| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/01012/и |
| Дугаар | 810 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 810
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Баянгол дүүргийн 23 дугаар хорооо, ЗН 9-215 /а/ тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ПН 86101909, Түдэвийн Одгэрэлийн Г.Ууганцэцэгийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсанаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагч Т.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Одгэрэл шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2016 оны 8-р сарын 01-ний өдөр Г.Ууганцэцэгтэй 2016 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай 2,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр аман хэлцэлээр харилцан тохиролцож 2016 оны 8-р сарын 01-ний өдөр Г.Ууганцэцэгийн Капитал банкны 20070072929 тоот дансаар эхний 1,000,000 төгрөгийг, 2016 оны 8-р сарын 24-нд үлдэгдэл 1,000,000 төгрөгийг Хаан банкны 5113031300 тоот дансаар тус тус шилжүүлсэн, 2016 оны 8-р сарын 24-нд энэхүү аман хэлцэлийг гэрээгээр баталгаажуулан, нотариатаар гэрчлүүлсэн.Гэвч зээлдэгч Г.Ууганцэцэг өнөөдөрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, мөнгөө нэхэж залгахаар эхний үед өгнө удаахгүй гэдэг байсан боловч сүүлдээ утсаа салгаад авахгүй шууд зугатаж эхэлсэн.Одоо ямар нэгэн байдалаар холбоо барьж чадахгүй байгаа. Хаягаар нь гэрт нь хайж хэд хэдэн удаа очсон боловч хаалгаа тайлж өгөөгүй. Хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул Ганхуяг овогтой Ууганцэцэгийг эрэн сурвалжилж, хаягийг ньтогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Т.Одгэрэлийн Г.Ууганцэцэгийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Т.Одгэрэлийн хүсэлт болон түүний тайлбар, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Г.Ууганцэцэгтэй байгуулсан зээлийн гэрээнээс харахад Г.Ууганцэцэг хариуцагч байх боломжтой байна.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Ууганцэцэг нь иргэний үнэмлэхэд бичигдсэн хаягтаа Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 78-11 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 1169 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул Г.Ууганцэцэгийн эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Боржигон овогт Ганхуягийн Ууганцэцэгийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г.Ууганцэцэгийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Г.Ууганцэцэгийн талаарх /регистрийн дугаар УУ 89060681/ мэдээллийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргаж өгөхийг хүсэлт гаргагчид даалгасугай.
4.Г.Ууганцэцэг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 78-11 тоотод оршин суудаг байсан болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Т.Одгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН