| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/00389/и |
| Дугаар | 709 |
| Огноо | 2017-03-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 709
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн, Сайхан сумын 3 дугаар баг, Номгонд оршин суух, эрэгтэй, МФ 40012618, Боржгин овогт Эрдэнийн Лхагваагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 9 дүгээр гудамж, 51 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ДД 82092919, Олхон овогт Сосорын Батсүхэд холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7 740 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонзаяа, өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа, хариуцагч С.Батсүх, өмгөөлөгч Д.Гомбо, гэрч О.Сосор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Лхагваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2015 оны 7 дугаар сарын 4-ны өдөр С.Батсүхтэй ярилцан тохиролцоод 1 эр хонийг 200 000 төгрөг, 1 төлөгийг 105 000 төгрөг, 1 ямааг 75 000 төгрөгөөр тус тус худалдахаар болж, 20 толгой эр хонь, 20 толгой төлөг, 10 толгой шүдлэн ямаа нийт 50 толгой бог малыг 6 850 000 төгрөгөөр худалдсан.С.Батсүх малын үнийг хотод очоод дансаар шилжүүлнэ гээд малыг ачаад явсан боловч хэлсэндээ хүрээгүй, С.Батсүх 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр худалдаж авсан малын үнэ 6 850 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулна гэж баталгаа бичиж өгсөн.Мөн 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 6 850 000 төгрөгийг төлөхгүй бол Иргэний хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон нөхөн төлнө гэсэн хэлцлийг хийсэн боловч төлөхгүй байна.2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 26 хоногт алданги тооцвол 890 000 төгрөгийн алданги шаардах эрхтэй байна.Иймд С.Батсүхээс 6 850 000 төгрөг, алданги 890 500 төгрөг нийт 7 740 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Лхагва нь 2015 оны 7 дугаар сарын 4-ны өдөр С.Батсүхтэй ярилцан тохиролцож эр хонийг 200 000 төгрөг, төлөгийг 105 000 төгрөг, ямааг 75 000 төгрөгөөр худалдахаар болж эр хонь 20, төлөг 20, ямаа 10 нийт 50 толгой бог малыг 6 850 000 төгрөгөөр худалдсан.С.Батсүх малын үнийг хотод очоод данс руу шилжүүлнэ гэсэн боловч нэг ч төгрөг төлөөгүй.Улмаар талууд 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нотариат дээр худалдах, худалдан авах гэрээ хийж баталгаажуулж, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөхгүй бол Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно гэсэн тул 26 хоногийн алдангийг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаар тооцож 890 500 төгрөгийг малын үнийн хамт нийт 7 740 500 төгрөгийг С.Батсүхээс гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.
Хариуцагч С.Батсүх шүүхэд гаргасан тайлбартаа:Э.Лхагваагийн нэхэмжилсэн малын үнэ болох 7 740 500 төгрөгийг түүний хүргэн Батболд овогтой Батсайхан, охин Лхагваагийн Одончимэгийн дансанд өгч барагдуулсан. Хүргэн Б.Батсайхан, охин Л.Одончимэг нар уг мөнгийг эцэг Э.Лхагваадаа төлж барагдуулна гэсэн баримт хавсаргасан, би дахин төлөх шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч С.Батсүх шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Анх Л.Одончимэг надад нэг үхэр, нэг тугалтай үнээ өгнө гээд надаас мөнгө авсан байснаа сүүлдээ хонь өгөхөөр болж би аавтайгаа явж Л.Одончимэгийн аавынд очиход ах дүү нараасаа нийлүүлж надад хонь 20, төлөг 20, ямаа 10 нийт 50 толгой малыг 6 850 000 төгрөгөөр худалдсан ба малаа ачаад Э.Лхагваагийн хүргэн Бсайхантай хотод ирээд малыг зараад түүнд мөнгөө өгөх гэтэл мал зарагдаагүй тул мөнгийг 10 дугаар сард өгнө гэж хэлсэн.Ингээд малын мөнгийг Э.Лхагваагийн дансанд хийе гэхэд Л.Одончимэг би аавтай тохирсон байгаа миний дансанд хийчих гэж хэлсэн тул би мөнгийг Л.Одончимэгийн өгсөн дансанд хийж 2015 онд төлж дуусгасан.Л.Одончимэгийн дансанд 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 500 000 төгрөг, 2 дугаар сарын 15-ны өдөр 200 000 төгрөг, 2 дугаар сарын 10-ны өдөр 100 000 төгрөг, 2 дугаар сарын 15-ны өдөр 500 000 төгрөг, 5 дугаар сарын 15-ны өдөр 2 750 000 төгрөг, 6 дугаар сарын 17-ны өдөр 170 000 төгрөг, 6 дугаар сарын 27-ны өдөр 1 440 000 төгрөг, 6 дугаар сарын 22-ны өдөр 2 370 000 төгрөг, 8 дугаар сарын 6-ны өдөр 300 000 төгрөг, 8 дугаар сарын 13-ны өдөр 500 000 төгрөг, 12 дугаар сарын 23-ны өдөр 1 000 000 төгрөг хийсэн, мөн өөр хүний дансанд сургалтын төлбөр гээд Л.Одончимэг мөнгө хийлгүүлж байсан баримтыг Номгон сумын Цагдаад өгсөн байсан.Би хонины мөнгийг Л.Одончимэгийн дансанд шилжүүлж төлсөн тул дахин төлөхгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Лхагваа хариуцагч С.Батсүхэд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6 850 000 төгрөг, алданги 890 500 төгрөг нийт 7 740 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Э.Лхагва надаас С.Батсүх 50 толгой бог малыг 6 850 000 төгрөгөөр худалдаж аваад үнийг төлөхгүй байгаа тул алдангийн хамт 7 740 500 төгрөгийг гаргуулна гэж шаардаж байхад хариуцагч С.Батсүх би Э.Лхагваагаас мал худалдаж аваагүй, түүний охин Л.Одончимэгтэй ярилцаж мал худалдаж авсан, үнийг Л.Одончимэгт төлсөн гэж тайлбарлаж байна.
Хариуцагч С.Батсүх нь Э.Лхагваагаас мал худалдаж аваагүй гэж маргаж байхад Э.Лхагваа нь түүнд 50 толгой бог малыг худалдсан гэх шаардлагаа баримтаар нотлоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар Э.Лхагваа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байна.
Мөн хариуцагч С.Батсүх эдгээр малыг Э.Лхагваагийн охин Л.Одончимэгийн нөхөртэй хамт Э.Лхагваагийнд очиход айл айлаас цуглууж надад өгсөн гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгч Э.Лхагваа 50 толгой бог малыг өөрийнхөө өмчлөлийн хөрөнгө гэдгийг баримтаар нотлоогүй байхад талуудын хооронд мал худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн эсэх нь тодорхойгүй байна.
Нөгөө талаар хариуцагч С.Батсүхийн эзэмшлийн ХААН банкин дахь 5059142408 тоот данснаас Л.Одончимэгийн эзэмшлийн ХААН банкин дахь 5046304578 тоот дансанд 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд мөнгө шилжүүлсэн байгааг хариуцагч тал тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй байна.
Хариуцагч С.Батсүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Цагдаагийн байгууллагад хандаж бичсэн баримтыг Э.Лхагваатай мал худалдах, худалдан авах хэлцэл хийсэн байна гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд энэхүү хэлцэлд зөвхөн С.Батсүх гарын үсэг зурсан байгаа 2 талын хэлцэл гэж үзэх боломжгүй байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т “Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно” гэж заасан байх боловч нэг этгээдийн хүсэл зоргийн илэрхийлэлээр хийгдсэн хэлцэл зөвхөн хуульд зааснаар эсхүл харилцан тохиролцсоноор нөгөө этгээдэд эрх, үүрэг үүсгэх юм.
Гэтэл хариуцагч С.Батсүх нь Э.Лхагваатай тохиролцоогүй гэж тайлбарлаж байхад түүнд шаардах эрх үүсэхгүй болно.
Иймд С.Батсүх нь нэхэмжлэгчийн шаардсан худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон алдангийг хариуцан төлөх үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Сосорын Батсүхээс 7 740 500 /долоон сая долоон зуун дөчин мянга таван зуун/ төгрөг гаргуулахыг хүссэн Эрдэнийн Лхагваагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Лхагваагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 798 /нэг зуун гучин найман мянга долоон зуун ерэн найман/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН