Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 00097

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   Г.Бэхбатын нэхэмжлэлтэй

                                       иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2017/00337 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.Бэхбатын нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Учрал, Н.Мөнхтуяа нарт холбогдох

“11.580.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Мөнхтуяагийн “5.070.200 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Бэхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Учралын төрсөн эх Н.Мөнхтуяагаас 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 14.0 сая төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 10%-ийн хүүтэй зээлдэж авсан.Намайг зээл эргэн төлөх болохоор ХААН банкан дахь өөрийн төрсөн охин Г.Учралынхаа дугаартай дансыг өгсөнөөр дээрх дансанд нь 2014-03-20-нд 20.000 төгрөг,2014-04-04-ны өдөр 20.000 төгрөг,2014-04-14-ний өдөр 10.000 төгрөг,2014-07-26-ны өдөр 3.0 сая төгрөг,2014-07-26-ны өдрөө дахиад 2.0 сая төгрөг,2016-07-26-ны өдрөө 30.000 төгрөг,2014-10-11-ний өдөр 2.500.000 төгрөг, 2015-07-15-ны өдөр 3.0 сая төгрөг,2015-07-15-ны өдрөө дахиад 1.0 сая төгрөг нийт 9 удаагийн гүйлгээгээр 11.580.000 төгрөг шилжүүлсэн баримт миний өөрийн дансны хуулгаар гарч ирлээ.Г.Учралын төрсөн эх Н.Мөнхтуяа надаас 27.0 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан учир би Г.Учралын дансанд зээлийн төлбөрийг хийж байсан тухайгаа бичиж өгөөд түүний дансны хуулгыг гаргуулах тухай хүсэлт гаргаснаар 72 хуудас материал ирэхэд дээрх 11.580.000 төгрөгний орлого орсон тухай байхгүй байсан. Миний төлсөн мөнгийг аваагүй гээд зээлдэж авсан мөнгөнөөс хасаж тооцоогүйн дээр алдангийг 100% гаргуулж.авсан бараа болон хийлгэсэн дээлнийхээ үнийг ч хасаж тооцохгүй намайг хохироож байгаа учир би өөрийн тушаасан мөнгөө дансны эзнээс гаргуулж авах нь зүйд нийцнэ. Хариуцагч нарын дансны хуулга Орхон аймаг дахь ХААН банкны салбараас ирсэнээр 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Г.Бэхбатаас хийсэн 130,000 төгрөгийг баримт гарч ирсэнээр нэхэмжлэлийн шаардлагаа 120,000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Иймд Г.Учрал Н.Мөнхтуяа нараас нийт 11,700,000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Мөнхтуяа, Г.Учрал нар шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Бэхбат нь 18 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж авч, 2 жил гаруй мөнгийг өгөхгүй хохироож, ирж хайж эрэн сурвалжилж байж Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэргийг шийдвэрлэсэн билээ. Г.Бэхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа Сум дундын шүүхэд хүсэлт гаргаж, Учралын ХААН банкны 5090588044 тоот дансны хуулгыг гаргуулж авч, шүүх хурлыг 1 хоногоор хойшлуулж, дансны хуулгатай танилцаж Г.Бэхбатын шилжүүлсэн 16 сая 640 мянган төгрөгийг дансны хуулгатай танилцаж гаргаж ирсэн. Би өөрөө танилцсан. Тийм ураас маргаагүй. Г.Бэхбат нь надад зөвхөн хүү гэхэд 54 сая, эрэн сурвалжилж хайж, зарлага гаргахад 5 сая гаруй төгрөгний хохирол учруулсан байна. Г.Бэхбатын нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 02-ны өдрийн 142/ШШ2016/01484 тоот шүүхийн шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн учир дахин хэргийг шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Тийм учир нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Мөнхтуяа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.Бэхбат нь 2016 оны 11 дүгээр сарын 13-нд 4,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай сар бүрийн 10 хувийн хүүтэйгээр 2013 оны 11 дүгээр сарын 21-нд 14,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай сар бүрийн 10 хувийн хүүтэй зээлсэн. Энэ мөнгийг миний бие шүүхээр шийдвэрлүүлэхдээ хүүг тооцож нэхэмжлээгүй зөвхөн алдангийг үндсэн зээлийн мөнгөний хамт нэхэмжилж шийдвэрлүүлсэн. Г.Бэхбат нь дээрх зээлүүдэд төлсөн бүх мөнгөө надаас буцаан нэхэмжилж байх тул миний бие нэхэмжлээгүй орхисон зээлийн хүүг тооцон нэхэмжлэхээр боллоо. Иймд Г.Бэхбатаас дараах мөнгийг гаргуулан авч өгнө үү.Үүнд: 2016 оны 11 дүгээр сарын 13-нд 4,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай сар бүрийн 10 хувийн хүүтэйгээр зээлсэн гэрээний хугацааны зээлийн хүү 800,000 төгрөг,2013 оны 11 дүгээр сарын 21-нд 14,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай сар бүрийн 10 хувийн хүүтэй зээлсэн гэрээний хугацааны зээлийн хүү 4,200,000 төгрөг,Г.Бэхбатыг эрэн  сурвалжуулахаар шүүхийн шийвдэр гаргуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 5,070,200 төгрөг гаргуулж өгнөүү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Урьд нь шийдсэн энэ хэрэг дээр Хаан банкны 721 хуудас Учралын дансны хуулга байдаг. Гэтэл энэ 72 хуудас баримтад 11 700 000 төгрөг гарч ирээгүй юм. Гэтэл Бэхбатын өөрийнх нь дансны хуулгаар гарч ирсэн тул илүү төлсөн гэж үзэж нэхэмжилж байна. Учралын дансаар нийт 27 720 000 төгрөг авсан байгаа. Үүнд байрны 500 000 төгрөг ороогүй шүү. Гэтэл одоо сөрөг нэхэмжлэлээр юу нэхээд байгаа юм бэ.14 удаагийн гүйлгээгээр байрны 500 000 төгрөгийг оруулаад 28 210 000 төгрөг авсан байгаа. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2017/00337 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Н.Мөнхтуяа,Г.Учрал нараас 720 000 төгрөг гаргуулан Г.Бэхбатад олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1,227.4-д заасныг баримтлан Г.Бэхбатаас 70 200 төгрөг гаргуулан Н.Мөнхтуяад олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 10 980 000 төгрөгний хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгний хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,780 төгрөг,сөрөг нэхэмжлэлийн хураамжаар төлсөн 127 000 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 21590 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид,нэхэмжлэгчээс 4550 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжпэгч Г.Бэхбат тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахдаа:Хариуцагч Г.Учрал.Н.Мөнхтуяа нараас 11.710.000 төгрөг гаргуулан авах тухай шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Н.Мөнхтуяа зээлийн хүү.нэхэмжлэгч Г.Бэхбатыг эрэн сурвалжпуулахдаа УТХ-д төлсөн 70.200 төгрөг зэргийг сөрөг нэхэмжлэл гарган шаардсан.

Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ИХШХШТХ-ийн 40-р зүйлийн 40.1-д заасан "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", 40-р зүйлийн 40.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай.ач холбогдолтой. үнэн зөв.эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэсэн заалтуудыг зөрчлөө.

Нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо: Нэхэмжпэгч Г.Бэхбат хариуцагч Г.Учралын дансанд 28.220.000 төгрөгний орлого хийсэн байна гээд Бэхбат 23.0 сая төгрөгийн төлбөрийн үүрэг.байр хөлслөх гэрээгээр 5.500.000 төгрөгийн үүргээс 1.0 сая төгрөгийг гэрээ байгуулах үедээ төлсөн тул 4.500.000 төгрөгийн үүрэг нийт 27.500.000 төгрөгний төлбөрийн үүрэг хүлээсэн байжээ гээд:Гэтэл Г.Учралын дансанд 28.220.000 төгрөгийн орлого хийсэн болох нь талуудын дансны хуулгаар нотлогдсон тул нэхэмжлэгчийг зээл, хүүгийн төлбөр зэргийг бүрэн төлсөн гэж дүгнэх үндэслэлтэй гээд нэхэмжлэлийн шаардлагаас илүү төлсөн 720.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж нэхэмжлэлийн шаардлагад байхгүй хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад байхгүй дүгнэлтийг хийсэн шийдвэрийг гаргалаа.

Иймд: Дээрх шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцааж өгнө үү гэжээ.

 

                                                  ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Бэхбат нь хариуцагч Г.Учрал, Н.Мөнхтуяа нараас 11.700.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Н.Мөнхтуяа нэхэмжлэгч Г.Бэхбатаас зээлийн хүү 5.070.200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Бэхбат хариуцагч Н.Мөнхтуяа нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 13-нд 4.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай 2013 оны 11 дүгээр сарын 21-нд 14.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлэхээр зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч Г.Бэхбат нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Н.Мөнхтуяагийн охин Г.Учралын дансанд 2014.03.20-нд 20.000 төгрөг, 2014.04.04-ний өдөр 20.000 төгрөг, 2014.04.14-ний өдөр 10.000 төгрөг, 2014.07.26-нд 3.000.000 төгрөг, 2014.07.26-ны өдөр дахин 2.000.000 төгрөг, мөн өдөр 30.000 төгрөг, 2014.10.11-ний өдөр 2.500.000 төгрөг, 2015.07.15-ны өдөр 3.000.000 төгрөг, мөн өдрөө дахин 1.000.000 төгрөг, нийт 9 удаагийн гүйлгээгээр 11.580.000 төгрөг шилжүүлсэн баримт миний өөрийн дансны хуулгаар гарч ирсэн гэсэн үйл баримтанд үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй харин зээлийн хүү тооцоогүй байсан тул зээлийн хүү зардал 5.070.200 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

Шүүх нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Г.Бэхбат нь үндсэн зээл, хүүд нийт 27.500.000 төгрөгийн үүрэг хүлээсэн ба Г.Учралын дансанд 28.220.000 төгрөгийн орлого хийсэн болох нь талуудын дансны хуулгаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн зээл хүүгийн төлбөр, байр хөлслөх төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлтэй. Илүү төлсөн 720.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байр хөлслөх гэрээгээр тохиролцсон мөнгийг өгч авалцсан тухай зохигчдын тайлбарыг үндэслэн дүгнэлт хийж, нийт өгсөн болон төлсөн мөнгийг суутган тооцож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй, талаас үнэлэх тухай хуулийн зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийг шийдвэрлэхлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрсөн гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2017/00337 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Г.Бэхбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190.630 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ