| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2017/00153/и |
| Дугаар | 140 |
| Огноо | 2017-04-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 140
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Цогт сумын 6 дугаар баг, Баян-Улаанд оршин суух, Бэсүд, Тайнагарын Дэнсмаагийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Дэнсмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Бэсүд овогтой Тайнагарын Дэнсмаа нь 1965 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумд төрсөн. 1983 оны 01 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Цогт сумын Давшилт нэгдлийн Баян-Улаан бригадад малчнаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлсэн лавлагаан дээр үндэслэн 1983 оны 01 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Цогт сумын Давшилт нэгдлийн Баян-Улаан бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1983 оны 01 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Цогт сумын Давшилт нэгдлийн Баян-Улаан бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 75 дугаартай архивын лавлагаанд “...Тус аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн Баян-Улаан бригадад малчин байсан Тайнагар овогтой Дэнсмаа нь 1983 оны 1-12 сард 1703 төгрөг, 1984 оны 1-12 сард 664 төгрөг, 1985 оны 1-12 сард 1075 төгрөг, 1986 оны 1-12 сард 1388 төгрөг, 1987 оны 1-12 сард 1847 төгрөг, 1988 оны 1-12 сард 1239 төгрөг, 1989 оны 1-12 сард 1680 төгрөг, 1990 оны 1-12 сард 3294 төгрөг, 1991 оны 1-12 сард 4759 төгрөг, 1992 оны 1-12 сард 6033 төгрөг, 1993 оны 1-12 сард 17340 төгрөгний цалин авч байжээ...” гэсэн байгаагаар тогтоогдож байна.
Иймд Бэсүд, Тайнагарын Дэнсмааг 1983 оны 01 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Цогт сумын Давшилт нэгдлийн Баян-Улаан бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Бэсүд Тайнагарын Дэнсмааг 1983 оны 01 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Цогт сумын Давшилт нэгдлийн Баян-Улаан бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН