Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 132

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Санроуд 7 давхар, “Эбердигм Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Бугат сумын төвд байрлах Аксу-Алтай ХХК болон Говь-Алтай аймгийн Бугат сумын 5 дугаар баг, Баянголд оршин суух, Сэр-Одын Цэрэндолгор нарт холбогдох

Тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөр 17.999.667 төгрөг, алданги 4.175.923 төгрөг, нийт 22.175.590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Эбердигм Монгол” ХХК нь “Аксу-Алтай” ХХК-тай 2016 онд 015/2016R дугаар тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээг байгуулж, 1256 арлын дугаартай ECP36RX маркийн бетон зуурмаг шахагч машиныг нэг сарын 18.000.000 төгрөгөөр түрээслүүлсэн. Түрээслэгч нь машиныг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээсээр ашигласан. Хариуцагч нь 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 36.000.333 төгрөгийг төлсөн ба 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 17.999.667 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлсөнгүй. Түрээсийн гэрээгээр талууд харилцан тохиролцсны дагуу түрээсийн төлбөрийг хоцроосон тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд түрээслэгч нь 0.2 хувиар алданги төлөх үүрэгтэй. Үүний дагуу алдангийг тооцвол 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх 116 өдрийн алданги 4.175.923 төгрөг болж байна. Иргэн С.Цэрэндолгор нь 2016 оны 015/2016G дугаар батлан даалтын гэрээгээр түрээслэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадна гэдгийг баталж, хэрэв гүйцэтгэхгүй бол өөрөө гүйцэтгэх үүрэг хүлээсэн тул “Аксу-Алтай” ХХК-ийн түрээсийн төлбөрийг хариуцан төлөх үүрэгтэй гэжээ.

Хариуцагч Аксу-Алтай ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компани нь 2015, 2016 онд Төрийн орон сууц корпарацийн Говь-Алтай аймагт баригдаж байгаа 120 айлын орон сууцны барилгын гүйцэтгэлийг “Хөх-Бүрднийн Эх” компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Уг барилгын бүх цутгалтыг хийж гүйцэтгэсэн ба өнөөдрийг хүртэл санхүүжилт аваагүй байна. Төрийн орон сууцны корпорацитай уулзаж тохиролцсны дагуу 2017 оны 04 дүгээр сард багтаан хийсэн санхүүжилтийг олгохоор болсон тул бид “Эбердигм Монгол” компаниас түрээсэлсэн помпны түрээс 17.999.667 төгрөгийг 05 дугаар сарын 01-ний дотор багтаан төлнө. Манай компани нь “Эбердигм Монгол” компанитай сүүлийн 4-5 жил хамтран ажиллаж байгаа ба эдийн засгийн хямралтай байгаа энэ үед манай компаний Төрийн орон сууц корпорациас хийсэн ажлынхаа мөнгийг жил гарангийн хугацаанд авч чадахгүй байгааг харгалзан үзэж алданги болох 4.175.923 төгрөгийг төлөх боломжгүй байна. Харин бид цаашид 2017 онд “Эбердигм Монгол” компанитай хийсэн гэрээгээ үргэлжлүүлэн техник, тоног төхөөрөмжүүдээ түрээслэж хамтран ажиллах болно гэжээ.

Хариуцагч С.Цэрэндолгор шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Аксу-Алтай ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүрэг гүйцэтгэдэг. Манай компани нь 2015, 2016 онд Төрийн орон сууц корпарацийн Говь-Алтай аймагт баригдаж байгаа 120 айлын орон сууцны барилгын ажлын “Хөх бүрдний эх” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Уг барилгын цутгалтыг хийж гүйцэтгэсэн санхүүжилтээ авч чадаагүй байна. ТӨСК-ийн захиралтай уулзаж тохиролцсны дагуу 2017 оны 04 дүгээр сард багтаан санхүүжилтийг авахаар болсон тул бид “Эбердигм Монгол” компаниас түрээсэлсэн помпны түрээс болох 17.999.667 /арван долоон сая есөн зуун ерөн есөн мянган төгрөг зургаан зуун жаран долоон/ төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэтөгс шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Эбердигм Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Аксу-Алтай” ХХК болон иргэн С.Цэрэндолгорт холбогдох иргэний хэрэгт хариуцагчаас хариу тайлбар ирүүлсэн байна. Хариуцагч нь үндсэн түрээсийн төлбөр 17.999.667 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөрт багтаан төлөх ба алданги 4.175.923 төгрөгөөс чөлөөлж өгөхийг хүсчээ. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч үндсэн түрээсийн төлбөр 17.999.667 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөрт багтаан төлөх болон алданги 4.175.923 төгрөгөөс хариуцагчаас чөлөөлөхийг зөвшөөрч байгаа тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК нь хариуцагч “Аксу-Алтай” ХХК болон С.Цэрэндолгор нарт холбогдуулан тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөр 17.999.667 төгрөг, алданги 4.175.923 төгрөг, нийт 22.175.590 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч “Аксу-Алтай” ХХК болон С.Цэрэндолгор нар нь тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөр 17.999.667 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлж, харин алданги 4.175.923 төгрөгийг төлөх боломжгүй талаарх тайлбарыг ирүүлсэн байна.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэтөгс нь алданги 4.175.923 төгрөгнөөс татгалзаж, үндсэн түрээсийн төлбөр 17.999.667 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтаан төлөхийг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчдын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул  шүүх эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

Зохигчид эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хуваарилах талаараа дурдаагүй байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 268.828 төгрөгийн тал хувь буюу 134.414 төгрөгийг улсын орлогоос, 134.414 төгрөгийг хариуцагч “Аксу-Алтай” ХХК болон С.Цэрэндолгор нараас тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулан нэхэмжлэгч Эбердигм Монгол” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Санроуд 7 давхар, “Эбердигм Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Бугат сумын төвд байрлах Аксу-Алтай ХХК, болон Говь-Алтай аймгийн Бугат сумын 5 дугаар баг, Баянголд оршин суух, Сэр-Одын Цэрэндолгор нарт холбогдох тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөр 17.999.667 төгрөг, алданги 4.175.923 төгрөг, нийт 22.175.590 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэтөгс нь алданги 4.175.923 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, “Аксу-Алтай” ХХК болон С.Цэрэндолгор нар нь тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөр 17.999.667 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 268.828 төгрөгийн тал хувь буюу 134.414 төгрөгийг улсын орлогоос, 134.414 төгрөгийн тал хувь болох 67.207 төгрөгийг хариуцагч “Аксу-Алтай” ХХК-иас, тал хувь болох 67.207 төгрөгийг хариуцагч Сэр-Одын Цэрэндолгороос тус тус гаргуулан нэхэмжлэгч Эбердигм Монгол” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.

 

 

                     

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.ҮЙТҮМЭН