Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/43

 

                             

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Б.Ундрах, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Л.Цэндоо нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т овгийн Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 02810 1483 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т овгийн Ц.Б, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд *** оны ** дугаар сарын **-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуурын ажил эрхэлдэг, ам бүл дөрөв, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Толгойтын ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 09 сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” авто засварын газарт иргэн С.Г-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар үүрч газар шидэж эрүүл мэндэд нь баруун тавхайн чигчий хурууны тавхайн шивнүүр ясны хугарал, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Т овгийн Ц.Б нь 2020 оны 09 сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” авто засварын газарт “түлхүүр багаж зөөлгөлөө” гэсэн шалтгаанаар хохирогч С.Г-той маргалдаж, улмаар түүнийг үүрч газарт шидэн бие махбодод нь “...баруун тавхайн чигчий хурууны тавхайн шивнүүр ясны хугарал, хүзүүнд зулгаралт...” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Б-ы шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын үед хэргийн талаар мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч С.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 09 сарын 20-ны өдөр Б бид нар засварын газар дээрээ ажлаа хийж байгаад би Б-ыг “ширээн дээрээс сэлбэг аваад ир” гэж хэлэхэд Б “байхгүй байна” гэхээр нь би өөрөө очоод хартал миний асуусан сэлбэг байж байсан. Тэгэхээр нь уур хүрээд Б-ыг “юм хардаггүй юм уу, аваад өгчихгүй” гэж хэлээд доош суваг руу ороод ажлаа хийж байтал Б гэнэт уурлаад “би та нарын түлхүүр багажийг дандаа зөөдөг” гэж орилоод миний зогсож байсан суваг руу ирээд намайг алхаар цохих гээд байсан. Бас намайг “ална, үлдсэн шүдийг чинь цөм цохиод байхгүй болгоно шүү” гэж хэлсэн. Би сувгаасаа гараад зогстол Б над дээр хүрч ирээд бид хоёр заамдалцаад Б яах ийхийн зуургүй намайг үүрээд шидчихсэн. Тэгээд би босох гэтэл миний хөлийн тавхай эвгүй болоод зогсож чадахгүй, хүчтэй өвдөөд байхаар нь түргэн дуудсан...” гэсэн мэдүүлэг (хх-36 дугаар хуудас);

3. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 10829 дугаартай: “...С.Г-ын биед баруун тавхайн чигчий хурууны тавхайн шивнүүр ясны хугарал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-18-19 дүгээр хуудас);

4. Гэрч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би засварын газрыг хариуцан ажиллаж байсан. 14 цагийн үед дэлгүүр ороод буцаж ирэхэд Г, Б нар хоорондоо маргалдсан байсан. Юу болсон талаар асуухад “Г Б-ыг маслоны даачиг аваад өг” гэж хэлсэн чинь “би чиний зарц юм уу, гөлөг юм уу” гээд хоорондоо хэрэлдсэн гэсэн. Би Б-д хандан “чи үүнийг авч өгөх ёстой, яагаад гэвэл чи нэгдүгээр дагалдан, хоёрдугаарт наад хүн чинь яаман доогуур орсон ажил хийж байгаа учир чи багажийг нь авч өгөх хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгтэл Б “наад пизда чинь намайг зарах гээд байгаа тул чадахгүй” гэж хэлээд Г-той яамны дээр зогсоод хэрүүл өдөөд “гараад ир, хоёулаа зодолдъё” гээд байсан. Тэгэхэд Г “би чам шиг дүү нартай, надтай хэрүүл хийгээд байлгүй ажлаа хий” гэж хэлсэн чинь Б “чи наад яамнаасаа гараад ир” гэж орилоод, алх бариад түүний дээрээс далайхаар нь би “чи тэнэг юм уу, өөр машин орж ирэхээр засаач, өөр хоорондоо эв зүйтэй ажилла” гэж хэлсэн чинь намайг тоохгүй байсан. Тэгээд Г-ыг яамнаас гараад ирсэн чинь хоорондоо барьцалдаад авсан. Г гартаа урт төмөр авахаар нь би түүнийг нь булаагаад авсан чинь Б Г-ыг тонгороод газар унагасан. Би хажуугийн яаманд байсан М-д “салга” гэж хэлээд салгуулсан...” гэсэн мэдүүлэг (хх-70-71 дүгээр хуудас);

5. Гэрч С.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг яаман дотор засвар хийгээд байж байхад дагалдан засварчин ажилтай Б Г ахтай маргалдаад байгаа бололтой “чамайг гарч ирэхээр чинь ална шүү” гээд занасан маягтай орилоод байсан. Тухайн үед би ажил ихтэй байсан болохоор тоохгүй ажлаа үргэлжлүүлэн хийж байхад О эгч “М гарч ирээд энэ хоёрыг салгаад өгөөч” гэхээр нь би гүйгээд гарч ирсэн чинь засаж байсан машиныхаа зүүн талд Б Г ахыг газар унагаад дээр нь дараад заамдсан байсан учир би очиж салгасан. Г ах босоод явах үедээ доголоод шууд сэлбэгийн өрөө рүү орсон...” гэсэн мэдүүлэг (хх-74-75 дугаар хуудас);

6. Шүүгдэгч Ц.Б-ы иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 39 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 76 дугаар хуудас);

7. Шүүгдэгч Ц.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...тухайн өдөр Г ах бид 2 машин засварын газартаа хамт нэг машин дээр засвар хийж байсан. Тэгтэл Г ах намайг “ширээн дээр сэлбэг байна уу” гэж асуухаар нь харахад байхгүй байсан.  Байхгүй байна гэж хэлэхэд Г ах намайг зайл гэж хэлээд бид 2 маргалдаж эхэлсэн. Тухайн үед Г ах газар луу орсон сувагт байснаа гарч ирээд над руу дайраад заамдахад нь би бас заамдсан чинь миний нүүр лүү нэг гараараа цохиод түлхэхээр нь би хойшоо алхахдаа өөрөө зайлж зүүн гараас нь 2 гараараа эргүүлээд татсан. Тэгтэл Г ах миний доор ороод унасан. Г ах буцаж босож ирээд төмөр дорцоов бариад над руу дайрахаар нь би М ахыг “наадахаа бариад аваач" гэж хэлээд М ахын араар орж зугтаж М ах салгасан. Тэгтэл Г ах суваг руугаа орж машинаа засаж байснаа би ер нь цагдаа дуудна, миний хөл хугарчихлаа гэж хэлээд цагдаа дуудсан. Би Г ахыг татаж унагаахад цементэн шалан дээр унасан тэгэхдээ хөлөө гэмтээсэн байх...” гэсэн мэдүүлэг (хх-64 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Г-ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Б-ы үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогч С.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Ц.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Б-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч С.Г нь “...Ц.Баас нийт 1,000,000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” хэмээн бичгээр хүсэлт гаргасныг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тул шүүгдэгч Ц.Б-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “....Миний үйлчлүүлэгч тухайн авто засварын газарт ороод 3 дахь хоногтоо ажиллаж байсан. Нийгэмд байгаа асуудал, шинэ, хуучин ажилчдын ялгаа, мөн хохирогч багаж авч ир гэж дахин дахин шаардсан, шүүгдэгч уг багажийг нь олохгүй байсан зэрэг нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн. Гэвч гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Шүүгдэгч нь авто засварын газарт бүх төрлийн засварын ажил гүйцэтгэдэг, тодорхой хэмжээний орлоготой, 1,000,000 төгрөгийн хохирол төлсөн зэргийг харгалзан үзэж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Яллах талаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар, өмгөөлөх талаас торгох ял оногдуулах санал гаргасан боловч анхан шатны шүүхээс “нэг талаас, шүүгдэгч Ц.Б нь орлоготой эсэх нь тодорхойгүй байхад торгох ял оногдуулах, нөгөө талаас, тэрээр хувиараа гагнуурын ажил хийж байгаа гэх бөгөөд түүний нэг настай охин Б.Д, хоёр настай хүү Б.Х нарыгаа тэжээн тэтгэх үүрэгт нь сөрөг нөлөө үзүүлэх нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй” хэмээн дүгнээд талуудын саналыг хүлээн аваагүйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:

  • Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;
  • Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;
  • Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;
  • Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;
  • Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг дээр дурдсанчлан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр тогтоов.

Тодруулбал, шүүгдэгч Ц.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойших 4 сарын хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Толгойтын 6 дугаар гудамжны 83 тоотод оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай. Хэрэв тэрээр ажил хөдөлмөр эрхлэх бол ажил, гэр хоёрын хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.

Хэрэв шүүгдэгч Ц.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тогтоолоор сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Т овгийн Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д дөрвөн сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж тогтоосугай.

4.Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ц.Б-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА