Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/01

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч С.Оюунжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А, түүний өмгөөлөгч Ш.Чингис, шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овгийн Н.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 01425 0057 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овгийн Н.Э, Ховд аймгийн Мянгад суманд *** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 18 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Орбитын замд “Тоёота Ахио” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 47 настай Ч.А-ыг мөргөж, хүний амь нас хохироосон Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт,

-мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж өөрийн овог нэр, утасны дугаар тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Х овгийн Н.Э нь “Toyota” маркийн “Axio” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 18 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Орбитын замд 47 настай явган зорчигч Ч.А-ыг мөргөж, амь насыг нь хохироосон,

- Тэрээр уг хэрэг гарсны дараа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5, 9.5-д заасан жолоочийн үүргээ биелүүлэлгүй хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Н.Э-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Маш их гомдолтой байна. Энэ намар би Батлан хамгаалахын их сургуульд орох ёстой байсан боловч сургалтын төлбөрөө төлж чадаагүй тул орж чадаагүй, мөн манай ээжийн бие маш муу, хөхний хорт хавдартай. Эмчилгээ болон хагалгааны зардал хэрэгтэй байна. Амь хохирогчийн 49 хоногт зарцуулсан 941,790 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг;

3. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн: “...хүн мөргүүлсэн гэх цэгийг ул мөрөөр буюу зорчих хэсэг дээр ослоос шалтгаалан үлдсэн автомашины эвдрэл, дугуйн мөр, явган зорчигчийн гутлын цахилгааны татуурга зэргийг үндэслэн тогтоож А үсгээр тэмдэглэв. Зорчих хэсгийн өргөн 7.6 метр, А цэгээс Б цэг хүртэл 12 метр, А цэгээс хойш замын хашлага хүртэл 2.4 метр, автомашин зүүнээс баруун тийш чиглэлд, явган зорчигч урдаас хойш чиглэлд явсан чиглэлийг схем зурагт тусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч (1хх-3-6, 8-10 дугаар хуудас);

2. Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-11-14 дүгээр хуудас), автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-16-20 дугаар хуудас);

3. Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Бичлэгийн 17:30 цагаас тоглуулахад зүүнээс баруун, баруунаас зүүн чиглэлд тээврийн хэрэгслүүд явж өнгөрч байх ба 17:50:03 минутад осол болсон гэх газрын ойролцоо зүүнээс баруун чиглэлд автомашины гэрэл тусаж явж байхад замын хойноос урагш чиглэлд хүн гэмээр хар сүүдэрлэсэн зүйл автомашины урдуур орж байгаа нь дүрслэгдсэн байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-25 дугаар хуудас);

4. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 144 дугаартай: “...Талийгаач Ч.А-ын цогцост дух яснаас арагш суман заадас салсан шугаман хугарал, зүүн чамархайн дэлбэн, бага тархины баруун, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, дух, зулай, дагзны хуйх, ясны шар хальсны цус хуралт, аарцаг ясны цагариг тасарсан хугарал, өвчүү ясны хоёрлосон хугарал, үнхэлцэг хальс, уушгины уг, бөөрний зөөлөн эдийн тархмал цус хуралт. Дагзны хуйх, зүүн мөр, ууцны зулгарсан шарх, духны хуучин шарх, зүүн чихний омог, хүзүү, баруун ташаа, хэвлий, баруун, зүүн шилбэний зулгаралт, хярзангийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед мохоо зүйлд цохигдох, мөргөгдөх, савагдах үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь аарцаг ясны цагариг тасарсан хугарал гэмтлийн улмаас уушгины артерийн өөхөн эмболоор хүндэрч амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ..” гэсэн дүгнэлт (1хх-171-179 дүгээр хуудас);

5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний мөр судлалын шинжээчийн 213 дугаартай: “...Хэргийн газраас хураан авсан эд зүйлийн 29 хэсэг нь *** улсын дугаартай, цагаан өнгийн Т.Королла Аксио маркийн автомашины зүүн талын толины хагархай, 1 хэсэг нь бамбайны бэхэлгээний хагархай байна. 2 ширхэг эд зүйл *** улсын дугаартай Хьюндай Соната маркийн автомашины радиаторын урд агаарын хаалт /хацравч хаалт/ байж болно. Тунгалаг уутанд ирүүлсэн металл зүйл нь цахилгаан товчны татуурга байна...” гэсэн дүгнэлт (1хх-187-202 дугаар хуудас);

6. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 58 дугаартай: “Т.Аксио маркийн *** улсын дугаартай автомашины жолооч Н овогтой Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэж заасныг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Харин явган зорчигч Ч.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт (1хх-214 дүгээр хуудас);

7. Хууль ёсны төлөөлөгч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ослын талаар мэдэх зүйл байхгүй, буяны ажил нь Өмнөговь аймагт болсон. Энэ хүүхдийн ирээдүй их бүрхэг байна, ганц аав нь хамаг юмыг нь зохицуулан сургууль соёлд нь явуулж байсан. Би өөрөө бие муутай учир сайн тусалж чадахгүй байна, гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (1хх-45 дугаар хуудас);

8. Насанд хүрээгүй хохирогч А.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би аавтайгаа хамт амьдарч байсан, одоо ганцаараа үлдэж байгаа, аав минь намайг харж хандаж, бүх зүйл дээр тусалж дэмжиж миний бүх хэрэглээг хангаж байсан тул өөрөө хохирогчоор оролцох шийдвэр гаргасан. Гомдолтой байна, оршуулгын зардал бусад зардлыг төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (1хх-47 дугаар хуудас);

9. Иргэний хариуцагч Ш.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ автомашиныг 2018 оны 05 дугаар сард урьдчилгаа өгөн Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч 15,200,000 төгрөгөөр би өөрөө худалдаж авсан. Түүнээс хойш унаж хэрэглэж байгаад 2019 оны 09 дүгээр сард эхнэр М-ын төрсөн ах Мө-д зарсан. Банк бус санхүүгийн байгууллагын зээл дуусаагүй байгаа учраас нэрээ шилжүүлж өгч амжаагүй байгаа. Одоо бол манай хадам ах Мө-д өөрөө унаж хэрэглэдэг...” гэсэн мэдүүлэг (1хх-78 дугаар хуудас);

10. Иргэний нэхэмжлэгч Т.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хүү Б хашаанаас машин унаад гарч байгааг нь би харсан. Тэгээд гэртээ ирэхгүй байхаар нь утас руу нь залгатал утсаа авахгүй байсан. Өглөө нь Э над руу залгаад машинаар хүн мөргөсөн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг;

11. Гэрч Х.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гүнгэрваа захаас Орбит руу явах шинэ замаар эргэн зүүнээс баруун чиглэлд явж байгаад жаахан өгсүүр хэсгээс уруудах үед эсрэг талын урсгалаар тод гэрэлтэй машин зөрж өнгөрсөн. Энэ үед миний явж байсан урсгалын гол хэсэгт толгой нь урагшаа харсан нэг хүн хэвтэж байхыг хараад тоормос гишгээд нөгөө хүн рүү тулаад зогссон. Тухайн үед сандраад машинаасаа буулгүй цагдаад дуудлага өгсөн. Би буугаад харахад миний машинаас 50-60 см зайтай урд хэсэгт 50 орчим насны эрэгтэй хүн толгой нь урагшаа чиглэлтэй харсан, нүүр нь дээшээ харсан байдалтай байхаар нь “та яаж байна зүгээр үү” гэхэд нүд, гар нь хөдлөөд юм ярьж чадахгүй байхаар нь 103 дугаарт “зам дээр хүн машин дайруулсан байна” гэж мэдэгдсэн. Би мөргөөгүй, зам дээр хэвтэж байсан тэр хүний хажууд нь цагаан өнгийн эвдэрсэн толь болон жижиг хагархай хэсэг зүйлс байсан…” гэсэн мэдүүлэг (1хх-90-91 дүгээр хуудас);

12. Гэрч Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...замаа хартал зам дээр хүн хэвтсэн байхыг хараад нөхөртөө “хүн хэвтэж байна, зогсоорой” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр тоормосоо гишгээд зогссон. Анх би машинаас буухад зам дээр хэвтэж байсан ахын ойр орчимд автомашины цагаан толь, хагарч бутарсан толний суурь хэсгүүд байсан…” гэсэн мэдүүлэг (1хх-103-104 дүгээр хуудас);

13. Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э машин жолоодоод Н урд суугаад Д бид 2 хойно сууж явсан. Тухайн үед 19:00 цаг өнгөрч байсан. Нарангийн голоос Орбит руу явдаг шинэ засмал зам дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү явж байтал замын хойд талаас гэнэт согтуу хүн машинтай ойрхон гараад ирсэн. Тэгэхээр нь Э тоормосоо гишгээд баруун дарсан чинь автомашиныхаа зүүн хэсгээр мөргөөд бид бүгд сандраад хоорондоо юу ч ярилгүй шууд явсан. Эын гэрт очоод машинаа хартал зүүн талын толь хугарсан, байхгүй болсон байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-108-110 дугаар хуудас);

14. Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э Б-ын ээжийнх нь машиныг бариад Гүнгэрваа захын уулзвараас ертөнцийн зүгээр баруун эргээд шинэ замаар Орбитын тойрог чиглэлтэй явж байхад замын хажууд явган хүний замаар явж байсан согтуу эрэгтэй гэнэт хажуугаас зам руу ороод ирэхээр нь Э жолооны хүрдээ баруун тийшээ дарсан чинь тухайн хүнийг жолоочийн эсрэг талын толь болон жолоочийн эсрэг талын салхины шилээрээ мөргөх шиг болсон...” гэсэн мэдүүлэг (1хх-120-121 дүгээр хуудас);

15. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 236 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн “А” гэж хаягласан цусанд 3.2 промилли спирт илэрсэн, Цусан дахь 3.2 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (1хх-145-147 дугаар хуудас);

16. “Вендо” ХХК-ийн Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний: “...Тоёота Аксио" маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 920,000 төгрөгийн шууд, 1,012,600 төгрөгийн нийт хохирол учирсан” гэсэн тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-166-167 дугаар хуудас), Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт (1хх- 207-211 дүгээр хуудас);

17. Шүүгдэгч Н.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 222 дугаар хуудас), жолоодох эрхийн лавлагаа (1хх-ийн 226 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 229 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Ч.А-ын цогцост дух яснаас арагш суман заадас салсан шугаман хугарал, зүүн чамархайн дэлбэн, бага тархины баруун, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, дух, зулай, дагзны хуйх, ясны шар хальсны цус хуралт, аарцаг ясны цагариг тасарсан хугарал, өвчүү ясны хоёрлосон хугарал, үнхэлцэг хальс, уушгины уг, бөөрний зөөлөн эдийн тархмал цус хуралт. Дагзны хуйх, зүүн мөр, ууцны зулгарсан шарх, духны хуучин шарх, зүүн чихний омог, хүзүү, баруун ташаа, хэвлий, баруун, зүүн шилбэний зулгаралт, хярзангийн цус хуралт гэмтлүүд учирсан байх бөгөөд аарцаг ясны цагариг тасарсан хугарал гэмтлийн улмаас уушгины артерийн өөхөн эмболоор хүндэрч амьсгалын хурц дутагдалд орж нас барсан болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байх тул гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Н.Э-ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүний явган зорчигч мөргөсөн үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт, харин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд өөрөө хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрт тус бүр тооцно.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Э-ын хувьд уг заалтыг зөрчсөний улмаас явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрч М.Б, Б.Д нарын мэдүүлэг, камерын бичлэг, “Toyota” маркийн “Axio" загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдов.

Явган зорчигч буюу энэ хэргийн амь хохирогч Ч.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрсөн болох нь тогтоогдсон боловч шүүгдэгч Н.Э замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэл жолоодон оролцохдоо аюулгүй байдлаа сайтар ханган анхаарах болгоомжтой байж, тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг зөв сонгож явсан бол гэмт хэрэг үйлдэгдэхгүй байх бүрэн боломжтой байсан гэж шүүх үзсэн болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосоншинжийг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” шинжийг тус тус бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Н.Э нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай мэтгэлцэж оролцоно гэсэн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Э-ыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг нэг хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд, “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч Н.Э-аас 4,993,331.00 төгрөгийг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А-т 4,051,541.00 төгрөг, мөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А-д 941,790.00 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А энэ шүүх хуралдаанд нотлох баримтгүй нэхэмжилсэн зардлаа, гэмт хэрэг гарах үед 18 насанд хүрээгүй байсан тул хууль ёсны төлөөлөгч А.А тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрөөтэй холбоотой нэхэмжлэлээ тус бүр нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд тусгалаа.

Шүүгдэгч Н.Э болон түүний өмгөөлөгч нар нь шүүхээс тогтоосон гэм хорын төлбөрийг нөхөн төлөх зорилгоор шүүх хуралдааныг ажлын 5 өдрөөр завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан бөгөөд тэд энэ хугацаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А-т 4,051,541.00 төгрөг, мөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А-д 941,790.00 төгрөг дансаар шилжүүлсэн байх тул шүүгдэгч Н.Э-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Э-ын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, амь хохирогч Ч.А нь хүнд зэргийн согтолттой байх үедээ зорчих хэсгийн гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар торгох ялыг хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоох, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэрэгт хадгалах, Н.Э-н жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, мөн бусдад төлөх төлбөргүй...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар: “...Энэ хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирсон. Цаашид гарах зардлыг иргэний журмаар нээлттэй үлдээх нь зүйтэй. Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг нэг талаас хүлээн зөвшөөрч байгаа боловч нөгөө талаас хохирлоо төлсөн тул заавал хорих шаардлагагүй гэж үзэж байна...” гэв. 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А эрүүгийн хариуцлагын талаар: “...Гомдолтой байна, хорих ялын хэмжээ бага байна. Би сургуульд орох ёстой байсан боловч энэ хэргээс болоод сургуульд орж чадаагүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрдэнэт хүний амь нас хохирсон явдалд хүлцэл өчиж байна. Э гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгөхдөө уучлалт гуйсан. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдгээ анхнаасаа тогтвортой мэдүүлсээр ирсэн. Шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, шүүхийн шийтгэх тогтоолд цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээнэ гэж ойлгосон. Э тохиолдлын шинжтэй нөхцөл байдал улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн. Хувийн байдлын хувьд урьд гэр бүлгүй байсан бол одоо эхнэр, хүүхэдтэй болсон. Хүүхэд нь 6 сартай. Иймд заавал хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэх боломжтой гэж үзэж байна. Мөн торгох ял оногдуулах боломжтой. Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирлоо төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзнэ үү...” гэв.

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “тэнсэх” арга хэмжээний талаарх ерөнхий нөхцөл, тодорхойлолтыг хуульчилсан бөгөөд уг зүйл, хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болох эрх хэмжээг шүүхэд сонгон хэрэглэх боломжтойгоор олгосон юм.

Шүүх энэхүү эрх хэмжээгээ хэрэгжүүлэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нэрлэн заасан нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай бөгөөд шүүгдэгч Н.Э нь эхлээд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хэдий ч түүний хэргийн газрын зориуд орхиж зугтаасан санаатай үйлдлийг нь, мөн гэмт хэргийн улмаас нөхөн сэргээгдэхгүй эрх буюу хүний амьд явах эрх зөрчигдсөн байгааг тус тус харгалзан анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан ял тэнсэх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, зөрчигдсөн эрх, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх, цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх… -ээр шийдвэрлэж болно:” гээд; 2.1 дэх заалтад “...торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг...” гэж зааснаар шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан есөн зуун нэгжээр торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцон нэмж, нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг нэг жил хоёр сараар тогтоолоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Х овгийн Н.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг нэг хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан есөн зуун нэгжээр торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг нэг жил хоёр сараар тогтоосугай.

4.Шүүгдэгч Н.Э-д оногдуулсан нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйл, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А энэ шүүх хуралдаанд нотлох баримтгүй нэхэмжилсэн зардлаа, мөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А нь тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрөөгөө тус тус нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Н.Э-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шүүгдэгч Н.Э-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан үндсэн ял болох хорих ялаа эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, түүний *** дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлсүгэй.

10.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Э-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.БАТАА