Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 433

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д****

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар 

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/592 тоот тушаалыг хүчингүй болгуулах, эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн даргаар эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д**** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2013-2017 онд Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад тус дүүргийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/11 тоот тушаалаар мөн өдрөөс эхлэн ажлаасаа халагдсан болно. Дээрхи асуудлаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган 2017 оны 07 сарын 16 өдрийн 128/ШШ2017/******* дугаар бүхий шүүхийн шийдвэр гарч ажилд эгүүлэн томилохоор шийдвэрлэн тогтоосон. Энэхүү шийдвэрийг 2017 оны 11 сарын 10-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд дүүргийн Засаг даргын Тамгын Газрын дарга Б/579 тушаал гаргаж ажилд томилсон. Гэвч ажилд ороод удаагүй байтал намайг 2017 оны 11 сарын 30-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын Газрын дарга нь Б/592 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулж ажилд томилох тухай шийдвэрийг дахин гаргасан.

Дээрх шийдвэрийг би эс зөвшөөрөн Төрийн албаны зөвлөлд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гомдол гаргасан бөгөөд миний гомдлыг харъяаллын дагуу Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлдөө шилжүүлсэн байна.

Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь 2018 оны 03 сарын 26-ны өдрийн 42 тоот тоггоол гарган “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 сарын 30-ны өдрийн Б/592 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэсэн Маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийг зүйтэй гэж үзсүгэй” гэсэн утга бүхий шийдвэр гарган хариу ирүүлсэн.

Дээрхи Нийслэлийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 42 тоот тогтоол гарсантай холбогдуулан 2018 оны 4 дүгээр сар 09 өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад хандан ажилд эгүүлэн томилох өргөдөл гаргасан боловч одоог хүртэл хариу өгч шийдвэрлээгүй байдалтай байна. Би 2013 онд төрийн албаны тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч.

Намайг хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, 15-р хорооны дотоод ажпын зохион байгуулагчаар томилсон шийдвэр гаргахдаа Тамгын газрын дарга нь ямар үндэслэл, шалтгаанаар тушаал гаргах болсоноо огт тайлбарлаагүй, уулзах хүсэлт гаргасан боловч хүлээж авч уулзаагүй ажлаас чөлөөлсөн юм.

Иймээс Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны Б/592 тоот тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 23 дугаар зүйлийн 23.1.1 зэрэг заалтад дурьдсан нөхцөл байдал үүсээгүй байхад Ахлах түшмэл ангилал, ТЗ-7-4 зэрэглэлийн төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлж Туслах түшмэл ангилал, ТЗ-З-5 зэрэглэлд шилжүүлэн ажилд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 19.1 , 19.2, 27.2.1,27.2.2, 27.2.3 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Ер нь орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үр дүнгээр томилогдсон дүүргийн шинэ удирдлагууд нь Тамгын газар болон дэргэдэх хэлтэс албадын дарга, мэргэжилтнүүдийг ээлж дараалан хоморголон халж, шүүхийн шийдвэрээр эргэн томилогдсон ч дахин халж, өөрчлөн томилж байгаа нь төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж, төрийн алба нь мэргэшсэн, тогтвортой байх гэсэн төрийн албаны зарчмыг алдагдуулж байна.

Би Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2013-2017 оныг хүртэл эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Гэтэл 2017 оны 01 дүгээр сард Засаг даргын Тамгын газрын тушаалаар бүтцийн өөрчлөлтийн улмаас ажлаас чөлөөлсөн бөгөөд энэ тухай Төрийн албаны зөвлөл болон Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан ба 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрээр эргэн ажилд томилох тухай шийдвэр гарч, уг шийдвэрийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажилдаа орсон бөгөөд үүнээс хойш ажлын туршлага дутмаг гэдэг үүднээс намайг дахин албан тушаал бууруулж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б/592 тушаалаар ажлаас чөлөөлсөн. Иймд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад гомдлын дагуу ажлын хэсэг гаргаж хянан шийдвэрлэх үндэслэлтэй байсан тул Нийслэлийн Төрийн албаны зөвлөлөөс маргаан хянан шийдвэрлэх журамд заагдсаны дагуу 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр маргаан хянан шийдвэрлэх комисс Хан-Уул дүүргийн Засаг дарга үндэслэлгүй тушаал гарсан байна гэх агуулгатай тогтоол гаргасан.

Нийслэлийн Төрийн албаны тогтоолыг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх тухай заалтын дагуу ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн учир Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад гомдол гаргасан. Мөн Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдол шийдвэрлэх тухай хуулийн дагуу амаар болон цахим хэлбэрээр гомдол гаргасан боловч надад хариу өгөөгүй. Үүний дараагаар 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дахин бичгээр өргөдөл гаргасан.

Иймд Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын Газрын даргын 2017 оны 11-р сарын 30-ны өдрийн Б/592 тоот тушаалыг хүчингүй болгож, Д**** намайг Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б**** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлээ: “Иргэн Д****ын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалт батлагдсаны дагуу шинэчлэн батлагдсан Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод тавигдах ерөнхий шаардлагын ажлын туршлагад тавигдах шаардлага болох төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй тул Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Лхагвасүрэнгийн Доржбатыг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/592 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны дотоод ажлын зохион байгуулагчаар томилсон болно.

Иймд иргэн Д****ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Д****ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д**** тус шүүхэд хандаж Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/592 дугаар бүхий “Д****ыг ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...шүүхийн шийдвэрийн дагуу Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоогдоод удаагүй байтал намайг дахин ажлаас чөлөөлж албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй” гэж тодорхойлсон болно. 

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/592 дугаар бүхий “Д****ыг ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1,  23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалт батлагдсаны дагуу шинэчлэн батлагдсан Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын ажлын байр /албан тушаалын/-ны тодорхойлолтод тавигдах ерөнхий шаардлагын ажлын туршлагад тавигдах шаардлагыг хангаагүй тул тус дүүргийн Засаг даргын тамгын газрын төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн дарга Д****ыг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс эхлэн тус дүүргийн 15 дугаар хорооны Дотоод ажлын зохион байгуулагчаар томилж...түүний сарын үндсэн цалинг ТЗ-3-5-ын 569,703 төгрөгөөр, зэрэг дэвийн нэмэгдлийг 20 хувиар тогтоожээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/******* дугаар шийдвэрээр Д****аас гаргасан, “Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын  2017 оны Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/579 дугаар бүхий “Д****ыг ажилд эгүүлэн томилох тухай”  тушаалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 128/ШШ2017/******* дугаар шийдвэрийг үндэслэн Д****ыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тус дүүргийн Засаг даргын тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилж түүний албан тушаалын үндсэн цалинг ТЗ-7-4, 698,795  төгрөгөөр тогтоожээ.

Дээрхи үйл баримтуудаас дүгнэвэл нэхэмжлэгч Д****ыг шүүхийн шийдвэрээр 2017 оны 11 дүгээр сарын 10-нд ажилд нь эгүүлэн тогтоогоод 20 хоногийн дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дахин ажлаас нь чөлөөлж өөр ажилд томилсон хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 болон 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг зөрчсөн байна. 

Хариуцагч “нэхэмжлэгч Д**** нь ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод тавигдах шаардлага болох төрийн албанд 5 жил ажилласан байх шаардлагыг хангаагүй” гэж тайлбар гаргасан атлаа маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсгийг баримталсан нь тухайн захиргааны акт “бодит нөхцөлд тохирсон, зорилгодоо нийцсэн байх” шаардлагыг хангаагүй байна. 

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн бол” төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаал бууруулж болно гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж тус тус зааснаас үзвэл  Д****ыг захиргааны санаачлагаар албан тушаал бууруулж байгаа эсхүл өөр албан тушаалд шилжүүлж байгаагийн алин болох нь ойлгомжгүй, аль ч нөхцөлд маргаан бүхий захиргааны акт нь хуулийн дээр дурдсан шаардлагад нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг албан тушаал бууруулж байгаа бол тэрээр ажлын байрны зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн байх нөхцөл, өөр ажилд шилжүүлж байгаа нөхцөлд албан ажлын зайлшгүй шаардлага үүссэн байх, мөн өөртэй нь тохиролцсон байх нөхцөл тус тус тавигдана.

Гэтэл эдгээр нөхцөл байдлууд бий болсон нь тогтоогдохгүй байхаас гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “төрийн албанд 5 жил ажилласан байх шаардлагыг хангаагүй” тул ажлаас чөлөөлж өөр ажилд шилжүүлсэн гэж тайлбарласнаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэснээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Нэхэмжлэгч Д**** нь 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар анх ажилд томилогдсон, шүүхээр захиргааны маргаан үргэлжилж байх явцад түүний эрхэлж байсан ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтын “төрийн албанд 6 сараас доошгүй хугацаагаар ажилласан туршлагатай байх” шаардлага нь “5 жил” гэж өөрчлөгдсөн боловч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийг уг шаардлагыг хангаагүй гэж үзэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч Д****ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д****ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/592 дугаар бүхий “Д****ыг ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, Д****ыг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, үлдэх 4,981,933 /дөрвөн сая есөн зуун наян нэгэн мянга есөн зуун гучин гурав/ төгрөгийг Д****ад олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

4. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН