| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2021/0051/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/44 |
| Огноо | 2021-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/44
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Г.Яндаг, шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Ц.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 02929 1438 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овгийн Ц.Д, Дорноговь аймгийн Сүмбэр суманд *** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нарантуул зах дээр хувиараа тээш зөөгч хийдэг, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ** гудамжны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ц.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, *** тоотод “хүүгээ авчих” гэж хэлсэн шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Б-ийн нүүр, гар хэсэг рүү нь цохиж, зодож эрүүл мэндэд нь “зүүн хацар, зүүн бугалгад цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овгийн Ц.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, *** тоотод “хүүхдээ ав гээд хүн амраасангүй” гэсэн шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Б-тэй маргалдаж, улмаар түүний нүүр, гарын бугалга руу гараараа цохиж, бие махбодод нь “...зүүн хацар, зүүн бугалгад цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Ц.Д-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би оройн хоолоо идчихээд унтах гээд хэвтэж байсан. Тэр үед манай эхнэр “чи хүүгээ авч бай, би хоолоо идье” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “чи өөрөө аргалчих, би унтаж амарлаа, ядарч байна” гэж хэлсэн. Тэгэхэд эхнэр “манай хөрш Ө-н нөхөр чамайг бодвол гарч модоо хагалж, усаа авдаг, гэртээ тус болдог, чи тэгэхэд юу ч хийдэггүй” гээд хэрүүл гуйгаад байсан юм. Тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм, би хоолыг чинь бэлдэж байна, өөр яах ёстой юм бэ” гээд уураа барьж чадалгүй эхнэрээ цохисон. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Миний буруу. Цар тахлаас болоод Нарантуул зах ажиллахгүй байгаа тул би ажилгүй, орлогогүй болсон. Одоо манай гэр бүл 4 хүүхдийнхээ 400,000 төгрөгөөр л арай ядан амьдарч байна. Иймд би барилгын ажил олж хийх санаатай байгаа...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 29-ний орой манай хүү А мөлхөөд зуух руу ойртохоор нь би Д-т “хүүгээ авч бай” гэж хэлсэн. Тэгтэл Д “хохь чинь” гэж хэлэхээр нь би “хүүгээ авч бай, би аяга хоол идээдэхье” гэтэл “чи өөрөө юмаа зохицуулаад идэхгүй юу, би унтаж амармаар байна” гээд уурласан. Тэгэхээр нь би “юун сүртэй юм бэ, хүүгээ авчихгүй” гэтэл Д газар зассан орон дээр хэвтсэн, би орон дээр хүүгээ тэврээд мөөмөө хөхүүлээд сууж байтал Д юу ч болоогүй байхад “юу гэнээ” гэж босож ирээд миний зүүн шанаа руу гараа зангидаж байгаад 3-4 удаа цохиж, зүүн гарын бугалга рүү нэг удаа цохиж зодсон. Д намайг “янхан, гичий” гэж хэл амаар доромжилж байгаад, гарч машинаа унаад явчихсан. Тухайн үед 00 цаг өнгөрч байсан, одоо надад гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22 дугаар хуудас);
3. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11260 дугаартай: ”...Б.Б-ийн биед зүүн хацар, зүүн бугалгад цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 25-26 дугаар хуудас);
4. Аюулын зэргийн: “...эрсдэлийн түвшин бага...” гэсэн үнэлгээ, Хорооны гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хх-ийн 51 дүгээр хуудас);
5 . Шүүгдэгч Ц.Д-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 37 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 33 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 66-67 дугаар хуудас), гэрлэлт бүртгэлийн лавлагаа (хх-ийн 38 дугаар хуудас), оршин суугаа хорооны тодорхойлолт (хх-ийн 40 дүгээр хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 41 дүгээр хуудас), 4 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 47-50 дугаар хуудас)
6. Шүүгдэгч Ц.Д-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ”...Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг би гараараа цохиж үүсгэсэн. Манай эхнэр Б намайг “хүүхдээ авчих” гэхээр нь би “өөрөө унтуулаад хоолоо идчих” гэснээс болж бид хоёр маргалдсан. Би өөрийн буруугаа ухамсарлаж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 54-55 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Д-ийн үйлдэл хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг өөрийн үйлдлээ хүсэж үйлдсэн гэж үзэн гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан болон нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” хэмээн хууль ёсны зарчмыг хуульчилжээ.
Иймд хууль ёсны зарчмын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн хүндрүүлэх шинжийг нэр томьёо, ухагдахууны хувьд тайлбарлан хэрэглэхэд Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах нь зүйн хэрэг.
Шүүгдэгч Ц.Д, хохирогч Б.Б нар албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, эхнэр нөхрийн харилцаатай хамтран амьдарч, дөрвөн хүүхдийн эцэг, эх болсон байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар тэд харилцан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн тус тус хуульчилсан тул шүүгдэгч Ц.Д-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэл болж байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Ц.Д нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Д-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Б нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Д-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Д-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ц.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Ц.Д нь эхнэр, бага насны 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд Засгийн газрын тогтоолоор бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн учир тэрээр орлогогүй болж, тэдний гэр бүл дөрвөн хүүхдийнхээ 400,000.00 төгрөгийн тэтгэмжээр л амьдарч байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй юм.
Мөн тэрээр цаашид барилгын ажил хийж, эхнэр, бага насны дөрвөн хүүхдээ тэжээх зорилготой байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн бөгөөд шүүхээс түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулбал түүний бага насны хүүхдүүд болох 1 нас 2 сартай Д.А, 2 нас 10 сартай Д.А, 5 нас 1 сартай Д.Н, 6 нас 11 сартай Д.Н нарын тэжээн тэтгүүлэх эрхэд сөргөөр нөлөөлнө гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:
Шүүгдэгч Ц.Д-т оногдуулсан хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр тогтоов.
Тодруулбал, шүүгдэгч Ц.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш хоёр сарын хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, *** дугаар гудамжны *** тоотод оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.
Хэрэв шүүгдэгч Ц.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тогтоолоор сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овгийн Ц.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-т хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр тогтоосугай.
4.Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ц.Д-т сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Д-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА