Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 122

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 6-33 тоотод оршин суух Ламуудан, Чанцалдуламын Болормаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 10-21 тоотод оршин суух Дарамын Батбаярт холбогдох 

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүүхэд харуулсны хөлс 1.680.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Болормаа, Д.Батбаяр, гэрч Д.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Болормаа миний бие 2014 оны 12 дугаар сард Д.Батбаяртай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүү Б.Идэрмөнх төрсөн. 2015 оны 10 дугаар сард намайг хаяж явсан. Өөр найз охинтой болсон. Тэр найз охин нь жирэмсэн учир бид тусдаа амьдрах болсон. Цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү Б.Идэрмөнхийн эцэг мөн болохыг тогтоож, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсэж байна. Мөн би Анагаахын Шинжлэх Ухааны сургуульд эм найруулагчийн 3 дугаар курсэд суралцдаг. Хүүхэд харах хүн байхгүй. 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 06 дугаар сар хүртэл хүүхэд харуулсан цалин 1.680.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Батбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Болормаатай 2014 онд танилцсан, хамтран амьдарч байгаагүй, үүнийг манай гэрийнхэн мэднэ. 2015 оны 01 дүгээр сард Ч.Болормаа надаас сална, өөр хүнтэй болсон гэсэн, үүнээс хойш дахиж уулзаагүй. Хүүхэд төрснийг ч би мэдээгүй. Гэтэл 2015 оны 11 дүгээр сард Ч.Болормаа нь Б.Идэрмөнхийг миний хүүхэд гээд ямар ч хувцасгүй нүцгэн, бичиг баримтгүй манайд авчирч 6 цаг орчим байлгаж байгаад шөнийн 23 цагийн орчимд ирж авч явсан. Үүнээс хойш сураггүй байж байгаад шүүхэд өргөдөл өгсөн байсан. 2015 оны 11 дүгээр сард Ч.Болормаатай уулзаж хамт амьдарья гэхэд өөр хүнтэй болсон гэж хэлсэн. Б.Идэрмөнхтэй ДНК-ийн шинжилгээ хийлгээд миний хүүхэд мөн гэж 99.99% гарж ирсэн би хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэгийг төлнө. Хүүхэд харуулсны хөлс 1.680.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Ч.Болормаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ч.Болормаа нь хариуцагч Д.Батбаярт холбогдуулан хүү Б.Идэрмөнхийн эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг, хүүхэд харуулсны хөлс 1.680.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Ч.Болормаа, Д.Батбаяр нар 2014 оны 12 дугаар сард танилцаж, тэдний дундаас 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр, хүү Болормаагийн Идэрмөнх төрсөн болох нь зохигчдын тайлбар, 8201000358 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Энх-Алтай өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч нь хүү Б.Идэрмөнхийг өөрийн хүүхэд мөн эсэхэд эргэлзэж, эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасны дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 7935 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Д.Батбаяр нь Б.Идэрмөнхийн биологийн эцэг байх магадлал 99,99 хувь гэж гарсан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр тус тус заасан тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу эцэг Д.Батбаяраас тэтгэлэг гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч, хүүхэд харуулсны хөлс 1.680.000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар “эцэг эх нь хүүхдээ асран хамгаалж, тэжээн тэтгэн, эрүүл өсгөн бойжуулах, суурь боловсрол хүмүүжил олгоход тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ...” гэж,  Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж тус тус заажээ.

Хүүхдээ хүнд хөлсөөр харуулах нь эцэг эхийн өөрсдийн сонголт хэдий ч уг хөлс нь тэдний хуулиар хүлээсэн үүрэгт нь хамаарах зайлшгүй гарах зардалд тооцох буюу Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан “онцгой нөхцөл байдал” үүссэнтэй адилтган үзэх боломжгүй юм. 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь хүүхэд харуулсны хөлс болох 1.680.000 төгрөгийг бодитоор төлсөн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 Дээрх үндэслэлээр хүү Б.Идэрмөнхийг эхийн асрамжид үлдээж, хүүхдэд тэтгэлэг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хүүхэд харуулсны хөлс 1.680.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн эцэг тогтоолгох болон хүүхэд харуулсны хөлс 1.680.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.030 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Батбаяраас эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Болормаад олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Батбаяраас 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэг 999.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 28.526 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, хүү, Болормаагийн Идэрмөнхийн эцэг нь Боржигон, Дарамын Батбаяр болохыг тогтоож, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан Болормаагийн Идэрмөнхийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Боржигон, Дарамын Батбаяр /ДЗ92072111/-аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас хүүхэд харуулсны хөлс 1.680.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн эцэг тогтоолгох болон хүүхэд харуулсны хөлс 1.680.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.030 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Батбаяраас эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Болормаад олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Батбаяраас 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэг 999.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 28.526 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН