Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/98

 

 

 

 

 

 

 

      2021         02            04                                      2021/ШЦТ/98

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

            улсын яллагч Н.Түвшинбаяр,

            шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт Д.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809047631470 дугаартай хэргийг 2021 оны 01 оны сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт, Хан-Уул дүүргийн  тоотод оршин суудаг,

2001 оны 3 дугаар сарын 16-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

2003 оны 02 дугаар сарын 27-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

2003 оны 8 дугаар сарын 13-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

2006 оны 12 дугаар сарын 26-нд Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

2013 оны 6 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Д.Б /регистрийн дугаар,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Б нь 2018 оны 10 дугаар сарын 11-15-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 310 дугаар байрны баруун талд байрлах “Эн Эн Жи Юу” ХХК-ийн эзэмшлийн 5 тонны контейнерын вакум цонх буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нууцаар, хууль бусаар нэвтэрч молдок, кабелийн утас, гагнуурын аппарат, том тасдагч, 90 градустай суурийн хөрөө, замаск зуурагч, хадаас тавлагч зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Ж.Хатирад 951.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

              түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би 2018 оны 10 дугаар сарын 10-15-ны өдрийн хооронд санаж байна би нэлээд архи уусан согтуу байсан. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байдаг хөгжим бүжгийн ертөнцийн зүгээр зүүн талд байдаг хашаагаар давж ортол дотор нь цагаан өнгийн контейнер байсан. Уг контейнер нь вакум цонхтой байсан бөгөөд цонхыг нь түлхтэл онгойсон тэгэхээр нь цонхоор нь ороод дотроос нь молдок, суурин таслагч, цохилттой дрил, гагнуурын аппарат, кабелийн утас зэрэг эд зүйл авсан. Би авсан эд зүйлээ маргааш нь 100 айлын Жоби барилгын материалын дэлгүүрийн орчим явуулын хүмүүст янз янзын үнээр зарсан. Одоо хэдэн төгрөгөөр зарсан гэдгээ санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-6-7/,

 

            Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Хатирагийн “…2018 оны 10 дугаар сарын 11-ний орой 16 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 310 дугаар байрны баруун талд байрлах 5 тонны контейнерт барилгын багаж хэрэгсэл болох молдок, 300 метрийн урттай кабелийн утас, гагнуурын аппарат, том тасдагч, 90 градустай суурийн хөрөө, замаск зуурагч, хадаас тавлагч зэрэг багажнуудаа хийгээд үлдээсэн. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн үед харуул Энхжаргалын хамт уг контейнероосоо ганц нэг багаж авах гээд очиход хаалганы баруун талын вакум цонх онгорхой эд зүйл алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46/,              

              Дамно хөрөнгийн үнэлгээ /хх-75-76/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-91/, хорооны тодорхойлолт /хх-87/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-95/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-97-132/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-143-144/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 10 дугаар сарын 11-15-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 310 дугаар байрны баруун талд байрлах “Эн Эн Жи Юу” ХХК-ийн эзэмшлийн 5 тонны контейнерын вакум цонх буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нууцаар, хууль бусаар нэвтэрч молдок, кабелийн утас, гагнуурын аппарат, том тасдагч, 90 градустай суурийн хөрөө, замаск зуурагч, хадаас тавлагч зэрэг эд зүйл хулгайлж хохирогч “Эн Эн Жи Юу” ХХК-д 951.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Хатирагийн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Д.Бы сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Д.Быг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Бы дээрх үйлдлийн улмаас “Эн Эн Жи Юу” ХХК-д 951.600 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлыг шүүгдэгч нь бүрэн төлсөн байх тул шүүгдэгч Д.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч Д.Быг дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элдүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бы цагдан хоригдсон 76 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Шүүгдэгч Д.БЭрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар ялтан Д.Бы урьдчилан цагдан хоригдсон 76 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, ялтан Д.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР