Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2022/0077/З |
Дугаар | 221/МА2022/0602 |
Огноо | 2022-09-08 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2022/0602
2022.09.08-ны өдөр 221/МА2022/0602
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн,
Илтгэсэн Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Том татвар төлөгчийн Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Б.Б
Нэхэмжлэгч “Э” ХХК
Хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын улсын байцаагч Б.Б, Б.Б
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 438 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2022/0077/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын улсын байцаагч Б.Б, Б.Б нарт холбогдуулан “... Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн НА-21210000022 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 438 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д 47.16-д заасныг баримтлан “Э” ХХК-иас Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Б.Б, Б.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Б.Б, Б.Б нарын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн НА-21210000022 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Татварын ерөнхий газрын Том татварын төлөгчийн Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Б.Б нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:
3.1.1. Маргааны үйл баримт, хэрэгт авагдсан баримтад тал бүрээс нь үнэлж, дүгнээгүй, хэт нэг талыг барьж хийсвэр дүгнэлт өгч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.
Тухайлбал, шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ,
-Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг өөрчлөн найруулсан 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хууль Төрийн мэдээлэл сэтгүүлд 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 13/1066 дугаарт нийтлэгдсэн, хуульд хүчин төгөлдөр болох хугацааг тусгайлан заагаагүй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно.” гэж зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 08-нд хүчин төгөлдөр болжээ. Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтыг хүчингүй болгосон байна.
-Үүнтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах туххай хуулиар тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг “47.1. Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна гээд хуулийн 47.1.1-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, 47.1.2-д “ашигт малтмал экспортолсон этгээд”, 47.1.3-д “Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд” гэж өөрчлөн найруулжээ.
-Мөн Ашигт малтмалын тухайн хуульд 4 дүгээр зүйлийн 4.1.27, 4.1.28 дахь заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 4.1.27-д “үүсмэл орд” гэж олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолгыг;” гэж заасан байна.
3.1.2. Нэхэмжлэгч “Э” ТӨҮГ-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу 754.9 тонн хаягдал хүдрийн овоолгыг худалдан авч боловсруулж катодын зэс болон цахилгаан утас үйлдвэрлэдэг бөгөөд нэхэмжлэгч нь үүсмэл ордоос ашигт малтмал ялган авах, боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагаа явуулдаг болохын хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 2011, 2019 онуудад нэмэлт өөрчлөлтийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч мөн юм.
3.1.3. Өөрөөр хэлбэл тухайн хуулийн заалт Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болсон ч хүчин төгөлдөр үйлчилж байх үеийн харилцааг зохицуулах бөгөөд хариуцагч татварын улсын байцаагчид хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3.1.4. Мөн үүсмэл орд ашиглагч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.22-д зааснаар үүсмэл ордын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх бөгөөд тусгай зөвшөөрөл аваагүй нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
3.1.5. Гэвч Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч энэ хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт, 47.19-д заасны дагуу суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно.” 47.16-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө; 47.16.1-д “худалдсан, худалдахаар ачуулсан”, 47.16.2-д “экспортолсон”, 47.16.3-д “өөрийн хэрэгцээнд ашигласан” гэж зааснаас үзвэл Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлсэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байна.
3.1.6. Нэхэмжлэгч “Э” ТӨҮГ-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу 754.9 тонн хаягдал хүдрийн овоолгыг худалдан авч үүнд ногдох Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 419.3 сая төгрөгийг төлсөн болон төлбөрийг давхардуулан төлөхийг шаардсан нь хууль бус болох нь Татварын Ерөнхий газрын дэргэдэх Монголын татварын зөвлөлийн 2013 оны 11 сарын 08-ны өдрийн 68 дугаар тогтоол болон Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 453 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 399 дүгээр тогтоол болон тогтоогдож байна.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж зааснаар нэхэмжлэгч нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн болох нь тогтоогдож байх тул дахин дүгнэж нотлохгүй юм.
4.1. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын ТУБ-ын нөхөн ногдуулалтын актаар 75,365,506,798.35 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй гэж үзсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д, 47.16-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй болон суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцох зохицуулалтад нийцээгүй гэж үзсэн гэж дүгнэжээ.
4.2. Харин хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагчид дээрх шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Учир нь шүүгч шийдвэрийн үндэслэл болгосон Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсгийг хууль тогтоогчийн зүгээс 2019 оны 11 сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, 47.16 дахь хэсгийг хууль тогтоогчийн зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль нь тус хуулийн 6 дугаар зүйлд зааснаар 2019 оны 11 сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх зохицуулалттай байна.
4.3. Иймд “Э” ХХК-ийн “Э” ТӨҮГ-д төлсөн гэх 419.3 сая төгрөгийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хяналт шалгалтын багийн нөхөн ногдуулсан төлбөрийн дүнгээс хасахгүй байх төдийгүй хэрэв тус хуулийн үйлчлэлээс хойш “Э” ТӨҮГ-аас хаягдал овоолго худалдан авсан бол худалдан авахад төлсөн дамжуулан борлуулагч этгээдийн өмнөх шатанд ногдуулсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хасахаар хууль тогтоогчийн зүгээс хуульчилж өгсөн байна.
5. “Э” ХХК-ийн зүгээс нөхөн ногдуулалтын актны тооцоололд маргаан гаргаагүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн хэрэглээнд маргаан үүсгэсэн байдаг.
5.1. Нөхөн ногдуулалтын актаар илрүүлсэн зөрчлийн талаар:
5.1.1. 2019 оны 5, 6, 7, 8, 9, 10 дугаар саруудын хугацаанд экспортод гаргасан 969,733 кг, дотоодод борлуулсан 7,999 кг, үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашигласан 42,807 кг, нийт 1,010,539 кг катодын зэсийн 15,719,771,016.03 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөөгүй зөрчилд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн болон 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээ болон Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээнд өөрчлөлт оруулахгүйгээр ашигт матлмалын тусгай зөвшөөрөлтэй эсэхээс үл хамааран ашигт малтмал ашиглаж буй этгээд нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөг төлөгч байж, дотоодын зах зээлээс худалдан авсан ашигт малтмалд өмнө ногдуулсан татварын хасаж тооцох болсон.
5.1.2. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй боловч ашигт малтмал ашиглаж буй аж ахуйн нэгжийн хувьд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулийг Төрийн мэдээлэл сэтгүүл /2019.03.28-ны өдрийн 13/1066/-д хэвлэгдсэн өдрөөс 10 хоногийн дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд, харин Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруудах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш дагаж мөрдөнө. Иймд тус компанийн 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш худалдсан, ашигласан ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмал ашигласны төлбөрийг тооцож ногдуулсан.
5.1.3. 2019 оны 11 болон 12 дугаар саруудын борлуулалтыг хамааруулсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар 345,857,926.09 төгрөгийн төлбөрийг ногдуулсан боловч дамжуулан борлуулагч этгээдийн өмнөх шатанд ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт төлсөн гэх 345,857,926.09 төгрөгийг хасч тайлагнасан зөрчилд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлд “Ашигт малтмалын тухай хуулийн дараах хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай” 47 дугаар зүйлийн 47.7-д “Ашигт малтмалыг шууд эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч энэ хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт, 47.19-д заасны дагуу суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно.”, мөн хуулийн 6 дугаар зүйлд “Энэ хуулийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн “Э ХХК-ийн “Э” ТӨҮГ-аас худалдан авсан хүдрийн ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх, төлбөрийн хасалт хийх татварын харилцаа хэрэгжинэ. Харин 2010, 2011 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн тухайн онуудад суутган ногдуулж төсөвт төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг сүүлд хүчин төгөлдөр болсон /Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хууль/ хуулийн заалтыг буцаан хэрэглэж хасалт хийх буюу суутган тооцох эрх зүйн үндэслэлгүй юм.
5.1.4. Түүнчлэн Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр барагдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 3.4 дэх хэсэгт “Ашигт малтмалыг дотоодын зах зээлээс худалдан авч шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч Ашигт малтмалын тухай хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт болон мөн хуулийн 47.19-д заасны дагуу суутган төлсөн тайлан мэдээг үндэслэн өмнө нь ногдуулсан, суутган төлсөн төлбөрийн хасаж тооцно” гэж заасан. Энэхүү тогтоол нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.7-д “Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт болон хуульд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр байна. Гэтэл дээр дурдсан төлбөрийн баримт болон суутган төлсөн тайланг татварын албанд ирүүлээгүй байхад өмнөх шатанд ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт төлсөн гэх 345,857,926.06 төгрөгийг хасч тайлагнасан нь буруу тул зөрчлөөр тооцсон.
5.1.5. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд үүсмэл ордоос олборлож экспортод гаргасан 4,560,280 кг, дотоодод борлуулсан 58,881 кг, үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашигласан 200,356 кг, нийт 4,819,446 кг зэсийн 75,365,506,798.35 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй зөрчилд тус компани нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Э” ТӨҮГ-тай гэрээгээ шинэчлэн байгуулаагүй, үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл аваагүй гэж байгаа ч уурхайн балансын бус хүдрийн болон уурхайн хаягдал овоолгоос зэс ялган боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдан борлуулж байгаа нь “үүсмэл орд”, “үүсмэл орд ашиглах” тодорхойлолтуудтай нийцэж байна. /Ашигт малтмалын тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д “үүсмэл орд” гэж олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолгыг;” 4.1.28-д “үүсмэл орд ашиглах” гэж энэ хуулийн 4.1.27-д заасан хүдэр, ашигт малтмалын овоолго зэргээс ашигт малтмал ялган авах, боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг”/,
-Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл аваагүй нь 2017 оны 01 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд Э ТӨҮГ-ийн уурхайн балансын бус хүдрийн болон уурхайн хаягдал овоолгыг ашиглан үйлдвэрлэж, борлуулсан зэсийн борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
6. “Э” ХХК-ийн үйлдсэн дээрх зөрчилд дараах байдлаар төлбөр ногдуулсан.
-2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд үүсмэл ордоос олборлож экспортод гаргасан 4,560,280 кг, дотоодод борлуулсан 58,881 кг, үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашигласан 200,536 кг, нийт 4,819,446 кг катодын зэсийн 75,365,506,798.35 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй зөрчилд Үүсмэл ордоос олборлосон ашигт малтмалын бүтээгдэхүүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Үүсмэл ордоос олборлосон бүтээгдэхүүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2.5 хувь, энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү байна гэж заасныг үндэслэж 1,884,137,669.96 төгрөгийн нөхөн татвар, 565,240,300.99 төгрөгийн торгууль, 376,827,533.99 төгрөгийн алданги;
-2019 оны 11 болон 12 дугаар саруудын борлуулалтыг хамааруулсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар 345,857,926.09 төгрөгийн төлбөрийг ногдуулсан боловч дамжуулан борлуулагч этгээдийн өмнөх шатанд ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт төлсөн гэх 345,857,926.09 төгрөгийг хасч тайлагнасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар “47.7 Ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч энэ хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт, 47.19-д заасны дагуу суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно.” 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалыг тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлд “Энэ хуулийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасныг; /энэ хуулийн зохицуулалтын хүрээнд хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн “Э ХХК-ийн “Э” ТӨҮГ-аас худалдан авсан хүдрийн ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх, төлбөрийн хасалт хийх татварын харилцаа хэрэгжинэ./ зөрчилд 345,857,926.09 төгрөгийн нөхөн татвар, 103,757,377.82 төгрөгийн торгууль, 62,842,385.17 төгрөгийн алданги;
-2019 оны 5, 6, 7, 8, 9, 10 дугаар саруудын хугацаанд экспортод гаргасан 969,733 кг, дотоодод борлуулсан 7,999 кг, үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашигласан 42,807 кг, нийт 1,010,539 кг катодын зэсийн 15,719,771,016.03 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулаагүй зөрчилд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 “Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно” 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухай сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан” 47.2.2-д “дотоодод борлуулсан буюу ашигласан бол тухайн бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн үнийг үндэслэн”, 47.2.3-д “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн.”, мөн хуулийн 47.3-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна”, 47.3.3-д “энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашиглсаны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь”, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д “Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно” 47.5.1-д “Зах зээлийн үнийн түвшин 5000-6000 ам.доллар хүртэл бүтээгдэхүүнд 1 хувь, 6000-7000 ам.доллар хүртэл бүтээгдэхүүнд 2 хувийг үндсэн хувь дээр нэмж ногдуулна” гэж заасныг үндэслэн 970,935,965.4 төгрөгийн нөхөн татвар, 291,280,789.62 төгрөгийн торгууль, 176,419,064.91 төгрөгийн алданги, нийт дүнгээр 3,200,931,561.42 төгрөгийн нөхөн татвар, 960,279,468.43 төгрөгийн торгууль, 616,088,984.07 төгрөгийн алданги, 4,777,300,012.92 төгрөгийн төлбөрийг ногдуулсан.
7. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлдд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
8. Давж заалдах гомдолтой холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г-оос шүүхэд тайлбар гаргаж эсэргүүцсэн байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч улсын байцаагч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
2. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Б.Б, Б.Б нар “Э” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2120902223 дугаар томилолтын дагуу хяналт шалгалт хийж, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн НА-21210000022 дугаар нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй гэх үндэслэлээр нийт 91,431,135,740.44 төгрөгийн зөрчил гаргасан гэж үзэж, 3,200,931,561.42 төгрөгийн нөхөн татвар, 960,279,468.43 төгрөгийн торгууль, 616,088,984.07 төгрөгийн алданги, нийт 4,777,300,013.92 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
3. Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 дэх заалт, уг зүйл, заалттай холбоотой Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, тогтоол зэргийг болон хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүдийг үндэслэл болгохдоо маргааны үйл баримттай холбоотойгоор үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй байна.
4. Нэхэмжлэгч “Э” ХХК нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш бөгөөд “Э” ТӨҮГазраас балансын бус хүдэр болон хаягдал овоолго худалдан авч зэс үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байна. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Х.Н, Ш.Ц нар нь “Э” ХХК-ийн 2009-2012 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалган 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 210271 дүгээр актаар 2009-2012 онд экспортод гаргасан болон дотоодод борлуулсан катодын зэсд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй 86,307,318.3 төгрөгийн зөрчилд 10,358,574 төгрөгийн төлбөр ногдуулсаныг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, тус зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 68 дугаар тогтоолоор Хаягдал хүдэр хэлбэрийн ашигт малтмалд ногдох нөөцийн төлбөрийг “Э” ХХК нь “Э” ТӨҮГ-аар дамжуулан төсөвт төлсөн байтал тухайн хаягдал хүдрийг эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулж, борлуулсан орлогод татварын улсын байцаагч нар дахин нөөцийн төлбөр ногдуулсаныг татварыг давхардуулан ногдуулсан гэж үзэхээр байна гэсэн үндэслэлээр өөрчлөлт оруулсан, “Э” ХХК-иас Гааль, Татварын ерөнхий газарт холбогдуулан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр хууль бусаар төлүүлсэн 982,667,099 төгрөгийг бусад татварын өр, төлбөрт суутган тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх үнийн дүнг бусад татварын өр, төлбөрт суутган тооцохыг Гааль, Татварын ерөнхий газарт даалгах нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 453 дугаар шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 588 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 399 дүгээр тогтоолоор тус тус хэвээр үлдээж, мөн нэхэмжлэгчээс Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газарт холбогдуулан “... нэхэмжлэгчийн 982.6 сая төгрөгийн илүү төлөлтөнд алданги тооцож өгөхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 940 дүгээр шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183 дугаар магадлалаар “... алданги тооцохыг” гэж өөрчлөлт оруулж байжээ.
4.1. Дээрх шүүхийн шийдвэрүүд болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, тогтоолыг үндэслэн “Э” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2120902223 дугаар томилолтын дагуу хяналт шалгалт хийсэнтэй холбоотойгоор гарсан 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн НА-21210000022 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм.
4.2. Учир нь Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэх тухай” 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгож шийдвэрлэсэн.
4.3. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт нь “Э” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалтай холбоотойгоор гарсан, “Э” ХХК нь 2019 оны 5-10 дугаар сарын хугацаанд экспортод гаргасан 959,733 кг, дотоодод борлуулсан 7,999 кг, үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашигласан 42,807 кг, нийт 1,010,539 кг катодын зэсийн 15,719,771,016.03 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй, 2019 оны 11, 12 дугаар сарын борлуулалтыг хамааруулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар 345,857,926.09 төгрөгийн төлбөрийг ногдуулсан боловч дамжуулан борлуулагч этгээдийн өмнөх шатанд ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт төлсөн гэх 345,857,926.06 төгрөгийг хасаж тайлагнасан, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд үүсмэл ордоос олборлож экспортод гаргасан 4,560,280 кг, дотоодод борлуулсан 58,881 кг, үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашигласан 200,356 кг, нийт 4,819,446 кг катодын зэсний 75,365,506,798.35 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй гэх үндэслэлээр нийт 91,431,135,740.44 төгрөгийн зөрчил гаргасан гэж үзэж, 3,200,931,561.42 төгрөгийн нөхөн татвар, 960,279,468.43 төгрөгийн торгууль, 616,088,984.07 төгрөгийн алданги, нийт 4,777,300,013.92 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгч нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн болох нь тогтоогдож байх тул дахин дүгнэж нотлохгүй” гэсэн дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасантай нийцсэнгүй.
5. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь “Э” ТӨҮГ-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу хаягдал хүдрийн овоолгыг худалдан авч боловсруулсантай холбогдуулаад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагааг явуулдаг болохын хувьд тухайн /2017-2019/ цаг хугацаанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй хуулийн этгээд байхаас гадна Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр тогтоол гарахаас өмнөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө хуульд зааснаар төлөх үүрэгтэй, өмнөх шатны шүүхийн шийдвэрүүдээр “Э” ХХК-ийг “... ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 982,6 сая төгрөгийг хууль бусаар төлүүлсэн, бусад татварын өр, төлбөрт суутган тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 982,6 сая төгрөгийг бусад татварын өр, төлбөрт суутган тооцохыг Гааль, татварын ерөнхий газарт даалгах болон 982.6 сая төгрөгийн илүү төлөлтөнд алданги тооцохыг” даалгаж шийдвэрлэсэн, хариуцагчаас 2017-2019 оны хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалтай хяналт шалгалт хийж, түүнтэй холбоотойгоор маргаан бүхий актыг гаргасан гэж үзэхээр байна.
5.1. Өөрөөр хэлбэл тухайн хуулийн заалт Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болсон ч хүчин төгөлдөр үйлчилж байх үеийн харилцааг зохицуулах бөгөөд хариуцагч татварын улсын байцаагчид хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр нь гармагц хүчин төгөлдөр болох бөгөөд Үндсэн хуулийн цэцийн тогтоол гарсан өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн холбогдох зүйл заалт нь хүчингүй болсон тул Үндсэн хууль зөрчсөн гэж цэцээс шийдвэрлэх хүртэл Ашигт малтмалын тухай хуулийн үйлчлэл нь хэвээр тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болно.
6. Харин нэхэмжлэгч “Э” ХХК нь “Э” ТӨҮГ-тай “Хүдэр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан, 2009-2011 онд нийт 754.9 мянган тонн хаягдал хүдэр худалдан авч, үүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 419,3 сая төгрөгийг төлсөн талаар шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон тул үндсэн төлбөрөөс багасгаж тооцох нь зүйтэй байна.
6.1. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч энэ хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт, 47.19-д заасны дагуу суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно” гэж зааснаар ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөрт төлсөн 419,3 сая төгрөгийн төлбөрийг давхардуулан ногдуулж болохгүй юм.
6.2. Тиймээс нэхэмжлэгч “Э” ХХК нь “Э” ТӨҮГ-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу 754.9 тонн хаягдал хүдрийн овоолгыг худалдан авч үүнд ногдох 419.3 сая төгрөг болон түүнтэй холбоотой гарах 125,8 сая төгрөгийн торгууль, 83.8 сая төгрөгийн алдангийг багасгаж тооцох нь зүйтэй.
7. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 438 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д заасныг баримтлан “Э” ХХК-иас Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Б.Б, Б.Б нарт холбогдуулан гаргасан “... Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн НА-21210000022 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Б.Б, Б.Б нарын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн НА-21210000022 дугаар нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 4,777,300,012.92 төгрөгийн төлбөрөөс өмнө нь төлсөн ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөр 419,3 сая төгрөгийн нөхөн татвар, түүнд ногдох 125,8 сая төгрөгийн торгууль, 83.8 сая төгрөгийн алдангийг актаар тогтоосон төлбөрөөс багасгаж, хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН