Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 123

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 1-58 тоотод оршин суух, Бэсүд, Эрдэнэчимэгийн Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст холбогдох 

Ажилгүй байсан хугацааны цалин 1.868.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Эрдэнэчимэг овогтой Оюунгэрэл нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн захиргааны хэргийн шүүхийн 06 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн эрхлэгчээр эргүүлж оруулах шүүхийн шийдвэр гарсан юм. Ингээд 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 290 дугаартай шийдвэрээр гаргуулж авсан. Албан ёсоор ажилдаа 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр орсон юм. Иймд би 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх цалинг 1.868.000 /нэг сая найман зуун жаран найман мянган/ төгрөгийг Говь-Алтай аймгийн төрийн сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Жаргалсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нь төсвийг Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулж хэлэлцүүлэн, батлуулах, төсвийг хуваарилан зарцуулалтад хяналт тавих ажлыг албан ажлын чиг үүргээр хариуцдаг бөгөөд төсвийн шууд захирагч биш болно. Иймд нийтийн номын сангийн эрхлэгч Э.Оюунгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагчаар томилогдохоос татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Э.Оюунгэрэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Э.Оюунгэрэл нь 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1.868.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Э.Оюунгэрэл нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Говь-Алтай аймгийн Засаг даргын Б/71 тоот захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн байна. Улмаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2016/0263 дугаар магадлалаар Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/71 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Э.Оюунгэрэлийг аймгийн Нийтийн номын сангийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

Ийнхүү ажилд эгүүлэн тогтоосон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хэдий боловч түүнийг Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн эрхлэгчийн ажилд томилоогүй буюу ажилгүй байсаар байсан тул нэхэмжлэгч Э.Оюунгэрэл нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 290 дугаартай шийдвэрээр 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 6.900.000 төгрөгийг гаргуулж, уг хугацааны эрүүл мэндийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлсэн байна.

Нэхэмжлэгч Э.Оюунгэрэлийг Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/62 дугаартай захирамжаар Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шүүхийн шийдвэр бодитойгоор биелэгдсэн байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “...төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүнийг ажиллуулж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасны дагуу Э.Оюунгэрэлийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн төрийн албан хаагч буюу улс төрийн албан тушаалтны буруугаас түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн болох нь ажилд эгүүлэн тогтоосон болон ажилгүй байсан зарим хугацааны цалин шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажилгүй байсан боловч 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны цалинг шүүхэд хандан шийдвэрлүүлсэн байх тул үлдэх хугацааны буюу 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй ба уг гэм хорыг төр хариуцан арилгах үүрэгтэй байна.   Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээ Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст холбогдуулан гаргасан нь үндэслэлтэй байна.

Тодруулбал ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогч нь биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Э.Оюунгэрэл 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилгүй байсаар байсан ба хөдөлмөрийн эрх зүйн харилцаан дахь түүний эрх зөрчигдсөн нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Э.Оюунгэрэлийн нэхэмжилсэн цалинг түүний урьд авч байсан буюу нийгмийн даатгалын дэвтэрт бичигдэж баталгаажсан сүүлийн 3 сарын цалингийн дундажаар тооцон 1.868.00 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар “...гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлоо тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэх эрхтэй байна.

Цалинг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрээс 2016 оны 2, 3, 4 дугаар саруудад ажиллаж авсан цалингаас 1 сарын цалингийн дунджийг тооцоход 627.272 төгрөг байна. 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 3 сарын цалинг тооцоход 1.881.816  төгрөг гарч байх ба нэхэмжлэгчийн нэхэмжилсэн шаардлагын хүрээнд шийдвэрлэх тул нэхэмжлэл дэх цалингийн үнийн дүн 1.868.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн ажилласан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу ажилласан байсан хугацааны цалин 1.868.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 44.838 төгрөгийг Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1.868.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бэсүд Эрдэнэчимэгийн Оюунгэрэл /РД:ДЛ86082208/-д олгосугай.

2. Нэхэмжлэгчийн ажилласан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу ажилласан байсан хугацааны цалин 1.868.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 44.838 төгрөгийг Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН