| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/01553/И |
| Дугаар | 1104 |
| Огноо | 2017-03-31 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 1104
| 2017 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 101/ШШ2017/01104 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, 17 хороо, Эрдэнэтолгой 33 гудамж, 886 А тоотод оршин суух, Мөнхийн Наранцэцэгийн /ОЖ71011009/ хүсэлттэй,
Б.Алтантуяаг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч М.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баясгалан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн М.Наранцэцэг би Б.Алтантуяад 2014 оны 04 сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай зээлдүүлсэн.
Зээлийн гэрээний хугацаа дуусахад Б.Алтантуяа нь зээлийн эргэн төлөлт хийгээгүй, мөнгө өгөөгүй бөгөөд Б.Алтантуяагийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр 1-12 тоот хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргахад Б.Алтантуяа нь бүртгэлтэй хаягтаа байхгүй байх тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 28-ны өдөр 183/Ш32017/00261 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд Б.Алтантуяаг эрэн сурвалжилж оршин суугаа хаягыг нь тогтоож хүсэлтийг минь хангаж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.Наранцэцэг нь Б.Алтантуяаг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ “Б.Алтантуяагаас зээлийн төлбөр гаргуулах гэтэл хаана байгаа нь тодорхойгүй байна” гэх тайлбарыг гаргасан ба М.Наранцэцэг Б.Алтантуяа нарын хооронд 2014 оны 04 сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хуулбарыг хавсаргасан байх тул хүсэлт гаргагч М.Наранцэцэг нь Б.Алтантуяаг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 261 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул хүсэлт гаргагч М.Наранцэцэг нь Б.Алтантуяагийн оршин суугаа газрыг тодруулах талаар өөрийн боломжит арга хэмжээг авсан гэж үзэхээр байна.
Иймд М.Наранцэцэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна. Мөн М.Наранцэцэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.2-т зааснаар хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд буюу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн тул хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.
М.Наранцэцэг нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Гэлэн овогт Бямбын Алтантуяагийн /ИЮ62100101/ оршин суугаа газар мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Гэлэн овогт Бямбын Алтантуяаг /ИЮ62100101/ эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Алтантуяаг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр 3 дугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ