу гэхээр нь зөвшөөрөөд газрын нэрийг тухайн үед мэдэхгүй сүүлд мэдэхэд ***** нуруу гэх газар очсон. Тэгэхэд нэг ширхэг улаан өнгийн 55 загварын жижиг оврын трактор нэг гэр 2 байсан өөр хүн байгаагүй тэгээд 2 хоног тухайн эд зүйлсийг нь хараад байж байтал С Баянхонгороос ирсэн гээд Г гэдэг залууг дагуулж очсон. Тэр залуу тухайн тракторыг асаагаад ойр хавийн хуучин эвдэгдсэн алт ухаж байсан нүхнүүдийг дарж эхэлсэн. Тэгээд надад хэлэхдээ аймгийн ойн 08 дугаар сарын эхээр болох юм шиг яригдаж байна. Тэр болтол энэ залууд туслаад ажиллаж байхгүй юу сүүлд нь цалин мөнгө өгнө гэж хэлсэн яг тохирсон зүйл байхгүй. Тэгээд ойр зуурын ажилд нь туслаад байж байтал трактор нь эвдрээд гинж нь мултраад тосол нь халаад болохгүй байсан тэгээд С ирж очин хэрэгтэй зүйлс аймгаас зөөдөг байсан. Тухайн хуучин эвдэгдсэн нүх шүрүүпийг булахдаа хажууд нь шороо шигших пункер байрлуулаад булж байгаа шороогоо шигшээд алт олборлох зорилгоор буудуулдаг байсан боловч юм олдохгүй байна гэж л хэлдэг байсан. Тэгээд болиод буухаар болж байснаа наашлаад нэг задгай талд хуучин алт ухаад эвдэгдсэн жалганд ирж буусан тэгээд тухайн газарт  нүх булах  гээд оролдсон боловч трактор нь эвдрээд байсан чинь Г нь энэ бүтэхгүй ажил байна би явлаа гээд яваад өгсөн. Тухайн үед аймгаас дахиад нэг трактор авч очоод ажиллуулсан тэгэхдээ жолоочоор нь Б гээд залуу хамт очсон юм. Тэгээд тухайн газарт Б нь ирээд 5 хоног орчим ажиллаж байхад аймгаас цагдаа нар ирээд үйл ажиллагааг зогсоосон юм...” гэх мэдүүлэг /ХХ57-59/

Гэрч  Д.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Зүс харж байсан залуу байна сайн танихгүй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй саяхан надад жоохон алт авчирч тушаасан залуу мөн байна... Яг хэдэн грамм алт хэдэн төгрөгөөр өгснийг санахгүй байна. Ямар ч байсан 3-4 грамм алт орчим алт тушаагаад явсан юм. 1 грамм алтыг 135.000 төгрөгөөр тушаасан нь үнэн...” гэх мэдүүлэг /ХХ60-61/,

Гэрч А.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 07 дугаар сарын сүүлээр яг өдрөө санахгүй байна Г надад ирж хэлэхдээ *** сайр гэх газарт хүмүүс трактортой ирчихсэн нөхөн сэргээлт хийж байна. Зөвшөөрлөө авчихсан юм гэнэ танайх даруулах нүхээ зааж өг гэж хэлүүлсэн байсан. Би тэгээд ***** сайрт очиход 1 трактор ирчихсэн хүмүүс харагдаж байсан. Ямар үйл ажиллагаа явуулсныг сайн анзаараагүй тэгээд би нэрийг нь мэдэхгүй нэг махлаг залуутай уулзсан С гэдэг залуу юм шиг байна лээ. Тухайн залуу надад хэлэхдээ би зөвшөөрөлтэй нөхөн сэргээлт хийж байгаа та булуулж даруулах газраа зааж өгөөрэй гэхээр нь ***** овооны шил дээр 2 салаа зааж өгөөд нүхийг дараарай гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа мотоциклтойгоо яваад очиход жалганы дээрээсээ эхлээд дараад явж байна гээд 2 трактор аваад ирчихсэн байж байсан. Тухайн газарт 2 трактор нь хуучин эвдэгдсэн газрын нүхний шороог хутгаад нэг пүнкер шиг юм луу хийгээд шороо манан хадуулаад байсан. 2020.08.07-ны өдөр цагдаагаас хүмүүс ирээд зогсоосон байсан. Тэр өдрөөс 2 хоногийн дараа С гэдэг залуу малчдаас аймгийн засаг даргад хүсэлт гаргах ёстой гээд нөхөж бичүүлж аваад явсан. Түүнээс урьд өмнө тийм зүйл бичиж өгөөгүй...” гэх мэдүүлэг/1ХХ 63-64/,

Гэрч Г.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны үед манай **** гэх нэртэй өвөлжөөний орчим байх эвдэгдсэн талбайг дарж булж өгч байсан залуу байгаа юм... С-ийн ээж Г-тай уулзаад танайх нөхөн сэргээлт хийж байгаа юм уу **** орчим жоохон газарт нөхөн сэргээлт хийлгэж нүх булуулмаар байна. Тухайн газарт өвөлдөө мал нүхэнд унаж үхээд байна гэж хэлсэн чинь өргөдлөө өгчих би дамжуулаад шийдүүлээд нөхөн сэргээлт хийлгээд өгнө гэж хэлээд надаар өргөдөл бичүүлж авч байсан. Би өөрөө ямар нэгэн байдлаар аймгийн тамгын газарт өөрийн гараар хүргэж өгөөгүй Г нь бичүүлж аваад явсан. Тэгээд сүүлд нь ***** дээд эхэд 2 трактор нөхөн сэргээлт хийж байгаад алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг/1ХХ65-66/,

Гэрч Д.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн иргэдийн үйл ажиллагаа явуулсан газар нь тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхацдаггүй. Тухайн газарт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ямар нэгэн аж ахуй нэгж компани үйл ажиллагаа явуулж байгаагүй. Тухайн газарт газарт иргэд гар аргаар хууль бусаар алт олборлож эвдэгдсэн хуучин талбай байдаг... Манай аймагт Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолоор батлагдсан аж ахуй нэгж байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журмын 3.5-д заасны дагуу Байгаль орчин аялал жуучлалын сайдын тушаалаар 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/96 дугаартай тушаалаар эрх авсан “Миний бүрэн” ХХК гэж аж ахуй нэгж байгаа боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулаагүй байгаа. Нөхөн сэргээлт хийх эрх бүхий нөхөрлөл бол байхгүй харин засгийн газрын 151 дүгээр тогтоолоор  батлагдсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу байгуулагдаж олборлолтын үйл ажиллагаа явуулж тухайн талбайдаа нөхөн сэргээлт хийх эрхтэй нөхөрлөлүүд байгаа боловч **** багийн нутаг дэвсгэрт бичил уурхайн зориулалтаар олгогдсон тусгай хэрэгцээнд авсан талбай одоогоор байхгүй байгаа ...” гэх мэдүүлэг/1ХХ67-68/,

Гэрч Ч.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...*** сумын *** багийн нутаг дэвсгэрт иргэд гар аргаар алт олборлож эвдэгдсэн хуучин талбай нь ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй газар биш... Урьд өмнө нь ямар нэгэн компани тухайн газарт олборлолт нөхөн сэргээлтийн ажил явуулаагүй. Тухайн газрыг гар аргаар алт олборлогчид эвдсэн. 2020 оны 07 дугаар сарын 21-ны өдөр байгаль хамгаалагчийн хамт тухайн газарт очиход ямар очиход ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй техникүүдээ янзлаад байж байсан ба хариуцсан эзэн нь байхгүй байсан. Би энд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулахгүй техникүүдээ буулгаж авч явах талаар яриа хийсэн... гэх мэдүүлэг /1ХХ71/,

Гэрч Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...*** сумын *** багийн нутаг дэвсгэрт иргэд гар аргаар алт олборлож эвдэгдсэн хуучин талбай нь ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй газар биш... Урьд өмнө нь ямар нэгэн компани тухайн газарт олборлолт нөхөн сэргээлтийн ажил явуулаагүй. Тухайн газрыг гар аргаар алт олборлогчид эвдсэн. 2020 оны 07 дугаар сарын 21-ны өдөр байгаль хамгаалагчийн хамт тухайн газарт очиход ямар очиход ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй техникүүдээ янзлаад байж байсан ба хариуцсан эзэн нь байхгүй байсан. Энд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулахгүй техникүүдээ буулгаж авч явах талаар яриа хийсэн. Тэгсэн 1 ажилтан С аймгийн ***** дарга Ж.Г тусгай зөвшөөрөл авахаар явсан талаар хэлсэн. Мөн бид 2 зөвшөөрөлгүй ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байх талаар сайтар ойлгуулж хэлсэн...” гэх мэдүүлэг /1ХХ72/,

 Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Нуман Алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/75 дугаартай “...Б.С-гийн эвдсэн талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг 954.068 төгрөгөөр нөхөн сэргээх зардлыг 1.217.769 төгрөгөөр тус тус тогтоосон...” дүгнэлт/1ХХ104-130/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р ХХ6-14/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол/1-р ХХ250/, Говь Алтай аймгийн Байгал орчин аялал жуулчлалын газрын албан бичиг/1ХХ 239/ зэрэг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 07-ны хооронд Говь-Алтай аймгийн **** сумын ***** багийн нутаг дэвсгэр “*****” гэх нэртэй газар нийт 5270 м/кв талбайд өөрийн эзэмшлийн ***** улсын дугаартай “Daewoo Solar SL 50” маркийн бага оврын экскаватор Б.Б-ийн эзэмшлийн **** улсын дугаартай “Daewoo Solar SL 55” бага оврын экскаватор, ямаха /Yamaha/ маркийн цахилгаан үүсгүүр 1 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн нэр, марк тодорхойгүй цахилгаан үүсгүүр 1 ширхэг, шороо шигших төхөөрөмж 2 ширхэг зэрэг техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 954.068 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.7 дэх заалтад ”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг ойлгоно гэж заасан түүнчлэн шүүгдэгч нь нөөц, хэмжээ нь хайгуулын ажиллагааны үр дүнд тогдоогдоогүй урьд өмнө хууль бусаар гар аргаар алт олборлож байсан газар үйл ажиллагаа явуулсан тул түүний үйлдлийг ашигт малтмалын эрэл хайгуул олборлох үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн болно.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс аймгийн засаг дарга амаар зөвшөөрөл өгсөн, ашигт малтмал олборлоогүй ард иргэдийн хүсэлтээр нөхөн сэргээлт хийсэн учир гэмт хэрэг үйлдээгүй гэж мэтгэлцэж байгаа боловч энэ нь гэрч Ж.Г-ын “ С-д ямар нэгэн байдлаар ашигт малтмал олборлож болно гэж зөвшөөрөл өгөөгүй” гэсэн агуулгатай мэдүүлэг, “тухайн нутаг дэвсгэрт нөхөн сэргээлтийн болон ашигт малтмалтай холбоотой тусгай зөвшөөрөл өгөгдөөгүй” талаар мэдүүлсэн гэрч Д.М, Н.Б нарын мэдүүлэг, Говь Алтай аймгийн Байгал орчин аялал жуулчлалын газрын албан бичиг, “нөхөн сэргээлт хийлгэх талаар өргөдөл гомдол гаргаагүй, сүүлд нь нөхөн өргөдөл бичүүлж авсан” талаараа мэдүүлсэн гэрч Г.Г, А.Ц нарын мэдүүлэг” зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Монгол Улсын хэмжээнд аливаа ашигт малтмалыг эрж хайх, ашиглах, олборлох байгаль орчин нөхөн сэргээх үйл ажиллагааг бичил уул уурхайн хэлбэрээр явуулахаар бол зохих хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрлийг нь бичгээр урьдчилан авч хамтарсан гэрээний үндсэн дээр явагдах хууль, эрх зүйн орчин үйлчилж байгаа бөгөөд энэ шаардлагыг хангалгүйгээр ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулсан тохиолдлыг тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг гэж үзэн хууль тогтоогч эрүүгийн хуулиар хамгаалжээ. 

Иймээс шүүгдэгч Б.С-гийн үйлдэл нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Уг гэмт хэрэг нь тухайн үйл ажиллагааг явуулж эхэлснээр төгсдөг хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул ашигт малтмал олсон эсэх, олсон ашигт малтмалын болон учруулсан хохирлын хэмжээ зэрэг нь хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын болон учирсан хохирлын хэмжээ түүнчлэн хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авах үндэслэлийг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/1ХХ 229/ гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл болох “Daewoo Solar SL 50” маркийн улбар шар өнгийн **** улсын дугаартай бага оврын экскаваторыг 4.420.000 төгрөгөөр, Б.Б-ийн эзэмшлийн **** улсын дугаартай “Daewoo Solar SL 55” маркийн улбар шар өнгийн бага оврын экскаваторыг 5.760.000 төгрөгөөр,“Yamaha” маркийн цахилгаан үүсгүүр 1 ширхгийг 240.000 төгрөгөөр, БНХАУ-д үйлдвэрлэсэн марк нь тодорхойгүй шар өнгийн цахилгаан үүсгүүр 1 ширхгийг 240.000 төгрөгөөр, алт шигших төхөөрөмж 2 ширхэг зэргийг тус бүр 99.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээчин Р.Цанжидын үнэлгээний тайлан /1ХХ89-97/ иргэний нэхэмжлэгч Т.Д-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, байгаль орчны үнэлгээний “Нуман Алтай” ХХК-д үнэлгээний хөлс 3.000.000 төгрөг төлсөн нэхэмжлэх, төлбөрийн хүсэлт/ХХ135-136/, байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Нуман Алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/75 дугаартай үнэлгээний дүгнэлт/1ХХ104-130/ зэрэг нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Үүний үндсэн дээр шүүгдэгч Б.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийг хувьд тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгох ялыг 1/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

1. Байгал орчныг хамгаалах тухай хуулийн  49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д “газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус хуульчилжээ.

 Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Нуман Алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/75 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “...Б.С-гийн эвдсэн талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг 954.068 төгрөгөөр тогтоосон байх тул уг үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг 1.908.136/нэг сая есөн зуун найман мянга нэг зуун гучин зургаа/ төгрөгөөр тогтоох, харин хөрсний эвдрэлд болон ургамлын бүрхэвчний хохиролд шүүгдэгчийн үйлдэл нь хамааралгүй урьд нь эвдэгдсэн газар байсан тул түүнээс дээрх үнэлгээгээр тогтоогдсон нөхөн сэргээлтийн ажлын нийт зардлын 1.217.769/нэг сая хоёр зуун арван долоон мянга долоон зуун жаран ес/ төгрөгөөс биологийн нөхөн сэргээлтийн 51.561/тавин нэгэн мянга таван зуун жаран нэг/ төгрөг, цаашдын мониторинг хийх, орон нутагт үлдээх хөрөнгөний зардал 100.550/нэг зуун мянга таван зуун тавь/ төгрөгийг хасаж, техникийн нөхөн сэргээлтийн 1.065.659/нэг сая жаран таван мянга зургаан зуун тавин ес/ төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.

Иймээс шүүгдэгч Б.С-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан өөрийн өмчлөлийн 4.420.000 төгрөгийн үнэлгээ бүхий **** улсын дугаартай “Daewoo Solar SL 50” маркийн экскаватор, тус бүр 99.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг шороо шигших төхөөрөмж тус бүр 240.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Yamaha” маркийн цахилгаан үүсгүүр, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн шар өнгийн цахилгаан үүсгүүр зэргийг хураан авч, иргэн Б.Б-ийн өмчлөлийн ***** улсын дугаартай “Daewoo Solar SL 55” маркийн экскаваторын үнэ болох 5.760.000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд ноогдох хөрөнгөөс албадан гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн түүнчлэн шүүгдэгчээс хураан авах дээрх эд хөрөнгийн худалдан борлуулсны орлогоос болон гаргуулах  5.760.000 төгрөгийн үнийн дүнгээс 1.908.136 төгрөгийг “Байгаль орчин уур амьсгалын сан”-д, техникийн нөхөн сэргээлтийн зардалд 1.065.659 төгрөгийг гарган “Говь-Алтай аймгийн **** сумын Засаг даргын тамгын газар”-т, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 3.000.000 төгрөгийг гарган “Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар”-т тус тус олгож илүү гарсныг нь улсын орлого болгох нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн зохицуулалтад нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолоос иргэн Б.Б-ийн өмчлөлийн **** улсын дугаартай “Daewoo Solar SL 55” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгож хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгож, бусад техник, тээврийн хэрэгслийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэн, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 2/хоёр/ хуудас баримтыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-н С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал хайх олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 /зургаан мянга / нэгж буюу 6.000.000/зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.С-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Б.С-д сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн өөрийн өмчлөлийн 4.420.000 төгрөгийн үнэлгээ бүхий **** улсын дугаартай “Daewoo Solar SL 50” маркийн экскаватор, тус бүр 99.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг шороо шигших төхөөрөмж тус бүр 240.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Yamaha” маркийн цахилгаан үүсгүүр, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан үүсгүүр зэргийг хураан авч, иргэн Б.Б-ийн өмчлөлийн *** улсын дугаартай “Daewoo Solar SL 55” маркийн экскаваторын үнэ болох 5.760.000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд ноогдох хөрөнгөөс албадан гаргуулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийг худалдан борлуулсны орлого болон шүүгдэгчээс гаргуулах 5.760.000 төгрөгийн үнийн дүнгээс 1.908.136 төгрөгийг “Байгаль орчин уур амьсгалын сан”-д, техникийн нөхөн сэргээлтийн зардалд 1.065.659 төгрөгийг гарган “Говь Алтай аймгийн ***** сумын Засаг даргын тамгын газар”-т, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 3.000.000 төгрөгийг гарган “Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар”-т тус тус олгож илүү гарсныг нь улсын орлого болгосугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолоос иргэн Б.Б-ийн өмчлөлийн **** улсын дугаартай “Daewoo Solar SL 55” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгож хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгож, бусад техник хэрэгслийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

9. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, цагдан хоригдоогүй түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хоёр ширхэг баримтыг хэрэгт хавсаргасугай.

10 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА