Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2017/00063/и |
Дугаар | 131 |
Огноо | 2017-03-28 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 131
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10 дугаар баг, Оргилын 17- дугаар байр 01-05 тоотод оршин суух, Жалайр, Батмөнхийн Жаргалсайханы нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгад холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Жаргалсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрдэнэбат , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Жаргалсайхан миний бие 2002 онд Тайз дэлгэцийн урлагийн “Харцага” дээд сургуулийг “Тайз дэлгэцийн урлагийн жүжигчин” мэргэжлээр, багш ТС Ц.Төмөрбаатар, Д.Маамхүү, Ц.Төмөрхуяг нарын удирдлаган дор төгссөн бөгөөд Дархан хотын Залуучууд театрт жүжигчнээр ажиллаж байсан. Улмаар Ардын дуу бүжгийн Алтай чуулгын дарга Н.Жаргалсайханы тавьсан саналын дагуу 2003 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тус чуулгад шилжин ирж, жүжигчин хөтлөгчийн ажилд 04 дүгээр сарын 21-ний өдрөөс томилогдон орж өнөөг хүртэл ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч хүртэл дэвшин, 15 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн билээ. Энэ хугацаанд чуулгын 3 дарга солигдсон бөгөөд эдгээр дарга нартай гар нийлэн хамтран ажиллаж ирсэн билээ. Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 14-ний бүтэн сайн өдөр аавын гэрийг буулган янзалж байх үед Улаанбаатар хотоос Н.Энхбат гэдэг хүн утсаар яриадах гээд байна гэж туслах найруулагч Ц.Мөнгөнтөгс надад хэлсний дагуу 99099019 дугаарт холбогдон ярихад Н.Энхбат нь мэндийн солиогүйгээр Чи хэн бэ? Ямар Жаргалсайхан? Хөөе чи байна ш дээ Алтай чуулгын 50 жилийн ойн номыг бичдэг хэн бэ? чамд сэтгүүлчийн мэргэжил байна уу? Би удахгүй чуулгын даргаар очно. Чамайг ажлаас хална за. Чи зүгээр гудамжид гарч лааз өшиглөн архи гудраад хэвтэж бай за гэх зэргээр дайрч доромжилсон. Би хариуд нь томилогдож ирээд уулзаж учраа ол гээд тасалсан. Дараа нь Н.Энхбат Алтай чуулгын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Баасан гарагт томилогдсон гэх бөгөөд өөрөө 09 дүгээр сарын 12-ны Даваа гарагт тушаал барьсаар ирсэн. Н.Энхбат нь ирсэн цагаасаа хойш байнга дарамталж өргөдлөө өгөөд зайл. Зайгаа тавьж өг, Засаг даргад хэн хэн гарын үсэг зурж өргөх бичиг өгсөн бэ? чи толгойлсон гэсэн, чи бичлэг хийсэн байна гэх зэргээр намайг худал гүтгэн гүжирдэж, дарамталж байсан төдийгүй сүүлийн 1 жил 5 сарын хугацаанд ихээхэн цаг зав, хөрөнгө мөнгө, сэтгэл, хөдөлмөрөө гаргаж хийж бүтээсэн "Аялгуу эгшгээр цалгисан Ардын Дуу Бүжгийн Алтай Чуулга мину-50 жил" гэсэн ойд зориулсан номыг маань булаан өөрийн нэрээр хэвлүүлэх, хэвлүүлчихсэн байсан 500.000 гаруй төгрөгийн өртөг бүхий ойн урилгыг хүчингүй болгож, ном хэвлүүлэхээр тохиролцсон хэвлэлийн компанийг маань цуцлуулж Н.Энхбат нь өөрөө, өөр компаниар хэвлүүлэхээр хөөцөлдөж эхэлсэн Соёмбо принтинг ХХК-иар үнэ төлбөргүй хэвлүүлэхээр ярьж тохирсон гэх бөгөөд ном хэвлүүлэхээр урьдчилан төлсөн байсан 5.0 сая төгрөгийн 4.0 сая төгрөгийг нь өөрийн хувийн эзэмшлийн “Гараг.мн", “Гараг.мн уран бүтээлийн нэгдэл" гэсэн сайтын данс руу чуулгын ойг тэмдэглэн өнгөрүүлэх хандивын данс нь байсаар байтал дур мэдэн шилжүүлсэн төдийгүй ном бичсэн хугацааны цалин мөнгийг эргүүлж төлүүлнэ, торгууль тавиулна гэх зэргээр ном бичсэн уран бүтээлчдийг хавчин хяхаж дарамталж эхэлсэн. Мөн намайг ажил үүргээ гүйцэтгэж байхад чуулгын дарга гэх Н.Энхбат нь элдвээр хяхаж хавчин, дарамтлах нь улам дэндэж уран бүтээлчдийг хагалж бутарган ажлаас нь халж солин, ойн концерт бэлтгэхэд ихээхэн хэмжээгээр саад тотгор учруулж байсан бөгөөд ажил төрлөө элдэв ховоор явуулж, хүмүүсийг гүтгэн гүжирдэж хална, солино гэж дарамтлах болсон. Үүнээс нь болж тоглолтын бэлтгэл сургуулилт тайзан дээр гаралгүй 3 хоног саатсан. Мөн надаар тоглолтыг найруулуулахгүй гэсэн үүднээс элдвээр хэлж доромжлон байнга дарамт шахалт үзүүлж байсан бөгөөд одоо тус чуулгад найруулагчаар ажиллаж байгаа Т.Цэцэгмааг 50 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор ирэхэд нь уран сайхны зөвлөлийн болон миний зөвшөөрөлгүйгээр маргааш нь тоглогдох ойн концертын найруулга, өрөлтийг шууд эвдүүлэн найруулуулсан. Ойн арга хэмжээ 2016 оны 10 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд болж өнгөрсөн бөгөөд бүгд л баярласан байсан. Ойгоо өнгөрөөгөөд манай уран бүтээлчид хэд хоног амраад ажилдаа орцгоосон. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/83 тоот тушаалаар ойн үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн шалтгаанаар сахилгын шийтгэл хүлээж би ганцаараа 2 сар цалингийн 20 хувиар торгуулах арга хэмжээг авахуулсан. Энэ үйлдэл нь намайг ажлаас халахын тулд хуульд нийцүүлэх гэсэн оролдлого байсан гэж би үзэж байгаа. Үүний дараагаар Н.Энхбат нь дахин 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн шалтгаанаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б\112 тоот тушаалаар ажлаас халсан. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэх 11 дүгээр сарын 30-ны өдөр миний бие ажлын байрандаа архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэсэн зүйлгүй бөгөөд урд өдөр нь болох 11 дүгээр сарын 29-ний өдөр Гуулин тосгоны дунд сургуулийн дотуур байр, гал тогоо, спорт заалыг улсын комиссд хүлээлгэн өгөх, нээлтийн ажиллагааны хөтөлбөр сценари гаргах, нээлтийн ажиллагаа болох хугацаа, талбайг сонгох ажлаар Гуулин тосгон ороод үүрээр 4 цагийн үед гэртээ ирсэн. Өглөө 9 цагаас ажилтай байсан тул унтаж амраад өглөө ажилдаа очиход дуудлагын дагуу бэлтгэл сургуулилт эхэлж байсан. Гэтэл Н.Энхбат нь элдвээр дайрч доромжлон, ажил хийлгэхгүй гэж хөөж туун сургуулилтаас гаргасан. Намайг заалнаас гаран жижүүрийн сандал дээр сууж байхад хойноос гарч ирэн хэрэлдэж улмаар жижүүрийн сандал дээр боож унагасан. Тэгээд жижүүрээр цагдаа дуудуулан намайг цагдаа дээр хүргүүлсэн. Би тэр өдөр ажлын байранд согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй бөгөөд урьд шөнө нь Гуулингаас гарахдаа уусан архи үнэртэж байсан. Цагдаа дээр очоод согтолтын хувь хэмжээгээ тогтоолгоход 0,16 хувьтай гарсан. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 23-ны хооронд эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хойгуур 12 дугаар сарын 02-ны өдөр тоглосон тоглолтыг Улаанбаатар хотоос ирж найруулсан Т.Цэцэгмааг найруулагчаар томилсон байсан.Т.Цэцэгмаа нь Ховд аймгийн ХДТеатраас тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гараад Улаанбаатар хотод шилжин очиж ХБДуС-д цагийн багш хийж байсан хүн юм. Би 26-ны Даваа гарагт ажилдаа ирэхэд миний өрөөг онгойлгосон байсан бөгөөд найруулагч Т.Цэцэгмаа нь маркетинг үйлчилгээний ангитай хуралдаж байсан. Мөн энэ хугацаанд Н.Энхбат нь нарийн бичгийн ажилтнаа халсан байсан бөгөөд шинэ нарийн бичгийн ажилтнаар орсон Т.Эрдэнэбат нь миний ажлаас халагдсан гэх 2016 оны 12 дугаар сарын 28-ны Б\112 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хувийг надад өгсөн. Энэ тушаал нь дагалдах хуудастай ирсэн ба тэр нь намайг хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн төдийгүй сургуулиас хөөгдсөн гэсэн утга бүхий тодорхой тамга тэмдэг, гарын үсэг, он сар байхгүй хуурамч баримт бичиг байх тул надад өгсөн эх хувийг нь, Цагдаагийн Ерөнхий Газрын ял шалгуулсан тодорхойлолт, бусад холбогдох бичиг баримтын хамт энэхүү өргөдөлдөө хавсаргасан болно. Миний бие нь 1998-2000 он хүртэл Жигжидийн нэрэмжит КУДС-д суралцаж байсан ба тухайн үед багшилж байсан анги удирдсан багш Ц.Төмөрбаатарыг сургуулиас гаран Харцага КУДС-д багшаар шилжихэд манай ангийн 34 хүүхдээс багштайгаа хамт 12 хүүхэд Харцага КУДС-д шилжин очсон бөгөөд бүгд сургуулиа амжилттай төгсөж, Дархан хотын Залуучууд театрт нэг ангийн 4 хүүхэд, нийт 8 хүүхэд хуваарилагдан очиж ажилласан билээ. Мөн Жигжидийн нэрэмжит КУДС-ийн оюутны зөвлөлд миний бие ангийн нэг хүүхдийн хамт ажилладаг байсан бөгөөд тухайн үед оюутны зөвлөлийн даргаар нь найруулагчийн ангийн оюутан Д.Бадрахгэрэл, дэд даргаар мөн найруулагчийн ангийн оюутан н.Энхтүвшин нар ажилладаг байсан. Гэтэл Н.Энхбат нь КУДС-ийн Оюутны зөвлөл гэсэн тамга тэмдэггүй хуурамч бичиг баримт олж авч мэргэжлийн бус дипломгүй хүн ажиллаж байсан мэтээр хамт олонд буруу ойлголт төрүүлж өөрийн хуульд нийцэхгүй халах үндэслэлээ зөвтгөхийг оролдож байна гэж бодож байна. Иймд миний бие ажлаас халагдах үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тушаалын үндэслэлийг дахин нягтлан шалгаж, ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Н.Энхбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улаанбаатар хотоос Алтай чуулгын туслах найруулагч Ц.Мөнгөнтөгстэй холбогдож чуулгын 50 жилийн ойн номд материал оруулах талаар Б.Жаргалсайхантай ярих ажил байна холбож өгөөч гэхэд би Б.Жаргалсайханд хэлээд таньтай яриулъя гэсэн. Миний гар утсанд скайтелын дугаараас дуудлага орж ирж аваад ярихад шууд л Жагаа байна гэсэн. Ямар Жагаа вэ? гэхэд Жагаа гэдэг хүн л байна гэж нилээд уурласан байдалтай яриа эхэлсэн. 50 жилийн ойн номд өөрийнхөө материалыг оруулах, номны талаар санаа оноо хэлэхэд чамд чуулгын ном хамаагүй, чуулгын дарга болчихоод надтай том юм ярь гэж хэлээд утсаа тасалсан. 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Аймгийн Засаг даргын захирамжаар Алтай чуулгын даргаар томилогдон ажилдаа орж 50 жилийн ойн бэлтгэл ажилтай танилцахад уран бүтээлийн болон ойн ном хэвлүүлэх ажил санхүүжилт байхгүй учраас зогссон хийж эхлүүлсэн, төлөвлөсөн зүйл байхгүй байсан. Эхний ээлжинд 50 жилийн ойн ном хэвлүүлэх талаар гэрээ хийсэн компанитай ярихад танайх 5 сая төгрөг өгсөн үлдсэн 4.000.000 сая төгрөгөө бүрэн шилжүүлж өгвөл хэвлэж болно гэсэн хариу өгсний дагуу нягтлан бодогчоос асуухад зардал мөнгө байхгүй боломжгүй байгаа гэдэг хариу хэлсэн. Алтай чуулгын яруу алдарт 50 жилийн гол ажил болох түүхэн баримтат номыг сэтгэл гаргаж Алтай чуулгын хамт олны эрх ашгийн үүднээс хэвлүүлж гаргах нь зүйтэй гэж үзэн нутгийн дүү Соёмбо принтинг ХХК-ны захирал Д.Лувсандоржтой ярьж санал тавихад халуун дотно хүлээн авч манай компани 100% хувь ивээн тэтгэн хэвлэж өгье гэдэг сайхан мэдээ дуулгасан билээ. Ингээд хууль журам, гэрээний дагуу номын эхийг авч Соёмбо Принтинг ХХК-иар хэвлүүпэх гэтэл чуулгын дарга асан Э.Отгонбаатар, найруулагчаар ажиллаж байсан Б.Жаргалсайхан нар номын эх бэлтгэлийг чуулгад өгөлгүй бие бие рүүгээ түлхэж арга саам хийн худал хэлж явсаар өнөөг хүртэл хэвлүүлээгүй байна. Би энэ номыг өөрийн нягтлан бодогч М.Нандинцэцэг, нярав З.Батаа нарт хүлээлгэж өгсөн болно. Уул нь Алтай чуулга санаачлан захиалж, гэрээ хийж, чуулгын төсвийн нэг сая төгрөгөөр номын эхийг бэлтгүүлж, албан үүргийн дагуу Б.Жаргалсайхан Э.Отгонбаатар нарыг номын эмхэтгэгчээр ажиллуулсан боловч эрх, үүрэг, хариуцлагаа умартаж хувийн эрх ашгийн үүднээс энэ ажилд хандаж, худал гүтгэж буруу ташаа мэдээлэл өгсөн байна. Төрийн хошой шагналт эрдэмтэн, зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит АДБ-ийн Алтай чуулгын эрхэм зорилго нь: уламжилж ирсэн ардын домогт харилцаа дуу, бүжиг, монголын үндэсний дуурь, бүжгэн жүжиг, концертын бүтээлийг үзэгчдийн оюуны эрэлт хэрэгцээнд нийцүүлэн туурвидаг ардын дуу бүжгийн чуулга, бүс нутгийн мэргэжлийн урлагийн төв байх бөгөөд эрхэм зорилгынхоо дагуу хариуцлага, хатуу чанд сахилга баттай, өндөр ур чадвар, авъяастай, ёс зүйтэй мэргэжлийн уран бүтээлчдээр хамт олноо бүрдүүлж ажиллах нь үзэгч түмний өмнө хүлээсэн эрхэм үүрэг, байгууллагын удирдлагын чухал зорилт бодлого юм. Байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, ажлын төлөвлөгөөгөө танилцуул гэж дуудахаар ирдэггүй, надаас цаг авч уулз гэсэн хариулт мессеж илгээдэг ба ажлаа сайжруулах, хариуцлагатай үр бүтээлтэй ажиллах талаар ажлын шаардлага тавихаар дарамтласан загнасан, доромжилсон хавчсан гэж бусдад буруу ташаа мэдээлэл хийж хамт олны дунд сөрөг мэдээлэл тарааж явдаг нь энэ хүний гэм биш зан бололтой. Ялангуяа Н.Энхбат намайг ор үндэсгүй гүжирдэж гүтгэсэн зүйл их бичсэн байгаад харамсаж байна. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/83 тоот тушаалаар ойн үеэр архи согтууруулах ундаа хэрэглэж ажлын хариуцлага алдсан тул сахилгын шийтгэл ногдуулсан. Б.Жаргалсайханы архи согтууруулах ундаа хэрэглэж ажлын хариуцлага алдсныг Алтай чуулгын уран сайхны зөвлөлийн гишүүдийн гарын үсэгтэй хурлын тэмдэглэлээр нотлож байна. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажлын байранд МУГЖ Л.Оюунчимэг, Л.Жамбалдорж нарын тайлан тоглолтын бэлтгэл сургуулилтыг МУГЖ Б.Лхагва хуваарийн дагуу хийлгэж байсан бөгөөд намайг уран бүтээлийн үйл явцтай танилцахаар үзэгчдийн танхимд ороход Б.Жаргалсайхан согтуу бололтой сууж байсан. Та согтуу байна уу? гэж асуухад миний өмнөөс чи тэгвэл энэ ажлаа хийгээрэй гэж хэлээд гарч явсан. Би түүнийг хэл амаар доромжилж хөөж туусан юм байхгүй яг юу болсоныг МУГЖ Б.Лхагва үнэн зөвөөр нь хэлж гэрчлэх болно. Би араас нь гарч жижүүрийн хажууд саатуулж жижүүрээр цагдаа дуудуулж гарч зугтах гэхээр нь барьж байгаад цагдаад хүлээлгэж өгсөн. Б.Жаргалсайханы бичсэнээр жижүүрийн сандал дээр боож унагасан зүйл болоогүй бөгөөд үүнийг жижүүр Д.Дашдорж гэрчилнэ. Дуудлагын дагуу хоёр цагдаа ирж авч явах үед энэ хүнээс архи үнэртэж байна уу? гэж асуухад үнэртэж байна гээд цагдаагийн газар луу авч явсан болно. Үдээс хойш 15 цагийн үед цагдаагийн жижүүрээс Б.Жаргалсайханы талаар лавлахад 0,66% хувийн согтолттой гарсан тул асран хамгаалагчид нь хүлээлгэн өглөө гэсэн хариу хэлсэн. Ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн сахилгын ноцтой зөрчил давтан гаргасан болохыг Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Наранбаатарын албан бичиг, мөн драгер үлээлгэсэн тэмдэглэлээр нотлож байна. Нарийн бичиг, хүний нөөцийн ажилтнаар ажиллаж байсан М.Эрдэнэбилэгийг ажлаас халсан гэж бичжээ. М.Эрдэнэбилэг нь Улаанбаатар хотод аавыгаа эмчлүүлэх өөрөө Замын-Үүдэд ажиллаж амьдрах шаардлагатай болсон гэх тайлбар хийж ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу ажлаас чөлөөлсөн болно. Нарийн бичиг, хүний нөөцийн ажилтан М.Эрдэнэбилэгийн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн болохыг өөрийн гараар бичсэн өргөдөл, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/89 тоот тушаалаар бүрэн нотлож байна. Б.Жаргалсайхан нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд ажил тасалсан болохыг жижүүрүүдийн бүртгэсэн цагийн бүртгэлээр нотлож байна. Б.Жаргалсайханы талаар КУДС-ийн оюутны зөвлөлөөс 2001 онд ирсэн бичиг нь чуулгын бичиг хэрэг архивт хадгалагдаж байсан болно. Т.Цэцэгмаа найруулагч 2016 оны 12 дугаар сард хамт олны урилгаар тус чуулгад уригдаж ирсэн. Найруулагч Т.Цэцэгмаа нь 1977 онд Улаанбаатар хотын багшийн сургуулийн соёлын ангийг соёлын ажилтан мэргэжлээр, ОХУ-ын Улаан-Үдэ хотын Дорнод Сибирийн Соёл урлагийн дээд сургуулийг мэргэжлийн найруулагчаар 1988 онд төгсөж, Ховд аймгийн хөгжим драмын театрын найруулагчаар ажиллаж байгаад 1991 оноос Ардын дуу бүжгийн Алтай чуулгад уран сайхны удирдагч найруулагчаар ажиллаж байсан. Мэргэжлийн найруулагч Т Цэцэгмаа нь ажиллах хугацаандаа 'Учиртай гурван толгой" дуурь, "Араншин” хөгжимт драмын жүжиг, “Далан худалч” хөгжимт драмын жүжиг, “Галын дөл өөдөө” хөгжимт драмын жүжиг, “Хар санаа хайр сэтгэл" жүжиг, “Галзуу хот" жүжиг, "Огторгуйд очиж амьдарна”, “Гахайн ганц торой”, “Ишиг хөөрхөн” хүүхдийн жүжиг зэрэг 40 гаруй уран шинээр тавьж, "Жаргалтай дэлгэр", "Тэнгэр аялгуу", "Уяхан замбуу тивийн нар”, “Театрт зөвхөн бурхад чуулдаг" зэрэг 100 гаруй концертын бүтээл туурвиж, 30 жил урлагийн байгууллагад мэргэжлийн найруулагчаар ажилласан юм. Б.Жаргалсайханы ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомж зөрчөөгүй байх тул Б.Жаргалсайханы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайд ажиллаж байсан Б.Жаргалсайхан найруулагч бол анх 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр сахилгын сануулах шийтгэл авсан байгаа. Энэ нь ажлын хариуцлага алдсан тул сахилгын шийтгэл авсан байгаа. Дараа нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргаж сахилгын шийтгэл авсан байгаа энэ нь үндсэн цалинг хоёр сарын хугацаанд 20% бууруулах сахилгын шийтгэл авсан. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр сахилгын шийтгэл аваад 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сахилгын ноцтой зөрчил гаргасан. Тэр өдрийн өглөө 09 цагаас дуудлага гаргасан байдаг тайзан дээр поргон сургуулилттай гэсэн 11 цагт Б.Жаргалсайхан нь архи үнэртүүлсэн гаднаас орж ирсэн. Тэгээд дотор Н.Энхбат даргатай таараад та согтуу байна гэхэд би архи уугаагүй гэж урдаас нь хэл амаараа маргалдаад энэ хоёр хүн жижүүр Д.Дашдоржийн хажууд гарч ирсэн байдаг. Д.Дашдоржийн хажууд энэ хүн гарч явах гээд байхаар нь дарга барьж саатуулаад цагдаагийн албан хаагч дуудсан. Цагдаагийн хоёр албан хаагч ирээд энэ хүнийг авч явахаас өмнө дарга энэ хүнээс архи үнэртэж байна уу? гэж асуусан үнэртэж байна согтуу байна гэж хэлээд цагдаагийн хоёр албан хаагч авч явсан. Ингээд авч яваад цагдаагийн газар аваачиж согтолтын зэргийг нь тогтоолгоод 0.16%-ийн согтолттой байна ар гэрт нь хүлээлгэж өглөө гэж үдээс хойш цагдаагийн газраас Н.Энхбат даргад мэдээлсэн байдаг. Тэгээд энэ хүнийг драгер үлээлгээд цагдаагийн дэд дарга цагдаагийн хошууч Ж.Наранбаатар иргэн Батмөнхийн Жаргалсайхан нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цагдаагийн газар согтуугийн зэрэг үлээлгэхэд 0.16%-ийн согтолттой байна гээд манайд албан бичгээр хариу өгсөн байдаг. Өмнө нь энэ хүн 10 дугаар сард ажлын хариуцлага алдаж сахилгын шийтгэл авсан байдаг. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугласан зохигчдын шаардлага, татгалзал, тэдгээрийн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад нэхэмжлэгч Б.Жаргалсайханы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Б.Жаргалсайханы нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлоход Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын найруулагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч Б.Жаргалсайхан нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/112 дугаартай тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ...ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хуулийн шаардлагын дагуу 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр буюу хуулийн хугацаанд шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Б.Жаргалсайхан нь “...миний бие нь ажлаас халагдах үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, би ажлын байранд ажлын цагаар архи уугаагүй тул тушаалын үндэслэлийг дахин нягтлан шалгаж, найруулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү...” гэж, хариуцагчийн төлөөлөгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Б.Жаргалсайханы ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомж зөрчөөгүй байх тул Б.Жаргалсайханы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэж тус тус маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад нэхэмжлэгч 2005 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаартай тушаалаар туслах найруулагч, жүжигчнээр, 2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 61 дугаартай тушаалаар ерөнхий найруулагч, уран сайхны удирдаачаар томилогдсон ба 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажлын байр нь найруулагчаар тусгагдан хөдөлмөрийн гэрээ байгуулж байжээ.
Улмаар Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар нэг сарын хугацаатай албан тушаал бууруулан туслах найруулагчаар ажиллуулж, мөн чуулгын даргын 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/83 дугаартай тушаалаар албан тушаалыг бууруулан утга зохиолын ажилтан, хөтлөгчөөр ажиллуулсан байна.
Мөн Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 дугаартай тушаалаар “сануулах”, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/83 дугаартай тушаалаар “үндсэн цалинг хоёр сарын хугацаатай 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулж, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/112 дугаартай тушаалаар “найруулагчийн үүрэгт ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан болох бодит байдал тогтоогдож байна. Хэдийгээр ажил, албан тушаал бууруулах болсон үндэслэлийг тушаалд сахилгын зөрчил гаргасан гэж үндэслэсэн байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд ийм төрлийн сахилгын шийтгэлийн төрөл тусгагдаагүй ч тухайн үед ажилтан энэ талаар шүүхэд гомдол гаргаагүй /хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн/ байх тул тушаал бууруулсан өөр ажлын байранд ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй юм.
Нэхэмжлэгч Б.Жаргалсайхан Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгын найруулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд талууд энгийн ухамсрын түвшинд Жаргалсайханыг найруулагч гэж ойлгож, үйл ажиллагаагаа явуулж байсан боловч хууль зүйн хувьд найруулагчаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүх гагцхүү хуульд захирагдан, хэрэг цуглуулж, бүрдүүлсэн нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргах бөгөөд Б.Жаргалсайханыг Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгын чуулгын даргын 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/83 дугаартай тушаалаар албан тушаалыг бууруулан утга зохиолын ажилтан, хөтлөгчөөр ажиллуулсан байх ба хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийг утга зохиолын ажилтан, хөтлөгчөөр ажиллуулснаас хойш найруулагчаар ажиллуулсан болох нь тогтоогдохгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй энэ үүргээ биелүүлээгүй байна.
Баримтаар тогтоогдож байгаа бодит байдлаас үзэхэд хууль зүйн хувьд найруулагчаар ажилласан гэж үзэх үндэслэлгүй байхад найруулагчийн ажлаас чөлөөлөх гэх тушаал нь хууль зүйн үндэслэлгүйн зэрэгцээ найруулагчаар ажиллах хөдөлмөрийн гэрээ, түүнийг үндэслэн гарсан тушаалгүй байхад найруулагчийн ажилд эгүүлэн тогтоолгоно гэх хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Алтай чуулгын найруулагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, найруулагчийн ажил эрхлээгүй хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Харин утга зохиолын ажилтан, хөтлөгчийн ажил эрхлээгүй хугацааны цалинг нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.
Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дууд сургуулийн оюутны зөвлөлөөс Ардын дуу бүжгийн Алтай чуулгын захиргаанд ирүүлсэн бичиг болон Цагдаагийн Ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тодорхойлолт нь уг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно /хх-5, 6, 51/.
Мөн Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын 2003 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 45 дугаартай ажилд томилох тухай тушаал, 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулга, Б.Жаргалсайхан нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно /хх-7, 15-18/.
Уг нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад холбогдох найруулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, найруулагчийн ажлаас халагдсан үеийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэгч Жалайр Батмөнхийн Жаргалсайханы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН