Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/129

 

 

 

 

 

 

       2021         02         24                                         2021/ШЦТ/129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Баярцэцэг хөтлөн,

улсын яллагч Д.Агар /томилолтоор/,

хохирогч Ш.Б,

шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Боржигон овгийн Мгийн Мд холбогдох эрүүгийн 2003000000000 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, Дотоод хэргийн их сургуулийн ахлагчийн дамжаанд сонсогч, ам бүл 6 эцэг, эх, дүү нарын хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол 8-25 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Мгийн М, РД:ИН0000000.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

М.М нь 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 07 цаг 00 минутын орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Апекс” их дэлгүүрийн урд талын замд “Тоёота Приүс” маркийн 97-00 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Бийг мөргөн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч М.М нь 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 07 цаг 00 минутын орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Апекс” их дэлгүүрийн урд талын замд “Тоёота Приус” маркийн 97-00 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө ” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Бийг мөргөн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хөтөлбөргүй  нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мы өгсөн: “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Бийн өсгөн “....гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2003005360016 дугаартай хэргээс шинжлэн судалсан:

 

2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 5-12 тал/,

 

Хохирогч Ш.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 07 цаг 20 минутын орчимд хорооллын Парадоксын явган хүний гарцаар зам хөндлөн гарах гээд замын 1 дүгээр эгнээнд автобус зам тавьж өгөхөөр нь замын 2 дугаар эгнээнд ортол замын нөгөө талд Шар хадны автобус ирсэн байхаар нь суух гээд гүйтэл 3 дугаар эгнээнээс хар өнгийн Тоёота Приус маркийн автомашин ирээд намайг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

 

Гэрч М.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 07 цагийн орчимд Эрдэнэ толгой 2 автобусны буудал дээрээс бид гурвыг М өөрийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн автомашинаар ирж авсан. 3 дугаар сургуулийн автобусны буудал дээрээс Балжиннямыг машиндаа суулгаад бид хэд цаашаа эргүүл хийх газар болох Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү явж байх замдаа “Сөөхий” гутлын дэлгүүрийн харалдаа явган хүний гарцан дээр хүн мөргөсөн. Тухайн хүн автобусны урдуур гэнэт гүйж гарч ирээд машинд мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,

 

Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 07 цаг өнгөрч байхад 100 айлын автобусны буудал дээрээс Амгаланбаатар, Мэндбаяр, Өлзийбат, М нар намайг Тоёота Приус-20 маркийн автомашинаар ирж авсан. Жолоочийн ард талд суугаад утсаа оролдоод явж байхад гэнэт тас гэж дуугарахаар нь юу болов гэж нөгөө хэдээс асуухад хүн дайрчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

 

Гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 07 цагийн орчимд Эрдэнэтолгой 2 автобусны буудал дээрээс Амгаланбаатар, Мэндбаяр бид 3-ыг М өөрийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 97-00 ОРХ улсын дугаартай автомашинаараа ирж авсан. 3 дугаар сургуулийн автобусны буудал дээрээс Балжиннямыг машиндаа суулгаад бид хэд цаашаа эргүүл хийх газар болох Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү явж байх замдаа “Сөөхий” дэлгүүрийн урд замд машины баруун талд зогсож байсан автобусны урдуур хүн гүйж гарч ирээд мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 78 дугаартай “1. Ш.Бийн биед цох, дагз-зулайн зааг хэсэг, баруун тохойд шарх, эрүүний зүүн булан хэсгээр зулгарал, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, ахар сүүлний 3, 4 дүгээр үелэх хэсгийн зөрөөтэй хугарал, тархи доргилт, дунд чөмгөний гадна булуу, шаант ясны гадна булуу, тахилзуур ясанд няцрал, өвдөгний үений гадна менискийн арын эвэрт сэмэрсэн урагдал, урд чагтан холбоосын бүрэн бус урагдал, тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон хугацаанд үүссэн байж болох гэмтлүүд байна. 3. Гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй, Доргилтын улмаас нүдний хараанд өөрчлөлт үүсээгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 41-43 тал/,

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 71-72 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор М.Мы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29, 120 тал/, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 121 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 122 тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 123 тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 124 тал/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 125 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 126 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч М.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа илэрхийлж, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргахгүй гэж,

 

Хохирогч Ш.Б “...ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэж тус тус мэдүүлж оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 78 дугаартай дүгнэлтээр хэрэг учрал болсон өдөр “Тоёота Приус” маркийн 97-00 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Бийг мөргөн цох, дагз-зулайн зааг хэсэг, баруун тохойд шарх, эрүүний зүүн булан хэсгээр зулгарал, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, ахар сүүлний 3, 4 дүгээр үелэх хэсгийн зөрөөтэй хугарал, тархи доргилт, дунд чөмгөний гадна булуу, шаант ясны гадна булуу, тахилзуур ясанд няцрал, өвдөгний үений гадна менискийн арын эвэрт сэмэрсэн урагдал, урд чагтан холбоосны бүрэн бус урагдал гэмтэл үүсгэсэн нь түүнийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч М.Мыг  “2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 07 цаг 00 минутын орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Апекс” их дэлгүүрийн урд талын замд “Тоёота Приус” маркийн 97-00 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг  зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Бийг мөргөн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Мы замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр өөрийн үйлдлийнхээ нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан хэдий ч ийнхүү зам тээврийн осол гаргасан нь түүнийг үйлдэлдээ хайхрамжгүй хандаж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцно.

 

Прокуророос шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”  гэмт хэргийг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Шүүгдэгч М.М шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Б нь  нийт 1.303.884  /нэг сая гурван зуун гурван мянга найман зуун наян дөрөв/ төгрөгийн баримт, өвчтэй байсан хугацааны цалингийн зөрүү болох 1.680.096 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Шүүгдэгч М.М нь хохирогч Ш.Бийн эмчилгээний зардалд шүүхийн өмнөх шатанд /хэрэгт авагдсанаар/ 1.235.000 /нэг сая хоёр зуун гучин тав/ төгрөг төлсөн болохыг хохирогч хүлээн зөвшөөрсөн ба тэрээр хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.

 

Шүүх, хэрэгт цугларсан “гэм хорын” хохиролд зарцуулсан төлбөрийн баримтуудаас 78.300 төгрөгийн шатахууны баримтыг хэрэгсэхгүй болгож 1.225.584 төгрөгийг баримтыг “гэм хорын” хохиролд зарцуулсан хохирол төлбөр гэж үзэж хангаж шийдвэрлэлээ.

 

Хохирогч Ш.Б нь гэмт хэргийн улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг хэрэгт авагдсан баримт болох Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын үйлдсэн цалингийн тодорхойлолт /хх-93 тал/, тус байгууллагын тэргүүлэх нягтлан бодогчийн үйлдсэн нэг өдрийн цалингийн зөрүүг тодорхойлсон тодорхойлолт /хх-94 тал/ болон хохирогч Ш.Бийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-95-102 тал/, 460004317 дугаартай Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга зэргийг үндэслэн шүүгдэгчээс гаргуулж олгох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд хохирогч Ш.Бийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү болох 1.680.096  /нэг сая зургаан зуун наян мянга ерэн зургаа/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүхээс, хохирогч Ш.Бийн ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн дүгнэхдээ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтад заасан “дундаж цалин хөлс тодорхойлох журмыг” баримталсан болохыг дурдаж байна.

 

Хохирогч Ш.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч М.М нь Авто тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “...шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч М.Мд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

 

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/ дөрвөн зуун тавь/  төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Улсын яллагчаас нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргасан ба шүүхээс шүүгдэгчийн хэлэлцүүлэгт гаргасан “ахлагчийн дамжааг төгссөн орон нутагт томилолт авсан, ажил эхлэх гэж буй гэх тайлбар зэргийг харгалзан үзээд шүүгдэгчид торгох ялыг сонгож оногдуулсан болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Мгийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох торгуулийн ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч М.М нь хохирогчид 1.235.000 /нэг сая хоёр зуун гучин таван мянга/ төгрөгийг гэм хорын хохиролд төлж барагдуулсан болохыг дурдаад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хэрэгт хавсаргаж өгсөн баримтаар тооцсон 1.303.884 /нэг сая гурван зуун гурван мянга найман зуун наян дөрвөн/ төгрөгөөс шатахууны зардалд зарцуулсан 78.300 /далан найман мянга гурван зуун/ төгрөгийг хасаж тооцон шүүгдэгч нь хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх үед хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан болохыг дурдаад, гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Бийн ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү болох хохирогчийн нэхэмжилсэн 1.680.096 /нэг сая зургаан зуун наян мянга ерэн зургаа/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгосугай.

5. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Ш.Б нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлээ жич гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ