Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2022/0282/З |
Дугаар | 221/МА2022/0594 |
Огноо | 2022-09-07 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2022/0594
2022.09.07-ны өдөр 221/МА2022/0594
“М” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл,
Илтгэсэн Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э
Нэхэмжлэгч “М” ХХК
Хариуцагч Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Э.Э, Н.М нар
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 470 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Ч.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Э.Э, Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2022/0282/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХХК-иас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдуулан холбогдуулан “... улсын байцаагч нарын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн НА-23210000051 тоот нөхөн ногдуулалтын актын баримтаар нотлогдохгүй зардлыг зардалд бичсэн зөрчлийн 2017 оны 5.225.605 төгрөг, 2018 оны 1.092.320 төгрөгийн зөрчилд холбогдох хэсгээс бусад хэсгийг хүчингүй болгуулж, тогтоосон төлбөрийн хэмжээг багасгах” гомдлын шаардлагыг гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 470 дугаар шийдвэрээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2019 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4, 7.4.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3, 13 дугаар зүйлийн 13.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 73 дугаар зүйлийн 73.1, 73.2, 79 дүгээр зүйлийн 79.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн НА-23210000051 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрөөс 6,317,925 төгрөгийн зөрчилд 631,793.00 төгрөгийн нөхөн татвар, 189,538.00 төгрөгийн торгууль, 126,359.00 төгрөгийн алданги, нийт 947,690.00 төгрөгийн төлбөрийг хасч, нийт 958,187,784.60 төгрөгийн зөрчилд 62,819,008.20 төгрөгийн нөхөн татвар, 25,646,297.46 төгрөгийн торгууль, 5,008,473.04 төгрөгийн алданги, нийт 93,473,778.7 төгрөгийн төлбөр төлүүлэхээр багасгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-д заасантай нийцүүлж шийдвэр гаргасангүй. “М” ХХК нь “Эй” ХХК 2019 онд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах аялал жуулчлалын цогцолбор 36 хауснуудын хуванцар цонх, хаалгыг угсрах, суулгах 1,512,800,000.00 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулан гүйцэтгэж, 2021 онд дуусган хүлээлгэн өгсөн бөгөөд уг орлогод ногдох 137,527,272.72 төгрөгийн НӨАТ, 1,375,272,727.27 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогыг ААНБОАТ-ын тайландаа тайлагнан татваруудаа төлсөн болно.
3.2. Гэтэл татварын улсын байцаагчийн актаар 453,640,000.00 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн болон НӨАТ-ын тайланд дутуу тайлагнасан гэж 14,522,880.00 төгрөгийн орлогын албан татвар, 45,384,000 төгрөгийн НӨАТ, бүгд 59,906,880 төгрөгийн татвар нөхөн ногдуулж, 23,962,752 төгрөгийн торгууль, 4,036,362.19 төгрөгийн алданги, нийт 87,905,994.19 төгрөгийн төлбөр ногдуулсан нь 2019-2021 онуудад тайлагнасан орлоготой актаар орлого давхардаж байгаа тул татварын улсын байцаагчийн актаар тогтоосон нийт төлбөрөөс хасан тооцон шийдвэрлэж өгнө үү.
3.3. Учир нь хуулийн 13.1-д заасны дагуу гүйцэтгэсэн ажил үйлчилгээндээ дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн “и-баримт” олгох ёстой тул 2019-2021 онуудад “Эй” ХХК-д бүгд 1,512,800 төгрөгийн “и-баримт” олгон цахим татварын системд бүртгэгдсэнээр, НӨАТ бодон ААНОАТ-ыг тайлагнасан бөгөөд татварын акт тогтоогдсон гэж “и-баримт” өгөхгүй байх, актаар тогтоосон дүнгээр 2021 оны орлогоо бууруулж, байцаагчид 32 хувийн ашигтай гэж, 2019-20220 онуудын зардлыг 308 сая төгрөгөөр хийсвэрээр тооцсон зардлаа хасан залруулах нь цахим татварын системийн хувьд ч боломжгүй юм.
4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-д, 13-д дурджээ. Гэтэл тус компанийн харилцах дансны хуулгаар 2019 оны 07 дугаар сарын 23-нд 453,840 төгрөгийн, 2020 оны 07 дугаар сарын 08-нд 100,000 төгрөг, 10 дугаар сарын 09-нд 51,280 төгрөгийн хоёр онд бүгд 605,120 төгрөгийн орлого орж ирсэн бөгөөд энэ дүнгээр орлогоо тайлагнасан нь ААНБОАТХуулийн 12.1.3-д заасан албан татвар ногдох орлогыг хүлээн зөвшөөрөх гэсэн заалттай нийцэж байгаа юм.
4.1. Мөн 73 хувийн гүйцэтгэлтэй гэсэн нь 28 байрын гүйцэтгэл бөгөөд бусад огт ажил хийгдээгүй байруудыг гүйцэтгэлдээ харгалзаагүй болно. Түүнчлэн бодитой орсон орлогоос гадна анхан шатны баримт болох зардлын бүртгэлийн журналаар СТОУС-д заасан арга, бүртгэлийн журмын дагуу 2019-2020 онуудад үйлдвэрлэлд зарцуулсан нийт бараа материалаас үйлдвэрийн талбайд угсрагдаж байгаа буюу дуусаагүй үйлдвэрлэлд байгаа материалаа хач, 523,044,287.32 төгрөгийн бараа материалыг бэлэн бүтээгдэхүүн болсноор бүртгэгдсэн нь төлөвлөсөн 1031.0 сая төгрөгийн төсөвт зардлын 50 орчим хувь болж байгаа нь ажлын гүйцэтгэл 73 хувь хүрэхгүй байсан нь нотлогдож байна. Иймд албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх гэх хуулийн заалтын дагуу төгрөгийн орлого, түүнтэй холбогдох төгрөгийн зардлыг тайлагнасан нь хуулийн үндэстэй байна.
5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-н талаар: Уг гэрээнд бартерийн байрыг 50 хувийн ажил гүйцэтгэсний дараа шилжүүлэхээр тохирсон ба гэрээний дагуу 2021 онд шилжсэн тул СТОУС-15 болон ААНОАТТХуулийн дагуу тус оны орлогод оруулан тооцсон нь хуулийн үндэстэй гэж үзэж байна. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-д “нэхэмжлэгчээс дээр зөрчилд холбогдох татварыг 2021 онд тайлагнан төлсөн тул давхар татвар төлөх гэж байна гэж тайлбарлаж байх бөгөөд Татварын ерөнхий хуульд зааснаар дараа онд төлсөн төлөлтийн асуудлыг татварын байгууллагатай жич шийдвэрлэх боломжтой юм” гэсэн байна.
5.1. Энэ нь татварын цахим систем программд актаар болон тайлангаар өр, ногдол үүссэн тул татварын байгууллага жич шийдвэрлэх, дараагийн татвар төлөлтөд шилжүүлэн тооцох боломжгүй болсон бөгөөд гагцхүү шүүхийн шийдвэрээр л зохицуулах боломжтой юм. Манай компани нь татварын хуулийн ёсчлон биелүүлж ирсэн бөгөөд 2021 онд орж, ААНОАТХуулийн дагуу дээрх гэрээтэй холбогдох 60%-ийн орлогыг хүлээн зөвшөөрч, татварын цахим системд “и-баримт” үйлдэгдсэн тул тайлагнахгүй байх, түүнчлэн актаар тогтоогдсон гэж орлогоо бууруулан тайлагнах бололцоогүй юм. Иймд давхар төлөхөд хүрч буй актаар ногдуулсан татвар, торгууль, алдангийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.
6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 22-д “Гомдол гаргагч 2017, 2018 онд илүү төлөлттэй байсаар байхад түүнээс суутган тооцоогүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ААНОАТТХуулийн 21.4 дэх хэсэгт зааснаар дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор тайлагнах үүрэгтэй, хэрэв илүү төлөлттэй бол тайлагнасны дараа суутган тооцох хүсэлтээ харьяа татварын албанд гаргах хуулийн зохицуулалттай” гэжээ
6.1. Татварын улсын байцаагчийн актаар 2018 онд 8141,5 мянган төгрөгийн, 2019 онд 13244,9 мянган төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй гэж 809,907.1 төгрөгийн торгууль, 389,685.61 төгрөгийн алданги ногдуулсан. Гэтэл тухайн хугацаанд бусад татвараар 2017 онд 185,573.3 мянган төгрөгийн, 2017 онд 213,508.2 төгрөгийн илүү төлөлттэй байсан тул орлогын албан татварыг хугацаанд нь төлөөгүй гэж алданги ногдуулах хуулийн үндэслэлгүй байна.
7. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 20-д “... нийт 947,690 төгрөгийн төлбөрийн дүнг нийт төлбөрийн дүнгээс багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ” гэсэн нь нэхэмжлэгчийн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн дүнгээр төлүүлэх төлбөрийг багасган шийдвэрлэж, тооцооллын алдаа гарсан байна.
7.1. Иймд татварын улсын байцаагчийн 2021 оны НА-23210000051 тоот актаар тогтоосон 63,450,801.2 төгрөгийн татвар, 25,835,835.46 төгрөгийн торгууль, 5,134,832.04 төгрөгийн алдангиас нийт 94,421,468.7 төгрөгийн төлбөрөөс 60,538,672.5 төгрөгийн татвар, 24,962,196.85 төгрөгийн торгууль, 4,552,406.3 төгрөгийн алданги нийт 90,053,275.65 төгрөгийн төлбөрийг хасч, хүлээн зөвшөөрч буй 631,792.5 төгрөгийн татвар, 189,537.75 төгрөгийн торгууль, 126,358.5 төгрөгийн алданги бүгд 947,688.75 төгрөгийн төлбөрийг төлүүлэх болгон шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч “М” ХХК-иас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдуулан холбогдуулан “... улсын байцаагч нарын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн НА-23210000051 тоот нөхөн ногдуулалтын актын баримтаар нотлогдохгүй зардлыг зардалд бичсэн зөрчлийн 2017 оны 5.225.605 төгрөг, 2018 оны 1.092.320 төгрөгийн зөрчилд холбогдох хэсгээс бусад хэсгийг хүчингүй болгуулж, тогтоосон төлбөрийн хэмжээг багасгах” гомдлын шаардлага гаргажээ.
3. Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нараас “М” ХХК-ийн 2017-2020 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн НА-23210000051 дүгээр нөхөн ногдуулалтын актаар 964,505,709.80 төгрөгийн зөрчилд 63,450,801.20 төгрөгийн нөхөн татвар, 25,835,835.46 төгрөгийн торгууль, 5,134,832.04 төгрөгийн алданги, нийт 94,421,468.70 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр ногдуулсан нь үндэслэлтэй болжээ.
4. Учир нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч “М” ХХК болон “Эй” ХХК нар “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, нэхэмжлэгчээс “... тус гэрээний 4.3-т заасан гэрээт ажлын явц 50% гүйцэтгэл хийгдсэн үед бартерын байраар төлбөр хийгдэх тухай заагдсан байгаа, ... энэ заалт хэрэгжээгүй, ... мөн ковид-19 цар тахалтай холбоотойгоор Засгийн газар болон Улсын онцгой комиссын шийдвэрээр хөл хорио тогтоосны улмаас ажил удаа дараа зогсож, ажлын явц удааширсан, ... 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар холбогдох ажил бүрэн хийгдээгүй, ажлын гүйцэтгэл гэрээнд заасан хувьд хүрээгүй, ... уг шалтгаануудын улмаас ажлын гүйцэтгэлийг 40%-иар тайлагнасан” гэж, хариуцагч улсын байцаагч нараас “... 70%-ийн гүйцэтгэлтэй байгаа гэж үзэж маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг гаргасан” гэж маргаж байх бөгөөд нийт гэрээний үнэ 1,512,800,000 төгрөг, үүнээс 2019 оны 12 дугаар сард 453,840,000 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сард 100,000,000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сард 51,280,000 төгрөгийг, нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр нийт 605,120,000 төгрөгийг тайлагнасан нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан дахь мэдээллээр нотлогдож байхаас гадна зөрүү 499,224,000 төгрөгийг тайлагнаагүй, үүнээс нэмэгдсэн өртгийн албан татварыг салгахад 453,840,000 төгрөгийг тайлагнаагүй нь тогтоогджээ.
4.1. “М” ХХК болон “Эй” ХХК нарын ажил гүйцэтгэх гэрээнд төлбөрийн нөхцөлийг ажлын гүйцэтгэлтэй уялдуулан, нарийн тооцсон, гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 30% болох 453,840,000 төгрөгийг, дундын санхүүжилтийг бартерын нөхцөлөөр 2 орон сууцыг 707,360,000 төгрөгийн төлбөрийн 47%-д тооцож, гэрээт ажлын явц 50% хийгдсэн үед өмчлөх эрхийн гэрчилгээг гүйцэтгэгчийн заасан нэр дээр шилжүүлэхээр, дундын санхүүжилт 10% болох 151,280,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, үлдэгдэл төлбөр 5%, барьцаа төлбөр 5%-ийг ажил дууссаны дараа шилжүүлэхээр тохиролцсон байна. Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурьдсан “... бартерын байрыг 50%-ийн ажилд гүйцэтгэсний дараа шилжүүлэхээр тохирсон, гэрээний дагуу 2021 онд шилжсэн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, бартерын байраа шилжүүлээгүй нь гэрээний талуудын үүргийн гүйцэтгэлтэй холбоотой, байр шилжүүлээгүй нь ажлын гүйцэтгэлийг үгүйсгэх үндэслэл болохооргүй юм.
5. Харин нэхэмжлэгчээс 2017 онд 5,225,605.00 төгрөгийн, 2018 онд 1,092,320.00 төгрөгийн, нийт 6,317,925.00 төгрөгийн зөрчилд холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үүнд хамаарах 947,690 төгрөгийн алданги зэргийг хүлээн зөвшөөрч уг үйл баримттай маргаагүй байхад шүүхийн шийдвэрт үйл баримтад буруу дүгнэлт хийж, актаар тогтоох төлбөрөөс хасч шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
5.1. Тодруулбал, хэрэгт авагдсан /хх 110-111/ баримтаар 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр болон 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн тооцоо нийлсэн акт үйлдсэн байх бөгөөд уг актаар гэрээний гүйцэтгэлийг 70%-иас илүүтэй гүйцэтгэсэн байх бөгөөд хариуцагчаас 70%-ийн гүйцэтгэлтэй байхаар тогтоосныг шууд буруутгах үндэслэлгүй, татварын улсын байцаагч нараас нөхөн ногдуулалтын актаар 964,505,436.80 төгрөгийн зөрчилд 63,450,801.20 төгрөгийн нөхөн татвар, 25,835,835.46 төгрөгийн торгууль, 6,134,832.04 төгрөгийн алданги, нийт 94,421,468.70 төгрөгийн төлбөр ногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
6. Түүнчлэн “М” ХХК-ийн 2017-2020 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн байх тул Монгол Улсын Их Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай” хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөр зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй” гэж, мөн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай” хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн дээрх зөрчил нь 2017-2018 онд гарсан зөрчил тул татварын алданги, торгуулиас чөлөөлөгдөх үндэслэлд хамрагдах боломжгүй юм.
7. Иймд хариуцагч улсын байцаагчийн акт үндэслэлтэй гарсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 470 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг “... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2019 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4, 7.4.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3, 13 дугаар зүйлийн 13.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 73 дугаар зүйлийн 73.1, 73.2, 79 дүгээр зүйлийн 79.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “... улсын байцаагч нарын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн НА-23210000051 тоот нөхөн ногдуулалтын актын баримтаар нотлогдохгүй зардлыг зардалд бичсэн зөрчлийн 2017 оны 5,225,605 төгрөг, 2018 оны 1,092,320 төгрөгийн зөрчилд холбогдох хэсгээс бусад хэсгийг хүчингүй болгуулж, тогтоосон төлбөрийн хэмжээг багасгах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН