Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 143

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 4-7 тоотод оршин суух, Жалайр, Хасбазарын Цэрмаагийн хүсэлттэй

Нас тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Цэрмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хасбазар овогтой Цэрмаа миний бие 1950 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Наран сумын Хөх дэнж гэдэг газар төрсөн. Хөдөө гэртээ гарсан учир гэрчилгээг авалгүй дараа нь авсан байдаг. Одоо насаа үнэмлэх дээр зөв бичүүлэх шаардлагатай байна. Иймд миний бүрдүүлж өгсөн төв архиваас авсан баримтыг үндэслэн 1950 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч Х.Цэрмаагийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хүсэлт гаргагч Хасбазарын Цэрмаа нь 1950 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 67 настай болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хасбазарын Цэрмаа нь 1950 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №03-2/465 дугаартай лавлагаанд “...Говь-Алтай аймгийн Наран сумын 6 дугаар багийн 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн 81 дүгээр хуудсанд: өрхийн тэргүүн Бошгийн Хасбазар эрэгтэй, 42 настай, эхнэр Доргийн Бүджив 34 настай, хүү Хасбазарын Дүгэржав 9 настай, хүү Хасбазарын Моёр 7 настай, охин Хасбазарын Цэрмаа 6 настай, охин Хасбазарын Цилаа 3 настай гэж бүртгэгдсэн байна...” гэсэн байгаагаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Жалайр Хасбазарын Цэрмааг 1950 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 66 настай болохыг тогтоох үндэслэлтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт зааснаар Жалайр Хасбазарын Цэрмааг 1950 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 66 настай  болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

          

                               

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН