| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/01526/И |
| Дугаар | 1202 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 1202
| 2017 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 101/ШШ2017/01202 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Амар гудамж 4, өөрийн байранд оршин байрлах Интерном ХХК-ийн /5044251/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 хороо, Баянмонгол хороолол, 416 бйар F1, F2 тоотод оршин байрлах, Үлэмжгросерс ХХК /5719666/ холбогдох,
32,816,017 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Интерном” ХХК нь “Үлэмж гросерс” ХХК-тай 2014 оны 03 сарын 11-ний өдөр Худалдааны хамтран ажиллах гэрээг байгуулсан билээ. Энэхүү гэрээний дагуу “Үлэмж гросерс’’ ХХК нь “Интерном” ХХК-аас ном, бараа, бүтээгдэхүүн авч борлуулан, гэрээний дагуу борлуулсан барааны тооцоог хийх үүрэгтэй юм.
Тус компани нь гэрээ байгуулснаас хойш гэрээний дагуу борлуулсан номынхоо тооцоог гүйцэд төлж барагдуулалгүй явсаар манай компанид 32,816,017 төгрөгийн төлбөртэй болсон. Манай компанийн зүгээс борлуулсан номын төлбөрийг цаг тухайд нь шаардаж, тухай бүрт нэхэмжлэх өгч байсан боловч 1, 2 сараар хоцроож, нэхэмжилсэн үнийн дүнгээс дутуу төлсөөр өдийг хүрлээ. Сайн дурандаа төлбөрөө гүйцээгээд төлнө хэмээн хангалттай хугацаанд хүлээсэн боловч одоо болтол гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, төлбөрөө барагдуулалгүй дээрх хэмжээний өрийг үүсгэсэн байна.
Иймд тус компаниас номын төлбөр 32,816,017 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Үлэмжгросерс ХХК нь 2017 оны 04 сард 10,000,000 төгрөг, 2017 оны 05 сард 10,000,000 төгрөг, 2017 оны 06 сард 12,816,017 төгрөг, нийт 32,816,017 төгрөгийг нэхэмжлэгч Интерном ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцлоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Интерном ХХК нь Үлэмжгросерс ХХК-иас 32,816,017 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Үлэмжгросерс ХХК нь 2017 оны 04 сард 10,000,000 төгрөг, 2017 оны 05 сард 10,000,000 төгрөг, 2017 оны 06 сард 12,816,017 төгрөг, нийт 32,816,017 төгрөгийг нэхэмжлэгч Интерном ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонрхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчийн эвлэрлийг батлах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Үлэмжгросерс ХХК-д холбогдох 32,816,017 төгрөг гаргуулах тухай Интерном ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Үлэмжгросерс ХХК нь 2017 оны 04 сард 10,000,000 төгрөг, 2017 оны 05 сард 10,000,000 төгрөг, 2017 оны 06 сард 12,816,017 төгрөг, нийт 32,816,017 төгрөгийг нэхэмжлэгч Интерном ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,040 төгрөгийн тал хувь болох 161,020 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Үлэмжгросерс ХХК-иас 161,020 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Интерном ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ