Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/132

 

 

 

 

 

 

    2021           02             24                                           2021/ШЦТ/132

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Баярцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

Хохирогч Т.Ц,

Шүүгдэгч С.О, Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Тунгалагийн Э, Халбагад овогт С-ын О нарт холбогдох эрүүгийн 20050000000 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хархорин худалдааны төвд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 44-р гудамж 33 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Т-гийн Э, /РД:ЧВ0000000/.

2. Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хархорин худалдааны төвд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1-р хороолол 10-р байр 25 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х-д овогт С-ын О, /РД:ЧВ0000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Т.Э, С.О нар нь бүлэглэж 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хархорин худалдааны төв дотор маргааны улмаас Т.Цийн үснээс зулгааж, цохих, өшиглөх зэргээр биед халдаж тархи доргилт, зулайн хуйх, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвуу, зүүн бугалгын цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Т.Э, С.О нар нь бүлэглэж 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хархорин худалдааны төв дотор маргааны улмаас хохирогч Т.Цийн үснээс зулгааж, цохих, өшиглөх зэргээр биед халдаж тархи доргилт, зулайн хуйх, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвуу, зүүн бугалгын цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Э “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,  

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.О “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг, 

Шүүх хуралдаанд хохирогч Т.Ц “...гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2005028921759 дугаартай хэргээс:

 

Хохирогч Т.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э надад хандаад чи хэл ам хийгээд хэрүүл маргаан гаргах гээд байсан гэж хэлэхэд би огт хөдлөхгүй байгаад байсан чинь миний үснээс зулгаагаад гүйцээчих юм сан гэх зэргээр хараалын үг хэлээд байсан. Энэ үед хажууд наймаа хийж байсан Бямбаа гэх эмэгтэй салгасан. Тэгээд байж байхад Эийн найз О гэх эмэгтэй ирээд хэрүүл хийгээд байхаар нь эндээс холд гээд хувцас өлгөдөг төмрөөр түлхсэн чинь О гэх эмэгтэй чи одоо юу юм бэ гээд үснээс зулгаагаад хажуугаас Э гэх эмэгтэй орж ирээд хөлөөрөө өшиглөөд гараараа үснээс зуураад бид хамт газарт унасан. Намайг нэг нь гараараа цохиод байсан. Хэн нь цохисныг хараагүй, би гараараа нүүрээ хамгаалаад дарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,

 

Гэрч Х.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э ухас хийгээд Цийг үсдээд авсан. Тэгээд Ц, Э нэг нэгнийгээ үсдээд авах үед Дашдэлэг бид  хоёр салгасан. Миний харснаар Э, Ц хоёр маргаж байгаад зууралдсан. Ц, Оыг ногоон цамцтай ногоон авгай цаашаа бай гээд хувцас өлгөдөг гараар түлхээд тэрнээс болж маргаан гарсан. Харин намайг салгах гээд орох үед Э, О нар Цийн хоёр талаас нь үсдээд зуурчихсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

 

Гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 13-14 цагийн үед манай хажууд наймаа хийдэг Э, Ц гэх хоёр эмэгтэй муудалцаад маргаан болж нэг нэгнээ үснээс нь зулгаагаад байхад нь очиж салгасан. ...Оы цээж орчим нь Ц гэх эмэгтэй хатгаад авч байгаа харагдсан. Тэгээд О нөгөө Ц гэх эмэгтэйтэй маргаад зууралдаад авсан. Гэтэл нөгөө Ц гэх эмэгтэй хоёр талаас нь Э, О нар үснээс нь зулгаасан. Харин нөгөөх Ц гэх эмэгтэй Этэй зууралдаад байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

 

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10571 дугаартай шинжээчийн: “Т.Цийн биед тархи доргилт, зулайн хуйх, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвуу, зүүн бугалгын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад  нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 тал/,

 

Шинжээч эмч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц-ийн биед учирсан гэмтлийн тархи доргилт болон баруун чамархайн зөөлөн эдийн няцрал цус хуралт зэрэг гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

 

Яллагдагч Т.Эийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...Хэрэг маргаан гарсан гэх цаг хугацаанд манай найз О болон бид хоёр тухайн хүнд гар хүрсэн бөгөөд намайг үсдэж зулгаах үед учирсан гэмтэл гэж ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 тал/,

 

Яллагдагч С.Оы мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...Манай найз Эбид хоёр Ц гэх эмэгтэйд гарсан хүрсэн бөгөөд тэрнээс өөрөөр ямар нэг халдсан зүйл байхгүй. Хэрэг маргаан гарсан гэх цаг хугацаанд манай найз Т.Э болон бид хоёр тухайн хүнд гар хүрсэн бөгөөд намайг үсдэж зулгаах үед учирсан гэмтэл гэж ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хувийн байдалтайгаар холбоотойгоор Т.Эийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 76 тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 77 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 78 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 79 тал/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 81-82 тал/,

шүүгдэгч С.Оы хувийн байдалтайгаар холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 87 тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 88 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 89 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 91 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 90 тал/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 92-104 тал/зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Т.Э, С.О нар нь бүлэглэж 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хархорин худалдааны төв дотор маргааны улмаас Т.Цийн үснээс зулгааж, цохих, өшиглөх зэргээр биед халдаж тархи доргилт, зулайн хуйх, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвуу, зүүн бугалгын цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.Цийн мөрдөн байцаалтад өгсөн “...Э үснээс зулгаагаад газарт унагаасан. Дараа нь О намайг үсдээд байж байхад Э хажуугаас зуураад үсэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10571 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Т.Цийн биед “тархи доргилт болон баруун чамархайн зөөлөн эдийн няцрал цус хуралт” гэмтэл учирсан нь хэргийн 29-30 дахь талд авагдсан шинжээч эмчийн 10571 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Ц.О-Эрдэнийн мэдүүлэг зэргээр нотлогдсон ба энэ нь шүүгдэгч Т.Э, С.О нар хохирогчийг цохисон үйлдлийн улмаас үүссэн гэмтэл байна.

 

Шүүгдэгч Т.Э, С.О нар нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Т.Э, С.О нар нь  бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хархорин худалдааны төв дотор маргааны улмаас Т.Цийн үснээс зулгааж, цохих, өшиглөх зэргээр биед халдаж тархи доргилт, зулайн хуйх, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвуу, зүүн бугалгын цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Т.Э, С.О нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Т.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 1.279.810 /нэг сая хоёр зуун далан есөн мянга найман зуун арав/ төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байна.

 

Хавтаст хэргийн 45 дугаар талд авагдсан 148.500 төгрөгийн болон 176.310 төгрөгийн баримт бүхий нийт 324.810 төгрөгийн баримт нь хохирогч энэ гэмт хэргийн улмаас энэ зардлыг гаргаж өөрт учирсан эмчилгээний зардалд зарцуулсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож үлдэгдэл 955.000 төгрөгийн баримтыг хангаж шийдвэрлэлээ.

 

Шүүх, гэмт хэргийн улмаас бий болсон гэм хорын хохиролд хангаж шийдвэрлэсэн 955.000 төгрөгийн төлбөрийг шүүгдэгч Т.Э, С.О нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж шүүгдэгч тус бүрээс 477.500 /дөрвөн зуун далан долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Цд олгохоор шийдвэрлэлээ.

 

Хохирогч Т.Ц нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгч Т.Э, С.О нар нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Т.Э, С.О нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэгдэж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Э, С.О нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгч нарын хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Э, С.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгуулийн ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, шүүгдэгч тус бүрийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э, С.О нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Э, С.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Тунгалагийн Э, Халбагад овогт С-ын О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э, С.О нарыг тус бүр 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох торгуулийн ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э, С.О нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.Цээс шүүхэд ирүүлсэн баримтаас 955.000 /есөн зуун тавин таван мянга/ төгрөгийг баримтыг гэм хорын хохиролд тооцон хангаж, шүүгдэгч Т.Э, С.О нараас тус бүр 477.500 /дөрвөн зуун далан долоо мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Цд олгож, хохирогч Т.Ц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.Э, С.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

       7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э, С.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ