Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/149

 

 

 

 

 

 

    2021          03               03                                     2021/ШЦТ/149

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Баярцэцэг хөтлөн,

Улсын яллагч Т.Баянмөнх,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Морьтон овгийн Д-гийн Б-д холбогдох эрүүгийн 2005000000000 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны 10-20 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Морьтон овгийн Д-гийн Б /РД:ВМ0000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Д.Б нь “2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25-6 дугаар гудамжны 120 тоотод байдаг гэртээ хамтран амьдрагч М.А-ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргааны улмаас гараараа цохиж эрүүл мэндэд нь шанаанд зулгаралт, уруулд язарсан шарх, сарвуу, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25-6 дугаар гудамжны 120 тоотод байдаг гэртээ хамтран амьдрагч М.А-ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргааны улмаас гараараа цохиж эрүүл мэндэд нь шанаанд зулгаралт, уруулд язарсан шарх, сарвуу, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2005030100154 дугаартай хэргээс:

 

Хохирогч М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо 6-120 тоот гэртээ Батболд бид хоёр байсан. 0,33 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уусан. Тэгээд 23 цагийн үед бид хоёр маргалдаж хэрэлдээд Батболд намайг уурлаад цохиж, зодсон. Тэгэхэд гэнэт цагдаа ирсэн. Батболд бид хоёр 2017 оноос хойш хамтран амьдарч байгаа. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Батболд бас уусан байсан ба би бол биеэ бүрэн удирдах чадвартай согтоогүй байсан. Би Батболдыг миний банкны виза картыг алга болгосон чи авсан гээд виза картаас болж маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

 

Гэрч О.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай байрыг түрээслэгч нарын нэг нь буюу нэг айл хэрүүл маргаан хийж эхэлсэн. 2020 оны 10 дугаар сарын 05-ны 23 цагийн үед согтуу хэрэлдээд байсан. Тэгээд эхнэр нь намайг галын өрөөнд сууж байхад орж ирсэн хөл нүцгэн байсан учир би гутал өгөөд галын өрөөнд хэсэг суулгаж байтал нөхөр нь хайгаад орж ирээд буцаад гэр рүүгээ орсон боловч удалгүй зодоод орилоод эхэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Тухайн үед тэр хоёр хоёулаа согтуу байсан. Тэр хоёр 1 хүүхэдтэй гурвуулаа амьдардаг..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг 11498 дугаартай шинжээчийн дүгнэлт “...М.Аын биед шанаанд зулгаралт, уруулд язарсан шарх, сарвуу, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 тал/,

 

Яллагдагч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...би баруун гараа атгаж байгаад нүүрэн тус газар нь хоёр удаа цохисон. М.А намайг Хаан банкны виза авч архи уух гэлээ гэж надаас виза картаа нэхсэн. Би виза картын аваагүй байсан. Хаан банкны виза нь орны гудасны дундаас гарч ирсэн. Тэгээд бид хоёр маргалдаж би эхнэрээ цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,

 

Хохирогч М.Аын “хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 68 тал/,

 

Шүүгдэгч Д.Бын “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 69 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Д.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 44 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь “2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25-6 дугаар гудамжны 120 тоотод байдаг гэртээ хамтран амьдрагч М.Аыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргааны улмаас гараараа цохиж эрүүл мэндэд нь шанаанд зулгаралт, уруулд язарсан шарх, сарвуу, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.Аын мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо 6-120 тоот гэртээ Батболд бид хоёр байсан. 0,33 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уусан. Тэгээд 23 цагийн үед бид хоёр маргалдаж хэрэлдээд Батболд намайг уурлаад цохиж, зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг 11498 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч М.Аын биед “...шанаанд зулгаралт, уруулд язарсан шарх, сарвуу, шилбэнд цус хуралт...” гэмтэл учирсан нь хэргийн 25-26 дахь талд авагдсан шинжээч эмчийн 11498 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ нь шүүгдэгч Д.Б хохирогчийг цохисон үйлдлийн улмаас үүссэн гэмтэл байна.

 

Шүүгдэгч Д.Б гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Д.Бын  “2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25-6 дугаар гудамжны 120 тоотод байдаг гэртээ хамтран амьдрагч М.Аыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргааны улмаас гараараа цохиж эрүүл мэндэд нь шанаанд зулгаралт, уруулд язарсан шарх, сарвуу, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Д.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч М.А нь “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж бичсэн хүсэлт /хх-ийн 68 тал/ гаргасан тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь “2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25-6 дугаар гудамжны 120 тоотод байдаг гэртээ хамтран амьдрагч М.Аыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргааны улмаас гараараа цохиж эрүүл мэндэд нь шанаанд зулгаралт, уруулд язарсан шарх, сарвуу, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Бод ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч М.Атай сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүгдэгч, хохирогч нар гаргасан байна. /хх-н 68-69 тал/

 

Шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Д.Бод танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Д.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1. Морьтон овгийн Д-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                          

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ