| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2021/012/э |
| Дугаар | 2021/ШЦТ/13 |
| Огноо | 2021-02-08 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Батзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан
Шүүгдэгч Б.Хнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Бя-ийн Х-д холбогдох 2116000000003 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Хнь Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт фэйсбүүк буюу мэдээлэл технологи ашиглан, ашиг олох зорилгоор “Б.Хиш Гээ” гэх хаяг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 16, 21, 22, 24, 25, 30-ны өдрүүд, 12 дугаар сарын 12, 13, 15, 16, 17, 18, 20-ны өдрүүдэд үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж 1478000 төгрөгний ашиг олсон гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Хшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. 11 дүгээр сард корона гээд хөл хорио тогтоосон үед Б.Хишгээ гэх фэйсбүүк хаягаар ороход хүмүүс мөрийтэй тоглоом тоглуулж байсан. Тэгэхээр нь өөрөө эхлээд ороод үзэхэд болмоор юм шиг байсан. Тэгээд өөрөө 10 хэдэн удаа тоглуулсан. Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Дахиж мөрийтэй тоглоом тоглуулахгүй гэв.
Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтас хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, 000 дугаартай Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулбар /ХХ-ийн 29-59-рт/
Б.Х-н Хаан банкны 5332056256 дугаартай Хаан банкны дансанд
үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 60-рт/
Бичмэл нотлох баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 05, 28-рт/
Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн“...манай сумын залуу болохоор найз байгаа. Өдрийг нь сайн санахгүй байна гэртээ фейсбүүк ороод байж байсан чинь Х покер тоглуулж байхаар нь нэг 20,000 төгрөгөөр нэг удаа хийгээд 5 удаа тоглоод хоёр удаа хожоод 40,000 төгрөг хожсон. Дахиж тоглоогүй...нэг тоглоход 6 хүн тоглодог...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 76-77-рт/
Гэрч А.П-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Хэзээ гэдийг нь сайн мэдэхгүй байна. Нэг өдөр фейсбүүк ороод хэвтэж байхад покер тоглуулж байхаар нь 20,000 төгрөгөөр 1 удаа тоглоод 2 хожоод 40,000 төгрөг аваад шууд гарсан. 6 хүн тус бүр 20,000 төгрөг хийгээд 5 удаа тоглодог юм. Би 5 тоглоод 2 хожоод 40,000 төгрөг авсан. 6 хүн тоглодог...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 96-97-рт/
Гэрч Н.О-ын мөрдөн байцаалтад өгсөн“...нэг өдөр фейсбүүк ороод хэвтэж байхад покер тоглуулж байхаар нь 60,000 төгрөгөөр 15 удаа тоглоод 2 удаа хожоод би фейсбүүкээс гарсан. 20,000 төгрөгөөр 3 удаа тоглосон 60,000 төгрөг. 6 хүн тоглож, 1 хүн 20,000 төгрөг хийгээд 5 удаа тоглоно. Нэг хожсон хүн нь 20,000 төгрөг авна. Тоглуулж байгаа хүнд нь хожоогүй хүний 20,000 төгрөг ашиг болон үлдэнэ. 6 хүн нийтдээ 5 удаа тоглоод 1 хүний мөнгө нь тоглуулж байгаа хүнд нь ашиг болж үлдэнэ. Би 4 удаа хожиж 80,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101-рт/
Гэрч Ч.И-н мөрдөн байцаалтад өгсөн “...Өдрийг нь сайн санахгүй байна гэртээ фейсбүүк ороод байж байсан чинь Х /Б.Хиш Гээ/ покер тоглуулж байхаар нь эмээ болох Д.Ц эмээгээрээ Х-ын дансанд 10,000 төгрөг нэг удаа хийлгээд тоглоод 25,000 төгрөг хожоод дахин 5,000 төгрөг хийгээд дахин 25,000 төгрөг хожсон. Дахиад 50,000 төгрөг хийгээд хожигдсон тэгээд дахин тоглоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 121-122-рт/
Б.Х-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Намайг цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй...би “Б.Хиш Гээ” гэх хаягийг 2 жилийн өмнөөс ашиглаж байгаа...төрийн банканд данстай ашиглаж байгаагүй. Хаан банкны 000 дугаарын данстай...миний Хаан банкны 0000 дугаарын данс руу тоглох хүмүүс мөнгө хийж тоглодог, мөнгө хийсэн хүмүүс нь жишээ нь: bilguun5 гэх мэт нэрээр орлого хийдэг. Хожсон хүмүүст мөнгийг нь өгөхдөө зарлага “еndoo эсвэл тоогоор” буцааж хийдэг...Ганцаараа утсаа юман дээр тогтоож байгаад тоглодог юм.,.5000, 10000, 20000 төгрөгөөр тоглуулдаг...6 хүний бүрэлдэхүүнтэй 5 удаа тоглож, 5 тоглолтын мөнгөө хожсон хүмүүст нь өгдөг. Тоглуулж байгаа хүнд ашиг нь 5000 төгрөгөөр тоглосон бол 5000, 10000 төгрөгөөр тоглосон бол 10000, 20000 төгрөгөөр тоглосон бол 20000 төгрөгийн ашигтай тоглодог юм... гэсэн мэдүүлэг /хх- ийн 135-137-рт/,
Б овогтой Х-н Хаан банк дахь 000 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 165-1166 дугаар тал, хх- ийн 168-188-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Б.Хнь мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө гэм буруугаа зөвшөөрсөн. Тухайн үед энэ хүүхэд оюутан байсан. Улаанбаатар хотоос ирээд гэртээ тусгаарлалтад байхдаа фэйсбүүк рүү ороход хүмүүс мөрийтэй тоглоом тоглуулаад байхаар нь тоглосон. Гэм буруугаа зөвшөөрч байгаа учир өмгөөлөгчийн зүгээс хэлэх зүйл байхгүй. Ар гэрийн тухайд Б.Хнь ам бүл гурвуулаа амьдардаг. Б.Х дараагийн дүү нь хөгжлийн бэрхшээлтэй, дараагийн дүү нь 7 дугаар ангид сурдаг. Энэ талаар гэрч Ж, гэрч Т нарын мэдүүлэг, Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын тодорхойлолт, багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байгаа. Энэ хүн оюутан өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй. Б.Х-ыг 8 дугаар ангид байхад аав нь авто ослоор нас барсан. Ээж нь 5 дугаар ангид байхад нь өвчний улмаас нас барсан. Б.Хнь одоо Монголын Үндэсний Их сургуулийн аялал жуулчлалын ангид оюутан болоод явах хугацаанд ах дүүс нь хоёр дүүг нь хараад байж байдаг. Энэ хүн оюутан болсноос хойш өөрөө цагийн ажил хийдэг. Энэ айлын өрхийн орлого гэхээр бага дүү нь тэжээгчээ алдсан тэтгэмж 176000 төгрөг авдаг. Эрэгтэй дүү нь группэд байдаг. Сард 152000 төгрөгийн тэтгэмж авдаг. Хоёр дүүгийн төрөөс олгодог хүүхдийн мөнгө 100000 төгрөгийг нь авдаггүй. Гэм буруугаа зөвшөөрч байгаа. Улсын яллагчаас оногдуулж байгаа торгуулийн ялын тухайд тухайн гэмт хэрэг нь сонгох санкцтай байгаа. Иймээс энэ хүн ар гэрийн байдлыг харж үзээд хамгийн доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.Хнь Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт фэйсбүүкээр “Б.Хиш Гээ” гэсэн хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 16, 21, 22, 24, 25, 30-ны өдрүүдэд мөн 12 дугаар сарын 12, 13, 15, 16, 17, 18, 20-ны өдрүүдэд өөрийн дансандаа бооцооны мөнгийг авч мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Уг гэмт хэргийг шүүгдэгч Б.Хүйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан “Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтас хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, 5332056256 дугаартай Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулбар, Б.Х-ын Хаан банкны 000 дугаартай Хаан банкны дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрч Б.Б, А.П, Н.О, Ч.И нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Х-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Х-ыг мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Х-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Б.Хнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурор шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргаж шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Мөн улсын яллагч нь шүүхэд гаргасан дүгнэлтдээ... шүүгдэгч Б.Хнь цахим орчинд мөрийтэй тоглоом тоглуулаад 1478000 төгрөгний ашиг олсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авах санал оруулаагүй, бүтэн өнчин, өрх толгойлсон зэргийг харгалзаж үзсэн, шүүгдэгчийн дансанд нь үзлэг хийхэд мөнгө байгаагүй учир хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг улсын яллагчийн зүгээс хэрэглээгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ...Улсын яллагчийн зүгээс санал оруулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгчийн ар гэрийн байдал зэргийг харгалзаж 450.000 төгрөгөөр торгож өгнө үү, ашиг олсон гэх тал дээр шинжээчийн дүгнэлт тогтоолгоод ороод ирэх боломжтой, энэ хүн ашиг олсон гэх нь үнэхээр эргэлзээтэй, мөрдөгч дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл дээрээ ашиг олсон байдлыг өөр өөр байдлаар бичсэн байгаа, мөн торгуулийн ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна гэж заасан байна. Гэвч энэ хэргийн тухайд ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд бусдад учруулсан хохирол байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн мөрийтэй тоглоом зохион байгуулсны улмаас олсон ашгийг шинжээчийн дүгнэлтээр нарийвчлан тогтоогоогүй, прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол гаргаж улмаар шүүгдэгчид уг албадлагын арга хэмжээг хэрэглэх талаар санал гаргаагүй тул шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжгүй гэж үзлээ. Түүнчлэн торгуулийн ял оногдуулсан тохиолдолд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зохимжгүй боловч прокурорын гаргасан саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Х-д түүний ар гэрийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, орлого олох боломж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзээд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Х-д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Хнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өрх толгойлсон, бүтэн өнчин 2 дүүгийн хамт амьдардаг бөгөөд 1 дүү нь хөгжлийн бэрхшээлтэй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд харин мөн хуулийн 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Хишигбатад оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Х-д мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯ