| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/01624/И |
| Дугаар | 1090 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 1090
| 2017 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 101/ШШ2017/01190 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Самбуугийн гудамж 47-д оршин байрлах Мобиком корпораци ХХК-ийн /2072572/-ийн төлөөлөгч Б.Мөнхтөрийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 9 хороо, 25 гудамж, 391 тоотод оршин суух, Батбаярын Алтангэрэлд /РД:УУ83012312, утас: 86164383/ холбогдох,
664,716 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Мөнхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Алтангэрэл нь 2016 оны 08 сарын 26-ны өдөр “Мобиком Корпораци” ХХК-тай “Гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан Самсунг С7 Гольд маркийн гар утсыг 643,000 төгрөгөөр худалдан авахын зэрэгцээ уг худалдан авалтад олгогдох “Үүрэн холбооны дараа төлбөрт багц үйлчилгээ”-ний 20254383 тоот гэрээ байгуулж тус компаниас үүрэн холбооны багц үйлчилгээ авсан. Гэвч тэрээр өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн гар утасны болон ярианы төлбөрөө төлж барагдуулалгүй өнөөдрийг хүрлээ.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 -д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан байна. Дээрх хуулийн зүйл, заалтын дагуу хариуцагч Б.Алтангэрэл нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, төлөхийг хэд хэдэн удаа шаардсан боловч одоог болтол төлөхгүй байгаа учраас гэрээнд заасан гар утасны төлбөр болон ярианы төлбөрийг төлөх үүрэгтэй.
Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 болон “Гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ”-нд заасны дагуу гар утасны төлбөрийн үлдэгдэл болох 643,000 төгрөг, “Үүрэн холбооны дараа төлбөрт багц үйлчилгээ”-ний гэрээний 6-д заасны дагуу гар утасны ярианы төлбөрийн үлдэгдэл болох 21,176 төгрөг, нийт 664,716 төгрөгийг хариуцагч Б.Алтангэрэлээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Алтангэрэл шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 664,716 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь Б.Алтангэрэлээс 664,716 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Алтангэрэл нь нэхэмжлэлийн шаардлага болох 664,716 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонрхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.Алтангэрэлд холбогдох 664,716 төгрөг гаргуулах тухай Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,503 төгрөгийн тал хувь болох 10251,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Алтангэрэлээс 10251,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ