Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/10

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Хохирогч О.Б /Цахимаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан

Шүүгдэгч Н.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Ж овогт Н-ын Л холбогдох 1916000760070 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч Н.Л Говь-Алтай аймгийн **** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ************ албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тус газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу байгаль хамгаалагчийн пост барих ажилд хөрөнгө гаргах тухай А/11 дугаартай тушаал гарган 4.098.000 төгрөгийн зардал хавсралтаар баталж, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төлбөрийн 1, 2, 3, 4 дугаартай хүсэлтэд гарын үсэг зурж, 2.266.000 төгрөгийг Хаан банкны ***** дугаартай О.Д-гийн дансанд, 855.000 төгрөгийг Хаан банкны ****дугаартай Н.Н-ын дансанд, 95.000 төгрөгийг ***** дугаартай татварын хэлтэс гэсэн дансанд, 300.000 төгрөгийг Хаан банкны ***** дугаартай "Мон суль" ХХК-ий дансанд тус тус шилжүүлж улсын төсвөөр баригдаж байгаа барилгын угсралтад шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн ашиглах замаар төсөвт өртгийг бүрдүүлж завшин улсад 3,516,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох

 

1.1 Үйл баримтын талаар шүүхийн хийсэн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Л нь Говь Алтай аймгийн **** суманд үйл ажиллагаа явуулдаг ******-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2018 оны 08 дугаар сарын 20-оос 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрүүдэд Говь Алтай аймгийн ***** сумын ****** багийн нутаг дэвсгэр ***** амралтын төвийн орчимд “Байгаль хамгаалагчийн харуулын байр” барихдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан дараах нөхцөл байдал тогтоогдлоо гэж шүүх дүгнэлээ.

Үүнд:

1. Өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Н. Н **** амралтын төв хүртэл бараа материал тээвэрлэх хөлсөнд 80км газарт 1км-ыг нь 10687.5 төгрөгөөр тооцон 855.000 төгрөгийг төлж түүнд давуу байдал олгон **** нутгийн хамгаалалтын захиргаанд 855.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Н.Л-ийн шүүх хуралдаанд өгсөн “... 2018 оны 08 дугаар сарын 22-24-ний үед **** зуслан амралтын газар байгаль хамгаалагчийн пост барьсан. Үүнд зарцуулсан мөнгө нь бараа материалын зардалд 2.668.000 төгрөг, тээврийн хөлсөнд 850.000 төгрөг, **** сумаас **** орох тээврийн хөлс, ажилчдын хоол хүнсний зардал 300.000 төгрөгийг Мон-Суль руу шилжүүлсэн. Татварын хэлтэст 95.000 төгрөг төлсөн... 850.000 төгрөгийн тээврийн хөлс өндөр байна гэж байна. Би бодоогүй. Тухайн ханшаар нь нягтлан бодсон. Би өөрөө ингэж бод гэх үндэслэл байхгүй...140км бодож тооцоо хийсэн...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

Хохирогч О.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Аймгаас 80 км газар 850.000 төгрөгийн бензин хийсэн. Бид нар 160 км газар 300.000 төгрөгөөр 69 машинтай очсон. Үүнд хоол хүнс бүгд орсон...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Гэрч Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...**** зуслангийн амралтын орчимд байгаль хамгаалагчийн постын байр барихаар төлөвлөгдсөн, 2018 оны 08 дугаар сарын 02-нд даргаар ажиллаж байсан Н.Л-ийн А/11 тушаалаар хөрөнгө гаргах тухай тушаал гарган нийт 4.098.000 төгрөг зарцуулахаар хавсралтаар батлагдсан. 2018 оны 08 дугаар сарын 20-нд 2.266.000 төгрөгийг Хаан банкны ****** дугаарын дансанд, Хаан банкны ******* дугаарын данс руу 855.000 төгрөг, Хаан банкны ***** дугаарын данс руу 300.000 төгрөг тус тус шилжүүлсэн...” гэх мэдүүлэг/1ХХ59-60/,

Гэрч Н.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Говь-Алтай аймгийн төвд хувиараа бизнес эрхэлдэг юм. 2018 оны 08-р сарын үед ***** амралтын газрын байгаль хамгаалагчийн харуулын хяналтын постыг барих бараа, материалыг өөрийн эзэмшлийн “Isuzu  Picup” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн тухайн харуулын постыг би барилцсан...****** амралтын газрын байгаль хамгаалагчийн харуулын пост нь аймгийн төвөөс 80 орчим км зайд байдаг юм. Миний тээврийн хэрэгсэл 100 км 20 литр дизелийн түлш зарцуулдаг юм...Би тээврийн хөлсний зардалд 855.000 төгрөг/найман зуун тавин таван мянган төгрөг/-ийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ***** дугаарын дансаар авсан...” гэх мэдүүлэг/1ХХ 80-84/,

Гэрч С.З-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2018 онд өөрийн машинтайгаа зах дээр зогсож ачаа тээвэрлэх ажил эрхэлж байсан. Ер нь бол манай аймаг ачааг 1 килограммаар тооцож ачаа ачдаггүй ба 2018 оны 08 дугаар сарын үед аймаг дотроо хаашаа ч явсан нэг ирээс нь 5000 төгрөг, аймгийн төвөөс гарахад 1 км -ийг 800 төгрөгөөр тооцож ачаа тээвэрлэдэг байсан ба ачааны овор хэмжээг харгалздаггүй байсан юм. Ер нь бол тухайн үед ачаа ачиж байсан бүх машинууд бүгд л ийм хэмжээний тарифаар явж байсан. Одоо бол түлшний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан өөрчлөгдсөн байгаа... Миний бие 2018 онд **** сум хүртэл 90 орчим км байдаг ба нэг удаа 80000 төгрөгөөр ачаа тээвэрлэж байсан. Харин ****амралтын газар ачаа тээвэрлэж үзээгүй болно. ***** амралтын газар аймгийн төвөөс 80 орчим км зайтай байдаг ба 2018 оны 08 дугаар сарын үед ачааны оврын хэмжээнээс үл хамааран 60- 70 мянга төгрөгт тохироод л явж байсан...” гэх мэдүүлэг /1ХХ168-169 /,

Говь-Алтай аймгийн авто тээврийн төвөөс ирүүлсэн Говь-Алтай аймгийн ***** газар, ***** сумын чиглэлийн хөдөлгөөний замналын зураглал /2хх 176-177/,

ХААН банкны ****** дугаартай Н.Н-ын дансны хуулга /1хх 156/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 319/06 дугаартай “...тээврийн зардал 150.000 төгрөг...” тогтоосон үнэлгээний тайлан/1ХХ-126/,

855.000 төгрөг иргэн Н.Н-ын *** дансруу шилжүүлэх 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн төлбөрийн хүсэлтийн хуулбар/1ХХ-17/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Ачаа тээврийн зардлыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт/үнэлгээний тайлан/, бараа материал зөөвөрлөсөн замын хэмжээ, хэдийгээр тухайн ачааг тээвэрлээгүй боловч орон нутагтаа ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг жолоочийн мэдүүлэг, 855.000 төгрөг төлсөн талаарх шүүгдэгч, гэрчийн мэдүүлэг, төлбөрийн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үзсэний үндсэн дээр тээврийн хөлсийг үндэслэлгүйгээр өндөр тооцоолон хамаарал бүхий этгээддээ давуу байдал үүсгэсэн гэж шүүх дүгнэсэн болно.

2. 1.357.600 төгрөгний бараа материал орсон “Байгаль хамгаалагчийн байр”-ны бараа материалын үнэнд 2.266.000 төгрөг иргэн Д-гийн дансанд шилжүүлэн **** нутгийн хамгаалалтын захиргаанд 908.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  Шүүгдэгч Н.Л-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Би 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ******-ийн даргын үүргийг гүйцэтгэсэн. Үүнээс хойш 2018 оны 08 дугаар сарын 30-нд ажлаас халагдсан. 2018 оны 08 дугаар сарын 22-24-ний үед ****** зуслан амралтын газар байгаль хамгаалагчийн пост барьсан. Үүнд зарцуулсан мөнгө нь бараа материалын зардалд 2.668.000 төгрөг, тээврийн хөлсөнд 850.000 төгрөг, ******* сумаас ******* орох тээврийн хөлс, ажилчдын хоол хүнсний зардал 300.000 төгрөгийг Мон-Суль руу шилжүүлсэн. Татварын хэлтэст 95.000 төгрөг төлсөн байгаа. Би ганцаараа хийгээгүй. Манай байгууллагынхан бүгдээрээ ярилцаж байгаад 4.098.000 төгрөгөөр барихаар төсөвлөсөн. Гэхдээ 4.098.000 төгрөгт бариагүй. Бараа материалыг 2.668.000 төгрөгөөр, тээврийн хөлсөнд 850.000 төгрөг, ***** сумаас ***** сум ороход УАЗ 469 машинаар ирсэн. Тухайн тээврийн зардал 300.000 төгрөг болсон. Постыг барихад 3.516.000 төгрөг зарцуулсан. 08 дугаар сарын 22-24-ны хугацаанд ажилчдын хүчээр барьж дууссан... 2.266.000 төгрөг миний данс руу ороогүй. Би шилжүүлээгүй. Нягтлан шилжүүлсэн... Би 2.266.000 төгрөгийн бараа материал хүлээж авсан...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч О.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Намайг *****д ажилчдаа авч яваад ирэх хооронд өөрөө нягтланг авч үлдээд, өөрөө тийм зүйл төлөвлөсөн байсныг би нягтлангаас тушаалыг авч харсан. Байгаль хамгаалагч бид хоёр дээр хариуцуулсан байна гээд би Н.Л даргын өрөөнд ороод би хоёр үүнийг төлөвлөөд хийх үү гэсэн чинь дарга нь бүгдийн хийсэн, оролцох шаардлагагүй гэсэн. *** амралтын газар байрлах постыг аймгаас хоёр хүн ирээд барьчихна. Бид тухайн газар очиж хоносны маргааш хоёр хүн жижиг тэвштэй машинтай хэдэн хавтан, прүс, цемент ачсан ирсэн. Тухайн постыг барьж байх явцад туслаад хий гэсэн. Манай байгаль хамгаалагч, жолооч нар тусалсан. Би оролцохгүй гэдгээ хэлээд зураг дараад тойроод явж байсан. Би оролцоод байсан зүйл байхгүй...Хэдхэн ширхэг хавтан, хэдэн ширхэг прүс, 2-3 уут цемент, 1 цонх, 1 хаалга, лак зэрэг ойр зуурын зүйл байсан...Суурь цутгаагүй. Суурийг нь газар хонхойлж зурж байгаад хийсэн...Би хөрөнгө мөнгө нэхээгүй. Постыг дахиад барьж өг гэж байгаа...Шал цутгана гэж байгаад яваад өгсөн. Тэгээд манай байгаль хамгаалагчийн шалын цутгачих гээд явсан. Манай байгаль хамгаалагч энэ салхинд хийсчих юм биш үү гээд хэлж байсан... Уулын орой дээр учир суурь цутгасан ч суурь нь үлдээд салхинд хийсэх байх гэж бодож байна... Хямд бараа материал авч төсвийн хөрөнгийг завшсан гэж үзэж байгаа... Н.Л даргын данс руу биш ч гэсэн Д гэдэг хүний данс руу хийж авсан гэж үзэж байгаа... Н.Л ганцаараа барьсан. Манай байгууллагаас тухайн постыг барихад хэн ч оролцоогүй. Харин туслалцсан нь үнэн...Л бүх төсөв санхүүгийн барьсан. Хүн хөлслөөд барилга бариулж байгаа хүн хариуцах байгаа юм биз дээ...4.098.000 төгрөг төсөвлөөд 3.516.000 төгрөг гарсан байгаа. Ажилчдын хоол хүнс гэж 300.000 төгрөг. Үлдсэн нь манай байгууллагын хохирол болж байгаа...Барьсан пост нь нураад унасанд гомдол гаргаж байгаа...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...**** хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд нягтлан бодогчоор 2018 оны 08 дугаар сарын 01-нээс эхлэн ажиллаж байна. Манай байгууллагын 2018 онд үйл ажиллагааны төлөвлөгөөнд ******** амралтын орчимд байгаль хамгаалагчийн постын байр барихаар төлөвлөгдсөн, 2018 оны 08 дугаар сарын 02-нд даргаар ажиллаж байсан Н.Л-гийн А/11 тушаалаар хөрөнгө гаргах тухай тушаал гарган нийт 4.098.000 төгрөг зарцуулахаар хавсралтаар батлагдсан. 2018 оны 08 дугаар сарын 20нд 2.266.000 төгрөгийг Хаан банкны *** дугаарын дансанд, Хаан банкны ****дугаарын данс руу 855.000 төгрөг, Хаан банкны *** дугаарын данс руу 300.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Одоо байгаль хамгаалагчийн постны зардалд зарцуулахаар 582.100 төгрөгний өглөгтэй байгаа юм.Говь-Алтай аймгаас 2 хүн ирж барьсан тухайн хоёр хүнийг танихгүй. Манай байгууллагын ажилчид **** амрах зорилгоор очсон тэгээд Байгаль хамгаалагчийн пост барих ажил эхэлсэн ба манай байгууллагын ажилчид постны хажууд амарсан тухайн үед пост барьж байгаа хоёр хүний хоол ундыг манай байгууллагын эмэгтэй ажилчид хийсэн эрэгтэй ажилчдаас О.Б, Ж.Э, М.Г нь тухайн постыг барьж байгаа хүмүүсийн ажилд тусалсан. Шахмал өнгөт хавтан модон хаалга, вакум цонх, банз зэрэг эд зүйлс орсон. 2.5х2.5 метрийн харьцаатай байр барьсан. Тухайн байгаль хамгаалагчийн байр одоо байхгүй салхинд нурсан талаар Байгаль хамгаалагч М.Г надад хэлсэн...Тухайн үед Л дарга постын барилгын материал худалдаж авсан гээд 2.848.000 төгрөгийн зарлагын баримт бүрдүүлсэн байсан. Тэгээд тэр үед манай байгууллагын сангаас Л дарга зарцуулж болно гэж тушаал гаргасан тус сангаас 2.266.000 төгрөгийг О.Д гэдэг хүний дансруу шилжүүлсэн. Би яг ямар бараа материал худалдаж авч байгааг хараагүй. Харин Л дарга надад 2.848.000 төгрөгийн баримт үзүүлсэн. Үлдэгдэл 582.100 төгрөгийг нь Л дарга “дараа сарын зарцуулах эрхээсээ төлье” гээд 2.266.000 төгрөгийг гаргуулж байсан. Би өөрөө гардаж бариулаагүй учир сайн мэдэхгүй байна... 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн зарлагын баримтыг О.Д бичиж санхүүд өгөөгүй, тухайн санхүүгийн баримтыг Н.Л нярваар бичүүлж санхүүд өгсөн байх. Санхүүгийн баримтыг бараа материал худалдсан иргэн, аж ахуй нэгж санхүүгийн анхан шатны баримт өгөх ёстой. Ямар зорилгоор бичсэн би сайн мэдэхгүй. 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус байгууллагад шинээр орсон тус байгууллагын дарга Н.Л надад хэлэхдээ манай байгууллагын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажил байгаа юм. Бараа материалыг нь аймгийн төвөөс авчихсан шууд **** нь ачаад оч л гэж хэлсэн. Мөн хөрөнгө зарлагдах тушаал гаргасан байсан юм...2018 оны 09 дүгээр сарын 01-ний үед Г.Д тухайн байгууллагын даргаар томилогдоод үлдэгдэл 582.000 төгрөгийг өгөхгүй талаар хэлсэн, өмнө байсан даргаар ажиллаж байсан Н.Л О.Д 582.000 төгрөгийг өгөх талаар ярьж байсан. Би тус байгууллагын дарга Н.Л өөрөө зохион байгуулаад бараа материалыг нь авсан болохоор итгээд гүйлгээг нь хийсэн юм..." гэх мэдүүлэг /1ХХ59-60,107, 2ХХ106-107/,

Гэрч О.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Хаан банканд *** дугаарын данс эзэмшдэг юм тухайн дансыг 2012 оноос эхлэн эзэмшиж байгаа... Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Шинэ-Алтай зах дээр барилгын материал зардаг юм. Гранд баар ажиллуулдаг Н.Н гэх залуу манай барилгын дэлгүүрээс барилгын материал авсан юм. Тэгэхдээ 2.266.000 төгрөг / хоёр сая хоёр зуун жаран зургаан мянган төгрөг /-ний гүйлгээ миний дансруу хийсэн тухайн мөнгөнөөс 1.000.000 төгрөг / нэг сая төгрөг / бэлнээр аваад бусад мөнгөөр нь манай дэлгүүрээс барилгын материал авсан юм....оспа хавтан 8 ширхэг 224.000 төгрөг /хоёр зуун хорин дөрвөн мянган төгрөг/, аргелит 10 ширхэг 116.000 төгрөг/нэг зуун арван зургаан мянган төгрөг /, дээврийн нимгэн төмөр 15 метр 105.000 төгрөг /нэг зуун таван мянган төгрөг /, хар шрүп 5 хайрцаг 17.500 төгрөг /арван долоон мянга таван зуун төгрөг/, Дээврийн шүрүүп 1 кг 10.000 төгрөг /арван мянган төгрөг /, хадаас 2 кг 7.000 төгрөг /долоон мянган төгрөг /, бээлий 3 ширхэг 4.500 төгрөг /дөрвөн мянга таван зуун төгрөг /, будаг 5 кг 22.500 төгрөг/хорин хоёр мянга таван зуун төгрөг /, будаг шингэлэгч 2 ширхэг 7000 төгрөг /долоон мянган төгрөг /, газ хошуу 1 ширхэг 12.000 төгрөг /арван хоёр мянга/, багс 2 ширхэг 2.300 төгрөг /хоёр мянган гурван зуун төгрөг/, өнхрүүш 5 ширхэг 10.000 төгрөг /арван мянган төгрөг /, хөөс 2 ширхэг 24.000 төгрөг /хорин дөрвөн мянган төгрөг/, гэрэл 1 ширхэг 8.500 төгрөг /найман мянга таван зуун төгрөг /, лак 3 ширхэг 22.500 төгрөг /хорин хоёр мянга таван зуун төгрөг /, лакны багс 1 ширхэг 1.500 төгрөг /нэг мянга таван зуун төгрөг /, гэрэл 3 ширхэг 18.000 төгрөг /арван найман төгрөг /, суултуурын тагны зөөлөвч 1 ширхэг 10.000 төгрөг /арван мянган төгрөг/, рек төмөр 6 метрийн 13 ширхэг 643.700 төгрөг /зургаан зуун дөчин гурван мянга долоон зуун төгрөг/ нийт 1.266.000 төгрөг /нэг сая хоёр зуун жаран зургаан мянган төгрөг/-ний бараа материал Н.Н нь худалдан авсан... Н.Н нь 643.700 төгрөг / зургаан зуун дөчин гурван мянган долоон зуун төгрөг /-ний үнэ бүхий 6 метрийн урттай, 13 ширхэг рек авсан. 48.000, 411.700 гэсэн тоон утга ямар утга илэрхийлсэн би одоо сайн санахгүй байна. Рек төмрийн 6 метрийн үнэ 49500 төгрөг/дөчин есөн мянга таван зуун төгрөг/ болж байна....Н.Н нь надаас 5 ширхэг өнхрүүш 10.000 төгрөг /арван мянган төгрөг /-т авсан миний хар дэвтэрт 2 өнхрүүш бичигдсэн ба тооцоо хийх үед 6.000 төгрөг /зургаан мянган төгрөг /-ний эд зүйлс авахаар болоод нэмж 3 өнхрүүш 6.000 төгрөг /зургаан мянган төгрөг /-өөр аваад тооцоогоо дуусгасан юм. Тухайн 3 өнхрүүш төгрөг /зургаан мянган төгрөг/-ийг хар дэвтэр дээрээ бичээгүй юм... Лед гэрэл 6.000 төгрөг /зургаан мянган төгрөг /-ний үнэтэй 3 ширхгийг төгрөг /арван найман мянган төгрөг /-өөр худалдан авсан, Суултуурын тагны зөөлөвч 1 ширхгийг 10.000 төгрөг /арван мянган төгрөг /-өөр авсан.... Миний дансруу 2.266.000 төгрөг / хоёр сая хоёр зуун жаран зургаан мянган төгрөг / Н.Насантогтох бараа, материал авна гээд тухайн мөнгийг шилжүүлсэн хэний данснаас, хаанаас шилжүүлсэн би мэдэхгүй би бодохдоо Н.Н өөрөө авч байгаа юм бол уу гэж бодсон. Н.Н өөрөө бараа, материалаа сонгож авсан, ганцаараа явж байсан хэн нэгэн зааж, зөвлөж бараа материал Н.Н авхуулаагүй...Дараа ирж үлдэгдэл бараа, материалаа авна гээд үлдэгдэл бараагаа үлдээгээд явсан. Ямар учир шалтгааны улмаас бараагаа бүрэн гүйцэт аваагүйг би сайн мэдэхгүй байна....Н.Н нь ганцаараа ирж манай дэлгүүрээс бараа материалаа авсан... Би зах дээрээ барилгын дэлгүүр ажиллуулдаг юм. БНХАУ-ын Эрээн хотоос бараа, материалаа авдаг юм...Н.Н-д би 1.000.000 төгрөг / нэг сая төгрөг/-ийг бэлнээр өгсөн санагдаад байна....” гэх мэдүүлэг /1ХХ91-94/,

Гэрч Н.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...1 ширхэг модон хаалга, 1 ширхэг цонх, банз, цемент, мотор, 5 ширхэг дээврийн төмөр, хадаас, шүрүүп, лак, будаг, хавтан, фанер зэрэг эд зүйлс тээвэрлэсэн. Надтай хамт өдрийн хөлсөөр нэг хүн авч явсан тухайн хүний нэрийг мэдэхгүй Улаанбаатар хотоос ирсэн талаараа надад ярьж байсан өдрийн 150.000 төгрөг /нэг зуун тавин мянган төгрөг/-өөр хөлсөлж авч явсан... .Д-ээс 1.000.000 төгрөг /нэг сая төгрөг / авсан, 1 ширхэг хаалга 300.000 төгрөг / гурван зуун мянган төгрөг/, 1 ширхэг вакум цонх 100смХ80см хэмжээтэй, 150.000 төгрөг /нэг зуун тавин мянган төгрөг/, 16 ширхэг 280.000 төгрөг /хоёр зуун наян мянган төгрөг/, цемент 4 уут 50.000 төгрөг /тавин мянган төгрөг/, банз зүсүүлэх, моторын хөлс 70.000 төгрөг/далан мянган төгрөг/, хөлсөөр ажилчин авсан 100.000төгрөг/нэг зуун мянган төгрөг / тус тус зарцуулсан... Дээврийн төмөр 15 метр, хавтан 8 ширхэг, Фанер 10 ширхэг, лак 20 литр, багс 3 ширхэг, өнхрүүш 3, Шрүп 10 хайрцаг, Хадаас 5 кг, төмрийн хайч 1 ширхэг, хөрөө 1 ширхэг, гэх мэт зүйлс авсан... О.Д-тэй садан төрлийн холбоо байхгүй. Н.Л нь миний төрсөн ах...Манай ах Н.Л **** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ****** даргаар ажиллаж байсан ба ******* амралтын газрын байгаль хамгаалагчийн харуулын пост барих бараа материалыг тээвэрлэж хүргэж өгөх талаар анх надад хэлсэн тэгээд би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж хүргэж өгсөн... Надтай хамт хөлсөөр явсан хүний мөнгийг би зах дээрээс хүнээс авсан мөнгөнөөсөө 150.000 төгрөг /нэг зуун тавин мянган төгрөг /-ийг бэлнээр өгсөн. Би өөрөө шийдээд тухайн хүн мөнгийг өгсөн юм... Би бараа, материал тээвэрлээд ****** амралтын газар орчимд хоноод ирсэн...Би тухайн байгаль хамгаалагчийн постын байрны суурийг ухаагүй, тухайн байгууллагын ажилчид ухсан миний тээврийн хэрэгслийг ашиглан дээвэр, болон ханыг нь босгосон.... 2018 оны 08-р сарын эхээр би өөрийнхөө тээврийн хэрэгслээр ачиж аваачсан тухайн байгууллагын ажилчид байсан, би 1 кг ачааг тухайн үед хэдэн төгрөгөөр ачсан талаараа одоо сайн санахгүй байна...Лакийг тухайн байгаль хамгаалагчийн постын байрны гадна хэсгийг лакаар будсан, будгаар дотор талыг нь будахаар хариуцаж авах хүнд нь хүлээлгэн өгсөн...Зах дээр барилгын материал зардаг О.Д-гээс 2018 оны 09-р сарын 03, 2018 оны 09-р сарын 10-нд тус тус бараа материал авсан тухайн бараа материалын мөнгийг би өөрөөсөө өгсөн. Миний хувийн хэрэгцээний бараа материал байсан...Зах дээрээс банз, хаалга, цонх, прүс зэрэг бараа материал авсан яг хэнээс авснаа сайн санахгүй байна... Би О.Д-гээс 1.000.000 төгрөг /нэг сая төгрөг/-ийг бэлнээр О.Д-гээс авсан...” гэх мэдүүлэг /1ХХ82-87/

Гэрч  М.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...*** сум дахь ***** байгаль хамгаалагч хийдэг...Энэ өдөр Н.Л гэдэг хүн ажиллаж байсан ба даргын үүргийг тор орлон гүйцэтгэж байсан...Тушаалтай танилцаагүй. Надад танилцуулсан зүйл байхгүй. Би энэ дугаартай тушаалын утга агуулгын талаар мэдэхгүй байна. Би энэ үүргээ мэдээгүй. Пост барих гээд ирсэн 2 залууг хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгч, төрийн өмчид бүртгүүлэх байлгүй гэж бодсон юм. Постыг ямар загвараар ямар материалаар хийх талаар би мэдээгүй. Ямар шаардлага хангасан барилга болох талаар бас мэдээгүй. Надад зураг төсөл үзүүлсэн зүйл байхгүй...**** нутгийн харьяанд нь *** сумын ***** ордог юм...******-ийн дарга Н.Л, мэргэжилтэн Х.А, мэргэжилтэн Ба, жолооч Э, үйлчлэгч О нар хамгаалалтын захиргаанаас 2018 оны 08 дугаар сарын 22-ны  өдөр ирсэн юм. Мөн аймгаас пост барих материал ачсан машинтай 2 залуу хамт ирсэн юм. Тэгээд тэр 2 залуу 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрүүдэд барьсан юм... Одоо үйл ажиллагаа явуулаагүй байна. Яагаад гэвэл 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гарсан шуурганы улмаас унаж барьсан байрлалаасаа 3-5 метрийн зайтай шидэгдэж унасан байсныг нутгийн иргэд надад мэдээлэл өгсөн. Тэгээд би 2018 оны 10 дугаар сарын 01-нд амралтаа авсан байсан. Тэгээд нутгийн хүмүүсээр барилгын зургийг нь авхуулсан юм. Шахмал хавтангаар барьсан, 1 ширхэг вакум цонхтой 2.4 м/кв хэмжээтэй барилга, ямар ч бэхэлгээгүй. Угаасаа чанар муу баригдсан юм...” гэх мэдүүлэг /1ХХ78, 98/,

Гэрч С.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 08 дугаар сард барьсан байх. Жижиг тэвштэй машинаас пост барих материалыг авчирч ирээд нэг хоёр хоногийн дотор барьсан гэсэн юм... 2018 оны 10 сарын орчим би **** амралтын төвийг эргэж очихоор явсан ба намайг очиход пост нь унаад нурчихсан байсан. Хүчтэй шуурга шуурсан ба би шуурганы дараа очиход уначихсан хэвтэж байсан... Би унасан байгааг харж мэдчихээд 2 хоногийн дараа байгаль хамгаалагч Г-ийн эхнэрт хэлж мэдэгдсэн... Салхи шуурганд унах боломжтой байлгүй яахав, модон панер, шахмал эслэг хавтангаар барьсан бололтой байна лээ...” гэх мэдүүлэг/1ХХ212-213/,

Гэрч Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын эхээр барьсан юм. Таньдаг хүнээс Г байсан... 2018 оны 10 дугаар сарын эхээр би морио солих гээд явж байгаад очсон чинь уначихсан байсан. Намайг очиж харахаас 2 хоногийн өмнө хүчтэй салхи шуурга, шуурч жоохон цас орсон юм. Тэр салхинд унасан бололтой банз, дээвэр хавтан нь газраар тарчихсан байсан. Би банзыг нь бөөгнүүлж чулуугаар дарсан юм. Байгаль хамгаалагч Г-д сумын төвд уулзаж өөрийн биеэр хэлсэн юм...” гэх мэдүүлэг/1ХХ215-216/,

Гэрч Ж.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Говь-Алтай аймгийн **** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***** захиргаанд 2014 оноос эхлэн жолоочоор одоог хүртэл ажиллаж байна. 2018 онд **** амралтын орчимд Байгаль хамгаалагчийн постын байр барьсан тухайн үйл ажиллагаанд оролцсон манай байгууллагын Б, Г бид гурав барилцсан. Эмэгтэйчүүд хоол унд хийлцсэн юм. О.Б очсон боловч барилцаагүй. Тухайн байгаль хамгаалагчийн постын байрыг 2 хоног барьсан. Анх манай байгууллагын дарга Н.Л хэлэхдээ **** зусландаа 2-3 хоног амраад Байгаль хамгаалагчийн постын байраа хүлээж авна гэж хэлээд бид нарыг аваад явсан очтол байр баригдаагүй байсан тул бид нар байрыг хамтран барилцаад **** зусланд амралгүй хүрээд ирсэн... Говь-Алтай аймагт амьдардаг Ж гэх хүн нэг танихгүй хүнтэй ирж барьсан юм... Банз, прүс, шахмал нэг зузаан панер, постны доторлогоо нь цагаан өнгийн панер, модон хаалга, вакум цонх зэрэг эд зүйлс орсон. 2.5x2.5 метрийн харьцаатай байр байсан. Тухайн байгаль хамгаалагчийн байр нь одоо байхгүй салхинд нурсан талаар яригдаж байсан...” гэх мэдүүлэг /1ХХ70-71/,

Гэрч Г.М-ийн мөрдөн байцаалтын шатан өгсөн “... Би Шинэ-Алтай зах дээр барилгын материал зараад 9 жил болж байна...2018 оны 08 дугаар сарын ханшаар хавсралт хүснэгтэд дурдсан бараа материал нь Зах банз-7000 төгрөг, Өнгөт хавтан/банз/-45.000 төгрөг, 5-ын банз 1 ширхэг нь 13000 төгрөг, Бүргэд хаалга-300.000-1.200.000 төгрөгийн хооронд, Дээврийн төмөр- 6000-8000 төгрөгийн хооронд, Вакум-1 М2 90.000-110.000 төгрөг, Цемент 1 уут нь 14.000 төгрөг, квадрат төмөр 1м 20.000 төгрөг буюу 120.000 төгрөг ханштай байсан. Зарлагын падаан дээр зах банз-7000 төгрөг, өнгөт хавтан-45.000 төгрөг, 5-ын банз падаан дээр 24.000 төгрөг гэж бичсэн боловч тухайн үеийн ханшаар 13.000 төгрөг байсан, хаалга-1 ширхэг нь 560.000 төгрөг гэж бичсэн боловч бүргэд хаалга тухайн үеийн ханшаар 350.000-120.000 төгрөг, дээврийн төмөр-6000 төгрөг гэж бичигдсэн боловч тухайн үеийн ханшаар 6000-8000 төгрөг байсан. Цонх-78.000 төгрөг гэж бичсэн боловч тухайн үеийн ханшаар 90.000-110.000 төгрөг байсан. Цемент падаан дээр 16.000 төгрөг гэж бичсэн байх ба тухайн үед 14.000 төгрөг байсан. Хаалганы төмөр 1 ш-6000 буюу 6 метр нь 120.000 төгрөг тухайн үеийн ханштай таарч байна. Банзнууд бүгд 4 метрийн урттай байдаг...Өнгөт банз гэдэг нь өнгөт хавтанг хэлж байгаа ба 1.22x2.44 хэмжээтэй байдаг...Өндөр нь 1.20 см, өргөн нь 60-100 см хэмжээтэй рамтай нь 140.000-170.000 төгрөгийн ханштай байдаг. Зураг дээрээс харахад уг байшингийн хаалга нь рамгүй, дан хавтсан хаалга байна. Ийм хаалга 80.000 төгрөгөөр худалдаалагддаг...Цемент 50 кг-аар зарагддаг, нэг уут цемент 14.000 төгрөг байдаг юм...” гэх мэдүүлэг /2ХХ134-135/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 319/06 дугаартай 2,4м:2,4м харьцаатай “Байгаль хамгаалагчийн постны байр”-ны шууд зардлыг 1.357.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан/1ХХ 119-128/,

Байгаль хамгаалагчийн пост барьсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд/1ХХ 5-11/,

Хаан банкны **** дугаартай О.Д-гийн дансны хуулга /1ХХ187/,

2.266.000 төгрөг иргэн О.Д-ийн 5315189540 дансруу шилжүүлэх 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн төлбөрийн хүсэлтийн хуулбар/1ХХ-16/,

О.Д-гийн Н-д бараа материал зарсан дэвтрийн хуулбар/1ХХ 38-40/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Байгал хамгаалагчийн харуулын байранд орсон бараа материалд үнэлгээ хийсэн “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээчний дүгнэлтийг/үнэлгээний тайлан/ бараа материал худалдан авсан болон нийлүүлсэн хүмүүсийн мэдүүлэг, тухайн байранд ямар төрлийн материал орсон талаар мэдүүлсэн гэрчийн мэдүүлгүүд, барилгын материалын үнэ ханшийн талаар мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг, шилжүүлсэн үнийн дүнтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо. Харин мэргэшсэн төсөвчин Г.Удвалын 2020 оны 120 дугаар сарын 12-ны өдрийн төсөвт өртгийг тооцоо нь тухайн газар дээр баригдсан хамгаалалтын байрны бараа материалын хэмжээгээр бус орж болох материалын тооцоолол байдлаар хийсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

3. Санхүүгийн анхан шатны баримт болох зарлагын баримтыг өөрийн удирдлагад ажиллах нярав Д.О-ээр бичүүлэн хуурамчаар үйлдсэн нь:

Гэрч Д.О-гийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн “...**** барих постын барилга барихад бараа материалын орлого зарлагын баримтыг би бичсэн...Дарга бичүүлсэн. Энийг биччих гэж хэлээд бичүүлсэн...хуулж бичсэн...бичсэн баримтаа нягтландаа өгсөн...” гэх мэдүүлэг/2020 оны 03-р сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч Д.О-гийн мөрдөн байцаалтын шатанд  өгсөн “...Би Говь-Алтай аймгийн **** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** хамгаалалтын захиргаанд 2014 оноос эхлэн үйлчлэгч, нярваар ажиллаж байгаа... Би 2018 оны 08-р сарын 09-ний өдрийн 2.848.000 төгрөг / хоёр сая найман зуун дөчин найман мянган төгрөг /-ний мөнгөн дүнтэй зарлагын баримтыг би бичсэн юм. Тухайн үед манай байгууллагын даргаар Н.Л гэх хүн ажиллаж байсан намайг өрөөндөө дуудаад Говь-Алтай аймгийн **** сумын **** амралтын газарт Байгаль хамгаалагчийн харуул пост барих гэж байгаа юм. Аймгийн төвөөс зарлагын баримт нь дээр байгаа барилгын бараа, материалыг авсан талаар хэлээд зарлагын баримтын гар бичвэрийг надаар бичүүлсэн тухайн үед ноорог байдлаар Н.Л цаасан дээр биччихсэн байсан тухайн ноорог цаас нь дээр бичсэн байсан бараа, материалын санхүүгийн тооцоог би зарлагын баримт нь дээр бичсэн юм. Би зарлагын баримт нь дээр байгаа эд зүйлс хаана байгаа талаар Н.Л-ээс асуухад аймаг дээр байгаа мужаан очиж байгаль хамгаалагчийн постыг барих талаар хэлсэн...Зарлагын баримт нь дээр бичигдсэн бараа материалыг би аваагүй. Манай байгууллагын даргаар ажиллаж байсан Н.Л хүнээр авхуулсан намайг зарлагын баримт бичих талаар шаардсан шаардсаны дагуу би зарлагын баримтыг бичиж санхүүд өгсөн юм...Манай байгууллагын  даргаар ажиллаж байсан Н.Л-гийн бараа, материалын үнэ, тоо ширхэг бичсэн байсан ноорог цаас надад байхгүй тухайн үед зарлагын баримт дээр хуулж бичээд хаясан байх сайн санахгүй байна. Би санхүүгийн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн талаараа тухайн үед мэдээгүй, Манай байгууллагын даргаар ажиллаж байсан Н.Л зарлагын баримт надаар бичүүлсэн. Хэрэв хуурамч санхүүгийн баримт бичүүлж байгааг тухайн үед би мэдсэн бол тухайн зарлагын баримтыг би бичихгүй байсан. Манай байгууллагын даргаар ажиллаж байсан Н.Л энэ асуудлыг сайн мэдэж байгаа....” гэх мэдүүлэг/2ХХ103-104 /,

Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.... Санхүүгийн баримт хуурамч гэдгийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны орчим аймгийн цагдаагийн газраас ирж шалгах үед мэдсэн. 2019 оны 05 дугаар сарын үед би ажлаа хүлээлгэж өгсөн. Тэрний дараа ажил хүлээж авсан нягтлан бодогч Д.О гарын үсэг дутуу зурсан байна гэж хэлээд зуруулсан...” гэх мэдүүлэг/2ХХ 106-107/,

Гэрч О.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хэн нэгэн миний өмнөөс хуурамч санхүүгийн баримт бүрдүүлсэн байна...Н.Н надаас бараа материал авсан би Зарлагын баримт, нэхэмжлэл Н.Н-д бичиж өгөөгүй. Миний нэрээр бичсэн зарлагын баримт, нэхэмжлэлтэй танилцлаа миний гарын үсэг биш байна. Манай дэлгүүр банз, цемент зэрэг эд зүйлс худалдаалдаггүй... Хувь хүний миний өөрийн нэртэй тэмдгийг зарлагын баримт нь дээр дардаг юм...” гэх мэдүүлэг/1ХХ 91-92, 94/,

Говь Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч З.Насан-Өлзийгийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 24 дугаартай “...1. Шинжилгээнд хүргүүлсэн зарлагын баримтан дээр бичсэн гар бичмэл нь О.Д-гийн гар бичмэл биш байна.

2. Шинжилгээнд хүргүүлсэн зарлагын баримтан дээр бичсэн гар бичмэлийг О.Д бичээгүй байна. Аль нэг хэсгийг О.Д бичээгүй байна. Уг гар бичмэлийг нэг хүн бичээгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт/1ХХ 139-141/,

Говь Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч З.Насан-Өлзийгийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай “...1. Шинжилгээнд хүргүүлсэн зарлагын баримтан дээр бичсэн гар бичмэл нь Д.О-гийн гар бичмэл мөн байна.

2. Шинжилгээнд хүргүүлсэн зарлагын баримтан дээр бичсэн гар бичмэлийг Д.О бичсэн байна. Уг гар бичмэлийг нэг хүн бичсэн байна...” гэх шинжээчийн дүгнэлт/2ХХ 110-113/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Зарлагын баримтын бичвэрт хийсэн шинжээчийн дүгнэлтүүдийг тухайн баримтыг бичсэн хүний мэдүүлэг болон бусад гэрчийн мэдүүлэг, бичигдсэн цаг хугацаа зэрэгтэй харьцуулан үзээд шүүгдэгч Н.Л нь өөрийн удирдлагад ажилладаг няравтаа хууль бус шаардлага тавин нөлөөлж түүгээр бичүүлж санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлсэн гэж шүүх дүгнэлээ.

 

 Шүүх дээрх үйл баримтуудыг тогтоосон нотлох баримтуудын агуулга, нотломжийн түвшин, хэрэгт хамааралтай болон хууль ёсны байдал, зарим гэрчийн мэдүүлгүүдийг шүүгдэгчтэй ашиг сонирхол нэгдмэл зэрэг хүчин зүйлсүүдийг харгалзан үзээд шийдвэрийнхээ үндэслэл болголоо.

 

1.2. Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Нийтийн албанд ажиллаж буй сонгуульт болон томилолтын албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг билээ. Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой юм.

Шүүгдэгч Н.Л нь төсвийн шууд захирагч, нийтийн албан тушаалтны хувьд аливаа хөрөнгө мөнгө зарцуулах, бараа ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахдаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хуульд заасан өөрийн бүрэн эрхийн хүрээнд хуулиар тодорхойлсон хязгаар дотор л үйл ажиллагаагаа гүйцэтгэх эрх, үүрэгтэй байжээ. Тодруулбал Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 16.4.18 “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн” шууд захирагч байхаар, бүрэн эрхийг нь мөн хуулийн 16.5 дугаар зүйлд хуульчлан тогтоосон мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 “анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэж зохицуулсан байна. Хуулийн энэ зохицуулалт нь нийтийн албан тушаалтан нь өөрийн албан үүрэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглахыг хориглосон шинжтэй бөгөөд хэмжээ хязгаараасаа давсан, албан тушаалаа урвуулан ашигласан шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан гэж ойлгохоор байна.

 Шүүгдэгч Н.Л-ийн Говь-Алтай аймгийн **** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ****-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаанд 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн **** сумын ***** багийн нутаг дэвсгэр **** амралтын төвийн орчинд байгаль хамгаалагчийн харуулын байр барих үйл ажиллагаа явуулахдаа тээврийн зардлыг 855.000 төгрөгөөр буюу үндэслэлгүйгээр хэт өндрөөр тооцон олгож өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал үүсгэсэн, харуулын байр барихад шаардагдах бараа материалын тооцоог өндрөөр тооцоолон байгууллагадаа 908.400 төгрөгний хохирол учруулсан, энэ үйлдэлдээ хамаарах гүйлгээг хийхийн тулд доод албан тушаалтандаа хууль бус шаардлага тавин нөлөөлж зарлагын баримтыг хуурамчаар бичүүлсэн үйлдэл нь нийтийн албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгосноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн БОАЖ-ын сайдын Б/03 тушаалаар ***** газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод 2018 оны  07 дугаар сарын 02-ны өдрийн БОАЖ-ын сайдын Б/40 тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байсан боловч энэ талаар мэдээгүй, албан ёсоор ажил хүлээлцээгүй, ***-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалтайгаар албан үүргээ гүйцэтгэж байсан тул уг гэмт хэргийг үйлдсэн этгээд нь нийтийн албан тушаалтан байх хуулийн шаардлагыг хангана гэж шүүх үзсэн болно

Нийгэмд аюултай тодорхой гэмт үйлдлийн шинжийг хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангид заахдаа түүний үйлдэл, эс үйлдэхүй, хор уршгийг ихэвчлэн хуульчилдаг бөгөөд үүнтэй холбоотойгоор гэмт хэргийн бүрэлдэхүүний бүтцийг материаллаг, хэлбэрийн, хэсэгчилсэн гэсэн төрөлд хуваан авч үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хэргийн зүйлчлэл хийхдээ харгалзан үздэг тогтсон ойлголт юм. Материаллаг бүрэлдэхүүний хувьд үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо заавал байх үндсэн шинжид хамаардаг бол хэсэгчилсэн бүрэлдэхүүний тухайд гэмт хэрэг үйлдэх урьдчилсан шатанд /бэлтгэх, завдах/ төгс үйлдсэнд тооцогддог онцлогтой. Харин хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог бөгөөд хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй билээ. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд объектив талын заавал байх үндсэн шинжид хор уршиг /эдийн болон эдийн бус/ хамаардаггүй тул хууль тогтоогч энэ төрлийн гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхойлон томьёолохдоо хор уршгийг хуульчилдаггүй ажээ. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ердийн бүрэлдэхүүнтэй “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн хувьд хууль тогтоогч хор уршиг заавал учирсан байхыг шууд хуульчлан тодорхойлоогүй тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.6 дах хэсэгт зааснаар зүйлчлэн прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд  ирүүлжээ.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.6 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хууль тогтоогч “...улсын төсвийн, өөрийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралтад шаардлага хангаагүй бараа, бүтээгдэхүүн ашиглах замаар төсөвт өртгийг бүрдүүлж хөрөнгө завшсанаас хохирол учруулсан бол...” гэж тодорхойлжээ. Гэтэл хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар “...шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн ашигласан...” гэдгийг тогтоох боломжгүй, хэдийгээр шүүгдэгч нь аж ахуйн аргаар зөөврийн барилга байгууламжид хамаарах харуулын байр барихдаа барилгын тухай хууль болон хэм хэмжээ тогтоосон актыг зөрчсөн боловч үүнийг нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэх үндэслэлгүй, энэ гэмт хэрэг нь захиалагч талд бус гүйцэтгэгч этгээдийн хууль бус үйлдэлд хамааралтай түүнчлэн шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжтэй гэж шүүх үзсэн тул хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт “...бол нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж эрүүгийн хуулийн хариуцлагын талаар хуульчилсан байна. Иймээс хэргийг өөрчлөн зүйлчилсэн нь “шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах”, “тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн хөнгөрүүлэн өөрчилж зүйлчлэх” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн зохицуулалтай зөрчилдөхөөргүй байна.

Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан “...95.000 төгрөгийг **** дугаартай татварын хэлтэс гэсэн дансанд, 300.000 төгрөгийг Хаан банкны *** дугаартай "Мон суль" ХХК-ий дансанд...” шилжүүлсэн үйлдэл Татварын хууль тогтоомжийн дагуу татвар суутган тооцож шилжүүлсэн, албан хаагчдын тээвэр, хоол хүнсний зардалд зарцуулсан байх тул шүүх гэмт хэргийн үйлдэлд нь хамааруулан тооцоогүй болно.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүгдэгчийн хувийн байдал, ялын төрөл, хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/2ХХ 93/,  мал, тэжээвэр амьтны тооллогын баримт/2ХХ 11-13/, тээврийн хэрэгслийн лавлагаа/2ХХ17/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийн хувьд тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Н.Л нь нэгээс таван жил хүртэл хорих ял шийтгүүлж болох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон хэм хэмжээ бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлөөгүй тул “тэнсэж, албадлагын арга хэмжээ авхуулах” тухай өмгөөлөгчийн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Н.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулан түүний хөрөнгө, орлого олох боломжийг нь харгалзан 2/хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шүүх шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг шүүх 1.763.400 төгрөгөөр шүүх тогтоосон тул шүүгдэгч Н.Л-ээс гаргуулан “****”-нд олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой зардал гарсан гэх боловч энэ талаар баримтаа шүүхэд ирүүлээгүй тул зардлаа нэхэмжлэх Авлигатай тэмцэх газрын эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Л-д холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1916000760070 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Ж овогт Н-ын Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Л-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун/ мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Н.Л-д оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Н.Л-д сануулсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.763.400 төгрөгийг шүүгдэгч Н.Л-ээс гаргуулан “*****”-нд олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх гаргах Авлигатай тэмцэх газрын эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол төлөгдөөгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА