Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 871

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

 

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 3-9 тоотод  байрлах, регистрийн  дугаар 5055873, Жи Мобайл ХХКомпанийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 16 дугаар гудамж 143 тоотод  оршин суух, регистрийн дугаар НЛ 63122872, Урийнхан овогт Нямжавын  Зоригтбаатарт   холбогдох

 

Төхөөрөмжийн  үлдэгдэл төлбөр  220 000 төгрөг, алданги 110 000 төгрөг нийт 330 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр  хүлээн   авч  хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Жи Мобайл ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Зоригтбаатар манай компанитай 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1132533 тоот төрөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан 240 000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20 000 төгрөг төлж, үлдэгдэл 220 000 төгрөгийг 12 сарын хугацаанд, сар бүр 20 000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Н.Зоригтбаатар одоогийн байдлаар үндсэн төлбөр 220 000 төгрөгийн төлбөртэй болно.Төхөөрөмжийн үндсэн төлбөр 220 000 төгрөг, алданги 110 000 төгрөг, нийт 330 000 төгрөг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Хариуцагч Н.Зоригтбаатар төхөөрөмжийн  үлдэгдэл төлбөр 220 000 төгрөг, алданги 110 000 төгрөг нийт 330 000 төгрөгийг манайд төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж  байна гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жи Мобайл ХХКомпани хариуцагч Н.Зоригтбаатарт холбогдуулан төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220 000 төгрөг, алданги  110 000 төгрөг нийт 330 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Н.Зоригтбаатар 330 000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлсөний улмаас Жи Мобайл ХХКомпани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 550 төгрөгийн 50 хувь болох 5275 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, үлдэх 5275 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Жи Мобайл ХКомпанид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Жи Мобайл ХХКомпанийн нэхэмжлэлтэй Нямжавын Зоригтбаатараас  330 000 /гурван зуун гучин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын төсвийн орлогоос 5275 /таван мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг гаргуулан Жи Мобайл ХХКомпанид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   З.ДОРЖНАМЖИН