Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/11

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч С овогт Б-ийн Б-д холбогдох 2016001820001 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч Б.Б нь ***** аймгийн ***** сумын *** ажиллаж байхдаа 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “**** аймгийн **** сумын нутаг дэвсгэрт 2020 оны 09 дүгээр сарын 16-наас 2020 оны 09 дүгээр сарын 17-нд шилжих шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн торгуулийн төлбөр” гэж хохирогч Б.И-ээс 250.000 төгрөгийг бэлнээр авч хувийн хэрэгцээндээ ашигласан үйлдлийг прокурор “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Б.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Би энэ гаргасан үйлдэлдээ маш их харамсаж байгаа. Өмнөх ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаагүй...Өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй...Энэ хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Өмнө нь ийм үйлдэл огт гаргаж байгаагүй. 250.000 төгрөгийг 10 дугаар сарын 28-нд тушаасан...О-д буцааж тушаая гэсэн. Надад өөрт мөнгө төгрөгийн боломж байхгүй. Ажилгүй болсон учир санхүү байхгүй. Сүүлийн 2 сар банкны зээлээ төлж чадахгүй хэцүү байна. Миний энэ асуудлыг харгалзаж үзнэ үү...Өөрийнхөө тэнэг үйлдлээс боллоо. Сүүлийн 2 сар гэмшиж байна. Ажилтай байсан бол, хүнээс зээлчихгүй яав даа гэж бодож байна...тэнсэн харгалзаж хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү. Ажил хийж банкны зээлийг төлөх ёстой. Надаас өөр төлөх хүн байхгүй. Ар гэрийнхэндээ энэ талаар мэдэгдээгүй байгаа. Манай ээж, аав хоёр өндөр настай хүмүүс байгаа...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Би ****-ийн хэсгийн цагдаагаар 2016 оны 09 сараас хойш ажиллаж байсан юм. 2020 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө олон нийтийн цагдаа Т-ийн хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал захиргааны байрны урд талын төв зам дээр урсгал сөрөөд нэг машин явж байхаар зогсоогоод шалгахад машин дотроос нь архины эхүүн үнэр үнэртэй байсан ба жолооч болон, түүний эхнэр гэх хүнээс архи уусан болох нь илтэд мэдэгдэж байсан. Тухайн машиныг ***** багийн иргэн Б.И жолоодож явсан. Тэгээд би согтуу машин жолоодож явсан И-ийг “ та яагаад согтуу машин жолоодож явж байгаа юм бэ, машиныг чинь журмын хашаанд хийнэ гэтэл хажуугаас нь эхнэр О нь намайг хэл амаар доромжилж зүй бусаар харьцсан. Тухайн үед манай олон нийтийн цагдаа Т цаанаас хүрч ирээд мөн адил эхнэрт нь шаардлага тавьсан. Эхнэр О нь тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, өөдөөс хэрүүл хийгээд зүй бусаар харьцсаар л нилээн удсан. Тэгээд сүүлд харин миний хэлж ярьсан зүйлүүдийг ойлгосон бололтой, арай гайгүй болохоор нь машиныг нь цэцэрлэгийн урд цоожилж үлдээгээд Т бид хоёр тэр хоёрыг дагуулаад цагдаагийн хэсэг дээрээ авчирсан, иргэн И-ийг “та машин согтуу жолоодож явж болохгүй ээ, маргааш өглөө хүрч ирээд уулз” гээд машиных нь түлхүүрийг нь авч үлдээд явуулсан. Олон нийтийн цагдаа Т бас гэрлүүгээ явсан...Маргааш өглөө нь 10 цагийн О, И хоёр хүрч ирээд хаалга, тогшсон, 04 цагийн үед унтсан болохоор жаахан унтаж байгаад 12 цагийн үед сэрээд тэр хоёрыг оруулаад Зөрчлийн тухай хууль уншуулсан. О, И хоёр арай багаар торгуулмаар байна, торгууль нь арай их байна гээд гуйгаад байсан. Би тэр хоёрт урд шөнө нь ямар, ямар үйлдэл гаргасныг нь хэлсэн, гар утсан дээрээ бичлэг хийсэн байсан болохоор бичлэгийг нь хоёуланд нь сонсгосон. Тэгэхэд тэр хоёр хоёулаа “бид хоёрын буруу байна, уучлаарай, арай гайгүйгээр торгоод явуулаач” гээд гуйгаад байхаар нь 250,000 төгрөгөөр торгуулаад яв гэсэн. Гэтэл И нь “би торгуулийн мөнгөндөө яваад ирье” гээд явсан. Удаагүй нээх удаагүй байх, И нь эхлээд 200,000 төгрөг авчирч өгөхөөр нь 50,000 төгрөг нэмж авчир гэсэн чинь дахиад явсан. Тэгээд удаагүй 250,000 төгрөг болгож авчирч өгөхөөр нь би И таныг 1 дэх өдрөөс хэсгийн төлөөлөгч дуудаж байцаалт авах байхаа, дуудах байх шүү гэж хэлээд явуулсан. И авсан торгуулийн мөнгөнөөс 100 орчим мянган төгрөгөөр фейсбүүк дээр байсан зар дээр цагдаа саравчтай малгай, 2 ш газ зарна гэхээр нь Т рүү утсаа яриад авхуулж байсан юм. Үлдсэн мөнгөө  ахуйн хэрэгцээнд зарцуулж дууссан. Тэгээд тэрний дараагийн 7 хоногт О, И хоёр торгуулийн хуудас юм уу, мөнгө тушаасан баримтаа авмаар байна гээд ирэхээр нь өдөр өгье, маргааш өгье гээд явуулаад байсан. Сүүлд нь хэд хоногоос нь И-ийн ээж Б хүртэл над руу утсаар яриад “манай хүүхдийг торгосон юм бол, торгуулийн хуудсаа өгөөч” гээд нэхээд байсан. Миний хувьд албан ёсоор торгуулийн хуудас бичиж торгоогүй, мөнгийг нь хувьдаа үрчихсэн байсан болохоор яах учраа олохгүй маргааш өгье, дараа өгье, байж бай гэх шалтгаан хэлж хойшлуулдаг байсан нь үнэн. Тэгээд 10 сарын сүүлээр байх надруу захиргааны удирдлагын тасгийн дарга, хошууч Б утсаар яриад “чам дээр албаны шалгалт хийнэ” гэж хэлэхээр нь Б эгчийг дарга нарт И-ээс мөнгө авсан гээд хэлчихсэн юм болов уу гэж айгаад сумын Төрийн сангийн *** тоот данс руу торгууль гэсэн утгаар 250,000 төгрөгийг тушаасан юм. Тэгээд үүнтэй зэрэгцээд аймгийн ЦГ-аас албаны шалгалт явуулаад зөвлөлийн хурлаар орж ажлаасаа халагдсан. Ийм л асуудал болсон юм. Өөрийнхөө буруутай үйлдлээс болж ийм асуудалд холбогдсондоо гэмшиж байна... И-ээс уг торгуулийн мөнгийг авахдаа “таныг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон учир торгоно” гэж хэлээд авсан юм. И-д торгуулийн хуудас өгөөгүй... Хэсгийн төлөөлөгч Н-ыг ирэхээр болно гээд бодож байсан юм. Тэгээд мөнгийг хувьдаа үрчихсэн юм...О, И хоёр арай гайгүйхэн шиг торгоод өгчих гээд гуйгаад байсан, И-ээс авсан торгуулийн 250,000 төгрөгийг хувьдаа үрчихсэн болохоор тэр чигт нь мэдээнд оруулаагүй юм...Уг нь бол иргэнээс торгуулийн мөнгийг бэлнээр авах ёсгүй л дээ. Хэрэв торгуулийн хуудсаар торгосон бол торгосон мөнгийг 3 хоногийн дотор аль нэг банканд тушаах ёстой байдаг юм...И-ийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж торгуулийн мөнгө гэж авсан юмаа...тухайн үед би И “арай бага мөнгөөр торгочих гээд” гуйгаад байсан болохоор ямар нэгэн юм бодолгүйгээр 250,000 төгрөг авсан...Аймгаас албаны шалгалт ирэх үед нь иргэн О-ийг 250,000 төгрөгөөр торгосон гээд баримтаа үзүүлье гэж бодоод мөнгө тушаасан баримтан дээр И-ийн эхнэр О-гийн нэрийг биччихсэн юм...Надад холбогдох хэргийг хурдан шуурхай шийдэж өгнө үү, би ажлаасаа гарчихсан болохоор орлогын ямар ч эх үүсвэргүй болчихсон учраас хөнгөн талын шийтгэл оногдуулж өгнө үү, өөрийнхөө хийсэн болчимгүй үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /1ХХ158-161/,

Хохирогч Б.И-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай Эхнэр О бид хоёр 2020 оны 09 дүгээр сарын 16 -ны өдөр сумын төв орж таньдаг найзындаа орж 2 шил архи хувааж уусан юм. Тэгээд орой нь 00 цаг өнгөрч байсан байх, найзынхаа гэрээс гараад нутгийн захиргааны ордны хажуу талын хажуугаар гараад Төрийн банкны урдуур гараад явж байтал машинтай цагдаа дохихоор зогссон.Тэр цагдаа нь манай сумын Б гэж цагдаа байсан. Б намайг “та архи уучихсан юм уу машинаасаа буугаад ир” гэсэн. Би цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлээд машинаасаа буугаад түлхүүрээ түүнд өгсөн. Тэгтэл манай эхнэр О “ цагдаад машинаа хураалгахгүй” гээд Б цагдаатай хэсэг маргалдсан. Цаанаас нэг машинаасаа олон нийтийн цагдаа Т буугаад хүрч ирээд манай эхнэрийг битгий хэрүүл хийе гээд шаардлага тавьсан. О машинаа өгөхгүй гээд Б цагдаатай нэлээн хэсэг маргалдаж зогссон. Миний хувьд архи уучихсан болохоор цагдаатай маргалдах юм болоогүй. Тэгээд цагдаа Б миний машиныг цоожлоод “хэсэг рүү дагаад яв” гэхээр нь дагаад явсан. Хэсэг дээр очиход Б “ согтуу машин жолоодож болохгүй, та маргааш өглөө эрт ирж машинаа аваарай” гэж хэлэхээр нь цагдаагийн хэсгийн гадаа машинаа үлдээгээд явсан. Тэгээд маргааш өглөө нь 10 цагийн үед эхнэртэйгээ цуг цагдаагийн хэсэг дээр явж очоод Б-тэй уулзах гэхэд цагдаагийн кабинаа дотроосоо түгжээд унтаж байсан. Эхнэр бид хоёр нэлээн удаан хүлээж зогссон. Тэгээд өдөр 12 цагийн үед хаалгыг нь тогшоод машинаа авъя гэхэд “ писда минь хүлээж байгаач, амарч байна ш дээ гэхээр нь бид хоёр дахиад нэлээн удаан гадаа нь хүлээсэн. Би хөдөө мал дээр байдаг болохоор мал ахуй хэцүүдэх гээд яах учраа олохгүй дахиад хаалгыг нь тогшоод онгойлгуулаад машинаа авъя гэхэд хүлээж байя, одоохон гээд байлгаад байсан. Тэгээд үдээс хойш 15-16 цагийн үед цагдаагийн хэсэг рүү эхнэр О хамт явж ороод Б-тэй уулзсан чинь бид хоёрт Зөрчлийн тухай хууль уншуулаад “И таныг маргааш өглөө аймаг руу ачна, жолоодох эрхийг хасуулна гээд байлгаж байснаа манай эхнэр О-г “ та гадаа хүлээж байя” гэхэд О гадаа гарсны дараахан Б хэлэхдээ “ таныг 200,000 төгрөгөөр торгоё болох уу” гэхээр нь миний хувьд бушуухан торгуулчхаад явъя гээд тэгье, тэгье гэсэн. Гэтэл Б та тэгвэл торгуулийн мөнгөө олоод ирье гэхээр нь банкнаас очиж мөнгө авахаар гарахдаа эхнэр О-д “200,000 төгрөгөөр торгоно, мөнгөө олоод ир” гэж байна гэж хэлэхэд эхнэр маань тэгвэл бушуухан торгуулаад хоёулаа явъя гэсэн. Ингээд би Хаан банк руу явахаар болж эхнэр маань цагдаагийн хэсгийн гаднаас сургуулиас хүүхдээ авах гээд бид хоёр тийшээ салаад явсан. Тэгээд би сумын төвийн Хаан банкин дээр очоод картаа уншуулж 200,000 төгрөгийг бэлнээр аваад Б-д аваачиж өгсөн чинь “ 50,000 төгрөг чинь яасан юм бэ гэхээр нь “ та намайг 200,000 төгрөг л аваад ир” гэсэн ш дээ гэхэд дахиад 250,000 төгрөг гэж хэлсэн, нэмж 50,000 төгрөг аваад ир, тэгээд машинаа ав” гэсэн. Тэгж хэлэхээр нь би буцаж банкин дээр очоод картнаасаа 50.000 төгрөг уншуулж аваад цагдаа Б-д аваачиж өгөөд машиныхаа түлхүүрийг авахад “ таныг аймгийн төвөөс хэд хоногоос дуудаж магадгүй шүү, дуудахгүй ч байж магадгүй гэж хэлэхээр нь за за тэгж хэлээд машинаа аваад явсан. Би тухайн үед цагдаа торгуулийн хуудас өгдөг эсэхийг мэддэггүй байсан. Зүгээр л торгуулийнх нь мөнгийг нь өгчихөөр болчихдог юм байлгүй гэж бодож байсан. Тэгээд машинаа авчхаад цэцэрлэгийн тэнд явж байгаад ээж Б-тэй таарсан ба манай ээж надаас “ чи юу хийж яваа юм бэ” гэхээр нь цагдаа дээр машинаа хураалгаад торгуулчхаад явж байна гэхэд “ цагдаа чамд торгуулийн хуудас өгсөн юм уу” гэхээр нь хуудас өгөөгүй ээ, мөнгөө бэлнээр нь өгчхөөд явж байна гэсэн чинь ямар сонин юм бэ, хуудас өгмөөр юм даа гэж ээж маань хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа сумын төв орж эхнэр бид хоёр Б-ээс торгуулийн хуудсаа авах гээд очсон чинь 3 хоногийн дараа өгье гэж хэлсэн. Тэгээд 3 хоногийн дараа дахиад явж очиход үдээс хойш Т-ээс аваад өгье гэхээр нь за за дараа больё гээд явсан. Ээж маань нөгөө цагдаагаасаа торгуулийн хуудсаа авсан уу гэхээр нь аваагүй л байгаа гэхэд тэгвэл цуг явъя гээд цагдаагийн хэсэг дээр очиход байхгүй байсан... Арга ядаад олон нийтийн цагдаа Т-ийн гэрт явж очиход Т-ийн хашааны дотор Б-ийн машин байхаар нь хаалгыг нь тогшиход Т гарч ирээд Б алга байна гэж хэлсэн. Тэр өдөр ээж Б, эхнэр О бид гурав Б-тэй уулзах гээд чадахгүй, муур хулгана шиг л юм болсон. Цагдаа Б-ийг зугтаад уулзахгүй байхаар нь ээж маань утсаар залгаад торгуулийн хуудсаа авъя гэхэд өөдөөс хэл, амаар доромжлоод, писда наахуугаар хэлсэн удаатай. О бид хоёрын мал хөдөө байдаг болохоор мал ахуй хэцүүдэх гээд Б-ийн араас хөөцөлдөөд явах завгүй байсан болохоор ээжийг торгуулийн хуудас авчаарай гэж хэлээд хөдөө гэрлүүгээ явсан. Манай ээж Б-тэй уулзах гээд араас нь нилээн явсан боловч зугтаад уулзахгүй, олдохгүй яваад байсан гэсэн. Ингээд ээж маань арга ядаад цагдаагийн газарт нь утсаар гомдол гаргаад хэлчихсэн гэсэн...Би торгуулийн хуудас гэж огт мэдэхгүй, би анх удаа л согтуу явж байгаад цагдаад баригдсан болохоор яаж торгодог, торгуулийн мөнгө гэж хэдийг тушаадаг гэдгийг мэдэхгүй ээ. Б намайг торгуулийн мөнгөө бэлнээр аваад ир гэхээр нь бэлэн л өгчихдөг юм болов уу гэхээр нь бэлэн өгчихдөг л юм байх гэж ойлгоод Хаан банкны АТМ-ээс мөнгөө бэлнээр аваад түүнд өгсөн...” гэх мэдүүлэг /1ХХ96-99/,

Гэрч Х.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Нөхөр И бид хоёр 2020 оны 09 сарын 16-ны өдөр сумын төв орж найз Б-ийн гэрт орж хоол цай идээд, 2 шил архи хувааж уусан. Тэгээд орой нь буюу цаг тухайн үед 00 цаг өнгөрч байсан санагдаад байна. Нөхөр маань өөрийнхөө **** улсын дугаартай пикап маркийн машинаа жолоодоод, миний бие хажууд нь суугаад хөдөө гэр лүүгээ явахаар сумын захиргааны хажуу талд явж байсан чинь сумын цагдаа дохиод зогсоосон. Цагдаа Б манай нөхрийг “та согтуу явж байна, машинаасаа буу гээд жаахан дээрэнгүй байдлаар харьцахаар” миний уур хүрээд “чи яахаараа манай нөхөртэй ингэж харьцдаг юм, яагаад машин хураах гээд байгаа юм” гээд уурлаад хэлсэн чинь цаанаас нь олон нийтийн цагдаа Т хүрч ирж харагдсан. Цагдаа Б намайг “машинаасаа буу, машиныг чинь журмын хашаанд хийнэ” гээд байсан болохоор би машинаа өгөхгүй, машинаас буухгүй гээд түүнтэй хэсэг маргалдсан. Тэгээд сүүлдээ би Б-ийн тавьсан шаардлагыг биелүүлээд машинаасаа буусан, нөхөр бид хоёр Б, олон нийтийн цагдаа Т нарыг дагаад цагдаагийн хэсэг рүү нь явж очсон. Гэтэл Б “та хоёр машинаа маргааш өглөө ирж ав, согтуу машин жолоодож болохгүй, машиныг чинь журмын хашаанд хийнэ” гэж хэлсэн. Б-ийг тэгж хэлэхээр нь И бид хоёр сумын төвд байдаг гэртээ очиж хоноод маргааш өглөө нь 10 цагийн үед цагдаагийн хэсэг дээр нь очиход Б дотроо унтаж байсан. Бид хоёр хаалгыг нь нилээн удаан тогшиж гадаа нь хүлээсэн. Гэтэл та хоёр байж байгаач, би амарч байна гээд уурлаад гадаанаа байлгаад байсан...Бид хоёрт Зөрчлийн тухай хууль уншуулсан. Тэр хуулийн заалтан дээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно” гэсэн байсан. Тэгсэн Б цагдаа намайг “та гадаа гараад хүлээж бай” гэхээр нь би гадаа нь гараад хүлээж байтал удаагүй И гарч ирээд “ 200,000 төгрөгөөр торгуулаад яв гэнээ” гэхээр нь бушуухан торгуулаад явъя гэж ярилцсан...И “торгуулийнхаа мөнгийг өгчхөөд ирлээ” гээд машинаа унаад ирсэн...Мөнгө өгөх үед нь бол байгаагүй, гэхдээ манай нөхөр И цагдаа Б-д торгуулийн 250,000 төгрөгийг өгснийг нь мэдэж байна...Б цагдаа манай нөхрийн согтуурлын зэргийг шалгаагүй. Машин, тэрэгний бичиг баримт хураан авч тэмдэглэл үйлдэж гарын үсэг зураагүй ээ...Б анх бид хоёрт Зөрчлийн тухай хууль уншуулаад нөхрийг чинь аймаг руу ачна, жолоодох эрхийг хасна, 400 мянгаар торгоно гэж хэлсэн...Нөхрийн өгсөн 250,000 төгрөгийг торгуулийн мөнгө л гэж ойлгосон...Манай нөхрийг согтуу машин барьж байсан гээд 250,000 төгрөгөөр торгоно гээд мөнгө авсан. Надаас ямар нэгэн торгуулийн мөнгө төгрөг гэж аваагүй...” гэх мэдүүлэг /1ХХ86-88/,

Гэрч Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2020 оны 09 сарын 16 -ны орой ажлаа тараад алхаад явж байсан чинь манай сумын хэсгийн цагдаагийн постны хашаан дотор хүү И-ийн машин байхаар нь яасан юм бол гээд нээх тоогоогүй, И-ээс асууя гэж бодоод цаашаа явж байтал Цасны талбайн тэнд И хүүтэйгээ таарсан. Тэгээд би хүүгээсээ “ чи энд юу хийгээд явж байгаа юм бэ, машин чинь цагдаагийн хашаан дотор байна шүү дээ, юу болсон юм бэ” гээд асуухад миний урдаас харчхаад инээгээд байсан, хүний эх хүн болсон хойно, хүүгээ ямартай ч архи уучихсан тэгээд машинаа журамлуулчихсан юм байгаа юм байна гэдгийг нь шууд ойлгосон. Тэгээд өөрөөс нь лавшлуураад асуусан чинь “машинаа урд шөнө Б цагдаад хураалгачихлаа, цагдаа намайг торгуулийн 250,000 төгрөг аваад ир гэхээр нь 200,000 төгрөг аваачиж өгсөн чинь 50.000 төгрөгөө нэмж олж ир гэхээр нь би 50,000 төгрөг олж өгчхөөд явж байна” гэсэн. Тэгэхээр нь би хүүгээсээ тэр цагдаа чинь яахаараа бэлнээр мөнгө авдаг юм бэ чамд мөнгө тушаасан баримтыг чинь өгсөн юм уу гэхэд “баримт өгөөгүй, 1 дэх өдөр ирж уулзаарай” гэж хэлсэн гэсэн Би И-г тэгж хэлэхээр нь ямар ч байсан учир нь олдох байлгүй, 1 дэх өдөр хүрээд ир гэсэн юм бол очоорой гэж хэлээд би цаашаа гэр лүүгээ явсан...09 сарын 23-ны өдөр сумын төвд ирэхээр нь би И-д “ чи тэр цагдаагаасаа очиж мөнгө тушаасан баримтаа аваад ир” гэж хэлээд явуулсан. И, эхнэр О тэр хоёр цагдаагийн хэсэг рүү явсан. Эхнэр О нь цагдаагийн хэсэг рүу орж “баримтаа авъя” гэхэд цагдаа Б нь “үдээс хойш олон нийтийн цагдаа Т-ээс аваад өгье” гэж хэлсэн. Хүү, бэр хоёрт Б цагдаа тэгж хэлэхээр нь нөгөө хоёр маань буцаад хүрж ирж надад хэлсэн....14 цаг өнгөрөөгөөд И, О бид хоёр цагдаагийн хэсэг дээр явж очиход Б цагдаа ажил дээрээ байхгүй байсан...Би Б-ийн утас руу 2-3 удаа залгасан боловч утсаа авахгүй байж байснаа сүүлийн залгалтаар утсаа авснаа “одоо очлоо шүү дээ, хүлээж байгаач” гэхээр нь ирэхийн болов уу гээд ажлынх нь хажуу талын цэцэрлэгийн тэнд нэлээн удаан хүлээсэн боловч ирэхгүй байгаад байсан. Би өдөр гэрээсээ гарахдаа таавчигтай гараад ирчихсэн даараад байсан болохоор Б-ийн утас руу нь дахиж залгаад “ чи ажил дээрээ ирэх болж байна уу, би хүүгийнхээ торгуулийн мөнгө тушаасан баримтыг авчмаар байна” гэсэн чинь “та чинь ямар сонин писда вэ, хүн хэлээд байхад чинь ойлгодоггүй юм уу” гэхээр нь хүү шигээ хүнд тэгж загнуулж хэлэхээр нь тухайн үед аймар их уур хүрээд “чи юундаа уурлаад байгаа юм бэ, уурлах юм болоогүй шүү дээ, баримтаа авъя гэсэн чинь утсаа тасалчихсан. Тухайн үед 4 цаг өнгөрч байсан, цаг агаар хүйтрээд цасаар шуураад эхлэхэд И, Охоёр мал ахуй хэцүүдлээ дараа болье гээд мал руу явсан. Тэр өдөр бол Б-тэй уулзаж чадаагүй...Тэрнээс хойш 7 хоногийн дараа би Б лүү залгаад “нөгөө баримтаа авъя, юу болсон юм бэ” гэхэд үдээс хойш Төрийн банкнаас аваад өгье гэсэн. Тэгэхээр нь үдээс хойш банкнаас аваад өгчих юм байлгүй гээд үдээс хойш 3 цагийн үед залгасан боловч утсаа авахгүй байсан...Тэгээд би арга ядаад утаснаасаа интернэт рүү орж цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдол, мэдээлэл хүлээн авдаг 126 дугаар гэж байхаар нь тийшээ нь залгаад “*** сумын цагдаа Б гэж манай хүүхдээс торгуулийн мөнгө бэлнээр авсан байна, тэгээд хүүд маань мөнгөний баримтаа өгөөгүй байна, үүний учрыг олж өгөөрэй, ингэж болдог юм уу” гэж хэлсэн чинь танд эргээд хариу мэдэгдье гэсэн...” гэх мэдүүлэг /1ХХ79-82/,

Гэрч М.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 09 сарын 16-наас 17-нд шилжих шөнө цагдаа Б бид хоёр сумын төвд эргүүл хийгээд явж байтал захиргааны байрны урд талын замд нэг машин явж байхаар нь зогсоогоод шалгахад дотор нь манай **** багийн иргэн И, түүний эхнэр О нар архи уучихсан бололтой байсан. Жолоог И өөрөө барьж байсан, цагдаа Б түүнийг “бичиг баримтаа шалгуулчих, та согтуу машин жолоодож болохгүй” гэхэд эхнэр О нь хэл ам хийгээд Б-ийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй хэрэлдээд байсан. Харин И нь өөрөө гайгүй цагдаа Б-ийн тавьсан шаардлагыг биелүүлээд зүв зүгээр байсан. Ингээд Б бид хоёр согтуу жолоочоор машиныг нь жолоодуулж болохгүй, цаашаа яваад аваар осол хийх, болзошгүй аюулаас нь урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн О-г “та машинаасаа буугаад ир, машиныг чинь журмын хашаанд хийнэ, нөхөр чинь согтуу машин жолоодож болохгүй шүү дээ” гэж хэлсэн чинь нөхрийгөө өмөөрөөд согтуу хүн ямар ааш араншин гаргадаг бил ээ, яг тийм ааш араншин гаргасан. Арга яваад Б эхнэр О-г нь аргадаж, учир байдлыг ойлгуулж хэлээд машиныг нь хөдөлгөөд хэсэг рүү авч явах гэхэд машины урд гарчхаад дайруулчих гээд байгаад байхаар нь эхлээд машиныг нь цоожлоод тэр хоёрыг хэсэг рүү явганаар дагуулж очсон. Тэгсэн чинь О, И хоёр “ бид хоёр мал дээрээ хоночхоод өглөө хүрээд ирж болох уу” гэхэд Б “тэр хоёрыг маргааш өглөө ирээрэй гээд явуулсан. Ингээд Б бид хоёр И, О хоёрыг явуулсны дараа гэр гэр лүүгээ харьсан. Би маргааш өглөө нь УБ хот руу эхнэрийнхээ талын хамаатан А гээд ахтай цуг хувийн ажлаар явах байсан болохоор Б-тэй уулзалгүй шууд хот руу явсан. Намайг хотод очоод байж байсан чинь Б утсаар залгаад “хөгшөөн чи наанаасаа хээрийн өмд, саравчтай малгай, цагдаагийн нулимс асгаруулагч аваад” ирээч гэхээр нь надад мөнгө төгрөг алгаа, чи өөрөө мөнгөө шилжүүлчих, тэгвэл аваад очъё гэхэд Б миний **** тоот дансыг авсан. Ингээд тэр өдрөө байх миний данс руу Б 100,000 төгрөг шилжүүлсэн ба шилжүүлсэн мөнгөөр нь би нулимс асгаруулагч 2 ш, цагдаа саравчтай малгай авсан. Тэгээд 2, 3 хоногийн дараа сумандаа ирээд Б-д захисан юмнуудыг өгсөн..” гэх мэдүүлэг /1ХХ101-102/,

Гэрч Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...цагдаа Б лүү утсаар яриад “чи ямар асуудал гаргасан юм бэ, хүнээс мөнгө төгрөг авчихсан юм уу, аймгаас дарга нар асуугаад байна” гэхэд би *****багийн иргэн И-с торгуулийн 100,000 төгрөгийг бэлнээр аваад 1 дэх өдөр төрийн санд тушаана гэж бодож байсан чинь тушаахаа мартчихсан байсан юмаа гэж л хэлсэн...Тухайн үед би ****** албан ажлаар явж байсан болохоор алт хайж газар ухаж, зөрчил гаргасан нинжа нарыг цуг явж байсан бүрэлдэхүүний хамтаар аймаг дээр авчирч хүлээлгэж өгөөд буцаад сумандаа очиж цагдаа Б-тэй уулзаж асуусан чинь надтай урд өмнө утсаар ярьсан асуудлаа л хэлж байсан...3өрчилд холбогдсон этгээдэд торгуулийн арга хэмжээ авсан тохиолдолд торгуулийн мөнгийг нь тухайн этгээдээр өөрөөр нь сумын Төрийн санд тушаалгадаг.Ер нь бол цагдаагийн алба хаагч зөрчилд холбогдсон этгээдээс торгуулийн мөнгийг бэлнээр авч, төрийн санд тушаана гэсэн хууль эрх зүйн зохицуулалт байхгүй...” гэх мэдүүлэг/1ХХ60-63 /,

Гэрч Д.Д-ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би 2020 оны 09 сарын 16-наас 17-ны өдрүүдэд төвийн мэдээлэл хүлээн авагчаар ажиллаж байсан. 09 сарын 17-ны өглөө ажлаасаа буусан. Мэдээлэл хүлээн авагч нь аймгийн төв болон хөдөө сумдуудын хэсгийн цагдаа, хэсгийн төлөөлөгч нараас тухайн өдрийнх нь тайвны мэдээг авдаг, мөн хөдөө сумдын алба хаагч нар ямар нэгэн гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллээ төв рүү мэдэгддэг юм. Ирүүлсэн зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй мэдээллийг төвийн мэдээнд оруулж шивж бүртгэдэг байгаа. 2020 оны 09 сарын 16- наас 17-нд шилжих шөнө намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд бол **** сумын хэсгийн цагдаа Б Зөрчлийн мэдээ хэлж бүртгүүлээгүй, надад мэдэгдээгүй. Хэрэв надад мэдэгдсэн бол би рапортод оруулах ёстой...” гэх мэдүүлэг /1ХХ173 /,

Гэрч Б.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тухайн өдөр Цагдаагийн газрын ерөнхий жижүүрээр үүрэг гүйцэтгэж 18-ны өглөө ээлжнээсээ буусан... Намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд **** сумын хэсгийн цагдаа Б нь надтай ямар нэгэн байдлаар холбогдож яриагүй. Хэрэв надад албан ёсоор мэдэгдэж хэлсэн бол тухайн өдөр жижүүрийн мөрдөгчөөр ажиллаж байсны хувьд заавал хоногийн мэдээнд оруулж тухайн алба хаагчид заавар, зөвлөмж өгөх ёстой байдаг. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад саатуулагдсан бол харин ч энэ асуудал дээр нь сумын цагдаа нартай холбогдож заавар зөвлөмжийг. нь өгнө. Үүнийг тодруулбал “ тээврийн хэрэгслийг нь албан ёсоор журамлах, үзлэг хийх, тухайн согтуу жолоочийн согтолтын зэргийг нь тогтоолгох, цусны дээж авах, согтуу жолоочийг ар гэрийн насанд хүрсэн хүнд хүлээлгэж өгөх зэрэг зөвлөмжийг сумдад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид өгөх байсан. Тэгэхгүй бол согтуу жолооч нь эргээд цагдаагийн алба хаагчийн буруутгах, янз бүрийн асуудалд гүтгэх асуудал гардаг учраас төвийн жижүүрээс зөвлөмж, зөвлөгөөг өгдөг. Гэхдээ надтай **** сумын цагдаа Б ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй болохоор согтуу жолооч журамласан эсэхийг аймгийн төвд үүрэг гүйцэтгэж байгаа бид нар мэдэх ямар ч боломжгүй...” гэх мэдүүлэг /1ХХ110/,

Гэрч Г.О-гийн мөрдөн байцаалтын шатан өгсөн “...Би Зөрчлийн тоо бүртгэгчээр 2020 оны 03 сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 сарын хүртэл ажиллаж байсан. Намайг 2020 оны 09 сард зөрчлийн тоо бүртгэгчээр ажиллаж байх хугацаанд ***** сумын цагдаагаар ажиллаж байсан Б надтай ямар нэгэн байдлаар холбогдож яриагүй ба зөрчлийн материал дээр дугаар хэлж аваагүй ээ. Хөдөө сумдад үүрэг гүйцэтгэж байгаа хэсгийн төлөөлөгч, цагдаа нар нь илрүүлсэн зөрчил болон иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийг ЦГ-ын 102-ын рапортод буюу хоногийн нөхцөл байдлын мэдээнд оруулах ёстой, эсвэл над руу холбогдож тухайн зөрчлийн тухайн гомдол, мэдээлэл, зөрчлөө бүртгүүлж, албан ёсоор дугаар авах ёстой байдаг юм...” гэх мэдүүлэг /1ХХ76/,

Гэрч Ж.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2020 оны 10 сарын 27-ны өдөр ЦЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа А линкээр яаралтай холбогдоорой гэсний дагуу албаных нь утсаар холбогдож ярихад “иргэн Б гэх хүнээс танай ЦГ-ын **** сумын хэсгийн цагдаатай холбоотой гомдол, ирүүлсэн байна, энэ мэдээллийн талаар байгууллагын даргадаа танилцуулж, албаны шалгалт явуулж, дүнг 2020 оны 11 сарын 02-ны өдрийн дотор ирүүлэх шаардлагатай гэж чиглэл өгсөн. Ингээд миний бие эхлээд **** сумын хэсгийн цагдаа, -Б-тэй утсаар холбогдож, юу болсон эсэхийг тодруулахад тэрээр “бэлэн мөнгөөр И гэж хүнийг торгосон асуудал байхгүй, би Б гэж хүнийг танихгүй” гэж хэлснээ утсаа таслахынхаа өмнө би наад хүнтэй чинь уулзаад эргээд танд хариу хэлье гэсэн. Тэгэхээр нь би гомдол, мэдээлэл гаргасан Б гэх хүний *** дугаарын утсаар холбогдож, та 126 дугаарт гомдол өгсөн эсэх талаар тодруулахад “манай сумын цагдаа Б 2020 оны 09 сарын 17-ны өдөр манай хүү И-ийг 250,000 төгрөгөөр торгоно” гэж хэлээд бэлэн мөнгө авсан байна, мөнгөө тушаасан баримтаа авъя гэж удаа дараа шаардаж нэхсэн боловч, маргааш, нөгөөдөр, 1 дэх өдөр өгнө гээд удаа дараа хойшлуулаад байхаар нь гомдол, мэдээлэл авдаг 126 дугаарт чинь гомдол, хэлсэн юм гэж хэлсэн. Тэгээд би энэ талаар газрын даргын нэр дээр илтгэх хуудас бичээд танилцуулсан ба газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Э албаны шалгалтыг, жижүүрийн шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Ү хошуучид цохсон. Албаны шалгалтыг хошууч Д.Ү явуулсан байдаг юм. Ингээд албаны шалгалтаар тухайн алба хаагчийн буруутай үйлдэл тогтоогдож ажлаасаа халагдсан...” гэх мэдүүлэг /1ХХ170-171/,

“Төрийн албаны зөвлөлийн *** аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар 30-ны өдрийн 99 дугаартай “ *** аймаг дахь Цагдаагийн газрын *** сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байсан Б.Б нь нийтийн албан тушаалтанд хамаарна” гэсэн албан бичиг /1ХХ 206/, *** аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/96 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/80 дугаартай “Б.Б-г албанаас халах тухай” тушаал, албан тушаалын тодорхойлолт /1ХХ233-239/, ***** аймаг дахь Цагдаагийн газрын зөрчлийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, бүртгэлийн дэвтрийн хуулбар /1ХХ68-74/, 2020 оны 09 дүгээр сарын 16-наас 09 дүгээр сарын 18-ны өдөр  хүртэлх **** аймаг дахь Цагдаагийн газрын хоногийн нөхцөл байдлын танилцуулга /1ХХ116-130/, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 250.000 тушаасан мөнгөн шилжүүлгийн баримт /1ХХ188/, Б.И, Х.О нарын ***** дугаартай дансны хуулга /1ХХ140/, шүүгдэгч Б-ийн *** дугаартай дансны хуулга /1ХХ168/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь **** аймгийн *** сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байхдаа 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн торгуулийн төлбөр” гэж ойлгуулан хохирогч Б.И-с 250.000 төгрөг бэлнээр авч хувийн хэрэгцээндээ ашигласан хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

Нийтийн албанд/төрийн алба/ ажиллаж буй сонгуульт болон томилолтын албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг билээ. Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой юм.

Шүүгдэгч нь хууль сахиулах чиг үүрэг хүлээсэн нийтийн албан тушаалтан/төрийн албан хаагч/ болохын хувьд зөрчил илрүүлсэн тохиолдолд зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах ёстой байжээ. Гэтэл шүүгдэгч нь энэ чиг үүргээ хэрэгжүүлэн хуульд заасан хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүйгээр барахгүй шийтгэлийн хуудас үйлдэлгүй зөрчлийн хуулийн дагуу шийтгэл оногдуулж байна гэж хохирогчид ойлгуулан 250.000 төгрөг бэлнээр авч түүнийгээ хувийн хэрэгцээндээ ашигласан нь албан үүргээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийн эрх мэдлээ хэтрүүлэх буюу “урвуулан ашиглах” ойлголтонд хамаарахаар байна.

Иймээс шүүгдэгчийн үйлдэл нь санаатайгаар өөртөө эд мөнгөний ашиг олох зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.Б-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авах үндэслэлийг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/1ХХ204/, төрийн банкны гүйлгээний баримт, ажилд томилсон болон ажлаас халсан тушаалын хуулбар зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Үүний үндсэн дээр шүүгдэгчийг анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийг хувьд тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.

Иймээс шүүх шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул хувийн байдал учруулсан хохирол хор уршгийн шинж, тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг шүүгдэгчид оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, нийтийн албанд томилогдох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 7.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасныг тус тус баримтлан тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэн олж авсан хууль бус хөрөнгө, орлогыг хураан авч улсын орлого болгох, хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.

Иймд шүүгдэгч нь уг гэмт хэргийн улмаас 250.000 төгрөгний хууль бус орлого олсон боловч үүнийгээ 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ***** дугаартай төрийн сангийн дансанд иргэн Х.О-гийн нэрээр хүү торгууль ***** утгаар тушаасан байх тул уг шилжүүлгээр хийгдсэн 250.000 төгрөгийг буцаалт хийлгэн, хураан авч, хохирогч Б.И-д олгох нь Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтанд нийцнэ гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Б-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Б-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг түүнд оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг шүүгдэгч Б.Б-д сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг баримтлан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн **** дугаартай төрийн сангийн дансанд иргэн Х.О-гийн нэрээр хүү торгууль **** утгаар хийгдсэн 250.000 төгрөгийг буцаалт хийж хураан авсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хураан авсан 250.000 төгрөгийг хохирогч Б.И-д олгосугай.

7. шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА