Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/12

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгч Л.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Л-ын О-д холбогдох 2008022511506 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түнхэл суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо яргайт ... гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, О овогт Л-ын О /РД:..../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Л.О нь 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр  Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Г-ийг согтуурсан биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас хавтаст хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-14х/, хохирогч Б.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 24-25, 28х/, гэрч Б.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 30х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 7680 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35х/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 58х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 60х/, шүүгдэгч Л.О-ийн мэдүүлэг /хх-ийн 84-86х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “шүүгдэгч Л.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэсэн шинжүүдээр гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Л.О нь “...тухайн үед Г бид нарын хэн аль нь их согтуу байсан, бид 2 маргасан юм шиг байна лээ, юунаас болсон гэдгийг мэдэхгүй байна, би Г-т гэмтэл учруулсан асуудал дээрээ маргахгүй, хүлээн зөвшөөрч байна” гэсэн саналыг тус тус гаргасан болно.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.О-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс шүүгдэгч Л.О-ийг “хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж” гэсэн шинжээр хүндрүүлэн зүйлчилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна. Үндэслэл нь:

Хохирогч Б.Г-ийн: “...хамтран амьдрагч Л.О, Ч гэх хуурай эгч бид гурав 0.75-ийн Сэржим архи 1 ширхэг, 0.5-ийн Стандарт архи хоёрыг нийт гурван шил архи хувааж уусан, бид гурав нэлээн муудсан байсан. Тэгээд би гэрээс гарч бие засчхаад гэр лүүгээ орох гэтэл манай хамтран амьдрагч О миний өөдөөс ирж байхаар нь би О-ийн мөр лүү нь гараараа түлхсэн, тэрнээс хойш би юу болсныг мэдээгүй” гэж, /хх-ийн 24-25х/,

Гэрч Б.Э-ийн: “...гэртээ байхад манай гэрт О, Г нар ирж архи ууж өнжөөд манай гэрт хоносон, тэгээд маргааш өглөө Г дэлгүүр орж хоёр шил 0.5-ийн Стандарт нэртэй архи авч ирснийг Тодгэрэл, О, Г нар хувааж уугаад сууж байхаар нь би хэрүүл маргаан хийхгүй аятайхан уугаад яваарай гэж хэлээд унтаад өгсөн юм...” гэж /хх-ийн 30х/,

Шүүгдэгч Л.О-ийн: “...Г бид хоёр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод Э эгчийн гэрт очиж ууж байгаад тэндээ бид хоёр хоносон, маргааш нь дахиж Э эгчийн гэрт архи ууж байгаад орой Г бид хоёр муудалцаад Г гэрээс гараад явахаар нь би Э эгчийн гэрт байсан хар иштэй хутгыг аваад Гийн араас гарсан юм. Тэгээд би хашаан дотор юу болсныг мэдэхгүй байна. Тэр үед бид хоёр хоёулаа уучихсан, согтуу байсан болохоор яагаад хутгалснаа сайн санахгүй байна” гэж /хх-ийн 84-86х, шүүх хуралдааны тэмдэглэл/ мэдүүлцгээсэн байна.

Дээрх байдлаас үзвэл, хохирогч, гэрч, шүүгдэгч нар нь 2 өдөр дараалан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтолттой байсан тул тэдгээрийг өөрийн болон бусдын үйлдлийн хянах, согтолтын байдал, биеэ хамгаалах чадвартай байсан эсэхийг мэдсэн байх боломжтой гэж шууд дүгнэх баримтгүйгээс гадна шүүгдэгч Л.О-ийн хувьд хохирогч Б.Г-ийн согтсон энэ байдлыг ухамсарлаж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж дүгнэхэд эргэлзээтэй байх тул шүүгдэгч Л.О-ийг хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж гэж үзэн хүндрүүлэн зүйлчлэх боломжгүй тул тус шинжийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.

Харин шүүгдэгч Л.О нь 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр  Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод өөрийн хамтран амьдрагч Б.Г-ийн хэвлий тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан үйл баримт нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...тухайн хэрэг үйлдэгдсэн гэх айлын шалны хулдаас хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай байгаа нь тэмдэглэгдэж, гэрэл зургаар бэхжигдсэн. /хх-ийн 9-14х/,

Хохирогч Б.Г-ийн: “...2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хамтран амьдрагч Л.О бид хоёр гэртээ байж байгаад өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод Ч гэх хуурай эгчийнд очсон чинь Ч эгч гэртээ ганцаараа байсан. Тэгээд бид гурав 0.75-ийн Сэржим архи 1 ширхэг, 0.5-ийн Стандарт архи хоёрыг нийт гурван шил архи хувааж уусан, бид гурав нэлээн муудсан байсан. Тэгээд би гэрээс гарч бие засчхаад гэр лүүгээ орох гэтэл манай хамтран амьдрагч О миний өөдөөс ирж байхаар нь би О-ийн мөр лүү нь гараараа түлхсэн, тэрнээс хойш би юу болсныг мэдээгүй. Тэгсэн түргэний машин болон цагдаа ирсний дараа л би сэргэж ухаан ороод хутгалуулсан байснаа мэдсэн. Миний биеийн зүүн талын хэвлий хэсэгт хутганы шархтай болсон байсан өөр учирсан гэмтэл байхгүй байсан. ...Намайг О хутгалсан. Хашаан дотор О бид хоёр л байсан. Намайг гэр лүү орох гээд явж байхад О миний өөдөөс гуйваад байхаар нь би хаачих гэж байгаа юм гээд мөр лүү нь түлхсэн. О бид хоёр хамтран амьдрагч байгаа юм. Бид хоёр 2018 оны 05 дугаар сард анх танилцаж байсан. Тэр өдрөөс хойш бид хоёр хамт амьдарч байгаа. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй, хүүхэд байхгүй. ...Надад ямар нэгэн санал гомдол байхгүй... ...Надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х, 28х/,

Гэрч Б.Э-ийн: “...2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод гэртээ байхад манай гэрт О, Г нар ирж архи ууж өнжөөд манай гэрт хоносон юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Г дэлгүүр орж хоёр 0.5-ийн Стандарт нэртэй архи аваад ороод ирсэн. Тэгээд Тодгэрэл, О, Г нар нөгөө архиа хувааж уугаад сууж байхаар нь би хэрүүл маргаан хийхгүй аятайхан уугаад яваарай гэж хэлээд миний бие өвдөөд унтаад өгсөн юм. Намайг унтаж байхад гэрт хүмүүс шуугиад байхаар нь би сэрээд боссон чинь гэрт цус нөж болчихсон байхаар нь би юу болсон юм гэж асуусан чинь О “би Гийг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би түргэн дуудаач юу хийгээд байгаа юм гээд хэлээд түргэн дуудсан. Гийн зүүн талын хэвлий хэсгээс нь цус гараад байсан. Манай гэрт жижиг хар иштэй хутга нэг ширхэг нөгөөх нь хар цагаан өнгийн иштэй хутга 1 ширхэг байдаг. Уг хутганууд манай гэрийн зуухны хажууд хайрцаг дотор байсан. Тэгсэн хэрэг гардаг өдөр хашаан дотор барааны тэнд газар байсан. Би хэн гэрээс хутга аваад гаргаж хаясныг бол мэдэхгүй. Намайг сэрээд босож ирэхэд О, Г нар байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 7680 дугаартай шинжээчийн: “...Б.Г-н биед хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35х/,

Шүүгдэгч Л.О-ийн: “...2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр  Г бид хоёр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод Э эгчийн гэрт очиж ууж байгаад тэндээ бид хоёр хоносон. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дахиж Э эгчийн гэрт архи ууж байгаад орой Г бид хоёр муудалцаад Г гэрээс гараад явахаар нь би Э эгчийн гэрт байсан хар иштэй хутгыг аваад Гийн араас гарсан юм. Тэгээд би хашаан дотор юу болсныг мэдэхгүй байна. Тэр үед бид хоёр хоёулаа уучихсан, согтуу байсан болохоор яагаад хутгалснаа сайн санахгүй байна. Г бид хоёр хамт амьдраад 2 жил гаран болж байна. Г бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй бид хоёр дундаасаа ямар нэгэн хүүхэд байхгүй. Намайг Гийг хутгалж байхад хажууд хүн байгаагүй. Бид хоёр л байсан. Э эгч гэртээ байсан. Тухайн үед бид хоёр юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. ...гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би эмчилгээний зардал гэж мөнгө төгрөг өгөөгүй. Надаас эмчилгээний зардал гэж мөнгө төгрөг нэхэмжлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-86х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.  

Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Г-ийг шүүгдэгч Л.О хутгалсан гэх асуудлын талаар хохирогч, гэрч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, бие биеийнхээ мэдүүлгийг давхар нотолсон шинжтэй байх тул шүүгдэгчийн энэхүү шууд санаатай үйлдэл, хохирогчид учирсан хутгалагдсан шарх бүхий хөнгөн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Л.О, хохирогч Б.Г нар нь гэрлэлт бүртгэлтийн лавлагаагүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн 2 жилийн хугацаанд хамтран амьдарч байгаа болох нь тэдгээрийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд буюу хамтран амьдрагч нар гэж үзэх бөгөөд хохирогч, шүүгдэгч нарын хооронд өмнө болон тухайн үед ямар нэгэн хэрүүл маргаан болсон талаарх баримтгүй, хохирогчийн зүгээс шүүгдэгчид хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхэд хүргэсэн аливаа үйлдлийг хийгээгүй байх атал шүүгдэгч Л.О нь ямар нэгэн шалтгаангүйгээр өөрийн хамтран амьдрагч Б.Г-ийг хутгалсан байх тул энэхүү үйлдлийг хүчирхийллийн шинжтэйгээр үйлдэгдсэн гэж дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч Л.О-ийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” учруулсан гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Л.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...надад торгох ял оногдуулж өгнө үү. Би уг ялыг биелүүлэх боломжтой, одоо ээжийн бие муу байгаа, хажууд нь хүн байж асарч сувилах зайлшгүй шаардлагатай байгаа тул энэ байдлыг харгалзан үзнэ үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Л.О-ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, бусдад төлөх төлбөргүй байдал, дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд 3-6 насны хүүхдүүдтэй, тогтсон ажилгүй боловч ажил олдсон үед хийх, хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олдог, түүгээрээ амьдардаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний орлогын байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.     

Шүүгдэгч Л.О нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. 

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг 150 мм ажлын хэсгийн урттай, өргөн 25 мм хэмжээтэй цагаан өнгийн оруулгатай хар хуванцар бариултай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс шүүгдэгч Л.О-ийг “хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж” гэсэн шинжээр хүндрүүлэн зүйлчилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч О овогт Л-ын О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг 150 мм ажлын хэсгийн урттай, өргөн 25 мм хэмжээтэй цагаан өнгийн оруулгатай хар хуванцар бариултай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ